"Цагийг эзэлсэн ухаантан гэдэг хойч үеийнхний хоол билээ. Нэг хэсэг нь түүнийг муулж, нөгөө хэсэг нь магтаж цадацгаадаг"

Ц.Байды


Ийм нэг яриа байдаг даа. Арван зураач сууж байжээ.Гэтэл гаднаас нэг шог зураач орж ирэхэд тэд хүндэтгэн суудал тавьж өгсөн гэдэг. Учир нь тэд шог зургийг хэзээ ч зориглон барьж авч чаддаггүйдээ л байгаа юм.

Үнэндээ ч зураач хичнээн олон билээ. Харин шог зураачид нь дэндүү цөөхөн юм.
Хаа газрын  шог зураач нар цөөн хирнээ хамгийн цөс ихтэй.Тэдний зурахгүй сэдэв, элэглэхгүй хүн гэж байхгүй. Шог зураачдад ичих булчирхай бий.Харин айх “булчирхай“ байдаггүй. Улс оронд нь дайн тулаангүй амгалан тайван байхад хаа холын Америкийн Ерөнхийлөгчийг шүүмжлээд л сууж байдаг.
Бразилчууд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион явуулах гээд өдрийн сайныг өнжин хүлээж байсан тэр  өдрүүдэд ч  “зовлонт” зураач үзэг цаас нийлүүлээд хүн ”матарлаж“ л суужээ.


Гай Гомез


Дэвид Рове

Ядахнаа Гай Гомез сүүлийн үед Бразилийн жүдочдийн амжилт суга өсөж хичнээн дэлхийн аварга шинээр төрөөд байгаа “статистика-”ийг огтхон ч тоохгүй.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа ид өрнөж байсан тэр жил  Барак Обамагийн алдаатай алхам, анхаармаар сургамжаа дэлхийд алдартай Ираны хошин шогийн “Iran cartoon” веб сайтаар дамжуулан  олон  орны шогчид  зоригтой шүүмжилэсэн зургуудаа нийтэлсэн байдаг.
 

Жасон Сели 

                                        
Родней

Гэхдээ  гол нь Барак Обамагаар төлөөлүүлэн Америкийн улс төрийн  үнэн дүр төрхийг гаргах нь л тэдэнд  чухал байлаа. Өөр нэгэн сонгогдсон ч тэд зургаа баллуурдан ардаа нууж зогсохгүй л байсан.


Дэвид Рове

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэргүүтэй дэлхийн  лидерүүдийг ч Дэвид Рове бас “зүгээр” орхисонгүй.” Арчаад л хаяжээ...
“Маш чухал амьтад”-ын гурамсан хоч хөргийн нэрт мастер Мультер Ричард, Морчоси Моршоси  нарын хамтран бүтээсэн  улс төрийн лидерүүдийг дагнан нохойн хөргөөр зурсан ном байдаг ажээ.


“Маш чухал амьтад” гурамсан цуврал бүтээлүүд
 Мультер Ричард, Морчоси Моршоси  


Тэдний дунд бидний бишрэн хүндэтгэдэг дээрхийн гэгээн Далай багшийг Түвд банхар болгон зурсан байдаг юм билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг жинхэнэ” Орос  овчарка” болгон зурсаныг харсан бүхэн элэг хөшчихөнө. АНУ-ын  Ерөнхийлөгч  асан Жорж Буш хөөрхөн донжтой  хав болчихжээ.

Нээрэн Путин гэснээс тэрээр  Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан  “бал сарын өдрүүдэд” нь Оросын гайгүй нэртэй шаржист Денис Лопатин  мундаг үзэсгэлэнгээ  алс хязгаарын Камчаткад  гаргаадхсан чинь хэд хоноод хаачихсан юм.


Денис Лопатиний шаржууд

Азаар ганц нэг зургийг хүмүүс  веб сайтаас үзэж амжжээ.

Хаагдсан үзэсгэлэнд  Вовка  Путинг олон янзаар зурсанаас гадна экс –Ерөнхийлөгч Дима Медведев төрийн сүлднийхээ хоёр толгойтой бүргэдийг нэг нэгээр нь салган гартаа  атгаад  хоол бэлдэхээр зэхсэн тогооч хувцастай  зогсож байх юм. Толгойн дотроос  нь Путин цухуйж  амттанаа хэрхэн “поорцлох”-ыг сануулж буй мэт сонирхолтой зургийг санаж байна.

Хаа очиж манайд шог зургийн шагнал нь хариугүй болохоос энд тэнд үзэсгэлэн мүзэсгэлэн хаагаад дуудан цагдаад  байдаггүй юм шүү.

Дашрамд хэлэхэд Оросын төрийн сүлдний хоёр толгойтой бүргэдээр “тоглох” үзэгдэл Лопатинаас ч өмнө байсан ажээ.

Оросын Александр-II хаан 1857 оны 4 сарын 11-ний өдөр эртний билэгдлийг бодож Оросын төрийн сүлдээр хоёр толгойтой бүргэдийг батласан юм.

Төрийн хүндэтгэлийн оройд залардаг энэ эрхэм билэгдлийг шог зураачид эртнээс өлгөн авч санаагаа баяжуулж иржээ.

Гэхдээ Оросын 2  өөр бодлого  бүхий зарчим ,санаа бодол зөрөлддөг “толгойг” голдуу шүүмжлээд  байх шиг байгаа юм.



Аль эрт XX зууны эхээр “хоймор залахад хийморь болж явсан” Ленин багшийг амьд сэрүүн байхад нь Тройцкийтэй хоршуулан зурж байсан шог зураг  түүхийн үзэл суртлын тоосонд чамгүй олон жил дарагджээ.

