Засгийн газрын тэргүүн  Н.Алтанхуяг сэтгүүлчдийг суулгаж байгаад илтгэдэг ээлжит уулзалтаа хийлээ. Болж бүтэж байгаа сайн сайхан мэдээ бараг байхгүйн хажуугаар гайхшрал төрүүлсэн өдий төдий дэл сул зүйлсийг хамаж “буу халсан” энэхүү уулзалт бүхэлдээ улс төр бизнесийн хүрээнийхнийг бие бие рүүгээ нүдээ томруулан харцгаахад хүргэв.  Тэр өөрөө асар хурдтай, мөн хэт их гэх ангилалд оруулмаар гавшгай хүн тул аппаратад нь гүйцэж  бэлтгэл хангах бололцоо олддоггүй ч байж мэдэх юм. Ерөнхий сайд болсноосоо хойш түүний хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уулзалтууд хэлбэрийн хувьд ч агуулгын хувьд ч цэгцгүй, өөрөөр хэлбэл стандарт биш ажлууд болчихоод байгаа нь үүний нэг илрэл юм. Магадгүй түүнд зөвлөхүүд нь энэ тухайд ам нээж хэлэхгүй байх шиг байна. Уг нь энэ талаар мэргэшсэн хүмүүс эргэн тойронд нь цөөн боловч бий. Жишээлбэл, Ч.Сайханбилэг бол энэ талаар хамгийн зөв хэв маяг тогтоосон улстөрч. Гэвч туршлагаасаа Ерөнхий сайдтайгаа хуваалцахгүй байгаа бололтой. Ямар сайндаа манай нутгийн нэг хөгшин зурагтынхаа урд сууж байснаа Ерөнхий сайдыг гараад ирэнгүүт “За, манай задгай цагаан гараад ирлээ. Мөн ч хамаагүй авч өгнө шүү дээ бас” гэж ирэн дуу алдаж байна гэнэ. Задгай цагаан байх даа яахав дээ. Манай хөгшчүүл  мөн ч айхтар шүү. Цаагуураа төрийн хүний хэв шинж талаас нь дутуу гуцуу юм байна гэдгийг л хэлээд байгаа хэрэг. 

Нөхцөл байдал хүндэрч эхэлсэн төдийгүй нэгэнт нуух аргагүйд хүрсэн тул Ерөнхий сайд  байдлыг илэн далангүй ярьж тайлбарлахыг илүү чухалчилсан бололтой.  Гэхдээ барьж авсан ихэнх сэдвүүд дээрээ эргэж ороогдох тайлбарууд хийсэн нь жаахан харамсалтай. Энэ бүхэн түүнийг ямар ч бэлтгэлгүйгээр олон нийттэй харьцдаг, хамаа намаагүй Ерөнхий сайд болгож харагдуулах сөрөг талтай юм. Хэдийгээр монголчууд “Ам нээвэл уушгиа нээ”, “ Муу нуухаар сайн илчил” гэх мэтээр ил цагаан байхыг таашааж ирсэн уламжлалтай ч орчин цагийн улс төрд ажиллаж байгаа, тэр дундаа дээд төвшний удирдагчдын хувьд зайлшгүй өндөр эрэмбийн хэв шинж шаардагдаж байгааг бодолцвол зүгээр. Гэхдээ зохион байгуулалтын асуудлууд бол түүний хийх ёстой ажил биш. Доод хүмүүс нь ажилдаа эзэн баймаар байна.

Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчид үргэж, дотоодынх нь элдэв дарамтад өртөн мухардаж буй энэ үед эдийн засгийн орчин муудсантай холбоотой асуултууд эдүгээ түүнийг ороож буй нь зүйн хэрэг.  Гэхдээ Ерөнхий сайд энэ асуултад зугтаж бултсангүй. Хар толгой дээрээ байгаа хамаг зовлонгоо тоочив. Эдийн засагт хүндрэлүүд гарч ирсэн. Га­даа­дын хөрөнгө оруу­лал­тын хэмжээ багассан. Оюу толгойн хө­рөнгө оруулалт нэмэг­дэх­гүй байгаа. Энэ бүхнээс үүдэн эдийн зас­гийн үзүүлэлт буурсан гэдгийг тэр илэн далангүй хэлэв. Гэхдээ стратегийн ач хол­бог­дол­той аж ахуй нэгжүү­дийг зохицуулах тухай хууль гарснаас болж хөрөнгө оруулалт буурч байна гэсэн дүгнэлт арай л гоомой дүгнэлт шиг санагдана. Эдгээр хүндрэлээс гарах арга замыг зөвхөн энэ хуульд өөрч­лөлт оруу­лснаар, тодруулбал  100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл заавал УИХ-аас зөвшөөрөл авдаг заалтыг урж хаяснаар л шийдчих юм шиг тайлбарлаж буй нь хашрын эдийн засгийн боловсрол тийм ч зузаан бишийг илтгэж байна. Мэдээж энэ хууль асар садаатай хууль нь үнэн. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж буй хүчин зүйлсийг зөвхөн энэ мэтээр хэмжих нь хэтэрхий өрөөсгөл явдал юм. Үүнд үйлчилж буй хүчин зүйл өдий төдий бий. Ерөнхийдөө манай бизнесийн орчинд агаарын бохирдол нүүрлэчихээд байгаа шүү дээ. Асуудлыг углуургаар нь барьж авахаас дөлөөд л байх юм бол бид хөрөнгө оруулагчдын өмнө хамгийн таагүй халгаатай орчинтой, хамгийн эрсдэл дагуулсан улс гэдгээрээ цоллуулсаар л байх болно. Ерөнхий сайд өөрөө ч “Га­даа­дын хөрөнгө оруу­лаг­чидтай уулзахаар Мон­голын хууль эрх зүйн ор­чин урьдчилан таамаглах аргагүйгээр өөрчлөгдөөд байна гэсэн шүүмжлэл хэлээд байх юм" гэж үнэнээ хэлж, уушгиа нээлээ. Тэгсэн мөртлөө гарах арга замын тухайд монгол хэлний багш хүн тоо заах гээд хүүхдүүдийн өмнө зогсчихоод барьц алдаж буй мэт зовлонтой  дүр төрх түүнээс харагдав. Энэ тухайд тайлбар өгөх үүрэг хүлээсэн сайдууд хэд гурваараа байна. Тэднээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тэд тайлбарлах үүрэгтэй. Ерөнхий сайд бол Ерөнхий сайд. Түүний зүтгүүр шинжийг бүх юманд ингэж үрж байгаа нь багийнхных нь өөдгүйн л шинж.
Таван толгой юу болж байна вэ ? гэсэн асуул­тад манай Ерөнхий сайд “Өнөөд­рийн байдлаар нүүр­сээ гаргаж чадахгүй зогссон. Одоо сая гаруй тонн буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс Таван толгой дээр ху­раалттай байгаа” гэж пал хийтэл хариулав.

Энэ явдал ерөөсөө л  "Чалько"-той учраа олж чадахгүй бай­гаатай холбоотой. Өмнө нь байгуулсан гэ­рээнд тусгагдсан үнээрээ нүүр­сээ тэдэнд заръя гэхээр нэг кг нүүрс­нээс зургаан ам.долла­рын ал­даг­дал хүлээх гээд байдаг. "Чалько" –гынхныг  үнээ нэмээч ээ гэхээр зөв­шөөрч өдөггүй. Тэгвэл гэрээгээ цуцалъя гэхээр "Чалько"-д 186 сая ам.дол­­ларын өртэй бол­чихоод байдаг. Энэ бол бидний мэдэж байгаа зовлон. Энэ зовлонг ахиад л Ерөнхий сайд ярьж байна.  Гэхдээ яриа хэлэлцээрүүд олонтаа хийгдэж байгаа атал яагаад энэ асуудлыг гацаанаас гаргаж чадахгүй байна вэ.

Мэдээж энэ уулзалт дээр бондыг тойрсон боодол боодол яриа бас өрнөсөн. Ерөнхийдөө тэнд өгнө, энд өгөхгүй гэсэн авдрандаа байгаа амин хувийн алтан зоосныхоо тухай ярьж байгаа юм шиг л манай хүн тууж байна лээ. Гэтэл нөгөө бондын маань хүү цаг минутаар жирэлзэн өсч, дав дээр барьж аваад эхлүүлчихсэн төсөл нэг ч байхгүй паг л сууж байгаа. Тийм болохоор бонд-ын тухай яриа нь үнэндээ аймаар, бас залхмаар зовлонтой яриа болж хувираад байгааг бодох хэрэгтэй.

