Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмартай ярилцлаа. Гэхдээ түүнтэй хашиж байгаа ажил, албан тушаалынх нь хувьд бус, үндэсний аюулгүй байдлын талаар 20 гаруй жил дагнан ажилласан судлаачийн нь хувьд ярилцав.  Монголын өмнөд бүс нутгийн байгалийн баялгийн олборлолт, тээвэрлэлт, хөрөнгө оруулагчдыг сонголт манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаар түүний байр суурийг сонирхлоо.

-Оюутолгойн төсөлд манай хоёр хөрш бус, гуравдагч орны хөрөнгө оруулагч орж ирсэн нь хэр зөв сонголт вэ?

-Өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангахад улстөр-цэргийн аюулгүй байдал гэхээсээ төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн бодлого илүү чухал болсон. Иргэдийн эв нэгдэл, элбэг хангалуун, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь улам бүр чухал болж байна.

Жижиг орны эдийн засаг бүхэлдээ, голлох  салбарууд нь аль нэгэн их гүрэн, улс төр-цэргийн эвсэл холбоо, эсвэл үндэстэн дамжсан том корпорацуудаас хараат байх нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлөх хүчин зүйл болдог. Том гүрний ивээл нэг талаасаа аюулгүй байдлын баталгаа мэт ч, үндэсний  эдийн засгийг аюулгүй байдал талаас нь хэврэгшүүлдэг. Үүнийг бид дайраад өнгөрсөн. Улсын эдийн засаг бүхэлдээ нэг улсаас хамаарч ирсэн түүх бий. Ийм учраас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдал, түүнд нөлөөлж болох гадаад дотоод сөрөг хүчин зүйлсийг тусгайлан тодорхойлсон. Энэ нь юуны өмнө хоёр их хөршид хамаатайг хэн ч ойлгож байгаа. Иймд төр, засгаас олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд  хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээс  гадна өндөр хөгжилтэй гуравдагч орнуудтай идэвхтэй хамтран ажиллахад  байнга анхаардаг. Оюутолгойн төслийг ийм байдлаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгааг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд бий болгох эхлэлийг тавьсан шинэ алхам боллоо.

-Сая бол гуравдахь хөршид олзуурхахаас илүү Хятадын хөрөнгө оруулагчийг Оюутолгойд оруулж ирэхгүй гэдэг хандлага нийгэмд  их байх шиг санагдсан?

-Монголчуудын сэтгэхүйд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн өмнөд хөршөөсөө болгоомжлох сэтгэлгээ хадгалагдсаар байгаа нь гэрээний төслийг хэлэлцэж байх үед айхтар мэдрэгдсэн нь үнэн. Өмнөд бүсийн  нутагт Хятадын хөрөнгө оруулагчид голлохоос болгоомжилсон уур амьсгал олны дунд их байсан. Ийм үед Оюутолгойн  гэрээг гуравдагч хөрштэй байгуулсан нь нийгмийн болгоомжлол, бухимдлыг тодорхой хэмжээгээр зөөлрүүлсэн, Монголын төр үндэсний аюулгүй байдалдаа сөргөөр нөлөөлж болзошгүй асуудалд нухацтай ханддаг болсоныг мэдрүүлсэн, иргэдийн итгэлийг нэмэгдүүлсэн явдал болсон байх.  

-Манай улс хоёр хөршөөсөө олон салбарт эдийн засгийн хувьд хараат. Оюутолгойн төсөлд шууд утгаараа оролцох боломжгүй болсныхоо төлөө хоёр хөршийн зүгээс эсэргүүцэл, дургүйцлээ  ямар нэгэн байдлаар илэрхийлэх болов уу?

