Нэг. Хашаанаас гараад харахад
Далаад онд дэлхийн эдийн засгийн хямрал болсон юм байна шүү дээ. Одоо дуулахнээ тэгсэн байна.  Хонио хариулж явсан хойгуур дэлхий хямраад өнгөрсөн байдаг байгаа.  Хонь маань хашаатай, хоньчин нь бас зөвлөлт болон нийт социалист систем гэсэн хоёр давхар хашаатай байжээ.  Хонь хүн хоёрын хооронд ганцхан хашааны, харин хүн төрөлхтөн монголчууд хоёрын дунд хоёр хашааны зөрөө байж. Бид дэлхий ертөнцийн нэг хэсэг биш, хүний хорвоогийн үргэлжлэл бус  ердөө л зөвлөлтийн дагуул,   хүн төрөлхтний хувьд мухар олгой  аятай, байхад илүүдэхгүй, байхгүйд үгүйлэгдэхгүй нэгэн байсан нь эрх чөлөө ардчилал,хямрал аль алинаас нь халхалсан байна. Тэр үеийн үзэл суртлын аппарат энэхүү хямралыг “Капитализмын гуравдугаар хямрал” гэж  ухуулаад, дөрөвдүгээр хямралаараа хөрөнгөт ертөнц бүрэн сөнөж,  “бид ялна” хэмээн сэнхрүүлсэн нь ном сурах бичигт үлджээ. Харин биднийг арай гэж хашаанаасаа гараад хүн төрөлхтний сүрэгт нийлтэл санхүүгийн ертөнцийн шинэ доргио залгалаа. Бидэнд нэг их алдаад байх үнэт цаас маас байхгүй ч гэсэн хэдэн доллар маань нэг өглөө унаад, тэхээр нь төгрөг болгочихоор доллар нь зөрж өсөөд бүр толгой эргүүж эхэллээ. Бид өөрийн хашаанаас гараад ертөнцийн хашаанд нэгджээ. Тэр хашаанд чоно орлоо гэхэд биднийг ч бас урж болно гэсэн үг. Бидэнд дэлхийн гүрэн байсан түүх бий, харин дэлхийн нэг хэсэг байсан туршлага маруухан. Эргээд тусгаарлах хашаа байхгүйгээс хойш үүндээ сурч дасах нь чухал болжээ.

Хоёр.Боллого.

  Хуучуул бүрлээч болсон хэн нэгний тухай “Зайлуул тэр жилийн боллогоор явчихсан юм” гэх,  эсвэл эрүүл мэнд нь зарим талаар дархлагдсан тухай өгүүлэхдээ “Би ч болчихсон хүн. Энэнээс айх явдалгүй” гэж ярьдаг асан. Цэрэг татлага энээ тэрээ гэдэг шиг юу юм болоо гэж гайхдагсан. Учрыг ухаарахнээ нь “Улаан бурхан”-ыг тэгдэг байж.  Улаан бурхан гэхээр Индиан овгоос гаралтай Будда гэсэн үг биш. Корь буюу улаан эсэргэнэ өвчний нэр шүү дээ. Сүсэг ихтэй хүмүүс  хүнийг нэг удаа дайрч болгоод явдаг, дахиад түүнээс айх явдалгүй үлддэг энэ өвчинд хүндтэй хандаж, амьдралын нэг шалгуур хэмээн ойлгож ирсэн байж. Чи хүний хорвоод төрсөн бол нэг удаа корь тусах ёстой, тэсвэл үлдэнэ, тэсэхгүй бол яая гэхэв гэсэн байдалтай. Гэвч анагаах ухаан хөгжихийн хэрээр хүн  төрөлхтөн вакцина, хорио бодож олоод  “Боллого”-ыг хөнгөвчлөн,  болох төдий өнгөрөх, болохгүй байсан ч болох зүйл болгож чадж ээ. Гэвч  хүн төрөлхтний үйлийн үр өөр өөр нэрээр боловсрон  “болгосоор”  байна. Хүний хорвоог, ер нь амьд бүгдийг байгаль ертөнц өөрийн “боллого”-уудаар шалган, илүү эрүүл чиирэг, өвчин тахлыг даван туулах чадвартайд нь  цаашид амьдрах, үр удмаа үлдээх лиценз олгож иржээ.  Хүн яаж ч хөгжөөд “боллого”-ын шалгуураас гарахгүй. Гэгээн Будда  амьтны биеийг олсноос хойш төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн далайгаас зайлах аргагүй хэмээн сургасан юм.


