(АНУ-ын баруун эргийн нэгэн монгол сургуулийг сурвалжилсан тэмдэглэл)

2015 оны 11 сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн хөвөөнд орших  Сан-Франсиско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан, Оакланд хотын Азийн Соёлын Төвийн байрнаа ирээд байгаа маань нэгд, тус хотын “Би монгол” сургууль, “Гэр” хүүхдийн төвийг сурвалжлах, хоёрт, тус төвөөс зохион байгуулж буй “Монгол бахархал- 2” арга хэмжээнд оролцох гэсэн зорилготой, өөрөөр хэлбэл “нэг сумаар хоёр туулай буудан” яваа хэрэг билээ.

Азийн Соёлын Төвийн хоёрдугаар давхарт гарваас монгол хүүхдүүд бужигнан гүйлдэж, эцэг эхчүүд нь хэд гурваараа ярилцан зогсох их сонирхолтой монгол орчин угтан авав. Нэгдүгээр цагийн хичээл эхэлчихсэн, харин дараагийнх нь цагийн хичээлд бүртгэлтэй хүүхдүүд тийн наадаж байгаа аж. Ангиудынх нь хаалга нь босоо нарийхан цонхтой юм. Нэг хаалганы тийм цонхоор шагайн харваас Ю. Цогтчимэг багш бага ангийн хүүхдүүдэд монгол хэл зааж байна. Цогтчимэг багшийн нөхөр доктор Я. Баатар анги дундуур алхан, хүүхдүүдэд туслан явна. Утга зохиол судлаач Баатар ахтай миний бие бүр Монголд байхын сайн танил, нэг хүрээний улс тул энэ дүр зураг надад тун дотно буусан юм. Гэргийдээ туслан ингэж хичээл дээр нь ирдэг аж. Хаалга руу нэг хараатахвал толгой дохичих санаатай нэлээд харж зогссон боловч хүүхэд бүр дээр очин, наашаа огт харахгүй явах нь хичээлдээ тэгтлээ их анхаарсных биз ээ.

Цааш алхаж явтал “Нэг хоёр гурав, одоо бүгдээрээ баруун хөлөө... өө яг, нэг хоёр гурав” гэсэн тод цээл хоолой хонгилоор нэг цуурайтсан нь бүжгийн багш Д. Батзориг хичээлээ зааж байгаа нь аж. Батзориг багшийн анги харин зай ихтэй заал, бас бүжгийн хөдөлгөөн их, халууцах хөлрөх тохиол их гарах тул хаалга нь цэлийтэл нээлттэй, тиймээс багшийн дуу тэгж тод сонстдог юм байна.

Гадаа хүүхдээ хүлээн суугаа эцэг эхчүүдтэй хэд гурван үг солилоо. Тэд сургуулийн үйл ажиллагаанд, ялангуяа багш нарынх нь чанарт сэтгэл өндөр байдгаа хэлж байна. Тухайлбал бүжгийн багш Батзориг Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, мэргэжлийн бүжиг дэглээч бол монгол хэлний багш Цогтчимэг Боловсролын тэргүүний ажилтан, олон жил ажилласан туршлагатай багш, шатрын багш Уянга гэхэд л шатрын спортын мастер цолтой, АНУ-даа нэлээд дээгүүр түвшинд өрсөлддөг тоглогч ажээ. Ийнхүү бас шатар,  мөн зургийн хичээл энэ сургуульд тухай эцэг эхчүүдээс мэдэж авлаа. Залуу зураач М. Гансүх зургийн хичээл заадаг гэнэ.

Ингээд орой болох “Монгол бахархал-2” үйл ажиллагааг хүлээх зуураа хэд гурван хүнтэй уулзаж, сурвалжиллаа. Эхлээд “Гэр” хүүхдийн төв болон “Би монгол” сургуулийг үүсгэн байгуулагч МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан Түйзэнгийн Эс-Олдохтой уулзаж ярилцав.