-Манай төр, засгийн энэ шийдвэр тэдэнд тодорхой хэмжээгээр таалагдахгүй байж болох юм. Энэ нь улстөр, эдийн засгийн салбарт ямар нэгэн хэлбэрээр илрэхийг үгүйсгэхгүй. ОХУ-ын зарим хэвлэлээс ийм байдал мэдрэгдэж эхэлж байна. Гэхдээ даяаршиж буй дэлхий ертөнцөд, эдийн засгийн хүчтэй өрсөлдөөний өнөө үед  энэ нь улс хоорондын харилцаанд байдаг л зүйл. Ер нь манайх шиг жижиг орон бүх зүйлээрээ том гүрнүүдийн ашиг сонирхолд нийцсэн, тал зассан бодлого явуулах албагүй. Бололцоо ч байхгүй. Хаа нэгэн газраа алдана, өөр газраа ононо. Бид алтан дунджаа л барина. Хөгжлийн бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид гарч болох сөрөг хандлага, түүнийг давах арга замаа мэдээж тооцоолсон л байх.  

Тэгээд ч Монгол бол бүрэн эрхэт тусгаар тогтносон улс. Төрийн бодлогоо аль нэгэн их гүрнээс хамааралгүй явуулахыг эрмэлзэх ёстой. Тийм ч байгаа.  Олон улсад ч ингэж ойлгогдож хүлээн зөвшөөрөгдсөн. Хоёр хөрш ч үүнийг ойлгодог, хүндэтгэдэг. Тэд манай оронтой маш сайн, олон талт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа. Иймд учраас илэрхий эсэргүүцэл, шахалт гарахгүй байлгүй дээ. Олон улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээний хүрээнд бол тийм боломж бүр ч  байхгүй.

-Сөрөг хандлагыг зөөлрүүлэх, жишээ нь ямар арга байж болох вэ?

-Ер нь Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээнд гарын үсэг зурснаар уул уурхайн салбараа бүхэлд нь Канад, Австралийн компаниудад өгчихөж байгаа юм биш шүү дээ. Энэ бүс нутагт Тавантолгойгоос эхлээд өөр том орд газрууд бий. Эдгээр төслийг дагалдах асар том бүтээн байгуулалт өрнөж маш олон дэд төслүүд хэрэгжүүлнэ.  Жишээ нь,  энэ бүгдэд гадаадын бусад хөрөнгө оруулагчдыг, түүний дотор хоёр хөршөө оролцуулахад анхаарах хэрэгтэй байх. Ингэснээр эдийн засгийн болон аюулгүй байдлын тэнцвэр хангагдах бололцоо нэмэгдэнэ.

-Хятад иргэд бол дэлхийн аль ч улсад хямд ажиллах хүчинд тооцогддог. Гэтэл бидний баярлан угтаж авсан гуравдахь хөршийн хөрөнгө оруулагчид эдийн засгийн үр ашгаа бодоод Оюутолгойд баахан хятад ажилчид оруулаад ирэх юм биш биз дээ?

-Үгүйсгэхгүй. Эцсийн дүндээ ашиг л олох гэж байгаа том компаниуд хямд ажиллах хүчийг илүүд үзэх байх. Манай улсын үндэсний эрх ашгаас өөрсдийнхөө олох эдийн засгийн ашгийг илүүд үзэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм байдалд хүргэхгүй байх нь биднээс их шалтгаална.  Аль нэг орны байнгын оршин суугчид болон ажиллах хүчний тоог тодорхой хэмжээнд хязгаарлах төрийн бодлого, хууль тогтоомж манайд бий. Мөн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед нийт ажилчдын 90-ээс доошгүй хувь нь монголчууд байх ёстой. Бид өөрийнхөө хууль, дүрмийг ягштал биелүүлээд, гэрээнийхээ заалтуудыг дагаж мөрдөхийг хатуу шаардаад явах юм бол болох л ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд ч хөндлөнгөөс хатуу хяналт тавих хэрэгтэй байх.

-Оюутолгойг алдсан болохоор Тавантолгойд орж ирэх хоёр хөршийн сонирхол улам нэмэгдэх болов уу?         

