(АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулав)

АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан 44 хүний намтар түүхээс сонирхвол түүхийн хамгийн эгзэгтэй, тэмдэглэлт мөчид Ардчилсан намынхан тодрон гарсан байдаг. Европын хөгжингүй орнуудын зах хязгаар байдалтай байсан АНУ-ыг дэлхийн нэгдүгээр дайны үед провинциализмаас гаргаж, глобализм руу оруулсан түүхт хүн – Вильсон тэр намынх билээ. Түүний шууд оролцоо санаачилгаар дайн гаргуулахгүй байх Засгийн зазар хоорондын байгууллага–Үндэстнүүдийн Холбоо байгуулагдаж, орчин үеийн олон улсын харилцааны цогц ситем төлөвшсөн юм. Дэлхийн эдийн засгийн их хямралтай тулгарсан 1920-иод оны сүүлчээр АН-аас “Шинэ үйлс” хөтөлбөр тунхагласнаараа 1932 онд Франклин Рүзвэльтийн ялалтыг түвэггүй хангаж чадсан. Тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн олон жил засгийн эрх барьсан ба дэлхийн II дайны ялалт, НҮБ, дайны дараахи олон улсын эдийн засгийн тогтолцоо бүгд түүний нэртэй холбоотой. “Хүйтэн дайны” мөстөлт эхлэх үед өрнийн ардчилал, зах зээлийн үнэт зүйлсийг хамгаалаад зогсохгүй дайнд үнс нурам болсон Баруун Европыг сэргээн босгож, Солонгосын хойгт коммунизмтэй халз тулалдсан гол баатар бол АН-ын Харри Трүмэн билээ. 1960- аад оны эхэн үед иргэний эрхийн төлөө хөдөлгөөнийг АН-ын Жон Кэннэди санаачилсан бөгөөд “Би ч гэсэн Берлиний иргэн”  гэсэн суут үгээрээ ардчиллын үнэ цэнийг дэлхий дахинд хамгаалж түүхэнд нэрээ дуурсгасан. Вьетнамын дайны хүндийг нуруундаа үүрсэн Линдон Жонсон ч мөн АН-ынх. Энэчлэнгээр дэлхийн түүхийн шинэ эрин үе тулгарч буй өнөө цагт АН-ын Барак Хусейн Обама түүхэнд нэрээ мөнхөлж байна.



Обамад хэд хэдэн онцлог бий. Арьсны үзэлт Америкт арьсны үзлийн эсрэг хамгийн цогтой тэмцэгч Мартин Лютэр Кингээс хойш тодорсон хамгийн суут хар арьстан бол Обама юм. Лалын шашинт эцгээс төрсөн загалмайн шашинт анхны Төрийн тэргүүн. Мөн залуугаараа Ерөнхийлөгч болсон цөөхний нэг. Түүнийг тангараг өргөх ёслолд анх удаа нэг сая гаруй хүн цугласан, тангараг өргөх ёслол нь түүхнээ хамгийн их өртөгтэй, 160 сая доллараас давсан. “Арабын хавар” гэгч нийгэм–улс төр–шашны хувьсгалт их үйлс, ISIL буюу “Лалын улс” олон улсын террорист бүлэг дэлхий дахины улс төрийн уур амьсгалыг өөрчлөн байгаа түүхэн энэ үед дэлхийн бодлогыг тодорхойлж байгаагийн хувьд Обама яалт ч үгүй түүх бүтээгч юм.

Түүний эцэг нь Кэнийн луо овгийн хар арьстан домчийн хүү, лалын шашинтан байгаад хожим шашнаа орхисон нөхөр Хавайн их сургуульд сурч байхдаа Обамагийн эх цагаан арьстан америк эмэгтэй Стэнли Энн Данэмтэй танилцаж, тэр хоёрын ганц хүү нь 1961 онд Хонолулуд мэндэлжээ. Хатагтай Стэнли нь англи, шотланд, ирланд, герман олон цус холилдсон, иймд Обамад ч маш олон үндэстний цус гүйж байгаа аж. Хар, цагаан хоёр амрагийн гэрлэлтэд хоёр талын ахан дүүс, аав ээж тун таагүй хандсан тул тэд төд удалгүй салж, хагас өнчин Обама хүү Хавайд эмээ дээрээ өсчээ. Эцэг нь Харвардад сурч байхдаа дахин гэрлэж хоёр хүүхэд төрүүлж, тэгсгээд Кэни рүүгээ буцаж тэндээ ажиллаж байгаад авто аваарт орж нас барсан аж. Обамагийн эхээс өмнө тэрээр нутагтаа гэр бүлтэй байсан тул АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчид эгч, эцгийнх нь ахан дүүс гээд олон хамаатан Кэнид буй аж. Эх нь ч гадаадын хүнтэй гэрлэх донтой нэгэн байсан бололтой, индонез мусульман Лоло Суторо гэгчтэй 1967 онд гэрлэж бяцхан Обамаг хойт эцгийн гар харуулан Жакартад аваачиж 4 жил бахаса-малай хэлээр суралцуулжээ. Түүний дүү охин Маяа Жакартад төржээ. Хойт эцгийн гар харсан Обама багадаа марихуан татаж, кокаин, архи хэрэглэж юм юм л болсон байдаг. Тэрээр 1979 онд Хонолулуд хувийн дунд сургууль дүүргэж, тэндээсээ Лос-Анжелест коллежэд хоёр жил суралцаад дараа нь Колумбийн их сургуульд олон улсын харилцаагаар мэргэжжээ. 1983 онд анхлан Нью-Йоркт ажлын гараагаа эхэлж, олон улсын бизнесийн корпорац, судалгааны хүрээлэнд ажиллаж байгаад 1985 онд Чикагод шилжиж очжээ. Тэндээ ч тоймтой ажил хийсэнгүй, хотын ядуу дүүрэгт олон нийтийн ажил хийж байгаад 1988 оноос Харвардад хуулиар суралцан 1990 онд төгсөж, улмаар Harvard Law Review хэмээх нэр хүндтэй сэтгүүлийн анхны афроамерик эрхлэгчээр ажилласан байна. 1993–2004 онд Чикагогийн их сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн хичээл зааж байснаа 2004 онд Вашингтон руу нүүж багшийн ажлаа орхижээ.