Түйзэнгийн Эс-Олдох: Монгол хүүхдүүд өсөж том болсон хойноо монгол хэлээ мэдэхгүй бол их харамсана

М. С. Ийм сургууль, байгууллагыг байгуулах санаа анх хэзээ төрөв? Ямар бэрхшээл тулгарч байв?
Т. Э. Анх 2007 оны хүүхдийн баяраар надад эндэх хүүхдүүдийн дунд дууны тэмцээн явуулах үүрэг ноогдсон юм. Тэгэхэд ганцхан хүүхэд монгол дуу, бусад нь англи дуу дуулсан. Тэгэхэд өөрийн мэддэг монгол дуунаасаа эдгээр хүүхдүүдэд зааж өгөх юмсан гэдэг бодол төрж байв. Орой нь гэртээ ирээд охин Б.Урангоодоо бодлоо ярьсан юм. Охин маань санааг минь дэмжиж, дизайныг хийхээр болж бид хоёр хамтдаа “Би Монгол” гэдэг жижиг сэтгүүл бэлтгэж, түүндээ монгол дуу, шүлэг, аман зохиол, түүхийн талаар оруулан, улиралд нэг удаа хэвлээд үнэгүй тарааж эхэлсэн.  Дараахан нь нэг айлд очоод хүүхдийнх нь нэрийг монголоор асуухад “Чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна” гэж англиар хариулсан. Багш хүний хувьд энэ бүхнийг хараад зүгээр сууж чадаагүй. Ингээд л сэтгүүлээ сургууль болгон өргөжүүлж нээлтээ 2009 оны 10 сарын 11-нд 2 багш (Д.Батзориг, П.Сэлэнгэ), 13 сурагчтайгаар хийж байлаа.

Ер нь бэрхшээл гэвэл “байхгүй юмыг бий болгох” гэж зүтгэж байгаад оршино. Хичээлийн хөтөлбөр боловсруулах, байр сав олох, сургууль, байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалт, маркетинг, санхүүжилт, бодлого боловсруулах зэрэг дотоод ажлуудыг бид өөрсдөө хийдэг. Өөрсдийнхөө боловсролыг дээшлүүлэх, тоглож наадах, амрах, гэр бүлдээ зориулах цагаасаа илүүчилж байж л эдгээр ажлуудыг амжуулдаг. Манай хамт олон их чадварлаг, тиймээс тэдэнд санаа өгч бүтээл хийхэд нь дэмжиж тусалдаг, бид хамтдаа үргэлж шинийг санаачилж ажилладаг. Бид хүүхдийн төлөө нэгдэж, хүчээ нэгтгэж чаддаг. Би хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Бас үр хүүхдэдээ эх хэл соёл, зан заншлаа өвлүүлэхийг хичээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа аав ээжүүд бол бидний бахархал.

Удирдаж байгаа хүний хувьд миний барьдаг гол зарчим бол “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байх явдал. Энэ нь 1-рт, сургалтын төлбөрийг хямд байлгах (цагийн $5-12), 2-рт, багш ажилчдаа урамшуулж, дэмжих (багш нарын цалин цагийн $25-аас дээш, туслах ажилчид, УЗ-ийн гишүүдэд сар бүр төлбөрийн хөнгөлөлт өгдөг) 3-рт, сургалтыг чанартай хүргэх. Ийнхүү сурагч, багш,ажилчид, эцэг эхийн хоорондын харилцаа сайн, тэд нэгдэж ажиллаж чадсан цагт сургалт үр дүнтэй явагдана гэж үздэг. 