Тавантолгой бол Оюутолгойгоос дутахгүй том орд газар. Засгийн газар эхний шалгаруулалтаа зарласан. Миний ойлгосноор Монголын тал 51 хувийг эзэмшиж, үлдсэн 49 хувь дээр гадаадын хөрөнгө оруулагчид өрсөлдөж байгаа. Энэ 49 хувийг эзэмших шалгаруулалтад нэг улс дангаараа ялалт байгуулах, эсвэл хэд хэдэн орны компаниуд хувааж эзэмших бололцоотой юм билээ. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа энэ их зөв бодлого. Ер нь Тавантолгойн орд газрыг ашиглахад зориулсан дэд бүтцийг хөгжүүлэхэд хоёр хөршийн оролцоо ахиухан бөгөөд тэнцвэртэй байвал зүгээр байх.

-Ялангуяа, тээвэрлэлтэд…?

-Тийм, энэ чиглэлд хөрөнгө оруулахыг бодитой сонирхож байгаа, тэгээд ч газар зүйн байрлал, уламжлал, хамтын ажиллагааны туршлага, зардал мөнгөний хэмнэлттэй талаасаа энд хоёр хөршөөс маань өөр гадаадын хүчтэй өрсөлдөгч гарч ирэхгүй болов уу. Одоо байгаа төмөр замын 50 хувь нь оросуудын мэдлийнх. Эрчим хүчний үйлдвэрлэлийг Хятадад цахилгаан нийлүүлэх том зорилготойгоо давхар шийдвэрлэхийн тулд энэ оронтой хамтран ажиллахаас өөр аргагүй.

Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглах эрхийг авах нэг хэрэг. Эдгээр ордод ашиглах эрчим хүч, олборлосон бүтээгдэхүүний  тээвэрлэлтийн сүлжээнд аль нэг орон, эсвэл үндэстэн дамнасан ямар нэг том корпораци давуу байдлаа тогтоовол эцсийн дүндээ энэ хоёр ордын бүтээгдхүүн үйлдвэрлэх хэмжээ, тээврийн болон эрчим хүчний зардалд өөрийн нөлөөгөө бий болгоно гэсэн үг. Эрчим хүчний үнэ, олборлосон бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тарифыг хянах, өөрийнхөө дуртай чиглэлээр тойруулж тээвэрлэх гээд маш олон давуу байдал  үүсгэж болно. Энэ нь эргээд эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болж хувирна. Үүнийг бид үндэснийхээ хөрөнгө оруулагчдыг түлхүү оруулах, хоёр хөршийнхөө оролцоог тодорхой хэмжээгээр тэнцвэржүүлэх замаар л шийдвэрлэж чадах байх.

-Энэ тал дээр Оросууд нэлээд идэвхитэй ажиллаж байх шиг ?

-Оросууд өнгөрсөн жилээс хойш энэ талаар их идэвхтэй ажиллаж байгаа нь үнэн. Тодорхой санал ч хэлж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хамгийн хүчтэй аргыг хэрэглэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путинийг хүртэл Монголд ирүүлж Монгол Улсын төр, засгийн удирдлагуудтай уулзуулах замаар энэ асуудлыг хэлэлцүүлж Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, шинээр салаа зам барих ажил эрхлэх аж ахуйн хамтарсан нэгж байгуулах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Эцэст нь өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгч Дмитрий Медведевийг Халхын голын ялалтын баяр гэж далимдуулан Монголд ирүүлж саналуудаа үндсэндээ тулгах байдлаар  тавьсан гэж дүгнэж болохоор байгаа.

-Тухайлбал, тээврийн талаар ямар санал тавьсан гэж?

-Хоёр санал хэлж байгаа. Нэгд,Тавантолгойн орд газраас Зүүнбаянгаар дамжуулан Сайншанд хүргэж Улаанбаатар төмөр замтай холбох шинэ шугам барих. Гол зорилго нь Тавантолгойн нүүрсийг Улаанбаатар төмөр замаар дамжуулан Хятадын чиглэлд тээвэрлэх болон Транссибирийн замыг ашиглан ОХУ-ын Алс дорнодын боомтууд болон Солонгосын хойгт хүргэх явдал юм. Тэндээс далайн тээвэр ашиглан дэлхийн аль ч оронд түүний дотор Япон, Зүүн Азийн бусад оронд гаргаж болно. Үүнээс гадна Транссибирийн төмөр замыг ашиглан Европын орнуудад нүүрс тээвэрлэх бололцоо нээгдэнэ.