Манай хүн хоёр ч удаа Үндсэн хуулийн цэцэд очоод байгаа. Энэ тухай нь ч сэтгүүлчид түүнээс асуув. Үүнд Ерөнхий сайд маань “Уг нь МАН-ын үед яг ийм ижил жишээн дээр хууль зөрчөөд явчихдаг жишиг тогтчихсон байсан юм би түүгээр нь давхиулаад үзэх гэсэн баригдчихлаа. Тэгэхээр нь яршиг яршиг гээд больчихлоо” гээд хээв нэг хариулж байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн улсын Засгийн газрын тэргүүн хүн ийм жишиггүй юм хэлээд сууж байж болох уу. Тэр бүү хэл Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Ч.Чулуунбаатарыг  ажлаас халсан тухайдаа туйлын хачирхалтай тайлбар хийж нүүр хийх газаргүй болголоо. “Би ТЕГ-ыг дэд дарга Ч.Чулуун­баатарыг ажлаас нь халсан юм. Тийм учраас Цэц дээр хэрэг үүссэн байхгүй юу. Яагаад Ч.Чулуун­баатарыг халснаа нуулгүй хэлье. Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, зарим зүйлийг нууцаас хасъя гэсэн юм. Гэтэл үүнийг Ч.Чулуунбаатар байнгын хорооны хурал дээр эсэргүүцсэн. Засгийн газраас эцэс­лэн шийдвэрлэсэн зүй­лийг нэг агентлагийн орлогч дарга эсэргүүцэж болохгүй шүү дээ" гэсэн түүний үгнээс төрийн хүний хэв шинж харагдаж байна уу. Тагнуулын байгууллага, түүний дэд дарга, мөн тусгай зэрэглэлийн бусад хууль тогтоомжуудын тухай ийм төвшинд, ийм мааз байдлаар авч үзэх нь хэр зүйд нийцэх вэ. Үнэн хэрэгтээ мэргэжлийн бус нэг нөхрийг ТЕГ шахсан. Тэр томилгоо нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь ЦЭЦ дээр тогтоогдоод арга буюу нөгөөхөө суулгаж байсан курсээсээ эгүүлэн татаж авсан ичгүүртэй явдал л ард нь байгаа шүү дээ.  Энэ бол тоглоом биш. Тэр ч бүү хэл энэ явдлын эргэн тойронд зарим ажиглагчид тун ноцтой дүгнэлтийг бас хийж байгаа. Монголын тагнуулын байгууллагад хэн дуртай айлын авгай ч хэд хоног орж ирж тонгочиж байгаад гараад гүйдэг, нэг даргын халаасны хүн ч ирж уудалж ухаж байгаад явдаг байж болох уу. Тэднийг юу аваад, юуг халааслаад, хэний тухай ямар ямар баримтуудыг устгаад гарч байгааг хэн мэдэх юм бэ. Улсын онцгой байгууллагад мэргэжлийн бус сэжиг бүхий этгээдүүдийг хөл тавиулах онцгой эрх эдэлж байгаагийнх нь ард тэр хүмүүстээ өргүүлсэн тангараг гэж байна уу. Тэд улс орны чухал нууцын баримтуудыг авч гараагүй гэх баталгаа байна уу. Энэ мэт чухал асуудлыг харин ч сэтгүүлчид хөндөөгүй байхад Ерөнхий сайд маань хэт эзэрхийлсэн, арай л бүдүүлэг байр суурь үзүүлж байх шиг бодогдох юм. За, энэ ч дүүрч. Өөр нэг хачин юм бас болжээ. Оросын төмөр замын дарга танд захидал илгээсэн байсан. Энэ ямар учиртай захидал юм бэ гэсэн гэж сэтгүүлч түүнээс асуув. Энэ асуултад мань хүн ёстой нүд бүлтийлгэсэн хариу хэлэх нь тэр. “Төмөр зам дээр их сонин юм болсон. Хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа дээрээ ер нь хэлчихье. Надад Оросын төмөр замын дарга Якунин захидал явуулжээ. Тэр нь надад өөрт маань ирээгүй байсан чинь нэг сонин дээр монгол орчуулгатайгаа  гарчихсан байсан. Үндсэн захидал нь надад хоёр хоногийн дараа ирсэн. Би Гадаад харилцааны яам болон тагнуулынхныг дуудаад “Надад явуулсан бичиг надад ирээгүй байхад сонин дээр гарч байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуусан. Ийм л юм болж байна. Энэ бол биднийг хойд хөрштэй муудалцуулах гэсэн улайм цайм явуулга . Орос бензиний үнээ өсгөлөө л гэдэг. Үнэн хэрэгтээ үнээ өсгөсөн юм байхгүй л байгаа байхгүй юу. Яасан гэхээр эндээс манайхан давхиж очоод үнээ өсгөчих гэж оросуудыг гуйгаад явж байна шүү дээ. Тэгээд эргэж ирээд “Оросууд бензинийхээ үнийг нэмчихлээ” гэж ярьдаг. Эндээс хүн томилоод судлаад үзэхээр нэмээгүй  л байдаг байхгүй юу” гэж тэр ярьлаа. (Бүр яг үгээр нь иш татлаа шүү)