М. С: АНУ-д байгаа монгол хүүхдүүдийг яагаад монгол хэл соёлоо хадгалаасай гэж та хүсдэг вэ? Олон эцэг эх хүүхдээ зөвхөн англиар яриулж сургахаар чармайж байна. Тэдэнд юу гэж зөвлөх сөн бол?
Т. Э: Ер нь хаана ч амьдарч байгаа монгол хүүхдүүд монгол хэл, соёлоо мэддэг, монголдоо сэтгэл ойр, монголоо хайрлаж хүндэтгэдэг хүмүүжилтэй болох нь зөв гэж би боддог. Энд төрж өсөж байгаа хүүхдүүд ирээдүйд өндөр мэргэжил эзэмшээд, том том компанид ажилладаг сэхээтнүүд болж өснө.  Тэд англиар цэвэр сайхан ярина. Тэр үед удам судар, эх түүх, хэл соёлоо мэддэг байвал бусдыг бишрүүлнэ. Мэдэхгүй бол тэд харамсана. Хоёрт гадаадад байгаа монгол хүүхдүүд монгол хэлээ сурах нь тэдний хувьд бас нэгэн гадаад хэл сурч байгаагаас ялгаагүй. Яагаад гэвэл тэднийг өлгийдэж авч байгаа хэл нь англи хэл. Хүүхдийг багаас нь хоёр хэлэнд сургах нь хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлдэг гэдэг. Хүүхдэдээ хэл сургая л гэвэл эрт эхэлсэн нь дээр, бүүр багаас нь, 3 настайгаас нь эхэлж сургах хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг юм билээ. 3 настай хүүхэд юу ч ойлгохгүй гэж бодож огт болохгүй, яриад л байхаар тухайн хэлний өнгө аялга чихэнд нь хоногшдог гэдэг. Үүнийг орчин үеийн ээж аав нар судалж үзээсэй гэж бодож байна.

М.С: Та бүхний энэ үйл хэрэгт, Монгол улс, Засгийн газар, Яам тамгын газраас хэр тусалдаг вэ? Бодтой дэм тус болсон жишээ байна уу? Бусад улсад бол маш тодорхой төсөв мөнгө байдаг.
За, өнгөрсөн жилээс эхлээд Монголын засгийн газар, Гадаад хэргийн яам, Боловсролын яамд гадаадад байгаа хүүхдүүд, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн, хэд хэдэн хурал зохиож, биднээс нилээн их мэдээлэл авсан. Энэ бол эхлэл. Дараагийн 5 жил гэхэд гадаад дахь сургуулиудад Монголын ЗГ-аас бодит туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидний саяхан хэвлэсэн Миний Монгол хэл-1 сурах бичгийг Боловсролын Яам анхааралдаа авна гэдэгт, ирээдүйд төсөв гаргаж, хэвлэлтийн асуудлыг шийдэн, гадаадад монгол хэл сурч байгаа 500 хүрэхгүй хүүхдүүдээ үнэгүй сурах бичгээр хангана гэдэгт итгэж байна. Мөн тус сургуулиудад тулгарч буй хамгийн хүнд асуудал болох хичээлийн байрны түрээсийн төлбөрт зохих хэмжээний тусламж үзүүлэх боломжийг судалж хэлэлцэнэ байх гэж найдаж байгаа. Сан Франсиско хот дахь Ерөнхий Консулын Газрын хамт олон манай сургуулийг ном сурах бичгээр хангах тал дээр анхаарал тавьж, дэмжиж ажилладаг. Ер нь төрийн бодлого Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол дээр гадаад дотоод гэж ялгалгүй анхаарах ёстой, гадаадад сурч, амьдарч байгаа хүүхдүүдээрээ гүүрлэж улс орноо сурталчлах, хөгжүүлэх ёстой гэж боддог.

М.С: Ингэхэд та Монголд ямар ажил эрхэлж байв? Монгол дахь ажлын тань туршлага энэ Гэр хүүхдийн төвийг ажиллуулахад тус дэм болж байна уу?
Т.Э: Би Эрхүүгийн Багшийн Дээд Сургуулийг төгсөөд Зүүнхараа хотын 10 жилийн сургуульд Хичээлийн эрхлэгчээр дөрвөн жил ажилласан. Сургууль шинэхэн төгссөн миний бие мэргэжил, мэдлэг өндөр, туршлагатай багш нарыг удирдаж, хамтран ажиллахдаа олон зүйл сурснаас нэг чухал зүйлийг бүр ч илүү ойлгосон юм. Тэр бол хүнийг буюу хүний хийсэн ажлыг дүгнэхдээ эхлээд сайн талыг нь харж сурах. Энэ зарчмыг мөрдлөг болгож ажиллахыг хичээдэг дээ. 