Гурав. Нийгмийн улаан бурхан.

Нийгмийн амьдрал,  санхүү, эдийн засагт ч гэсэн өөрийн “боллого”-ууд байдаг бололтой юм. Тэд суларч улбайн  зэрэмдэг болсон, эсвэл хүчиндээ эрдэм бардамнасан, түүнчлэн урьдын амжилтандаа найдан алхайрсан санхүү эдийн засгийн ертөнцийг өвчлүүлэн нэрвэх ажгуу.   Насны хэмжил нэгэнт болсон ч  том данхгар , сүртэйгээсээ болоод үхэж өгөхгүй байсан тогтоцууд  энэхүү “боллого””оор нүд анина.  Ширэнгэ ойн аварга моддыг зөвхөн үер салхи хоёр л булгалдаг. Булгарсан аваргын зайгаар  нарны гэрэл тусч  тэнд шинэ залуу модод ургах боломж гардаг шиг.

 Сул дорой төрсөн багачуудын ихэнх нь “боллого”-оор явчихдаг байсан шиг үлбэгэр муухан эдийн засагууд дэлхийгээс арчигдана. Дахин тиим сул үхээнц эдийн засгийн байгуулал  үржиж өсөх зам хаагдана. Харин эрүүл чийрэг, өвчин даах чадалтай  эдийн засаг,хөгжлийн шинэ хандлага энэ бүхний ард үлдэнэ. Санхүүгийн хямрал, эдийн засгийн уналт бүгд нь манай гаригийн нийгмийн амьдралын “боллого” улаан бурхан гэмээр. Ингэж “болгохгүй” бол  эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй эдийн засаг нь хог ургамал шиг үржсээр ертөнцийг тэр чигээр нь баллах нигууртай. Өнгөрсөн түүхээс харахад санхүүгийн хямрал , эдийн засгийн уналт, хямрал бүрийн араас цоо шинэ хүчирхэг шинэ эдийн засаг, хөгжлийн шинэ эрэмбэ урган гарч байжээ. Яг л байгалийн гамшгийн араас нарлаг цэлмэг өдөр дагаж, өвдөөд эдгэрсэн хүн улам хүчирхэг эрүүл болдог шиг...

Хамгийн гачлантай нь санхүүгийн самуурал, эдийн засгийн хямрал хэмээх нийгэм эдийн засгийн  “Улаан бурхан”-ы вирусыг хэнч олж тогтоогоогүй байна. Тогтоосон бол дор нь вакцина олоод дархлаа тогтоочихно. Учрыг нь олоогүй болохоор урьдчилан сэргийлэх төгс арга олоогүй. Иимээс санхүүгийн ертөнцийн мэргэд  “өвдөхгүйн тулд өглөө гинастик хийж, сармис идэж бай” гэдгээс хэтрэхгүй зөвлөлгөө өгч байна. Ашиггүй зөвлөлгөө ч бас биш л дээ. Урьдчилан мэдэж болдог бол, учрыг тайлж чаддагсан бол, нэг Эйнштэйн төрөөд л хүн төрөлхтнийг эдийн засгийн хямралаас үүрд зайлуулж чадах байсан биз ээ. Тиим болохоор санхүү, эдийн засгийн хямралын талаар том эдийн засагчид  их төлөв амаа хамхиж, бага эдийн засагчид их ярьдаг нь учиртай.

 Харин тодорхой болоод байгаа нэг зүйл бол  санхүү, эдийн засгийн ертөнцийн ээлжит доргилтын дараа улс орнуудын эзэлж байгаа байрь суурьд өөрчлөлт ордог. Хуучин тэргүүлэгчид ухарч, арын эгнээ тэргүүлж эхэлдэг.Эндээс ургуулаад харахад бидэнд тэргүүн байраа алдахын зовлон л лав алга байна. Бас үрэлгэн байдал, цамаан зан, аривч хямгач бус байдал гээд олон синдром  санхүү, эдийн засгийн “боллого”-оор арилдаг гэсэн. Иим юмны хойноос харамсах хэрэг мэдээж байхгүй... Хоосон хонож үзсэн хүн л хоолоо хаяхаа больдог, хоолоо хаяхаа больсон  хүн хоосон хонохоо  бас больдог гэдэг энгийн логик ч бас байна.  

Ямарч байсан нэг юм болоод байна. Бид нэг юманд өртөж байна. Харин эрүүл байгаад өвдөх явц уу, эсвэл өвчтэй байснаа эдгэрэх алхам уу?