Ерэн жилийн түүхтэй МАХН-ын /одоогийн МАН/ даргаар Н.Энхбаяр ажиллаж байх үедээ нэлээн хүчин чармайлтаар зүтгүүлэн байж Социнтернийн сарнайн дүрсийг намынхаа бэлгэдэл болгож байлаа. Тэрээр хожим нь намаасаа МАХН-ыг таслан авч явахдаа сарнайн бэлгэдлээ ч бас хувилж авч явсан юм. Нэг үндэснээс ургасан МАН ба МАХН хэмээх хоёр нам эргээд эвсч нэгдэх үйл явц эхлэв үү?! Сарнайн бэлгэдэл дор оршдог хоёр намд чухам юу өрнөж байна вэ?

МАН ба МАХН-ын хэсэг ахмадууд хоёр намаа нийлүүлэх, эс ядахад ирэх сонгуульд эвсэж орохыг уриалсан өргөх бичгийг М.Энхболд, Н.Энхбаяр нарт тус тус гардуулан өгсөн үйл явдал өчигдөр боллоо. Хоёр намын дарга тэднийг ээлж дараалан хүлээн авч уулзаад энэхүү хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь, тэрчлэн Н.Энхбаяр “санал нэг байна” гэж шулуухан хэлсэн нь урьдчилан сайтар төлөвлөн дэглэсэн арга хэмжээ гэдгийг харууллаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө МАН орон даяар явуулсан “Бид хамтдаа” аянаа дүгнэн УИХ-аар төсвийн хэлэлцүүлэг эхлэхтэй давхцуулан төрийн ордонд томоохон форум зохион байгуулж, Ардчилсан намтай хамтран Засгийн газарт ажиллаж буй МҮАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг оролцуулан улс эх орны хэмжээний асуудлуудаар цэц сорьсон юм.

Уг арга хэмжээнд эрх баригч намын төлөөлөл оролцоогүйгээс үүдээд тэд арай “Ардчилсан намгүйгээр хамтдаа” гэдэг тактикт шилжиж байгаа юм биш биз гэх хардлага улс төр сонирхогчдод төрөөд байсан нь хий хоосонгүй болохыг батлах гэсэн шиг зориудын акцыг өчигдөр зохион байгуулчихлаа.

Үнэхээр тэд эвсэх эрмэлзэл, эрх ашгаа нэгтгэх зорилготой ийм алхам хийв үү? Эсвэл аль алиных нь өрсөлдөгч болох Ардчилсан нам үүнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг харах, хүлээх зорилгоор ингэв үү гэдгийг цаашид хөврөх үйл явдлууд харуулах байх. Тодруулбал, сонгууль хүртэлх хугацаанд өрнөх үйл явц үүнд хариулна. Яагаад гэвэл сонгуульд өрсөлдөх, ялах нь улс төрийн намын зорилго байдаг.

Сонгуулийн цоо шинэ орчин

Гадаад зах зээлд эрдэс баялгийн түүхий эдийн үнийн уналт доод цэгт хүрч буй мөчлөгтэй давхцан уул уурхайгаасаа хамааралтай /“miningolia”/ Монгол Улсад 2016 онд УИХ-ын сонгууль болох гэж байна. Энэ бол өмнөх сонгуулиудынхаас эрс өөр орчныг улстөрчдөд тулгаж байгаа хэрэг юм. Одоо тэд сонгогчдод мөнгөөр илэрхийлэгдэх юуг ч урьдын адилаар амлаж чадахгүйд хүрч байна гэсэн үг.

Улс төрийн намуудын сонгуулийн хөтөлбөр нь амлалтаар бялхаж, энэ нь ирээдүйн Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг дүүргэж, иргэд улс орон маань жаргах замдаа орлоо хэмээн бахархаж байлаа, саяхныг хүртэл. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн энэ үед тийм аргаар дахиад сонгуульд өрсөлдөх эрх мэдэл, зориг зүрх аль ч намд байхгүй биз. Мөн чөлөөт сонгууль явуулах болсон сүүлийн 25 жилийн түүхэнд С.Ганбаатар зэрэг улстөрчдийн чансаа төрийн гурван томын өмнө гарч байсан өнөөгийнх шиг тохиолдол үгүй.