Дараа нь Монголын Хүүхдийн Ордонд Англи хэлний багшаар ажиллахын зэрэгцээ Энх тайвны Корпусын сайн дурын ажилтнууд, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад монгол хэлний хичээл зааснаар гадаад хэлийг зааж сургах арга барилд суралцсан. Энэ туршлагаасаа саяхан хийсэн номдоо бас ашиглалаа. 2001 онд АНУ-д ирснээсээ хойш рестораны үйлчлэгч, орон сууцны менежер, ашгийн бус байгууллагад (АББ) нягтлан бодогч гээд олон төрлийн ажил хийж байлаа.  Эндээс сурсан бүхэн  маань Монгол хүүхдүүддээ зориулсан байгууллага, сургууль байгуулж, түүнийг санхүүгийн хувьд тогтвортой болгох, хөгжүүлэх, өндөр мэргэжилтэй, чадварлаг багш нарыг удирдан, хамтран ажиллах зэрэгт ихээхэн нэмэр болж байна гэж бодож байна.

М.С: За баярлалаа.


Ингээд тус сургуулийг анх байгуулагдахаас нь эхлээд багшилж буй, өдий зэрэгтэй болоход нь гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг, бүжгийн багш МУСТА Д. Батзоригтой ярилцав.

Д. Батзориг: Соёл урлаг бол улс орныг холбох, таниулах гүүр юм.

М. С: Та өмнө нь Монголдоо ийм жаахан хүүхдүүдэд зааж байв уу? Тийм бол Монгол дахь хүүхдүүд болоод эндэх монгол хүүхдүүдэд бүжиг заахад ямар ялгаа байна вэ?
Д.Б: Би 1992 онд Хөгжим Бүжгийн Коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн л дөө. Арав гаруй жил бүжиг заалаа. Монголд надаар бүжиг заалгасан 350 гаруй шавь байгаагаас бараг зуу нь хүүхэд болов уу? Ер нь л олон янзын хүмүүст бүжиг зааж үзлээ. Тэдгээрээс яг хүүхдэд бол онц анхааралтай, нямбай заахгүй бол бүхнийг айхтар хурц, хурдан тусгаж авдаг, дуурайдаг онцлогтой.

Гадаадад монгол хүүхдүүддээ заахад хэд хэдэн ялгаа бас байна аа. Юуны өмнө монгол хэл нь сайн биш. Хэлж ойлгуулах дээр ялгаатай. Хоёрт, амьдарч буй орчин нь Монгол биш учраас бүжгийг эх оронтойгоо холбож мэдрэх дээр дутагдалтай байдаг. Бас Монголд хүүхдүүдийг бүжгийн дугуйланд шалгаж авдаг бол энд сонирхолтой бүх хүүхдийг хамруулдаг онцлогтой. Бусдаар бол адилхан л монгол хүүхдүүд юм чинь ялгаагүй л сурахдаа сурна.

М.С: АНУ-д ирсээр нийт хэдэн хүүхдэд монгол бүжиг заав? Ямар хөтөлбөр барьж байна вэ?
Д.Б: Энд би 2009 оноос эхэлж заасаар одоо бараг тавь жаран хүүхдэд сургасан байх. Монгол бүжиг заахдаа зүгээр нэг бэлэн бүжгүүд заагаад байхгүй л дээ. Эхлээд хүүхдүүддээ хөдөлгөөний эвсэл суулгах, хөгжмийн мэдрэмж, сонсголыг нь сайжруулах хичээлүүд орно. Аажимдаа монгол бүжгийн үндсэн дасгал, хөл, гар, мөрний хөдөлгөөнүүд гээд зааж эхэлнэ. Цаашлаад олон үндэстэн, ястны намба төрхийг нэг бүрчлэн тайлбарлан заана. Энэ бүхнийг сураад ирэхээр нь сая бүжгүүдээ зааж эхэлдэг юм. Ингэхээр хүүхдүүд мартахгүй, суурьтай болж, сайн ойлгодог. Миний заах арга, боловсруулсан хөтөлбөр маань гол нь яаж богино хугацаанд монгол бүжгийг сургах вэ гэдэг дээр л үндэслэгдсэн байгаа.

Одоо хүүхдүүд маань урын сандаа 40 гаруй бүжигтэй, жил бүр урын сангаа арвижуулж явдаг. Дээр нь яг тухайн үндэстэн ястны бүжгийн хувцсыг захиалж хийлгэж өгч байгаа. . 