Хоёрт, Улаанбаатар төмөр замаас салаалан Бор-Өндөр-Чойбалсангаар дамжуулан Транссибирийн төмөр замтай холбогдох  шинэ шугам тавъя гэж байгаа. Энэ чиглэлийн зорилго нь эцсийн дүндээ дээрхтэй адил. Гэхдээ цаанаа Монголын дорнод бүс нутгийн байгалийн баялаг, түүний дотор ураны олборлолттой холбоотой болохыг төвөггүй ойлгож болно.

 -Энэ хоёр чиглэлд зөвхөн эдийн засгийн сонирхол байна уу, эсвэл өөр хүчин зүйлийг харгалзаж байна уу?

 -Эдийн засгийн ашиг сонирхол чухал нь мэдээж. Энэ хоёр маршрутын алинаар ч Монголын гол орд газруудаас Зүүн Ази, Европ, Хятад руу гарах бололцоотой. Ингэхдээ ОХУ 50 хувийг нь эзэмшдэг, тодорхой хэмжээгээр хяналтдаа байлгадаг Улаанбаатар төмөр замаар явж байж зах зээлдээ хүрнэ гэсэн үг.  

 Нөгөө талаас Тавантолгойн орд газраас зөөвөрлөх нүүрсийг Хятад руу гаргах урсгалыг өөрийн хяналтад байлгах, Монголын эдийн засагт, тэр дундаа төмөр замын тээвэрлэлтийн салбарт Хятадын нөлөөллийг хязгаарлах стратегийн ашиг сонирхол бас байж болох юм.

-Эдийн засгийн хувьд сөрөг тал байна уу,  энэ хоёр маршрутад?

-Эдийн засгийн талдаа зардал өндөртэй болох байх. Дээр нь энэ чиглэлийн төмөр замын нэвтрүүлэх чадвар тааруухан. Сайншандаас цааш цөөхөн зөрлөгтэй,  ганц л замтай. Ачааллаа даахгүй, эргэлт удаан. Өргөн цариг ашиглах учраас  Эрээн дээр дугуй сольж хугацаа алдана. Гэхдээ энэ бол ор үгүйсгэж болохгүй хувилбар. Орос Монгол хоёр хамтарч байгаад төмөр замдаа дорвитой хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсээд байгаа. Тээврийн салбарт монополь байдлаа хэвээр хадгалах оросуудын стратегийн ашиг сонирхлын нэг хувилбар яах аргагүй мөн. Үүнийг нь далимдуулаад хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдүүлж чадвал манай талд бас ашигтай байж болох юм..  

-Нүүрсний гол зах зээл нь Хятад. Гэтэл Тавантолгойн нүүрсийг Оросын нутгаар тойрч  тээвэрлээд өөрийнх нь зах зээлд оруулахад хятадууд бас тийм таатай хандахгүй байх, тийм үү?

-Тавантолгойн хөрөнгө оруулагчийн шалгаруулалт дуусаагүй болохоор яг одоо тэгнэ ингэнэ гэж хэлэхэд эрт байна. Энэ орд газрын 49 хувийг эзэмших үндсэн хөрөнгө оруулагчаар ямар компани тодрохоос их зүйл хамаарна. Шалгарсан хөрөнгө оруулагч нь эдийн засгийн үр ашгаа харж Монголын талтай хамтраад маршрутаа сонгох байх.

-Монголын Засгийн газар өмнөд бүс нутгийн стратегийн ач холбогдолтой орд газруудаас шууд урагшаа Хятад руу гарах хоёр чиглэлд төмөр зам тавих зөвшөөрөл өгсөн. Энэ нь төмөр замын тээвэр дэх Монгол Улсын бие даасан бодлого мөн үү?

