Цагдаагийнхан амиа хор­лох гэж байсан хүний амийг эзнээс нь аварсан тухай сонинд мэдээлжээ. Цагдаа нар аа гэж. Амьд явмаар байгааг нь болохоор хөөж байгаад буудчихна. Тэгвэл үхээд өгье гэхээр давхиж очоод аварчихна. Юу ч гэ­мээр юм бэ дээ.
Үүнээс ч ярвигтай асуу­дал бас байна аа. Энэ сумо үзэх бүрийд л "байдалд" ороод байх боллоо. Дандаа монголчууд. Нэг монгол дав­лаа гэхэд унасан нөгөө нь бас л манай Монголын "япон" байх жишээтэй. Эхлээд ба­хар­хаад байсан, сүүлдээ са­наа зовоод, хүний юмыг зү­гээр завшаад байгаа мэт сэтгэгдэл төрөөд байх бол­лоо. Урьд нь хүн юмаа зав­шуулахгүй болохоор санаа зовоод байдаг юмсан. Одоо эсрэгээр нь болох нуу, байт­лаасаа. Тэгж ч харийн соёлын нөлөөнд орохгүй шүү хө.

Өөрийнхөө юмыг ч зүгээр өгдөггүй, хүний юмыг ч зүгээр авдаггүй энэ ард түмэн хайр­тай Сумо-г нь ингэтлээ зав­шихыг яахин тэвчих билээ. Иймээс аяганы хариуг нь барих цаг болсон. Халх голыг түүх мартаагүй байгаа шүү, нөхөөд.

Одоо монгол үндэсний бөхөд япончуудыг зодоглуу­лах цаг нэгэнт болсон. Япон­чууд баян юм чинь начны найраа хийх юухан байхав гэж бодож байна уу? Найраанд нь зуучлаад овоо хэдэн юм уна­гаж ч болмоор санагдаад явчихаж байгаа биз? Тийм л амархан байсан бол  та нарт юу гэж хэлэх билээ? Өөрөө л хийнэ биз дээ.

Хамгийн гол  бэрхшээл япон хүний япон чанарт нь байна аа. Тэд их төлөв бяртай байснаас ухаантай байсан нь дээр гэж үздэг юм байх. Тийм болохоор манайхан шиг  хүүх­дээ таргалаад  эхлэхээр нь "миний хүү бөх болох нь" гээд баярлаад унадаггүй гэнэ. Түүгээр ч барахгүй "Өвчин үү, юү вэ? Хөдөлгөөн дутагд­вуу, саахар нь ихдэв үү? Яав?" гээд сүйд болдог гэ­хийм. Харин хүүхэд номоо үзээд жингээ бариад өсвөл баярладаг гэнэ. Энэ бол дөн­гөж эхлэл нь. Гэтэл манайд тарган мал тал бүрийн ашиг­тай, тарган бөх тал бүрийн орлоготой гэж ярьж байна шүү дээ. Саяхан манайд айлчил­сан япон сумоч "Намайг монголчууд аймаар хүндэлж байна. Гэтэл би монголчуудад хүндлүүлэх юу ч хийгээгүй. Учрыг нь олсонгүй" гэж ярь­сан байна гэсэн.  Манайхан "зузаан тарга зудын хуяг", "бөхийн тарга инфляцийн хуяг" гэж ойлгодог учраас түүний  амьдын жинг хүндэт­гэсэн гэдгийг хэлээд өгөх хүн ол­доогүй л юм байх даа.

За яахав, улс юм хойно, бяртай чадалтай япон олдлоо гэж бодъё. Гэтэл "би бяртай юм чинь хүмүүс намайг зү­гээр л хүндлээд байх учиртай" гэж хүмүүжсэн японыг өд­рөөр прожектор асааж эрээд ч олохгүй. Ингэхээр бэлэн зэхээний хүмүүжилтэй мон­гол бөх олдохгүй гэсэн үг.

За яахав, монгол наад­мын зах зээлийн дүрмээр бярыг нь төгрөгөөр орлуулчи­хаж болно гэж үзээд эрлээ цааш үргэлжлүүлье.  Гэтэл "Би нэгэнт бяраа худалдаад авчихсан юм чинь цол  авна. Цолоо дагаж бяр маань өөрөө аяандаа автоматаар нэмэг­дэнэ" гэж үнэмших японыг өдрөөр гагнуурын гэрэлд хайгаад ч олж үзэхгүй. Цаа­дуул чинь бярыг зөвхөн дас­гал сургуулиар л нэмнэ гэсэн догматик үзэлтэй төрсөн, тэрэнтэйгээ үхдэг улс.