М.С: Хүүхдүүдтэйгээ олон тоглолтод оров уу? Хаагуур хаагуур тоглов доо?
Д.Б: Манай сурагчид орон нутгийн хэмжээнд зохиогддог урлаг соёлын бүхий л арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцож, Монгол урлагаа сурталчилдаг. 2009-2015 он хүртэлх Бэй Ареагийн бүх наадам, шинэ жил, хүүхдийн баяр, цагаан сар, Азийн улсуудын наадам гээд тоочоод байвал барагдахгүй ээ.  

М. С: Саяхан Монгол улсад нэг томоохон хурал болж байна лээ. Сэдэв нь “Монгол улсыг гадаадад соёл урлагаар сурталчлах нь” гэж. Хараад байхад чухам гадаадад Монголыг урлагаар сурталчилж байгаа улс нь таны мэтийн гадаад дахь уран бүтээлчид байх юм. Тэгэхээр энэ хуралд та оролцсон сон бол юу хэлэх байсан бол?
Д.Б: Аливаа улс орныг сурталчлахад хамгийн түрүүнд соёл урлагаа урдаа барьж, нэр нүүрээ болгон таниулж байж  дараа дараагийн ажлаа хийдэг гэж би ойлгодог. Нэг ёсондоо улс орнуудын нэгнээ таних гүүр нь болж өгч байгаа юм. Тиймээс ийм сэдэвтэй хурал зохион байгуулж, төрөөс анхаарал тавьж байгаад их баяртай байна л даа. Би өөрөө ч улс орноо сурталчлах ажлаар олон орноор тоглолтоор явж байсан хүн. Гэхдээ миний бодлоор ийм тоглолтууд асар их мөнгө зараад, үр дүн нь жаахан тааруу үлдээд байх шиг байдаг юм. Аль нэг улсын тэрүүхэн нэг хот, муж, концертын танхимд л хэсэг бүлэг хүний хүрээнд тоглоод дуусаж байгаа юм. Нэг ёсондоо жаахан богино настай юм хийгээд байна гэсэн үг. Би энд зөвхөн тоглолт талаас нь яриад байна, ном зохиол, уран зураг гээд бүгд өөр онцлогтой байх л даа. 

Миний санаагаар болдог бол урлагийн мэргэжлийн урдаа барьдаг багш нараа нааш нь, нааш нь ч гэлтгүй бүх улсад суугаа монголчууд руугаа илгээх хэрэгтэй юм. Тэгээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Тэдний үр хүүхдүүдэд зааж сургах хэрэгтэй. Ингэхэд тавхан жилийн дотор л үр дүн нь харагдаад эхэлнэ. Монгол хүүхдүүд маань амьдарч буй газар болгондоо цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах сургууль, коллеж, их сургууль хүртлээ асар олон үзэгчдэд Монголын урлагийг өндөр хэмжээнд сурталчилж эхэлнэ. Өнөө том том тоглолтод зарах мөнгөний багаахан хувь нь зарцуулагдана шүү дээ. Ийм л юм бодож, мөрөөдөж явдаг хүн дээ, би. Ер нь бол энд хэлэхэд хятадууд яг ийм ажлыг төр засгаас нь бодлогын маягаар хийдэг юм билээ шүү. Бид одоо өөрсдийгөө гэхээсээ илүү ирээдүйгээ сайн бэлдэж байж л Монголоо хөгжүүлж, сурталчилж чадах байх даа.

М.С: За танд баярлалаа. 

хэмээн ярилцаад, дараа нь хичээлээ хүлээн суугаа хэдэн хүүхэд дээр очиж яриа авав. Монгол сургуульд сурдаг гэсэндээ монголоороо сайн ярьж байна.

М.С: Сайн уу, миний дүү? Нэр нь хэн билээ?

Э.Т: Намайг Энхийн Тэргэлсар гэдэг.

М.С: Монгол сургуульд хэзээнээс явсан бэ? Ямар ямар хичээлд нь сууж байна?
Э.Т: Би 2012 оноос явж эхэлсэн. Монгол хэл, шатрын хичээлд явж байгаа.

