Ээлжит бус чуулганы гацаа УИХ дахь нам, хүчнүүдийн улс төрийн байршлыг олон нийтэд дэлгэн харуулсан тун сонирхолтой үйл явдал боллоо. Цаашлаад, удахгүй болох сонгуулийн өрсөлдөөний балансыг ч ямар нэгэн байдлаар илэрхийлж байна. Харьцангуй тарж тарамдсан хэсэг бүлгүүдийн ашиг сонирхлын бүсчлэлүүд, тэдгээрийн огтлолцол болон дотоод задралын чиглэлүүд илэрхийлэгдэж болохуйц зураглал уг гацаанаас тодрон харагдав.

АН

Эрх баригч нам тамираа баржээ. Намын даргынхаа хувьд З.Энхболд ҮЗХ-гоо, УИХ-ын даргынхаа хувьд парламентаа хуралдуулж чадахгүй байдалд хүрснийг үйл явдал харууллаа. Долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй нь АН-ын сайных гэж учирласан нь чухамдаа сул талаа илтгэсэн үгс байв. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг тасралтгүй уруудаж, өнгөрсөн онд чүү чамай 2,0 гаруйхан хувийн өсөлттэй гарсанд эрх баригчдын бодлогын алдаа хангалттай нөлөөлсөн. Хэдийгээр гадаад хүчин зүйл бий ч нуруун дээрээ хүндрэлийн ихэнхийг үүрсэн иргэд эрх баригчдыг л цорын ганц буруутан гэж ойлгож байгаа.

Энэ сул талаа яахаа мэдэхгүй болсон АН арилжааны банкны зээлүүдийн хүүг төсвөөс санхүүжүүлэх замаар яаж ийгээд бууруулах аргыг сонгуулийн гол хөзрөө болгон барьж аваад байгаа. Эхлээд ипотекийн зээлийн хүүг 5.0 хувь болгож бууруулаад, нийслэлийн мандатыг олшруулж, суудал авах боломжоо нэмэгдүүлэх тактик зүтгүүлсэн боловч бүтээгүй болохоор малчдын зээлийн хүүг оролдож эхлэсэн. “Зээлийн хүүг бууруулсан” гэх мессэж сонгогчдод чихэр бурам шиг сонсогдох боловч санхүүгийн системдээ энэ захиргаадалтын “үнэ” муугаар нөлөөлнө гэдгийг хаа хаанаа сайн мэднэ. Гэвч өөр арга тэдэнд байсангүй.

Эдийн засаг олон улирал дараалан унаж, цаашид ч улам муудахаар байгаа нь эрх баригчдын цорын ганц сул тал биш. Хамгийн том нь л юм. Гүйцэтгэх засаглалаа одоо хэр бүрэн зохион байгуулж чадаагүй нь АН-ыг сонгогчдын өмнө мөн л муухай харагдуулна. Мэргэжлийн бус Засгийн газрыг улс төрийн зөвшилцлийн гэхээсээ илүүтэй наймааны маягаар бүрдүүлэх арга замыг баримталсан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн алдаа болсон. Анх МАН-ыг танхимдаа урихад эдийн засгийн хүндрэлийг даван туулах түүний чинхүү эрмэлзэл харагдаж байлаа. Гэвч тэр намынхаа бүлэг фракцын системийн өмнө яах аргагүй хүчин мөхөстөж, өвдөг сөхөрсөн.

