Хэрмэл жүүдээс хүчирхэг Израил


АЖ ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖЛЭЭ


Элсэн цөлд загас үржүүлэх тухай яриа тийм утгагүй биш гэдгийг хүмүүст итгүүлэхэд амаргүй байлаа.

 —Профессор Самуэль Аппельбаум

Израйль улс жаран жилийн дотор эдийн засгаа тавь дахин өсгөж, өнөөдрийн хөгжлийн өндөрлөгт хүрч чадсан түүх зөвхөн израйльчуудын зан чанарын онцлог, дайны талбарт шалгагдсан ажил хэрэгч чанар, эсбөгөөс геополитикийн тохиолдол төдий биш юм. Үүнд өөрийн арми, иргэдийнхээ нэг адил дасан зохицох чадвартай, хувь заяаны олон эргүүлгийг давж гарсан тус улсын төрийн бодлогын үр нөлөө мөн багтана.

Израйлийн эдийн засгийн түүх зогсонги байдал, хэт инфляцаар зааглагдах хоёр аугаа их үсрэлтийн нэг юм. Тус улсын макро эдийн засгийн бодлого, эхэлж эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, дараа нь шийдвэртэй эргэлт хийх, улмаар засгийн газар өөрөө ч хүлээгээгүй өндөр хурдтайгаар шинээр хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эхний их үсрэлт 1948-1970 онд болсон бөгөөд энэ хугацаанд тус улс гурван удаагийн дайн явуулсан хэдий ч нэг хүнд оногдох ДНБ бараг дөрөв дахин өсөж, хүн ам гурав дахин нэмэгдсэн юм. Хоёрдахь удаагийн их үсрэлт 1990 оноос өнөөг хүртэл үргэлжилж, Израйль улс унтаа, бөглүү орноос дэлхийн инновацийн төв болон дэвшсэн юм. Харин үүнд хоёр өөр, бараг эсрэг тэсрэг хүчин нөхцөл үйлчилсэн байна. Эхний үед эдийн засгийн өсөлт жижиг, бүдүүлэг хувийн салбарыг давамгайлсан аж ахуйч засгийн газрын бодлогын үр дүн байсан бол хоёрдахь үед засгийн газраас эхнийхээ дэмжлэгийг авч, цэцэглэн хөгжсөн хувийн салбарын хөгжлийн үр нөлөө байв.

Эдийн засгийн өсөлтийн эхний үе Израйль улс байгуулагдахаас ихээхэн өмнө, XIX зуунаас эхтэй. Жишээлбэл, 1880-аад онд жүүдийн хэсэг нүүдэллэн суурьшигчид одоогийн Тель-Авиваас хэдхэн километрийн зайд Петах Тиква нэртэй өөрсдийн байгуулсан хотхонд хөдөө аж ахуйн хамтрал байгуулахыг оролдож байжээ. Суурьшигчид эхэндээ майханд амьдарч байсан бөгөөд нутгийн арабуудыг хөлслөн шавар байшин бариулж байжээ. Харин бороо орох үеэр ийм байшингууд майхнаас илүү дусаал гоожиж, ойролцоох гол эргээсээ халихад автдаг байв. Нүүдэллэн суурьшигчдаас зарим нь хумхаа, гэдэсний хижгээр өвчилж байжээ. Хэдэн өвөл өнгөрөхөд тариачдын нөөц дуусаж, суурин руу очдог зам бүдэгрэн, гэр орныхон нь хоол, хүнсний гачаалд автсан байна.

Гэсэн хэдий ч 1883 онд байдал сайжрах тал руугаа эргэжээ. Франц, жүүд гаралтай банкны эзэн, буяны үйлстэн Эдмон де Ротшильд нэн шаардлагатай байсан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэв. Хөдөө аж ахуйн нэгэн мэргэжилтэн нүүдэллэн суурьшигчдад голын цутгалан намаг үүсгэж байгаа газарт сүндэр мод тарихыг зөвлөжээ. Сүндэр модны үндэс намгийг хурдан хатааж байв. Хумхаа өвчнөөр өвчлөх явдал үтэр түргэн багасч, энэхүү өсөн дэвжсэн сууринд гаднаас улам олон өрх нүүн ирэх болжээ.