М.С: Монгол хэл сурахад хэцүү байсан уу?
Э.Т: Үгүй, надад бол амархан байсан. Бусад хүүхдүүдэд л жаахан хэцүү. Би Монголоос ирээд ганцхан жил болоод монгол сургуульд явсан болохоор монгол хэлний хичээл амархан байсан.

М.С: Өө чи чинь тэгвэл угаасаа монгол хэлтэй хүүхэд юм байна шүү дээ. Тэгвэл анх ирээд англи хэл мэдэхгүй байхад хэцүү байсан уу?
Э.Т: Гайгүй ээ, хурдан сурсан. Анх ирээд 2-р ангид, хэл юу ч мэдэхгүй байхад манай ангид нэг монгол охин байсан юм. Тэр охин надад орчуулж өгдөг байсан.

М.С: Монгол сургуульд ирэх дуртай юу? Юунд нь хамгийн дуртай вэ?
Э.Т: Олон монгол найзтай болсон нь гоё. Бас шатар хурдан тоглох юм сан гэж боддог.

М.С: Шатрын олон тэмцээнд орсон уу? Хамгийн том нь ямар тэмцээнд оролцов?
Э.Т: Зөндөө тоглосон. Хамгийн том нь гэвэл өнгөрсөн зун Монголд очиж, Хүүхдийн дэлхийн аваргад тоглосон ш дээ.

М.С: Өө за, мундаг тамирчин байна. Амжилт хүсье.

Монгол бахархал –Хандивын зоог

Ингэж байтал “Гэр” төвийн зохион байгуулж буй “Монгол бахархал” үйл ажиллагаа эхлэх цаг боллоо. Өдөржингөө ажиллан, сандал ширээ, тайз чимэглэлээ засаж байгаа залуусыг харахад Гэр төв, Би монгол сургуулийнхан ажилдаа дуртай, идэвх зүтгэлтэй хамт олон болох нь тодорхой харагдаж байв. Монгол дээл хувцсаараа гоёсон зочид эхнээсээ морилж, монгол хатдаар угтуулан хүндэтгэлийн ширээнд сууж, үндэснийхээ хоолоор дайлуулж байна. Монгол хэл, түүх соёл, монгол ээжүүдээрээ бахархсан энэхүү арга хэмжээ нь зохион байгуулалт сайтай, ач холбогдол арвинтай болох нь харагдлаа. Сурвалжлагч миний бие бас хувь нэмрээ оруулан, хүүхдийнхээ монгол хэлийг хэрхэн хадгалах, сайжруулах талаар лекц уншсанааас гадна, 1911 оны хувьсгалын баатруудын гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, танилцуулав.

Энэ үдэш “Гэр” төвийн УЗ-ийн гишүүн, санхүүч Нянгарын Энхмаа МУ-ын Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.Тэрбээр Америкийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч МкКессон корпорацид 10 жил ажиллаж байгаа бөгөөд Захиралын алба хашдаг, “Гэр” төвийн санхүүжилтэнд ихээхэн хувь нэмэр оруулдаг, гадаадад ажиллаж буй тэргүүний монгол залуучуудын нэг болох нь тодорхой байлаа. “Гэр” төвийн хамт олон хандивлагчдадаа талархаж 9 эрдэнээр чимэглэсэн Өргөмжлөлийг гардуулав. Би Монгол сургуулийн авъяаслаг сурагчдын сэтгэл догдлуулж, баяр бэлэглэсэн урлагийн тоглолтоор уг арга хэмжээ өндөрлөлөө.

Үйл ажиллагааны хүндэт зочин, Сан Франсиско хот дахь Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д. Баярхүү хэлсэн үгэндээ “Би монгол” сургууль хүүхдийнхээ тоогоор Сөүл дэх Монгол сургуулийн дараа, хилийн чанад дахь нийт монгол сургуулиудынхаа дунд хоёрт орно, чанар чансаа, амжилтаараа бол ямартай ч АНУ дахь монгол сургуулиудынхаа дотор толгой нь болно хэмээн онцлон дурдсан нь энэхүү сурвалжилгын маань дүгнэлт болохоор үг боллоо.     

Тодруулга 1.  Гэр хүүхдийн төв

Гэр хүүхдийн төв бол 2009 оны 4 сард байгуулагдсан, 501с3 статустай, ашгийн бус байгууллага. Үүсгэн байгуулагчид Г.Өнөдэлгэрэх, Ц.Энхтуяа, Ч. Алтанцэцэг, Т.Эс-Олдох.