Энэ бүгдийг даван туу­лаад бяр, цол, давааг нь өөрийнх нь мөнгөөр аваад өгчихлөө гэж үзье. Дашрамд хэлэхэд япончууд  бүх юмыг зөвхөн өөрийнхөө мөнгөөр авдаг улс шүү гэдгийг сануу­лах юун. Бодохноо сануулах нь ч илүүц юм уу, манайхан  юу л боллоо гэж өөрийнхөө мөнгөөр хүнд цол авч өгөөд байв гэж.

Гэтэл  нэгэнт л цолтой, цолоо дагаад бяртай юм чинь  хүссэн болгоноо авна, заасан болгоноо залгина гэж загнах японыг гэгээн цагаан өдрөөр нохойтой үзмэрчээр тольдуу­лаад ч олдохгүй. Харсан юм аа "над аа" гэхгүй л бол ямар элэнцгээрээ бөх болох билээ, таминь. Цаад шаарууд чинь хүний юм зүгээр авч болохгүй гэж итгэчихсэн, дүүрчихсэн толгойнууд юм гэсэн. Зөвхөн өөрийнхөө мөнгөөр хорвоог яаж бардаг байна аа, тээ.

Дээр нь  нэг юмыг чадахаа байхаараа, одоо би тэрийг чаддаг болмоор байна.  Би бөх юм чинь тэгэх эрхтэй. Та нар бөхөө дээдэлдэг монгол хүн мөн л юм бол надаар тэгүүлэх үүрэгтэй, мэдүү гэж дайраад тэгээд явчихдаг япон  хүнийг  металл хайгчтай нинжагаар эрүүлээд ч мөр олдохгүй. Найраа шахаа, төр засаг... гээд ноцолдохгүй юмгүй но­цож, тэр бүрдээ цолны эрэм­бээр ялж явах нь монгол бөхийн хамгийн чухал шинж шүү дээ. Өнөө хурдан мори­ны тэргүүлэх шинж бол юуны  өмнө "Ташаа өндөр, тааз уужим..." гээд эхэлдэг шиг.  Япон хүн хамгийн наад захын шалгуурт нь таварцаглаад унаж байгааг харахад монгол бөх ч агуу юм аа, агуу юм.

Чоно өтлөвч хургандаа, бөх өтлөвч гишүүндээ гэж манайхан ярьдаг. Гэтэл япон хүн нэг сумоч болсон  бол  сумодоо л дуусдаг, нэгэнт улс төр хөөсөн бол тэндээ л учраа олдог хачин явцуу нароод. Ухаандаа Японы пар­ламентын гишүүн нь хааны­хаа төрсөн өдрөөр сумод түрүүлчихээд, сумогүй сард хуулиа батлаад явж болдог­гүй, хүний эрхийг хааж боосон янзын газар гэсээн. Ухаандаа Монголд "төрүүлсэн" япон бөхийг начин, заан хийж уйдсан бол одоо ард биднээ жолоодох депутат бол гэхээр зөвшөөрөхгүй нүдний булай болж мэднэ гэсэн үг.

Яаж ч оролдсон япон хүн монгол бөх болж чадахгүй болчоод байна. Хамаг буруу монгол бөхөд биш япон хүнд өөрт нь байгаа юм. Тэд бидэн шиг бөхөө дээдлээл, морио шүтээд давхиж явахын оронд шашнаа шүтдэг, ёс суртлаа хүндэлдэг гээд байгаа юм даа. Мангар юм шиг хуулиа их дагадаг юм гэсэн. Нүдээр үзсэн хүн ярьсан юм шүү. Манайхан юу ч ярина л даа гэж үү? Монгол хүн муу мэ­дээн дээр юм нэмдэггүй л байхгүй юу. Харин сайн мэ­дээг бол ямар ч болгож чадна л даа.

Гэхдээ арга тасрах болоо­гүй ээ. Нэгэнт бие гүйцсэн япон хүнийг монгол бөх бол­гож болохгүйгээс хойш өөр арга хайна аа. Ингэж болох юм байна. Япон хүн болж хараа­хан амжаагүй хүүхдийг өргөж аваад, ардын уламжлалт сур­ган хүмүүжүүлэх ухаа­наар "япон хүний нь байл­гаад", бурхан ёс суртлыг бус зөвхөн өөрийнхөө цол молыг шүтүүл­дэг болгон угсрах зам бэлхнээ байна. Ер нь бол энд нэг их ажил орохгүй дээ. Хүүхдийг нь л олоод ирдэг юм бол захын цэцэрлэг сургуу­лийн багш л хийчих ажил шүү дээ.