-Засгийн газар зарчмын хувьд зөвшөөрсөн юм билээ. Үүнийг төмөр замын салбарт Оросоос хэт хамааралтай өнөөгийн байдлаасаа гарах нэг арга зам гэж ойлгож болох талтай. Өмнөд бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүнээ шууд урагшаа тээвэрлээч гэсэн  хятадуудын саналыг ч энд тооцсон байх.  Үүний зэрэгцээ Засгийн газар эдгээр орд газрыг Улаанбаатар төмөр замаар дамжуулан Транссибирийн замтай холбох оросуудын саналыг ч бас хүлээж авсан. Эндээс харахад Засгийн газарт  эдийн засгийн чухал салбарт мөн л  аль нэг орноос хараат бус байх бодлого барьж байгаа нь тодорхой байна. Хэр зэрэг үр дүнтэй байгаа тухайд бол Оросын талд энэ тохиролцоогоо хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний үүсвэр бараг байхгүй талдаа юм билээ. Одоогоор Улаанбаатар төмөр зам хамтарсан аж ахуйн нэгжийн дүрмийн санг 250 сая доллараа нэмэгдүүлэх, ингэхдээ Монголын талаас гаргах 125 сая долларыг нь удаан хугацааны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр оросууд гаргахаар ярилцаж байгаа бололтой. Гэтэл дээр дурдсан том төслийг хэрэгжүүлэхэд миллиардаар яригдах долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байх.

Харин урагшаа шууд гарах хоёр маршрутын тухайд бол Монгол Улс ХБНГУ хоёр уул уурхайн, үүний дотор нүүсний салбарт хамтран ажиллах, асуудлыг нухацтай хэлэлцэж эхэлсэн, тодорхой үр дүнд ч хүрч байгаа. Засгийн газраас үндэсний хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” компанид ХБНГУ-ын  “Deutsche Bahn International” корпорацтай хамтран ажиллах, үүний дотор Тавантолгойн ойролцоох Ухаа худагаас Гашуун сухайтын чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих эрх олгосон. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас зээл авахаар болж буй гэж сонссон. Энэ ажлыг би эрчимтэй явж  байгаа гэж ойлгосон. Ер нь Таван толгойн нүүрсийг урагшаа ч, зүүн тийшээ ч төмөр замаар тээвэрлэхэд хангалттай нөөцтэйгээс гадна эдийн засгийг хурдасгахад чухал ач холбогдолтой.

-Шууд урагшаа гарсан энэ хоёр маршрут төмөр зам дахь Оросын нөлөөллийг багасгахаас гадна өөр ямар давуу талтай вэ?

-Хятадууд нутгийн гүнд байгаа үйлдвэрлэлийн чухал төвүүдээ манай улстай холбох зорилго бүхий төмөр замын шугамуудыг цаанаас нь байгуулж байгаа. Монголын компанийн байгуулах Тавантолгой-Гашуун сухайтын зэрэгцээ Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг угтуулан холбох төмөр замыг Хятадын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулах санал тавьсан. Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнийг ингэж шууд Хятад руу гаргах нь цаг хугацаа хожино, гуравдагч орны оролцоогүйгээр зах зээлдээ түргэн хүргэнэ, шилжүүлэн ачилт хийж илүү зардал гаргахгүй, богино зайд эргэлт хурдантай тээвэрлэлт хийнэ гээд хэд хэдэн давуу талтай. Ялгаагүй Хятадын боомтуудаар дамжин далайгаар гуравдагч орнуудын зах зээлд хүрэх бололцоо нээгдэнэ. Ингээд бодохоор эдийн засгийн талаасаа ихээхэн ашигтай байж болох байх. Хэрэв ажил хэрэг болж үр дүнд хүрвэл эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого талаасаа  багагүй ач холбогдолтой байх болов уу.

-Шууд урагшаа гарсан энэ хоёр маршрутад Оросууд яаж хандах бол?