Өнөөдөр Гэр төвд Зөвлөх Г.Отгонгэрэл, Тэргүүн Т. Эс-Олдох, УЗ-ийн гишүүд Д.Долгорсүрэн, Н.Энхмаа, Л.Эрдэнэчимэг, Н.Ганчимэг, туслагч Б.Ариунжаргал,     Х. Болорчимэг, Ц.Туяажаргал нар сайн дураар ажилладаг.
Гэр төвийн топ спонсорууд:  Н.Энхмаа, О.Солонго, Н.Гантуяа, Б. Гэрэлмаа, Б. Оюунсүрэн, П. Одончимэг, Б. Мягмарсүрэн, Б.Энхжаргал.
Тоглолтын хувцаснуудыг мэргэжлийн оёдолчин Т. Энхмаа, Д. Болортуяа нар урладаг.
“Гэр” төв Монголд байгаа хүүхдүүдэд бас дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд Хүүхдийн хавдар судлалын төвд $1720 хандивласан, мөн дунд сургуулиуд болон асрамжийн газруудад ном, сурах бичиг, тоглоом, хувцас зэргийг илгээсэн.  

Соёлын хөтөлбөрийн хүрээнд жил бүр Эх үрсийн баярыг Занабазар төв, Монголчуудын холбоо, Оюутны нэгдэлтэй хамтран зохион байгуулдгаас гадна Монголын эрдэнэс тоглолт,  Шинэ жил-Гэр бүлийн баяр, Өсвөрийн шатарчдын уралдааныг уламжлал болгон зохиодог.
 

Тодруулга 2. Гэр хүүхдийн төвийн дэргэдэх Би монгол сургууль

Энэ жил 103 сурагч, 4 багштай хичээллэж байна. Өнгөрсөн 6 жилд давхардсан тоогоор нийт 350 гаруй сурагчийг монгол хэл, үндэсний бүжиг, хөгжим, зураг, шатар зэрэг ангиудад сургажээ. Пүрэв, Ням гарагуудад хичээллэдэг.

Багш нар:
“Би Монгол” сургуулийн Захирал, бүжгийн багш МУСТА Д.Батзориг
Монгол хэлний багш МУБТА Ю.Цогтчимэг
Хөгжмийн багш МУСТА Ц. Төмөрчөдөр
Шатрын багш, мастер Б. Уянга
Зургийн багш зураач М. Гансүх

Тодруулга 3. “Гэр” хүүхдийн төвөөс эрхлэн гаргасан, гадаад дахь монгол хүүхдүүдэд зориулсан цагаан толгой.   

“Миний Монгол хэл -1” хэмээн нэрийдсэн энэхүү цагаан толгойг Т. Эс-Олдох зохиож, дижитал эхийг Н. Ганчимэг бүтээжээ. Др. М. Саруул-Эрдэнэ редакторлож, У. Сувданцэцэг, Т. Бямбаа, Ю. Цогтчимэг, Т. Нямсүрэн нар хамтран ажилласан байна.

Гадаадад амьдарч буй хүүхдийн орчин, зан заншилтай нь холбоотой зураг, үг, сэдэв ашигласан, цагаан толгойг өнгөөр ялган заах аргыг нэвтрүүлсэн, бүлэг бүрийн эцэст бататгах хичээл, дасгал ажил хийсэн, мөн эцэг эхтэйгээ хамтарч ажиллах дасгал оруулсан зэрэг нь тус сурах бичгийг бусад ном, цагаан толгой зэрэг нь энэ номын онцлог давуу тал юм.



"Гэр" Хүүхдийн төвийн хамт олон


"Би" Монгол сургуулийн бүжгийн хамтлаг


Тус сургуулиас гаргасан гадаад хүүхдүүдэд зориулсан Цагаан толгой


Монгол хэлний багш Ю. Цогтчимэг


Бүжгийн багш Д. Батзориг хүүхдүүдийнхээ хамт.


Гэр төв, Би монгол сургуулийнхан.


Тус төв, сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Түйзэнгийн Эс-Олдох.