Ардчилсан нам 12 жилийн дараа Засгийн газраа байгуулах хэмжээний эрх мэдэлд эргэн ирж, намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдсон юм. Энэ үйл явдал 2012 оных бөгөөд Ардчилсан намын гишүүд тооны хувьд давамгайлсан УИХ сөрөг хүчний гаргасан саналын дагуу түүнийг шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдаас огцруулах шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргаж байлаа. Ардчилсан намын завсаргүй дараалсан ялалтуудыг авчирсан Н.Алтанхуяг гэх улстөрч Ерөнхий сайдын суудлаас бууснаас хойш бүтэн жил өнгөрсөн байна.

Хэрэв энэ хугацаанд Н.Алтанхуягийг залгамжилсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс орны байдлыг өөд нь татаж, аль сайныг амжуулж бүтээсэн сэн бол өнөөдөр “Алтанхуягийг унагасны жилийн ой”-г дурсч сүржигнэх шалтгаан олдохгүй байх байлаа. Хэрэв шүү…

Түүнийг үдэх шалтаг

Сүүлийн 25 жилд 14 Засгийн газар ээлж халаагаа өгөлцсөнөөс хамгийн удаан хугацаанд оршин тогтносон танхим нь Н.Алтанхуягийнх байв. Ардчилсан намыг, засагтай нь хамт атгаж байсан Н.Алтанхуягт эрх мэдэл байснаас гадна эв зохирол бүрдэх нөхцөл шалтгааныг хамгийн урт хугацаагаар хадгалж чадсан нь яах аргагүй түүний чадвар байлаа. Тэр тусмаа өмнөх дөрвөн жилд нь хамаг байдгаа хуваагаад идчихсэн ч үргэлжлүүлж идэх зөн хүсэл нь дарагдаагүй, мега төслүүдийн сургаар хуваарилалт хийх эрх мэдэлд шунасан бүлэглэл, фракциудын шөргөн гал дунд тэр хамгийн удаан тэссэн хэрэг.

Азаар ч юм уу, аль эсвэл эзээр ч юм уу, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед улс орон мөнгөгүй болж, нэгэнт хувааж, хуваарилья гэхнээ ч “алимгүй” болсон тул бүлэглэл хоорондын хэрүүл, тэмцэл хүлээлтийн байдалд орсон нь түүний засаг харьцангуй удаан тогтноход нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар улс орон мөнгөгүй, эдийн засаг өсөлтгүй болсон нь МАН-д Н.Алтанхуягийн албан тушаалтай тооцоо бодох аян шалтаг болж өгсөн юм.

Өмнө жилүүдэд нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын үр дагаварт эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, МАН-ын тэргүүлсэн Засгийн газар уг төслийн урьдчилгаанд 250 сая ам.доллар аван иргэддээ 21 мянган төгрөгөөр тараан олгож, ёстой л сагсалзаж байлаа. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар халамж харсан хэрэглээний эмзэг эдийн засагтай, үр ашгийн тооцоогүйгээр тараасан өр, зээлтэй Монгол Улсад шударга ёс тогтоох, шинэчлэл хийх үүрэг, амлалт хүлээсэн.

Эдийн засгийн бодит хүндрэл нь иргэдийг ч, бизнес эрхлэгчдийг ч, төр засгийг ч бодит хөрсөн дээр буцааж аваачив. Шинэчлэлийн Засгийн газар энэ хатуу сорилтод арай ч бүдэрсэнгүй, өөрийн орны зээлжих зэрэглэлтэй харьцуулахад харьцангуй бага хүүтэйгээр “Чингис”,”Самурай” бондуудыг олон улсад гарган 4 их наяд төгрөгийг босгож чадсан юм.

Энэ зээлийн хөрөнгийн суурь дээр л өнөөдөр Ардчилсан нам оршин тогтнож, ирэх сонгуулиар ард түмний өмнө нэр нүүрээ хамгаалах бүтээн байгуулалт, бүр нарийндаа бол нийслэлийн тохижилтыг хийж байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн үлдээсэн хэнтэй ч хуваалцахгүй өв гэдгийг ард түмэн биш гэхэд Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөх учиртай үнэн байх.

“Ардчилсан намын гишүүний ариун үүрэг”

“Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ” гэдэг томьёоллоор УИХ-ын чуулганы хуралдаанд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь дэмжсэн санал өгчээ. Тэдгээр гишүүдийн найм нь Ардчилсан намын гишүүн байлаа.

Тэр үедээ олны анхаарлыг татаж, урваач шарваачаараа дуудуулсан мөнөөх найман гишүүний нэг, өдгөө Засгийн газрын гишүүн Р.Бурмаа өөрийн байр сууриа ил тод хамгаалж, “Ардчилсан намын гишүүний ариун үүргээ биелүүлж огцруулах саналыг дэмжинэ” гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хэлж байв. Н.Алтанхуягийн эсрэг ажилласан Ардчилсан намын гишүүд ч яахав “ариун үүргээ” биелүүлсэн хэрэг байж.