1920-иод оны эх гэхэд жүүдүүдийн улсыг байгуулагдахаас өмнөх энэхүү Палестин дахь жүүдүүдийн суурин болох Ишувт хөдөлмөрийн бүтээмж 80 хувь нэмэгдэж, үндэсний бүтээгдэхүүн дөрөв дахин өсч, хүн ам нь хоёр дахин нэмэгджээ. 1931-1935 оны их уналтын жилүүдэд Палестины жүүд, арабуудын эдийн засаг тус тус 28, 14 хувь өссөн нь гайхалтай байв.

 Петах Тиквагийн адил нүүдэллэн суурьшигчдын байгуулсан жижиг суурингуудын эдийн засаг өөрөө аяндаа ингэж өсчихгүй нь мэдээж байв. Тэдэн рүү нүүн ирэх цагаачдын давалгаа зөвхөн өөрийн тоогоор биш, хандив, тусламж дээр суурилсан аж ахуйг нь мөн өөрсдийн анхдагч үзэл санаагаар бүрмөсөн эргүүлсэн юм. Тэдгээр цагаачдын нэг нь 1906 онд Польшоос ирсэн хорин настай, хуульч Давид Грин байв. Ирээд тэрбээр нэрээ жүүд нэрэнд ойртуулан манай эрины 70-аад оны Ромын цэргийн жанжны нэрээр Бэн-Гүрион болгон өөрчилж, улмаар Ишувын баттай удирдагч болжээ. Израйлийн зохиолч Амос Оз “Төр улсын анхны жилүүдэд олон израйльчууд түүнийг Моисей, Жорж Вашингтон, Гарибальди, Бурханы цөмийнх нь нийлбэр болгон харж байлаа” гэж бичжээ.

Бэн-Гүрион мөн Израйлийн анхны үндэсний бизнес эрхлэгч байв. Теодор Херцл жүүд овог аймгуудыг тусгаар тогтносон жүүд улс байгуулах романтик хүслээр зангидан тусгаар тогтнолын ойлголтыг үндэслэсэн бол Бэн-Гүрион энэхүү хүсэл дээр бүрэн дүүрэн үндэсний улсыг зохион байгуулсан юм. Дэлхийн II дайны дараа Уинстон Черчиль АНУ-ын армийн генерал Жорж Маршаллыг нэгдсэн командлалын “ялалтыг зохион байгуулагч” хэмээн нэрлэсэн байдаг. Черчилийн хэлснийг жаахан өөрчилбөл Бэн-Гүрион “сионизмыг зохион байгуулагч” байсан юм. Бизнесийн хэлээр тэрээр улс орныг байгуулсан “үйл ажиллагаа эрхэлсэн захирал” мөн байв.

Бэн-Гүрионыг үйл ажиллагааны менежмент, бэлтгэн зохион байгуулалтын үүднээс асар төвөгтэй зорилтууд хүлээж байсан юм. Зөвхөн ганцыг нь аваад үзэхэд л цагаачдын давалгааг хэрхэн угтах тухай байв. 1930-аад оноос холокостын эцэс хүртэл сая сая жүүдийг бөөнөөр хорих лагерь луу ачиж, харин зарим нь Палестин руу зугтаж чадсан билээ. Лагериас зайлж чадсан бусад жүүдүүдэд өөр олон оронд суурьшихад нь татгалзаж байсан бөгөөд тэд нуугдан амьдарч, заримдаа аймшгийн нөхцөлд амь зогоож байв. Палестины эрхийг барьж байсан Британийн засаг захиргаа 1939 оноос хойш цагаачдын эсрэг “Цагаан цаас” нэртэй харгис хатуу хязгаарлалт тогтоосон юм. Британийн засаг захиргаа Палестинд толгой хоргодохоор ирсэн цагаачдын ихэнхийг гэдрэг буцаасан билээ.

Үүний хариуд Бэн-Гүрион бие биедээ харшлах гэмээр хоёр кампанит ажлыг эхлүүлсэн. Эхэлж тэрээр, Палестинд амьдарч асан жүүдүүдийг зоригжуулан тэднээс арван найман мянга орчмыг зохион байгуулж, Европт очин Британийн армийн “жүүд батальон”-нд нэгдэн нацистуудтай байлдуулахаар илгээсэн байна. Үүнтэй зэрэгцүүлэн Бэн-Гүрион Британийн цагаачлалын талаарх бодлогын эсрэг Европт нууц агентлаг байгуулан жүүдүүдийг Палестин руу нууцаар гаргах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тийнхүү тэрээр нэгэн зэрэг Европт Британичуудтай хамт тулалдаж, Палестинд тэдний эсрэг ажилласан байна.


НЭПКО хэвлэлийн газар