-Оросын зарим хэвлэлээс харахад дургүйцлээ  илэрхийлсэн байна билээ. Мэдээж таалагдахгүй талдаа байх.  Төмөр замаар тээвэрлэх ачааны урсгалын тодорхой хэсэг оросуудын хяналтаас гарна гэсэн үг шүү дээ. Тэр хэмжээгээр ашиг орлого нь багасна. Стратегийн ач холбогдол бүхий салбарт нөлөөлөл нь буурна. Гэхдээ Монгол Улс өөрийнхөө үндэсний эрх ашгийг харгалзсан, зах зээлийн шаардлагад нийцүүлсэн бодлого  явуулж байгаа болохоос бусдад дарамт шахалт үзүүлсэн, боож хяхсан үйл ажиллагаа хийгээгүй гэдгийг оросууд ойлгож байгаа байлгүй дээ.

-Транссибирийн төмөр замаар дамжуулан Хятадад хүргэх, урагшаа шууд Хятад руу  гаргах гэсэн хоёр гарц хоёулаа зэрэг байж болох уу?

-Байж болно. Ер нь байх нь ч зөв юм. Энэ нь Хятад, Оросын аль нэгэнд хэтэрхий давуу эрх олгохгүй, тэнцвэртэй байх төрийн бодлогын хүрээнд ч ач холбогдолтой юм. Монголчууд бид 50 хувийг нь эзэмшдэг одоогийн  төмөр замаа шинэчлэж эдийн засгийн үр ашигтай ашиглах хэрэгтэй.  Төмөр зам одоо хямралын байдалд алдагдалтай ажиллаж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Ганц нүүрс биш, Хятадаас Зүүн Европыг чиглэсэн  ачаа барааг дамжуулан өнгөрүүлэх гол шугам болгож хувиргах хэрэгтэй.

-Хэрвээ энэ хоёр гарц хоёулаа байвал зах зээлийнхээ хуулиар, хямд зардалтай, зах зээлдээ ойрхон шууд урагшаа гарах чиглэлийг нь л сонгоод, хойд чиглэл ачааны урсгалгүй болж мэднэ шүү дээ, яваандаа?

-Тийм магадлал бий. Ер нь манайхаас Орос руу төмөр замаар гаргаад байгаа юм байхгүй. Өнгөрсөн онд Орос Монголын худалдаа эргэлт 1.2 миллард ам.долларт хүрч өссөн.  Гэхдээ үүний нэг миллард нь Оросын экспорт, нэг талын урсгал гэсэн үг. Үнэндээ Хятад-Оросын ачааг л дамжуулан тээврлэж бага сага орлого бүрдүүлж байгаа юм билээ. Манай төмөр замын чадавхи, даац  энэ л дээ. Тээвэрлэлтийн ийм хэмжээний үүднээс харах юм бол одоогийн төмөр замд хөрөнгө оруулалт хийгээд эргэж нөхөж авч чадахгүй. Оросууд ч үүнийг маш сайн ойлгож байгаа. Хэрэв Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй, тэгээд Улаанбаатар төмөр замаар Хятад болон Зүүн Азийн бусад орноос Европ руу дамжуулан өнгөрүүлэх тэээвэрлэлт нэмэгдэх төлөвгүй байвал хөрөнгө оруулалт хийх нь юу л бол. Ийм ч учраас оросууд хамтарсан компани байгуулж Монголын төмөр замыг шинэчлэх асуудлыг Тавантолгойн хувийг эзэмших асуудалтай нягт холбон тавьж байгаа, эндээс олсон ашгаараа зардлаа нөхөх төлөвлөгөөтэй болох нь тодорхой ойлгогдож байгаа юм. Ийм учраас олон асуудал Тавантолгойн үндсэн хамтрагчаар хэн тодрохоос шалтгаалах байх.

-Улаанбаатар төмөр замыг одоо байгаа уламжлалт хэлбэрээр нь ашиглаад явах боломжгүй юү?

-Тийм ирээдүй бас бий. Хятад руу шууд урагшаа тавих төмөр зам үндсэндээ зөвхөн өмнөд бүс нутгийн байгалийн баялгийг л тээвэрлэх зориулалттай учраас энэ хоёр чиглэлд учиргүй өрсөлдөөн үүсгэхгүйгээр асуудлыг зохицуулж болно шүү дээ.   

