Индонези ба Монголын хооронд ялгаатай зүйл их ч, төсөөтэй зүйл ч багагүй ажээ. Ялгаатай нь Монгол бол далайд гарцгүй, Хятад Оросын хооронд хавчуулсан эх газар, гуравхан сая хүнтэй ч дэлхийн 17 дахь том нутаг, харин Индонези бол 17 мянган арлаас бүрдсэн бөгөөд 255 сая хүнтэй, дэлхийн дөрөв дэхь том газар нутаг, хамгийн том исламын орон.

Индонезийн эдийн засаг түүхий эдэд суурилсан учир Монголтой төстэй. Экспортын 60 хувь нь түүхий эдээс бүрддэг. Дал модны тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, харин резин, какао, кофе, алт ба нүүрсний үйлдвэрлэлээр гол тоглогчдын нэг. Монголтой адилхан нь, хэрэв Хятад улс түүхий эдийг нь худалдан авч байгаа бол эдийн засаг нь өсдөг, авахгүй бол саардаг.

Өөр нэг төсөөтэй зүйл бол авлига нийгэмд нь гүн нэвчсэн учир нийтийн засаглал сул. 2015 оны Транспаренси Интернэшнл байгууллагын тайлангаар Индонези дэлхийд 34 оноогоор 88, Монгол 39 оноогоор 72-р байранд тус тус жагсчээ. Авлигатай тэмцэхээ амлан байж сонгогдсон Ерөнхийлөгч Жоко Уидодо (Жокови) ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Эби) нарын үйл нь үгээсээ илт хоцорч байгаа нь бас адилхан. Хоёр Ерөнхийлөгч хоёулаа энгийн гэр бүлээс гаралтай, хоёулаа уран илтгэгч, амласан эхэлсэн ажлаа тууштэй хийхгүй байгаа, хоёулаа өөрсдийг нь дэвшүүлсэн намдаа нөлөө бага. Хоёр улсад Авлигатай тэмцэх, устгах гэсэн сүржин нэртэй адилхан албад байгаач тэдний илрүүлсэн хэрэг нь “улс төрчдийн наймаа” болоод замхардаг, хууль тогтоогчид нь тухайн албатай өөртэй нь тэмцэж, устгаж алга болгохыг хүсдэг.

Хоёр улс авлигад баригдсан тул төр засгийн төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж бага. Индонезийн хамгийн сүүлчийн жишээ гэхэд л долоо хоногийн өмнө Суматра арлын баруун эрэгт болсон 7.8 баллын газар хөдлөлтийг 150 сая доллар зарцуулж барьсан дохиоллын систем нь мэдээгүй өнгөрчээ. 2004 оны Аче-д болсон гамшигт цунамигаас сургамж авч барьж байрлуулсан энэхүү 22 дохионы станцын нэг нь ч ажиллаагүй аж. Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулахаар хичнээн зуун сая доллар зарцуулсан ч үр дүн бараг гарсангүй, тодорхой хэсэг нь улс төрчдийн халаасанд ороод өнгөрөв.

Саяхан бас тэдний Их хурлын (Ардын Зөвлөлдөх Чуулган) дарга нь (Ерөнхийлөгчийн намын хүн) уул уурхайн, гадаадын том компанийн тодорхой хувьцааг өгвөл Ерөнхийлөгч Жоковид нөлөөлж лицензийг нь сунгуулах тухай нууц ярианы бичлэг ил болсон ч яг л Монголд байгаа юм шиг замхран алга болжээ. Монголын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буруутган баривчилсан хуулийн таван зүйл анги нь нэг нэгээрээ хүчингүй болсоор, эдүгээ тэр Их Хурлын сонгуульд өрсөлдөхөд бэлэн болжээ.

2015 оны 1-р сард Ерөнхийлөгч Жокови цагдаагийн сургуулийн дарга, генерал Б.Гунаваныг Цагдаагын газрын тэргүүнээр томилохоо зарлав. Түүнээс гурав хоногийн дараа Цагдаагийн газар нь Авлигыг Устгах Комиссын (KPK) дэд даргыг таван жилийн өмнөх авилгын хэрэгээр баривчлав. Түүнийг баривчлах хүсэлтийг Жоковигийн өөрийх нь намын, Парламентын гишүүн тавьжээ. Цагдаагийн газар ба Авлигыг Устгах Комисс хоорондын тэмцлийг зогсоохын тулд Ерөнхийлөгч Жокови “эвтэй байж, хуулийн дагуу ажиллахыг” уриалснаас хэтрээгүй, парламент нь одоо КPK-ийн эрх мэдлийг хязгаарласан хууль батлах гэж байгаа учир олон нийт дургүйцаж, “Presidenku di mana?” буюу “Ерөнхийлөгч маань хаана байнаа?” гэсэн бичгийг гудамжинд энд тэндгүй наажээ.