Төр нь мөнгөгүй, лидерүүдийнх нь чансаа лойдоруудынхаа дор орсон ийм цоо шинэ орчинд ээлжит сонгууль болох гэж буй хэрэг. Улс төрийн намууд ийм шинэ нөхцөлд чухамдаа ямар үзэл санаа, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлдөх, яавал сонгогчдод таалагдахаа төсөөлж ч чадахгүй байх шиг. Сонгуулийн хөтөлбөр битгий хэл намын үзэл баримтлал гээч нь Н.Алтанхуягийн хэдийнэ хэлсэнчлэн аль эрт баруун зүүнээ ялгахаа байн байсаар мартагдсан дууль юм. Одоо намуудад сонгуулийн ямар арга зам байна вэ?

МАН “тийм” гэж хэлнэ

Хоёр нам эвсэх хувилбар юун түрүүнд МАН-д ашигтай учраас намын дарга М.Энхболд дээрх уриалгын хариуг Н.Энхбаяраас түрүүлэн өгөх ёстой ч байж мэднэ. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнгээр МАН ба АН ээлжлэн засгийн эрх барьж ирсэн мөчлөгтэй гэж тооцоолбол ирэх сонгуулийн ялалт МАН-ын талд ирэх учиртай. Гэхдээ намын саналыг хуваадаг гол хүчин зүйл МАХН-тай нэг талд гарч чадсан тохиолдолд магадлал өндөр болно.

Уг нь сонгуулийн өмнөх жилийн өдийд сонгогчдын идэвх сэргэж, улс төрийн намуудын рейтинг ид өсч эхэлдэг үе. МАН хот хөдөөгүй судалгаа аван гүйвч чансаа өсөхгүй байгаа нь тэднийг сандаргаж байгаа гэх. Сонгуулийн огт өөр орчин хүлээж байгаа ийм нөхцөлд яах ёстойг тэд сайн мэдэхгүй байгаа ч хамгийн тодорхой ойлгож буй хүчин зүйл гэвэл МАХН-д саналаа хуваалгах, эсэхээс их юм хамаарна. Тийм болохоор ахмадуудын санал гэв гэнэт гарч ирсэн нь үнэн бол МАН “Тийм” гэж хэлэх ч тодорхой болов уу.

Өчигдрийн үйл явдлын араас хэвлэлүүдийн зүүж буй тайлбараар бол МАХН-ын дарга Н.Энхбаяр уг акцыг зохион байгуулсан бололтой. Н.Энхбаяр зохион байгуулсан нь үнэн бол МАН их зүйл хүлээх хэрэггүй болжээ. Гашуун туршлага сөхөхөд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн “Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно” гэж тохиролцож байсан гэдэг. Гэвч Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дуусахаас ердөө зургаан цагийн өмнө МАХН сонгуульд нэр дэвшигчээр Н.Удвалыг бүртгүүлчихэж байжээ. МАН яг одоо энэхүү сургамжаа санах хэрэгтэй. Ирэх оны сонгууль хүртэл хэчнээн “зургаан цаг” байгаа билээ?!

МАХН “үгүй” гэж хэлнэ

Тусгаар тогтнох эсэх асуудлаар 1945 оны аравдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулж байсан тэр өдрийг МАХН ёслон тэмдэглэж, өөрийн намын баяр мэт харагдуулахыг хичээлээ. Үүнийг тохиолдуулсан арга хэмжээнд Ардчилсан намын дарга З.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяртай мөр зэрэгцэн сууж, нүүр дүүрэн инээмсэглэж байгаа харагдана. Ийм дүрс бүхий мэдээ тэр оройн телевизүүдийн мэдээгээр цацагдсан юм.

Хамтарч засаг байгуулан ажиллаж буй намуудын дарга нарын эв найрыг ээ гэж дуу алдмаар. Гэтэл төд удалгүй Н.Энхбаярын намынхны эртнээс эцсээ хүртэл хөөцөлдөн, зөвшилцөн байж хоёр талд тохиролцсон Өршөөлийн хуулийг Ардчилсан намынхан парламент дээр унагачихсан. Хэдхэн хоногийн өмнө өөдөөс нь харан инээж суусан З.Энхболдод Н.Энхбаяр итгэж “Ингээд хамтдаа шүү” гэсэн ойлголттой байсныг үгүйсгэхгүй. Харин одоо түүнд итгэх үү.