Ардчилал шинэчлэлийн дараа ч энэ сэдэв хуучирсангүй.1990-ээд оны эхээр “Үг”,”Ил Товчоо” сонинд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин “спикер” Руслан Хасбулатовтай хэрхэн зөрчил тэмцэлтэй байсныг Монгол зураач ажиглажээ.


Лумо \Л.Мөнхбат\

Ленин багшаа дурссанаас дал гаруй жилийн түүхэнд нар сартай ч зүйрлэн магтуулж явсан Владимир Ульяновыг 1990–ээд онд олон оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэл,ардчилалын дуулианаар хайр найргүй шүүмжлэн хөшөө дурсгалыг нь ч буулгачихсан юм бишээ.

Түүнийг сэрүүн тунгалаг мандан бадарч явахад нь ч шог зураачид элэглэн зурж байсан юм шүү.

Гагцхүү хэсэг хугацааны дараа “их жолоодогчийг” шоглон дүрслэх нь ёс зүйд нийцэхгүйн улмаас тэдгээр бүтээлийг зүгээр л хэдхэн арван жил “түр мартсан” юм билээ.

Одоо хэдэн сая жилийн настай динозавр Т.Батаар гуайн  музейн барилгыг нэгэн цагт бүрэн дүүрэн эзэмшиж байсан Лениний музейн нэгэн үзмэрийг  дунд сургуулийн ахлах ангид байхдаа үзэж байснаа тод саналаа.

Лепешников гэдэг зураач байсан шиг санагдана.”Хулганууд хэрхэн муур гуайг оршуулсан нь” гэж Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн зураг л даа.

Меньшивик”хулганууд “Большевик” муурыг оршуулахаар эмгэнэн гашуудаж байтал гэнэт “худлаа үхсэн” Ленин сэргэн босоод тэднийг нухчин дардаг.

Тэр үеийн ялан дийлэгч утга нь өнөөдөр хэлбрээ алдаад эсрэгээр  залилан мэхлэгч шинжтэй санаанд буугаад байх юм.


М.Черемных, Д .Моор, В,Мочалов нарын зургууд 

Лениний  жинхэнэ хошин төрхийг сэрүүн тунгалаг ахуйд нь шог зураач  М.Черемных , В.Дени \Денисов \,Д.Моор нар төвөггүйхэн зурж үлдээсэн юм.

Саяхан Оросын нэгэн мэдээллийн сайтад “Сур сур бас дахин сур”гэж сургадаг Владимир Ильчийн толгойд хоосон цүнхээ углан хөшөөн дээр нь “Өөрөө л сурч үз дээ” гэж бичээд хэнэггүй алхсан хөгжилтэй зургийг Игорь Кийко зуржээ.

Нэрт шог зураач Владимир Мочалов  Василий Перовын “Анчдын яриа” алдарт уран  зургийн зохиомжийг чадмаг ашиглажээ.Анчдын яриа дэгстэй гэх нь бий.Тэгвэл Ленин,Сталин,Тройцкий гурав чухам юуг хэтрүүлэн давсалсан юм болоо...


Игорь Кийко “Өөрөө сур”

Монгол зураачид анх 1990 оноос “Үг” сонинд их багшаа “оролдож” эхэлсэн юм.
Энэ үеэс А.Бат-эрдэнэ,С.Цогтбаяр ,Д.Гансүх Ч.Энхээ нарын зургууд хэвлэлийн хуудсанаа хүчтэй  дуугарч эхэлжээ.

Энэ завшааныг ашиглан баяртайгаар дуулгахад дэлхийн 50 шилдэг улс төрийн шог зурагт манай СГЗ С.Цогтбаярын “Коммунизмийг булшлагч” зураг багтсан ажээ.


С.Цогтбаяр


А.Бат-Эрдэнэ

Шог зураачдын бийрний “халдлагад” өртөж асан зарим нэрт улс төрч эрхмээс танил сэтгүүлчээр үг дайлган асуухад үнэн худал нь мэдэхгүй “Тэр” зураачаар нөхөрсгөөр  элэглүүлсэндээ туйлын баяртай байна.Адилхан ч юу юм бэ.Танигдаж байна шүү “ гэж  гомдоогүй дүртэй хэлдэг гэсэн.

Нэрэлхсэндээ л тэгж байгаа болохоос мэдээж юу нь таатай байв гэж.Удирдлаган доорхи  албан тушаалтнууд нь биш юм гэхэд  нутгийнхан нь “ноён шалдан байна” гэж орилохгүй ч  “тийм” амьтан болчихсон тууж явна гээд л  жиг жуг хийнэ шүү дээ.

Би нэг тохиолдолыг мартдаггүй юм.Хамт сууж байсан хэдэн нөхдийн нэгийг зурчихлаа.Нэг нөхөр маань түүнийг хараад жигтэйхэн баясан хөхөрч “Үнэхээр  адилхан болж , За,одоо тэрийг” гээд  л зураачийг ээлж дараалан  зурах бүрт сүүлдээ инээдээ барьж чадахгүй нулимсаа арчиж харагдана.

Эцэст нь өөрийг нь зуртал  тэрээр гэнэт улаа бутран ичингүйрч  чив чимээгүй болсноо” Наадхийгаа л хэнд ч битгий үзүүлээрэй “ гэж аяархан хэлээд зургийг хэдийнэ уруу харуулчихсан байлаа.Түүний аминчлан хүссэн гуйлт ердөө л энэ.
Угтаа зураач бүгдийг нь адилхан зурсан билээ.

Шог зураач Лумо /Л.МӨНХБАТ/