Монголд төмөр замын төслийн хөрөнгөөс олон сая доллар завшсан тухай Их Хурлын гишүүн Х.Баттулгатай холбоотой, өндөр албан тушаалтнуудын хэргийг АТГ шалгаж, заримыг нь баривчилсны дараахан арваад жил илрүүлэхгүй дуугүй явсан Цагдаагийн газар гэнэт Их Хурлын гишүүн, сайд асан С.Зоригийг хэрцгийгээр хороосон хэрэг илрэх дөхсөнийг мэдээлж, эхнэрийг нь барьж аваад шоронд суулгачихав. Энэ хоёр хэргийг улс төрчид хоорондоо харилцан наймааалцаж, бага багаар замхарсаар алга болж, Монголчууд “амар сайхандаа” жаргах бололтой.

Индонезид ч, Монголд ч төрийн эрх барьж буй нам нь өөрсдийн дотоодын авилгалаа ч устгаж чадахгүй, эрх мэдлээ булаацалдаж байгаад л хэргийн учир байгаа ажээ. Хоёр Ерөнхийлөгчийг өөрсдийн намынх нь дэмжихгүй байгаа нь үүний илрэл гэж болох юм. Индонезийн Ардчилсан Тэмцлийн намын дарга, аав Сукарно нь 32 жил Ерөнхийлөгч, өөрөө бас 2001-2004 онд Ерөнхийлөгч байсан, хатагтай Мегавати Сукарнопутри болон намаас нь нэр дэвшсэн Ерөнхийлөгч Жоковийн хоорондын тэмцэл нь авлигатай тэмцэх ажлыг эрчлэх биш, сааруулж байгааг Индонезийн харьцангуй эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр мэдээлж байна.

Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уран яруу үг хэлж, сайхан ирээдүйг амладаг ч түүнийг нь засаг төр барьж буй өөрийн нам нь нь дэмждэггүй, Ерөнхийлөгч ч өөрөөсөө хамаарах ажлыг тууштай хийхгүй, санаачлаад л “мартчихдаг” болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амалсан шигээ авлигатай хурцаар тэмцэж чадахгүй буйгаас гадна, ухаалаг засаглалын “шилэн түрийвч” санаачилга нь өөрийх нь намд ч нэвтрээгүй буюу улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож чадаагүй, Их хурлын гишүүн хүн засгийн газрын гишүүн байж болохгүй буюу “давхар дээлийг нь тайлуулж чадаагүй байна. Дэлхийн Монголчуудыг татаж олуулаа болох санал нь яриа болоод сарнив. Ер нь Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдийг Ерөнхийлөгч санаачлаад зүтгүүлсэн бол шал өөр дүр зураг гарах байлаа.

Хоёр орны засаглалын өөр нэг төсөөтэй зүйл нь улс төрийн олон намтай болов ч, үзэл санаа үйл хэрэг нь онц ялгаагүй учир аль ч нам нь дангаараа сонгуульд ялж чадахаа больж үргэлж л эвслийн засгийн газар байгуулж буй явдал.

Хамгийн их санал авсан намын дарга нь улс орны хамгийн их эрх мэдэл бүхий хүн нь байхаа больжээ. Монголд хамгийн их эрх мэдэлтэй буюу төсвийн хөрөнгийг захиран зарцуулагч Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга бишийн адилаар, Ерөнхийлөгчийн засаглалтай Индонезид Ерөнхийлөгч нь намынхаа дарга нь биш учир нийгэм нь төрийн биш улс төрийн зохицуулалттай болжээ. Үүнээс болоод Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл суларч, эдийн засгийн үр өгөөж биш, сонгуулийн амлалтын биелэлт л үйл ажиллагааных нь гол чиглэл болжээ. Ялангуяа төр засгийн нэр хүндийг унагадаг авлигатай тэмцэх ажил суларч, улмаар иргэдийн итгэл, хүлээлт унасаар, дараачийн сонгуулиар төр засаг солигдох нь өндөр магадлалтай ажээ.

Авлига ихтэй орон, тэр дундаа хүн ард нь биш, байгал нь бүтээсэн баялагтай орон хөгждөггүй буюу хөгжлийн үр шимийг эрх мэдэлд хүрсэн цөөхөн этгээд завшиж, ард түмнийхээ нэрээр гадаадаас дааж давшгүй их зээл авч, ихэнхи нь хичнээн ажилласан ч ядуу тарчиг хэвээрээ, хэдэн үеэрээ явдаг болохыг олон орны түүх харуулж байна. Монголчууд эдүгээ улс төрийн нам болж бүлэглэсэн этгээдүүдийн бусармаг үйлдлийг хянаж, намуудын санхүүжилтийг нь ил тод болгож, хянаж, нийтийн хөрөнгө завшигчидтай хариуцлага тооцож чадахгүй бол бас л тэдгээр орнуудын нэг бараг л болж байна даа.

Жакарта хот.