 Үнэхээр замбараагүй байдал нүүрлэжээ. Ерөнхий сайдад хөрш орны нөлөө бүхий этгээдээс илгээсэн захидал яахаараа замдаа сонин хэвлэлд гардаг байна вэ. Өөрт нь бүр хоёр хоногийн дараа очиж байдаг. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээсэн бэ. Ерөнхий сайд гайхаж ядаад, Гадаад хэргийн яам, Тагнуулын газар хоёроосоо асуугаад л өнгөрч. Эзэн холбогдогч өнөөг болтол олдоогүй. Ийм ноцтой байдал үүсээд байхад Засгийн газрын ажлын аппарат, хэрэг эрхлэх газар, хэвлэл мэдээллийн алба, харуул хамгаалт гээд бүгд хариуцлага хүлээх ёстой бус уу. Н.Алтанхуяг бүх юмыг барьж авч хүчрэхгүй байна. Хэдийгээр өөрөө тэгж хичээж буй ч бодит амьдрал түүний хяналтаас гарч явчихаад байна. Харин үүнд түүний дутууг нөхөх хүч нь хаана зогсч байгаа юм бэ. Нөгөө талаас манайхан ОХУ-д очоод бензиний үнээ нэмээд өгөөч гээд гуйж явсан тухай, эргэж ирээд үнийн хөөрөгдөл рүү улс орноо түлхэж байгаа тухай Ерөнхий сайд барин тавин ил тод мэдэгдлээ. Ингэж улс эх орноороо тоглож явдаг хэн гэдэг бизнесмен, ямар гээчийн компани байна вэ. Ерөнхий сайд энэ мэдэгдлээ ил болгох ёстой гэж бид бодож байна. Хэрэв эс тэгвээс хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр “Миний өрөөнд нэг хүн орж ирээд 500 сая төрөгийн хахууль өгөх гэж оролдлоо” гэж ам алдаад, тэрнийхээ эзнийг зааж чадалгүй эвгүй байдалд орсонтой агаар нэгэн зүйл болох гээд байна. Үнэхээр улсынхаа эсрэг, ард түмнийхээ  эсрэг ийм үйлдэл хийгээд явж байгааг нь тогтоосон л юм бол Ерөнхий сайд бидэнд хэлэх ёстой. Даанч дээ гэмээр ийм гэмт үйлдлүүдийг нуун дарагдуулах нь түүнийг тойрсон учир битүүлэг асуултын тэмдгүүд улам л улалзахын үүд болно.  Ерөнхий сайд бас  нэг хачин баримт дэлгэснийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдана.  Солонгосоос манайд бензин нийлүүлье гэсэн санал орж иржээ. Гэтэл урдаас нь манай нөхдүүд (Ерөнхий сайд бүр манай хэдэн авилгачид гэж хэлсэн) “Тэгвэл надад хувь өгнө шүү” гэж дарамталжээ. Нөгөөдүүл нь айж ичээд хувь өгч. Ингээд ч зогсохгүй дараа нь “Миний хувьд таарсан ашиг өг” гэж дээр нь нэхэж авчээ. Ийм онц ноцтой гэмт хэрэг гарсан байна.  Бензин нь орж ирээгүй байхад авилгын сүлжээ түрүүлээд гадны хөрөнгө оруулагчидтай  ажиллачихсан гэсэн үг. Энэ бол туйлын ноцтой баримт. Энэ хэргийн баримтыг Ерөнхий сайд олоод тагнуулд өгсөн гэнэ. Монгол улсын Ерөнхий сайд ингэж ч юм юм хийж явах гэж. Тагнуултай байгаад ч, цагдаатай байгаад ч хэрэг байна уу. Өөрийн эрхгүй ийм асуулт урган гарч ирж байна.  Байдал ингэтэл завхарсан бол эхнээс нь бүгдтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй болжээ. Нэгэнт Ерөнхий сайд учирч буй зовлонгоо бидний өмнө ямар ч хаалтгүйгээр дэлгэлээ. Бид тэгэхээр түүнийг яаж дэмжих вэ. Бараг өөрийнх нь багийнхан авилга авах нь авч, гадна дотно хорлох нь хорлож, захиа занааг нь хулгайлж, хийх хийхгүй юм хийж баллаж байгаа юм биш үү. Ямар нэг байдлаар хүчин мөхөсдсөн шинж манай Ерөнхий сайдаас харагдаад байгаагийн цаад зовлон энэ бүхэн юм биш үү.  Тэгэхээр одоо бүгдээрээ яах вэ. Яаж түүнийг дэмжих вэ. Яаж түүнд туслах вэ?