Харин Н.Алтанхуягийн улс төрийн хамгийн том эрсдэл гэвэл Засгийн газартаа хүчтэй сөрөг хүчин МАН-ыг уриагүй явдал байсан юм. Улс төрийн энэ хэцүү шийдэл нь хожим огцрох нүхийг нь малтсан ч чухамдаа энэ улс төрийн шийдлийн ачаар бараг 25 жил гудамжинд явсан Ардчилсан намын жирийн олон гишүүн их, бага ажил, албатай болсон нь үнэн билээ. Н.Алтанхуягийг огцроход түүнтэй их сургуульд физикч мэргэжлээр хамт сурч байсан Улсын баатар Э.Бат-Үүл “Н.Алтанхуяг авлигач Н.Энхбаярын МАХН-тай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээг намынхаа өмнөөс байгуулсан нь тэвчиж болшгүй” алдаа хэмээн яллаж байлаа.

Н.Алтанхуягийг явуулсны дараа Ардчилсан намын даргаар З.Энхболд сонгогдож, дараагийн Засгийн газартаа МАН-ыг урьж, өмнө нь өвдөг сөхрөв. Гачлантай нь түүний улс төрийн шийдэл болох МАН дөрөө нийлэх нөхөр байгаагүйг ойлгоход Зи даргад ердөө долоон сарын хугацаа хангалттай байжээ. МАН-ын зургаан сайдыг хөөж, МАХН-ыг хадаг сунган урив.

З.Энхболд бодохдоо МАН-тай хамтарч байж томоохон асуудлуудыг, тухайлбал өрийн таазыг нэмэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын хуулийг шинэчлэх, Сонгуулийн хуулийг хэлэлцэх улс төрийн тэнцвэртэй нөхцөл, тохиролцоо бүрдэнэ гэж тооцоолсон байх. Гэвч эдгээр асуудлуудын аль нь ч урагш хөдлөөгүй хэвээр, ам.долларын эсрэг төгрөгийн ханш ч дээш өссөнгүй. Эргээд бүх юм байрандаа буцаж, Н.Энхбаярын намтайгаа, эвсэлтэйгээ хамтран ирэх оны төсвөө батлуулах гээд үйлээ үзээд сууж байх аж. Байрандаа хий эргэсэн зүйл ганц энэ биш.

Шинэчлэлийн Засгийн газрын үед гаргасан нэг бус шийдвэрийг шийдлийн Засгийн газар буцаасан, наад зах нь урагш татсан байгалийн цагийг арагш нь ухраах гэх мэтээр. Хууль зүйн салбарт Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэлээс л гэхэд хамгийн сүүлд хилийн шалганыг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харъяаллаас гаргаж, эргүүлээд хилийн цэрэгт нь буцаах тухай ярьцгааж байна. “Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүх Ганцхудагаас хорих руу шилжиж, нүүрсний үнэ төр засгийн ямар ч оролцоогүй үлдэв.

Ардчилсан намын гишүүний ариун үүрэг юу болов? Уг нь Н.Алтанхуяг засгаас явахдаа залгамжлагчаараа өөрийнх нь танхимд Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан Ч.Сайханбилэгийг үлдээсэн юм сан… Санаж байгаа бол дараагийн Ерөнхий сайдад УИХ дахь намын бүлэг Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэн олонхийн саналаар дэмжээд байсныг Н.Алтанхуяг эс тоон намынхаа ҮЗХ-ны хурлаар унаган байж Ч.Сайханбилэгийг зүтгүүлж билээ. Ингэхдээ танхимынх нь нэг сайд өөрийнх нь ажлыг лавтайяа үргэлжлүүлнэ гэж итгэсэн биз ээ. Эргээд жилийн дараа харахад бүх юм урвуу хамааралтай мэт үзэгдэнэ.
Түүнийг санагалзах сэдэл

Зуугийн талаас илүүг элээсэн Н.Алтанхуягт өнгөрсөн нэг жил амьдралдаа өмнө нь үзэж туулаагүй аль хүнд хэцүүг амсуулсан гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Осолд орон бэртэл авч, олны жишгээр Солонгост эмчилгээнд явсан. Охин болон хүргэн Дэнзэн нь хууль, цагдаагаар шалгагдсан. Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүхийг АТГ-аас баривчлан хорьж, шүүхээс ял оноосон. Ерөнхий сайд байх үедээ тэрээр “Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” гэж мэдэгдэж байсанчлан Ерөнхий сайдаас буусныхаа дараа ч АТГ-аас амар мултраагүй хэрэг.

“Эр нэг алдаж, эрэг хэд нурна” гэж монголчууд ярьдагчлан Норовын хүүгийн хувьд сүүлийн нэг жил эрээнтэй, бараантай өнгөрсөн ч түүний Засгийн газрын үед эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудын нээлтэд энд тэнд уригдан улаан тууз хайчлан улстөрчийн хувиар босоо хэвээр байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын суудлаас буусан ч улс төрөөс тэр явах болоогүй байна. Өнгөрсөн нэг жил түүний хувьд өндөг шиг эмзэг үе байсан ч өөрийг нь нэг талаар хурцалж, өнгөлж өгсөн байхыг үгүйсгэхгүй.

Шинэчлэлийн Засгийн газрын үр хөврөл болсон шийдлийн Засгийн газар ширээ сандлын л хэрүүлтэй нэг жилийг өнгөрөөлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяггүй нэг жил. Түүнийг санагалзах сэдэл үе үе, ялангуяа намынх нь дотоодод хүчтэй сэдэрч байх шиг.