Өнөөгийн эдийн засгийн хамгийн зөв шийдэл бол
ЧӨЛӨӨТ ХҮМҮҮС, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ

 Стив Форбэс
Элизабэт Эймз

МОНГОЛ ХЭВЛЭЛД ЗОРИУЛСАН ОРЧУУЛАГЧИЙН ҮГ

Стив Форбэс, Элизабэт Эймз нарын бичсэн Биднийг капитализм л аварна номыг Монгол хэлнээ орчуулан уншигч танд өргөн барьж байна.

Зохиогчид энэ номоо чөлөөт зах зээлийн эсрэг суртал ухуулга, буруу ойлголтод баримт түшиглэн хариу өгч буй мэтгэлцээний хэлбэрээр бичсэнээрээ уншигч танд асуудлыг тал бүрээс нь харж, өөрийнхөөрөө дүгнэлт хийхэд хялбар дөхөм болгосон. Сонгодог, чөлөөт, ардчилсан капитализмын үндсэн зарчмуудыг энэ номын туршид Бодит ертөнцийн эдийн засаг гэж нэрлэн, энэ нь хүн төрөлхтний жам ёсны эдийн засгийн харилцаа болохыг тодорхойлоод, дэлхий нийтийн хөгжлийн гарц, эдийн засгийн бэрхшээл, хямралын хамгийн зөв шийдэл бол Бодит ертөнцийн эдийн засаг болохыг тодорхойлсон.

Зах зээл өөрийнхөөрөө ажиллаж байгаа цагт ажлын байр нэмэгдэн, инноваци төрж, эдийн засаг өргөжин хөгждөг бол төрийн оролцоо, төсвийн зарлага, данхгар бүтэц хөгжилд чөдөр тушаа болоод зогсохгүй, эдийн засгийн ужгирсан хямралын эх үндэс болдог. Эдийн засгийн аливаа бэрхшээлийн үед улстөрчид төдийгүй жирийн иргэд түүний бурууг “хамжааргагүй” зах зээлд тохож, төр л эдийн засгийг “илбэн тохинуулах” ёстой гэсэн хандлага нийгэмд газар авснаар нөхцөл байдлыг улам дордуулдгийг 1930-аад оны Их хямралаас авахуулаад, өнөөгийн АНУ-ын засаг захиргааны буруу бодлого санхүүгийн хямралыг хэрхэн даамжруулсан талаарх олон бодит жишээгээр харуулсан.

Төр хэдий чинээ цомхон байна, эдийн засаг тэр хэмжээгээр хөгжиж, төр хэдий чинээ данхайна, эдийн засаг тэр хэмжээгээр агшдаг. АНУ-ын эдийн засаг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болтлоо асар хурдтай, тогтвортой өсч байсан ХХ зууны эхэн үед улсын төсөв нь ДНБ-ий дөнгөж 3 хувьтай тэнцэж байжээ. Манай улс 2016 оны төсвөө батлахдаа зардлаа хасч танаад байгаа гэсэн хэр нь улсын төсвийн хэмжээ нийт эдийн засгийн 45 хувьтай тэнцэж, засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ээс хоёр дахин их болоод байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгоод 25 жил өнгөрсөн хэдий ч эдийн засагт зах зээлийн бус эдийн засгийн харилцааны олон элемент хадгалагдсаар байгаа. Эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбар бүхэлдээ шахуу улсын мэдэлд, нийтийн тээврийн үйлчилгээ төрийн зохицуулалттай, өдий төдий үр ашиггүй улсын үйлдвэрлэлийн газрууд ажилласаар байна. Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд, атрын гуравдугаар аян, уул уурхайн төслүүд дэх төрийн оролцоо, хавтгайрсан халамжийн бодлого гэх мэт төрөөс зах зээлийн эдийн засгийн зарчмын эсрэг бодлого цөөнгүй явууллаа. Иргэдийн дунд ч эдийн засгийг төр удирдаж, өөрсдийнх нь нийгмийн асуудлыг төр л шийдэх ёстой гэсэн хандлага газар авчээ.

Уг нь төрийн оролцоо аль болох бага, татварын хувь хэмжээ зохистой түвшинд байж, зах зээл өөрөөрөө ажиллаж, иргэд нь хийж бүтээх эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан цагт хөгжил дэвшил бидний гарт байгаа болохыг энэ номыг уншсан хэн бүхэн түвэггүй ойлгоно. УИХ-ын гишүүний тойрогтоо хийж байгаа “хөрөнгө оруулалт”, гадаад хэл мэддэггүй даргын “гадаадад туршлага судлах” зардал, даргын том автомашин, тэдгээрийн шатахуунд зарцуулдаг зардлыг хасч орхивол, манай улсаас юу ч унахгүй. Харин түүнд зарцуулж байгаа капиталыг хувийн хэвшилд үлдээвэл ажлын байрыг нэмэгдүүлэн, шинийг бүтээж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэн, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно.