АН-д тодорхой үзэл баримтлал байхгүй. Тиймээс ямар ч сайхан бодлого, хөтөлбөр дэвшүүлсэн сонгогчдод түй ч үнэмшигдэхгүй. Үндсэндээ үнэт зүйлгүй болчихсон хэсэг бусаг хүмүүсийн бөөгнөрөл л юм. 1990 оны нийгмийн өөрчлөлтийг гардан хийсэн гэх түүх, бахархлаас нь өөр юм үнэндээ үлдээгүй. Алсдаа энэ бахархал нь ч байхгүй болж мэднэ. Эрх барих хугацааны хагарал, бутралаар энэ бүхэн хангалттай нотлогдоно. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бүлэг хэсгүүдээ нэгтгэн зангидаж чадах хүчирхэг удирдлага АН-д анхнаасаа ч байгаагүй, цаашдаа ч төрөн гарна гэхэд эргэлзээтэй. Зүйрлэвэл, улс төрийн өрөг дээрх хөлгүй бэрс асар сул байршилд хамгаалалтгүй зогсож байна.

МАН

Сөрөг хүчин байж чаддаг, чаддаг ч юу байх вэ, сурчихсан нь МАН-ыг давуу байрлалд аваачаад байна. Эдийн засгийн өсөлт саарч, иргэдийн амьдрал хүнд хэцүү болох тусам улс төрийн хүрээний сөрөг байр суурь нийгмийн дэмжлэг авах нь илүү болдог. Товчхондоо, популизм дэвэрнэ гэсэн үг. Яг ийм хөрсөн дээр эрх баригч нам ҮХЦ-тэй шөргөөцөлдсөн нь МАН-ын хувьд зүгээр л олз болсон. Түүнээс биш тэдний гөжүүдлэл Үндсэн хуулиндаа ч юм уу, Ж.Амарсанаадаа байгаагүй. Үйл явдлаас АН оноо алдах нь ойлгомжтой байсан болохоор л ээлжит чуулганыг тасалсан хэрэг.

Ипотекийн зээлийн хүүг 5.0 хувь болгох тухай шийдвэрийг МАН-ын бүлэг дэмжихээс өөр аргагүй байлаа. Угаасаа нийслэлийн тойргууд дээр годройтоцгоодог энэ намынханд хотынхныг түлхчихгүй байх эрх ашиг байгаа. Инфляцийн түвшин санаанд оромгүйгээр буурсаныг далимдуулан орон сууцны зээлийн хүүг бүр 4.0 хувьд хүргэх боломж байгааг тооцоолж байх зуур АН-ынхан 5.0 гэсэн тоо гаргаж ирээд хүчлэн зүтгүүлсэн. Яах ийхийн зуургүй бүх суваг шуудуугаар промошндож, энэ тоог АН өөртөө салахын аргагүй нааж дөнгөсөн. Аливаад хашир, тооцоотой хөдлөдөг зан нь МАН-ыг энэ удаа хожигдуулсан ч “шийдвэрлэлцсэн” байх роль дээрээ “гол дүрээрээ” байхад тэдэнд алдах юм үгүй.

Хэдэн жилийн өмнөөс МАН-ынхан АН-аас ч илүүтэйгээр ардчиллын тухай ярьцгааж буй. Зөвлөлдөх ардчилал, мэтгэлцээний зарчмын тухай онолын ухагдахууныг дэвшүүлэн тавьж, намын дотоод ардчиллын тухай өөрсдийнх нь хувьд “шинэлэг” сэдвийг хөндөж эхэлсэн. Тэр бүү хэл 1990 оны цагаан морин жилийн хувьсгалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэх мессэжийг Ж.Батмөнх агсны тухай баримтат-уран сайхны киногоор дэвшүүлэн тавихаар эртнээс зэхээд байгаа. Энэ бол МАН-ын хөзрүүдийн ердөө нэг нь.

Хамгийн гол нь эдийн засгийн уналт, улсын өр, санхүүгийн сахилгагүйтэл, төсвийн тасалдлууд, бизнесийн агшилтаар МАН “түүз дарах” төлөвлөгөө боловсруулж суугаа. Хэрэв Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сонгууль хүртэл ажилласан бол ёстой л ам руугаа алгадуулах байсан нь гарцаагүй. Нөхцөл байдал өөрсдийнх нь төсөөлснөөс ч муу байгааг мэдмэгцээ харх шиг л зугтацгаасан. Цаг алдаагүй нь харин оносон гэж болно.