1996 онд Иллинойс муж улсын Сенатад сонгогдсоноор түүний улс  төрийн ахар богино боловч баялаг намтар эхэлж байна. Орон нутгийн сенатчаар 1997-2004 онд ажиллахдаа 1998, 2002 онд сонгогдож ялжээ. 2004 онд Иллинойсоос АНУ-ын Сенатад нэр дэвшиж өрсөлдөхдөө праймериз дээр 6 хүчтэй өрсөлдөгчөө ялсан ба АНУ-ын түүхнээ сенатчаар ажилласан 5 дахь хар арьстан болсон аж. Тэрээр Цагаан ордонд Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар олонтаа уригдан очиж бодлогын асуудал ярьдаг, Америкийн улс төрийн элитийнхэнд хэрдээ тоогдсон хүндлэгдсэн нэгэн болоод байв. Сенат дахь АН ба БНН-ын аль алинтай нь эвсэж зохицож чаддаг, татвар бууруулах замаар бага орлоготой иргэдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхийг дэмжигч, мөрдөх албадын ажилд тавих хяналтыг чангаруулахыг дэмжигч гэхчлэн залуу сенатч Обама алдаршиж байв. Нөлөө бүхий зарим хэвлэлд түүнийг “үнэнч ардчилагч”, “хамгийн либераль сенатч” хэмээн онцолсон нь бий.

АНУ-ын Ерөнхийлөгч болно хэмээн 2007 оны эхээр гэнэт зарлажээ. Зарлах зарлахдаа Спрингфилд хот дахь Иллинойсын капитоли ордны өмнөх тэр талбайд  1858 онд Авраам Линкольн түүхт үгээ хэлж байсныг бэлгэшээж өөрийнхөө кампанийг ёслол төгөлдөр эхлүүлэв. Сонгуулийн кампанийн явцад ярьдаг ганц сэдэвтэй: Ирак дахь дайныг эцэслүүлнэ, Афганистаныг терроризмын эсрэг тэмцлийн төв фронт болгоно. Мөн эрүүлийг хамгаалах универсал систем.

Бидний итгэж найдаж болох өөрчлөлт! Тийм ээ, бид чадна! гэсэн уриагаар кампаниа өрнүүлж 2007 оны эхний хагас жилд 58 сая долларын хандив цуглуулав. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд ийм богино хугацаанд ийм их мөнгө босгож чадсан үзүүлэлтээрээ АНУ-ын түүхэнд бас нэг анхдагч болж бүртгэгдэв. 2008 оны нэгдүгээр сард 36.8 сая долларын хандив (ганцхан сард) цуглуулсан өөр нэг рекорд бас Обамагийнх. Тэгсэн атлаа сонгуулийн өмнөх кампанидаа төрөөс санхүүжилт аваагүй анхны нэр дэвшигчээр тодров. Хиллари Клинтон нэрээ татсанаас үүдээд тэрээр 2008 оны 6 дугаар сар гэхэд цорын ганц нэр дэвшигчээр АН-аасаа тунаж үлдлээ.

Обама 2008 оны сонгуульд итгэлтэй ялсан. Маккейн гэх улиг болсон өвгөжөөр эрийг БНН тавьтаргүй нэг хүүхний хамт дэвшүүлснээс ялагдал хүлээх үндэс болсон байж болно. Гэхдээ л хүн ам их төвлөрсөн хотуудын боловсролтой иргэд хавтгайдаа Обамад санал өгсөн юм. Цагаан арьстан ядуус бөөнөөрөө аж төрдөг муж хотууд Маккейныг дэмжиж, БНН шувтан ялсаар ирсэн Аляскад Обама ялсан ба төлөөлөн сонгогчдын  538 саналын 338-ыг авснаараа 64 хувийн рекордыг тогтоолоо. Үүнээс хамгийн гол рекорд бол 4-хөн жил Сенатад сонгогдоод шууд л цэл залуугаараа Төрийн тэргүүн болсон явдал.