Үндсэн хуулиндаа “өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаалан”, “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах”-аар заасан Монгол Улс эдийн засгийн тогтолцооны хувьд чөлөөт ардчилсан капитализмыг сонгосон билээ. Хөгжлийн чиг баримжаагаа болгон замнаж буй капитализмаа бүрэн танин мэдэж, ойлгож авъя гэвэл энэ номыг заавал уншаарай.

Бодит ертөнцийн эдийн засагт тавтай морилно уу.

Т.Баттулга
"Биднийг капитализм л аварна" номыг орчуулагч


 

ШИНЭ ХЭВЛЭЛД ЗОРИУЛСАН ӨМНӨХ ҮГ

Энэхүү ном нь хөгжин дэвжиж байгаа эдийн засгийн үндэс суурь бол чөлөөт хүмүүс, чөлөөт зах зээл болох тухай магадлагаа мэтгэлцээн, харилцан яриа хэлбэрээр бичигдсэн. Чөлөөт зах зээл үеийн үед эдийн засгийн хөгжлийн суурь байсаар ирсэн, цаашид ч тийм байх болно. Гэвч 2008 оны намар бид энэхүү номоо бичиж эхэлж байх үед чөлөөт зах зээлд эргэлзэх хандлага ихээхэн газар авч байлаа. Улс оронд маань санхүүгийн томоохон бэрхшээл нүүрлээд байлаа. Энэхүү санхүүгийн бэрхшээлээс үүдэн манай улсын чөлөөт зах зээл, ардчилсан капитализмын тогтолцоонд итгэл алдрах уур амьсгал нэмэгдсэн юм.

Номын удиртгал хэсэгт цөөнгүй хүнд эдийн засаг, тэр ч байтугай нийгмийн тогтолцоо юу юугүй сүйрэн унах нь гэж бодогдуулсан тэр үеийг тухай дүрсэлсэн. Нээлттэй зах зээлийн эдийн засгийг дэмждэг хэсэг нь хүртэл чөлөөт бизнест эргэлзэж эхэлсэн. “Та итгэ, бид шинэчлэе” гэсэн уриа дэвшүүлсэн шинэ удирдлага төрийн эрхэнд гарч ирсэн. Гэтэл тэрхүү “шинэчлэл” гэгч нь 400 жилийн турш Америкийн хөгжил цэцэглэлтийн бий болгосон эдийн засгийн эрх чөлөөнд итгэх итгэлийг үгүйсгэсэн агуулгатайгаар дэвшигдсэн нь харамсалтай.

Манай идеалист ерөнхийлөгч 2008 оны сонгуулийн амжилтандаа эрдэн, өөрийнх нь дүрсэлснээр 1980-аад оны “Рэйганы хувьсгал”-тай дүйцэхүйц өргөн хүрээтэй “шинэчлэл” эхлүүлсэн. Харамсалтай нь, “Рэйганы хувьсгал” бол татварын бууруулж, төрийн зохицуулалтыг бууруулах ажил байсан бол, манай шинэ ерөнхийлөгчийн “шинэчлэл” төрийг данхайлгах бодлого байлаа. Шинэ засаг захиргаа нэлээн суурь өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Тэдгээрийн заримаас дурдахад, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бараг тэр чигээр нь төрийн мэдэлд шилжүүлсэн, банк санхүүгийн системд дааж давахад ч амаргүй олон шинэ төрийн зохицуулалт, хүнд суртал нэвтрүүлсэн, үндэсний гурван том автомашин үйлдвэрлэгчийн хоёрыг нь нийгэмчилсэн. (Эдгээрийн хувьцаа нийтэд арилжигдлаа ч Вашингтоны нөлөө удаан хугацаагаар хадгалагдах нь дамжиггүй), интернэтэд орчинд хүртэл урьд өмнө төсөөлж байгаагүй төрийн хяналт тогтоож, холбооны засаг захиргааны зардлыг энхийн цагт хэзээ ч байгаагүй ихээр нэмэгдүүлсэн гэх мэт алхмуудыг хийлээ. Төр засгийн эдгээр “зоримог” алхмыг олон хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шагшин магтав. Хуучин бүхнийг халж, шинэ бүхнийг алга ташин угтъя гэнэ, капитализм эцэстээ “бүтэлгүйтлээ” гэнэ. Зарим нь бүх халуураад, манай нийгмийн бүх асуудлын гол шалтгаан нь хэт чөлөөт зах зээл гэж мэтгэлээ. Тэгэхээр манай нийгмийн асуудлыг шийдвэрлэх ганц арга зам нь Европ маягийн нийгмийн халамжийн улс байгуулах явдал болж таарлаа.

Тэр үед хэрэг явдал иймэрхүү байдлаар өрнөлөө.