МАХН

Н.Энхбаяр аз туршсан нүүдлүүдийг “харанхуй” хийж байна. Жижиг моднуудаа сул өгсөөр бараг дуусгаж байгаа түүний ганцаарчилсан тоглолтууд өргийг ер бусын ээдрээтэй болгоод байгаа. Н.Алтанхуягтай байгуулж амжаагүй гэрээгээ эцсийн мөч хүртэл зүтгүүлсээр Шадар сайдын үүдэнд авчирсан боловч үндсэндээ Сизифийн хөдөлмөр адил талаар болж байна. Ч.Сайханбилэгийг огцрохоос аварсан шигээ тэр З.Энхболдод ээлжит бус чуулганаа хуралдуулахад тусалсан ч энэ бүх хичээл зүтгэл Ерөнхийлөгчийн араанаас түүнийг мулталж барсангүй.

Намуудаас хамгийн түрүүнд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нэгд нэгэнгүй дэлгэн тавьсан нь МАХН. Тавантолгойг бүхлээр нь зарж 60 их наяд доллар босгох, хөндлөн тэнхлэгийн төмөр замаар долоон хотыг холбож эдийн засгийг сэргээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэ төлбөргүй болгох гэх мэт амлалтуудаа аль ч намд алдахааргүй болтол тамгалж тавьсан нь Н.Энхбаярын зориудын нүүдэл болох нь ойлгомжтой. Хамгийн түрүүнд, хамгийн зориудаар, хар массын дэмжлэг авахуйцаар өрсөж дэлгэсэн энэ “мод” сонгуулийн кампани идэвхжих хэрээр түүний давуу тал болж мэдэх юм.

МАХН-ын дарга тоглолтынхоо тактикийг хуучин буурь руугаа буюу МАН руу эргүүлж байгаа мэт дүр зургийг олны өмнө дэглэн тавьж байна. Гэвч МАН-ын хувьд МАХН-тай “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэхээс хэтрэхгүй байх шалтгаан бий. Хэрэвзээ үүнээс илүүгээр эвсвэл МАН-д алдагдалтай. МАХН одоо хэр нь Засгийн газарт байгаа болохоор МАН-ын сөрөг хүчний байр суурийг саармагжуулж болзошгүй юм. Дээр нь МАХН-ын хормойд НН зүүгдээстэй. “Гудамжны тэмцэгчид” гэгдэх жижиг элементүүдтэй урвалд орох нь МАН-ын анхдагч, тулхтай, төлөвшсөн гэх мэт үнэт зүйлсийг хиртүүлж ч мэднэ. Тэгээд ч Н.Энхбаяр МАН-тай биш АН-тай хамтрах хувилбарт түлхүү ач холбогдол өгч, барьцаа улам ахиулж амжсан. Одоо З.Энхболд ч, Ч.Сайханбилэг ч түүнд өртэй. Н.Алтанхуяг ч яриа хөөрөөтэй.

Н.Энхбаяр гэх цор ганц тоглогчоор илрэх МАХН-ын улс төр дэх байршлыг “пролетарын” гэж үлгэрлэн нэрлэж болох юм. Алдлаа гэхэд гарз багатай, авбал харин их идэж мэдэх ац шалсан морь л гэсэн үг.

МҮАН

МАХН-тай адил МҮАН цорын ганц лидерт дулдуйдсан хүчин. УИХ-ын гишүүн Ч.Уянга Ерөнхий сайдыг огцруулах хэмжээнд хүртэл асар идэвхитэй тоглолт хийж байгаа хэдий ч МҮАН-М.Энхсайхан гэсэн хоршоо үгийн утга хэвээрээ л байна. Улс төрийн байр байдлын хувьд “идэвхгүй” гэсэн шошготой энэ нам харин АН-ын “гэрлэх санал”-д татгалзсан хариу өгч буй. “Шударга ёс” эвслийн намууд үндсэндээ мөр мөрөө хөөхөөр болсныг үйл явдлуудаас тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл, МҮАН-ын “түшиц газар” АН биш, МАХН бас биш. МАН бүр ч биш. Тэгэхээр чухам “хэн” байж таарах вэ?