Оросуудын Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх бололцоо багаслаа ч гэсэн Ази-Европыг холбосон Улаанбаатар төмөр замын стратегийн ач холбогдол буурахгүй. Олон орны судлаачдын үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд Зүүн Азийн орнуудын Америктай хийх худалдаа тодорхой хэмжээгээр багасч, Европтой хийх худалдаа нэмэгдэж байгаа. Ийм нөхцөлд Улаанбаатар төмөр замыг Хятадаас Европ руу хийдэг чингэлгийн болон бусад төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлж гол урсгал болгох сонирхол Орос, Монголын аль алинд бий. Нөгөө талаас Дорнодын төмөр замыг бариулах, ашиглах хэрэгтэй.  Дорнод бүс нутагт уран болон бусад баялаг байна. Хэрэв Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн хүдрийн тээвэрлэлтэд хятадуудтай хамтарч байгаа бол ураны болон бусад салбарын бүтээгдхүүний тээвэрлэлтэд  оросуудтай  түлхүү хамтарч болно шүү дээ.

Нэг ёсондоо Монгол Улсын уян хатан, олон тулгуурт гадаад бодлого гэдэг маань уян хатан, олон тулгуурт эдийн засгийн гадаад харилцааг дотроо агуулах ёстой байх. Тэгээд ч Монголоос тээвэрлэх уул уурхайн болон бусад бүтээгдэхүүн ойрын ирээдүйд улам бүр нэмэгдэж, газар нутгийн хувьд хаа сайгүй л болох байх. Энд анхаарах нэг зүйл бол ураны орд газруудыг ашиглахдаа мөн л дан ганц Орос биш Хятад болон гуравдагч бусад оронтой хамтран ажиллах замаар ашиг сонирхлыг нь тэнцүүлэх бодлого барих нь зөв болов уу.

-Зарим хүн өмнөд бүсийн нутгаас улсын хилийг олон сэтлэж  төмөр зам, авто зам  тавих нь аюулгүй байдлын ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй гэж тайлбарладаг. Тийм хандлага байж болох уу?

-Бодлогын том асуудлыг шийдвэрлэхдээ эдийн засгийн ашиг орлого, аюулгүй байдлын хүчин зүйл хоёрыг давхар тооцох учиртай. Аливаа орон улсын хил орчмын бүс нутагтаа дэд бүтцийг хөгжүүлэхдээ улс орныхоо аюулгүй байдлын ашиг сонирхолтой заавал уялдуулдаг. Энэ утгаараа Хятадтай хил залгаа бүс нутагт тэдний нөлөө давамгайлах болж оросуудын нөлөө багасах уу гэж асуух нь зүй ёсны хэрэг юм. Гэхдээ бид өнөөдөр  ямар ертөнцөд амьдарч байна вэ,  Монгол Улсын өмнө ямар асуудал илүү чухлаар  тулгарч байна вэ гэдгээ бас сайн бодох учиртай.  Өнөөдөр бид энхтайвны хүрээлэлд оршиж байгаа.  Хоёр хөрштэйгөө  ямар ч маргаантай асуудал байхгүй. Тэдний зүгээс манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж болох ямар ч оролдлого хийхгүй байгаа. Ингэх шалтгаан ч байхгүй. Маргаантай байсан бүх асуудал хамгийн дээд төвшинд шийдвэрлэгдэж олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажсан.