2011 оны эхэн үеийн байдлаар, АНУ-ын ажилгүйдэл ер бусын их буюу хямралын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин өндөр байсан бөгөөд, энэхүү ажилгүйдлийн түвшин 1930-аад оноос хойших бүх хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн. Вашингтон (Холбооны засаг захиргаа) хоёр жилийн турш ажлын байр бий болгох нэрээр асар их мөнгө үрсэн хэдий ч бизнесийн байгууллагууд хүмүүсийг шинээр ажилд авахгүй байлаа. Холбооны нөөцийн сангийн дарга Бэн Бэрнанкэ хүртэл ажилгүйдлийн түвшинг хямралын өмнөх үеийнх шиг 5-6 хувьд хүргэхэд нэлээн хэдэн жилийн хугацаа шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрсөн. Банкны зээл олголт ч хэвийн хэмжээндээ хүртлээ сэргэсэнгүй. Шинэ засаг захиргааны хийсэн алхмуудаас хамгийн олны сэтгэлд нийцсэн ажил нь болох эрүүл мэндийн системийг “засах” хөтөлбөр нь эрүүл мэндийн даатгалын төлбөрийг их хэмжээгээр өсгөснөөс гадна засгийн газрыг өрний тулам болгож орхилоо.

Түүнээс гадна, хөрөнгийн зах зээл ч 2007 онд хямрал эхлэхээс өмнө байсан түвшиндээ ч хүрсэнгүй. Нөхцөл байдал тун ялимгүй дээрдсэн ч, хямралын өмнөх 30-аад жилийнх шиг гялалзсан өсөлт эргэж ирэх найдлага харагдахгүй байгаатай ихэнх хүмүүс санал нийлэх болов уу.

Зарим шинжээчид эдийн засгийн сэргэлт туйлын сул, удаан явагдаж байгаад гайхаж байгаагаа ил цагаан илэрхийлсэн. Гэвч энэ номын анхны хэвлэл гарахад аваад уншчихсан, эсвэл зах зээл гэж юу болохыг гадарладаг хүмүүс бол нөхцөл байдал чухам яагаад ингэж эргэсэнд нэг их гайхахгүй.

Эдийн засаг дахь төрийн оролцоо онцгой ихээр нэмэгдсэн өнгөрсөн хоёр жилийг (энэ ном 2009 онд гарсан) “сургамж авах он жилүүд” гэж хэлж болохоор. Энэ бүх төрийн оролцоо нэг ч сайн зүйл авчираагүй, харин дордсон нөхцөл байдалд улам нэрмээс болсон гэдэг нь гашуун боловч үнэн. Ер нь бол 1930-аад оны Их хямралын (Great Depression) үеэс өнөөгийн эдийн засгийн зогсонги байдал хүртэлх аливаа хямрал төрийн муу засаглалаас л үүдэлтэй.

Бид энэ номоороо төрийн оролцоо ажлын байр нэмэгдүүлдэггүй болохыг тайлбарласан. Шинэ шинэ зохицуулалт, нийгэмчлэх үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байгаа төрийн оролцоо эрүүлийг хамгаалахын, санхүүгийн тогтолцооны болон эдийн засгийн аливаа асуудлыг шийдвэрлэдэггүй. Төрийн оролцоогоор хөгжил дэвшлийг хурдасгаж, илүү их баялаг бүтээж байсан түүх байхгүй.

Төр бол хэв журам сахиулах үүрэгтэй бөгөөд тэр үүргээ л сайн гүйцэтгэх учиртай. Харин ажлын байрыг шинээр бий болгож, хөгжил дэвшлийг урагшуулж байдаг бүтээлч байдал, шинэ санаачилга төрд дутагддаг.

Төрийн бодлого гаргагчид хурц оюун ухаантай байж болно. Хамгийн сайн сургуульд сурч, өндөр боловсрол эзэмшсэн байж болно. Тэр ч байтугай ирээдүйг хардаг, таамагладаг мэргэч төлөгчийн чадвартай ч байг. Гэвч тэд ямар ч мэдлэг, чадвартай байгаад нээлттэй зах зээлийн орчинд чөлөөтэй сэтгэж байгаа сая сая хувь хүмүүсийн оюун ухаан, нарийн түвэгтэй нийгмийн асуудлыг дор бүрнээ шийдвэрлэх чадварыг даван гарах нь юу л бол.

Бүтээлч, эрсдэл үүрэх чадвартай сая сая ажил хэрэгч хүмүүсийн чөлөөт зах зээл л баялгийг бүтээж, түүнийгээ үржүүлэн, ажлын байр бий болгож, шинийг санаачлан, хөрөнгө оруулж, хүн төрөлхтний амьдралын түвшинг дээшлүүлэх чадвартай.

Тийм учраас бидний энэ номыг бичсэн хамгийн гол зорилго бол чөлөөт зах зээлийг үгүйсгэдэг аливаа буруу ойлголт, сөрөг “суртал ухуулгад” няцаалт өгч, чөлөөт зах зээлээ хамгаалах явдал. Бичигдсэн хэлбэрийн хувьд, хүн төрөлхтний түүхийн олон зуун жилийн хөгжлийн үндэс болж ирсэн чөлөөт зах зээлд эргэлзээтэй хандсан асуултууд, түүний талаарх хамгийн нийтлэг сөрөг үзэл баримтлалд хариулт өгөх байдлаар энгийн харилцан ярианы хэлбэрээр бичигдсэн...

Стив Форбэс
Элизабэт Эймз