Хэн ч үгүй байгаа хэрнээ М.Энхсайхан өнөөг болтол байршлаа тодорхойлж чадахгүй яваагаар МҮАН-ын сул тал илэрнэ. Ерөөс тэрээр гуйвамтгайгаараа нэгэнт танигдчихсан улстөрч. Одоо харин түүнд манлайллын энерци үлдээгүй. Цаашид МҮАН улс төрийн хүчин хэвээр оршино гэвэл гол тулгуур нь Б.Цогтгэрэл, Г.Уянга нар байх болно. Гэвч арга барилын хувьд тэд тэс өмнөө хүмүүс. Энэ нь зөрчилдөөн болж мэднэ. М.Энхсайханы хэмжээнд намынхандаа хүлээн зөвшөөрөгдөх ранк бас хэн хэнд нь үгүй.

Улс төрийн өрөг дээр хамгийн сул, бас хөлгүй байгаа хүүгээр МҮАН-ыг нэрлэхээс аргагүй. Хаанаас нь ч, хэн ч идчихэж мэдэх тийм сул. Зүг чиггүй төөрөлдмөл. Басхүү гарцгүй. Арга эвээ эрэлхийлцгээж байгаагийн дотор УИХ-ын гишүүн Г.Уянгын дэвшүүлж буй “гурав дахь хүчний эвсэл” хэмээх хувилбар хамгийн боломжийн дуулдаж буй. Гэвч зөвхөн тэдний хүсэл эрмэлзлээс хамаарахгүй энэ маневрт байгаагаас нь илүү их хичээл зүтгэл шаардагдана.

ХҮ нам

УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжин парламентад суудалтай болсон ХҮН ээлжит бус чуулганы эсрэг талд зогслоо. Үүнийг намын гэхээсээ илүү С.Ганбаатарын байр суурь гэж дүгнэх нь зөв болов уу. Чухамдаа энэ үед ХҮН-ын хувьд УИХ-ын үйл ажиллагаа ямар ч падлийгүй байлаа.

Ердөө эмхлэгдэхийнхээ эхэн дээр удирдлагын бүрэлдэхүүн төдийхөн асуудлаар зөрчилдөж, тамга тэмдэгний хэрүүл хийсэн нь ёстой гэнэн тэнэг, болчимгүй, мулгуу үйлдэл болсон гэвэл хилсдэхгүй. Цаг хугацааны хувьд ч асар буруу ситуаци. Ноднингоос хойш овоо институцилэг явж ирсэн зохион байгуулалтаа зад татаж, ямар ч утга учиргүй болгож хаясан энэ шал дэмий тэмцэлдээн нь тэдэнд гагцхүү хасах оноо л өгсөн.

Цоо шинэ хүчин болохын хувьд энэ намд үнэндээ улс төрийн тавцан дээр байршил байхгүй. Социалист маягийн зүүн хэтийн үзэл санаа илэрхийлдэг нь олон нийтэд эргэлзээ төрүүлдэг. Дээрээс нь “популист” гэгдээд, түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн С.Ганбаатарыг элсүүлж авсан үйл явдал ХҮН-ынхны цаад санааг хамаагүй амбицлаг харагдуулах болсон. Өөрсдөө харин намынхаа нэр хүндийн тухай огт өөр, төөрөлдмөл дүгнэлттэй байх шиг ажиглагддаг. Энэ удаагийн сонгуулиар АН, МАН хоёр арчигдана гэсэн тооцоон дээр цугласан ХҮН-ынхны байршил сонгуулиар ч төдийлөн өөрчлөгдөхгүй.

2016.02.20
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл, №300