Улс төрд удаан нөхөрлөж болохгүй “урвагч” этгээд, эсвэл намаа удирдаад саналыг нь нэгтгэчихэж чадахгүй хүчгүй лидер гэж Зи-г харж байгаа биз. Аль нь байлаа ч үүний “өшөөг авах”-ыг Н.Энхбаяр хүсэх байх. Харин хэзээ яаж гэдгийг сонгуулиар харуулна. Намын ахмадуудаар “өөхөнд боосон чулуу” шидүүлж, үгэндээ үг хавчуулсан өчигдрийн арга хэмжээ энэ удаад З.Энхболдыг сүрдүүлж буй эхлэл нь.

АН арай ч “араараа тавиулахгүй”

Яагаад гэхээр МАН-д МАХН-ыг өөртөө эвсүүлэх нь санал хураалтын дүнд чухал нөлөөтэйн яг адилаар Ардчилсан намд МАХН өрсөлдөгчийнх нь саналыг хуваах замаар өөрсдөд нь оноо авчрах чухал хүчин зүйл юм. Сонгогчдын МАХН-д өгөх саналын тоогоор Ардчилсан намд санал очих учраас АН-ын хувьд МАХН-ыг хэнд ч өгөхгүй байх нь цоо шинэ орчинд болох ээлжит сонгуулийн гол найдвар юм.

Энэ удаадаа МАН баярлах, МАХН барьцаа ахиулахад арай эртдэнэ. Ардчилсан нам өнөөдөртөө муу ч, сайн ч эрх барьж буй нам. Хэтрүүлж хэлбэл, Н.Энхбаярыг шагнасан ч шийтгэсэн ч тэдний дур. Н.Энхбаярт албан тушаал өгөөд амыг нь хаах чадал ч бий, аваачаад хорьчих ад ч бий гэсэн үг.

З.Энхболд тэнэг хүн биш, гол түлхүүрээ тийм амархан МАН-д өгчихгүй л болов уу. Яг үнэндээ МАХН ч үүнийг хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл МАХН-ын сүр хүч нь Засагт сайдтайдаа оршиж байгаа бөгөөд энэ хүчээрээ сонгууль хүргэх нь тэдэнд чухал байх. Харин энэ удаад Ардчилсан намд барьцаа ахиулж, агентлагууд нэмж авах, орон нутагт гааль, мэргэжлийн хяналтын албаар дамжуулан эрх мэдэл, хөлөө бэхжүүлэх нь тэдний зорилго. Мөн МАХН-д яг одоогоор улс төрийн өмгөөлөл, хүч, мөнгө хэрэгтэй байгаа. Энэ бүхэн өнөөхөндөө сайн ч муу ч эрх барьж буй намд л бий. Тэгэхээр МАХН сонгуулиас өмнө Ардчилсан намыг хаяад МАН-тай эвсч чадахгүй л болов уу. Зүгээр л барьцаа ахиулах арга. Өөрөөр хэлбэл, З.Энхболдод өвлийн хахир цагт хөөрхий сарнайг арчилж тордохыг сануулж байгаа хэрэг юм.

Нөгөө талд Ардчилсан нам алдагдалтай төсвөө хэрүүл дунд нухаж, амбицтай бүлэглэлүүдийнхээ хөлд хэзээ мөдгүй Засгийн газраа нураачихаар харагдаж байгаа. Энэ хэрээр МАН ба МАХН хүч орж эвсэх магадлал өндөр мэт харагдаж байвч Ардчилсан нам, намын дарга хоёрыг дутуу үнэлэх хэрэггүй. Энэ удаадаа ямар ч байсан Засгийн газраа унагахгүй бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянгын гарын үсэг цуглуулж буй Ч.Сайханбилэгийг огцруулах тухай бичигт 17 гишүүний гарын үсэг зурагдаад байгаа ба өчигдрийн байдлаар шийдвэрлэх үүрэгтэй хоёр гишүүн хүний, өөрийн аль ч намаас тийм амар олдохооргүй төлөв рүү шилжсэн байна.

Өнгөн дээрээ АН-ын бүлэглэлүүд засгаа нураахаар шуугилдаж байгаа ч ар талдаа бас чиг “тоормос” татчихсан байгаа юм. Тэгэхээр Ардчилсан нам засгийн газраа ч алдахгүй, МАХН-ыг ч МАН руу явуулахгүй байх магадлал илүү бодитой харагдаж байх шиг.