Үнэхээр ч амласандаа хүрч тэрээр Ерөнхийлөгч болмогцоо 18 сарын дотор Иракаас цэргээ гаргасан. Хариуд нь 2009 оны туршид Афганистан дахь цэргийнхээ тоог хоёр дахин нэмсэн. Байлдаанаа шатлан өргөжүүлсэн. Одоо ч байлдсаар байна. Обамагийн олон улсын дипломатын үйл ажиллагааг  үнэлж Нобелийн энх тайвны шагналаар 2009 онд шагнасан ба Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа энэ өндөр шагнал хүртсэн АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч (Теодор Рүзвельт, Вүдро Вильсон нараас хойш) болж нэрээ дуурсгажээ.

2011 оны турш дэлхий дахины анхаарлын төвд байсан, одоо ч байгаа Ойрхи Дорнод, Арабын ертөнцийн хувьсгалт үйл явцад Обама хэрхэн хандсан нь тун сонин юм. Тэрээр Мубаракийг огцруулахаас өмнө өөрөө биечлэн хэдэн ч удаа Египетийн талаар мэдэгдэл хийв дээ. Зөвхөн энэ үзүүлэлт л нэгийг хэлээд өгөхөөр. 2009 оны хавар Каирын их сургуульд Барак Обама лекц тавьж байхад байлцсан хүний нэг нь би байна. Тэрээр: Лалын ертөнц шинэчлэгдэхийг би мусульман шашинтны хүүгийн хувьд уриалж байна хэмээн мэдэгдсэн. Түүний тэр уриа дуудлага Арабын хавар-ын энэ их хэргийн эхийг тавьчихав уу?

Тоталитари, авторитари дэглэмээс амжилттай салсан, салахын төлөө тэмцэж буй, өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн их үйлсийг эхлүүлж буй, ардчиллын төлөө шилжилтээ хийж арабчуудад хандаж хэлсэн мэдэгдэлдээ: 
 
  • Бидний дохио сануулга тун энгийн. Хэрэв Та бүхэн реформ хийх эрсдэл, үүргийг өөртөө хүлээж л байгаа бол АНУ-ын дэмжлэгийг бүрэн хүлээнэ.
  • Бид бүх бүс нутаг дахь иргэний нийгмийг дэмжих болно. Гашуун үнэнийг хэлээд албан ёсны эрх баригчиддаа мөрдөгдөж хавчигдаж байгаа төлөөлөгчдийг оролцуулан иргэний бүх нийгмийг нь бид дэмжинэ.
  • АНУ бүс нутгийн орнуудын эдийн засгийн бүтээн байгуулалтыг нь дэмжих замаар иргэдийн үндсэн эрхийг хөгжүүлж, мэдээлэл чөлөөтэй хүртэх эрхийг нь дэмжинэ. Мэдээллийн эрх чөлөө бол орчин үеийн нийгмийн салшгүй эд эс нь, XXI зуунд мэдээлэл бол засаглал мөн. Үнэн бол ямагт ил байх ёстой хэмээн Обама айлдсан юм.

Обамагийн энэ хэдхэн үг Ойрхи Дорнодын улс төрийн үйл явцын үндсэн чигийг зааж өгөхийг зорьсон ч америкийн энэ идеализм хэрэгжтэлээ их удаж, их өртөг төлсөн, төлсөөр ч байх бололтой. Боссон тэмцсэн бүхэн ардчилал, эрх чөлөөний төлөө байдаг гэх идеализмыг лалын ертөнцөд хэн ч нотлоогүй. Үүн дээр л Обама алдсан шиг байгаа юм.

Тэрээр 2012 онд хоёр дахиа АН-аасаа ганц ч өрсөлдөгчгүй, праймериз явуулалгүй өрсөлдөөд БНН-ын М.Ромнийг яллаа. Энэ удаа ялахад нь 2008 онд болж байсан шиг шашин–арьстаны тэмцэл дагалдсангүй. Түүнийг 2008 онд сонгогдлоо гээд шашны, арьсны үл тэвчих үзэл АНУ-ын зарим нутагт сэдэрч, цагаачдыг үзэн ядах явдал мэр сэр гарсан ч бүхэлдээ дэлхий нийтээрээ шуугиж, ялангуяа Кэни, Индонезэд өөрийнх нь төлөөний хүн гараад ирчихсэн аятай баяр бахдал болж байв. Ямар ч атугай Америкийн нийгэм уламжлалт симптомоо гээж чаддагийн, жирийн цагаачийн хар арьст хүү юунд хүрч болдогийн сонгодог жишээ болон Обама түүхэнд үлдэх биз ээ!