Ийм учраас бид улс орныхоо аюулгүй байдлын асуудлыг хуучин капитализм, социализм, ЗХУ, БНХАУ хоёр тэрсэлдэж байсан үеийнхээс огт өөрөөр сэтгэж, харах ёстой. Хятад, Монгол хоёр өнөөдөр социализмын үеийнх шиг бие биеийнхээ эсрэг цэрэг, зэвсэг хангинуулсан дайснууд биш. БНХАУ бүх оронтой найрамдалт харилцаатай байж хөрш орнуудтайгаа хамтарч хөгжинө, аль нэг улсын эсрэг цэргийн хүчээр заналхийлэхгүй  гэдгээ төрийн бодлогын түвшинд албан ёсоор зарласан орон. Манай хоёр улс иргэд нь чөлөөтэй зорчиж, орж гарч байдаг найрамдлын хилтэй. Ийм нөхцөлд өмнөд бүс нутагт улсын хилийг дайран өнгөрөх төмөр зам, авто зам байгуулах нь аюулгүй байдалд халгаатай гэдэг болгоомжлол огт үндэслэлгүй асуудал юм. Ер нь улс орны аюулгүй байдлыг хангах өөр үр дүнтэй олон арга байдаг.  

Нөгөө талаас, 20-30 жилийн дараа байдал ямар болохыг хэлэхэд хэцүү байна. Өнөөдрийн хувьд бий болсон энэ тааламжтай нөхцөл байдлыг маш ухаалаг ашиглаж хөрш орнууд болон гуравдагч түнш нартайгаа хамтран эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж үндэсний аюулгүй байдлын баталгаагаа материаллаг гэж хэлж болох үндэс суурьтай болгож амжих хэрэгтэй байна. Эдийн засгаа хөгжүүлж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид бүрэн эрхэт гишүүнээр орж байж манай орны эдийн засгийн аюулгүй байдлын олон улсын баталгаа бий болно. Эдийн засгийн аюулгүй байдал хангагдсанаар улс орны үндэсний аюулгүй байдал баталгаажна. Асуудлыг ингэж л харах нь зүйтэй болов уу.

-Ер нь том төслүүдэд хувийн хэвшлийнхэн оролцох нь аюулгүй байдал талаасаа хэр зөв байдаг вэ. Тэдний  “тоглолт” төрийн бодлогтой уялдахгүй тал бий юү?

Стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэлийн салбарт хувийн хэвшил, төрийн өмчийн тэнцвэрийг олох нь аюулгүй байдлын бодлогын нэг чухал асуудал байдаг. Зарим чухал салбарт төр өөрийн монополь тогтоож байж энэ асуудлыг шийдвэрлэдэг нь олон улсын практик. Ялангуяа агаарын болон төмөр замын тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл гэх мэт дэд бүтцийн тодорхой салбаруудад. Гэхдээ манайх шиг мөнгө хөрөнгөний бололцоо хязгаарлагдмал, төрөөс мөнгө босгох чадавхи төдийлөн бүрдэж амжаагүй байгаа улс орон үндэснийхээ хөрөнгө оруулагчдыг аль болох олноор стратегийн ач холбогдолтой салбаруудад оруулах нь туйлын чухал. Үндэсний хөрөнгө оруулагч нь цаана гаднын ямар компанитай хамтарч яаж, мөнгө босгох нь тусдаа асуудал. Бохир мөнгө л биш бол төрд нэг их хамаагүй. Ийм учраас дэлхийд нэр хүндтэй компаниудтай ил тодоор хэлэлцэн тохиролцож цэвэр хөрөнгө оруулалт татаж чадаж байвал төрөөс дэмжих нь зүйтэй.  

Япон, Өмнөд Солонгос гээд олон оронд үндэсний том корпорациуд бий болж эдийн засгаа хөгжүүлэх гол том хөдөлгүүр болон олон мянган ажлын байр бий болгож  үр өгөөжийг нь улс даяараа хүртдэг жишээ байгаа шүү дээ. Үүнийг төр засаг бодлогоор дэмжих ёстой. Ер нь хөрөнгө мөнгөний үр ашигтай, аюулгүй байдлын хувьд гарч болох бүх сөрөг үр дагаварыг тооцсон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хэнтэй хамтрах, сонирхогч талуудын эрх ашгийг тэнцвэржүүлэх гэх мэтийн зэрэгцээ бид өөрсдөө сайн засаглалтай байх нь хамгийн чухал. Энэ талаас нь тунгаавал бодох, шийдвэрлэх зүйл бидэнд их бий.

Танд их баярлалаа.