Монгол Улс дэлхийн зэсийн зах зээл дээрх томоохон тоглогч болох түүхэн тавцан дээр гарч ирлээ.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчидтай (“Айвенхоу Майнз Монголиа Инк компанитай) жинхэнэ утгаар ярьж эхэлснээс хойш зургаан жил болжээ. Гэрээ байгуулах асуудал хэд хэдэн үе шатыг туулж, өнөөдрийн төвшинд хүрсэн гэхэд болно. Гэхдээ амаргүй замыг туулсан юм.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах асуудал босох үед 30 хувийг, дараахнаас нь Монголын тал ордын 50 хувийг авах ёстой гэсэн шаардлагыг иргэний хөдөлгөөнүүд тавьж байсан юм. Өчигдөр гарын үсэг зурсан гэрээгээр бол Монголын тал олборлоод гаргаад ирсэн баялгийн 55-70 хүртэлх хувийг хүртэхээр байгаа ч иргэний гэх хөдөлгөөнүүд эсэргүүцсэн хэвээр. Баялгийн 80 хүртэлх хувийг авах ёстой гэсэн шаардлагыг өнөөдөр тавьж буй. Тэгэхээр гэрээний асуудал яригдсан энэ зургаан жилд монголчуудын хүлээлт цаг үе бүрт өөрчлөгдөж, тэдгээр нь тэр дорхноо улстөржиж байсан нь Оюутолгойн хувь заяаг ээдрүүлсээр ирсэн.  Энэ хооронд зэсийн үнэ түүхэнд байгаагүйгээр өсч, тонн нь 8000 ам.долларт хүрч байсан үе ч бий...Бас буурч ч байсан. Гэвч энэ бүхнийг ардаа орхиж галт тэрэг хөдөллөө.

Дэлхийн хүн амын өсөлт ирэх 50 жилд өнөөдрийн хурдаар өснө гэж тооцоолбол зэсийн хэрэглээг нь хангах үйлдвэрлэл одоогоор үгүй гэж судлаачид тооцоолжээ. Яг ийм цаг мөчид монголчууд зэсийн томоохон үйлдвэрлэгч болох шийдлийг гаргаж, Оюутолгойн ордыг ашиглах гэрээг “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто” компанитай байгууллаа.

Өнөөдрийн тооцоогоор дэлхийн хүн ам жилдээ 14 сая тонн зэс хэрэглэдгээс дөрвөн тонныг нь буюу 30-аад хувийг Чили улс дангаар нийлүүлж, Монгол Улс нэг хувийг нь нийлүүлдэг байна. Харин Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр монголчууд энэ тоог хоёр хувиар нэмэгдүүлж, гурав хүртэлх хувийг нийлүүлдэг болох ба 10 жилийн дараа таван хувьд хүргэх юм. Энэ нь зэсийн зах зээл дээр голлох тоглогч болох боломжийг монголчуудад атгуулна гэж уул уурхайн эдийн засагчид тооцоолжээ.

Боломж ийн нээгдлээ, харин боломжоо хэрхэн ашиглаж, хөгжилд хүрэх вэ гэдэг

асуулт одоо биднийг сорьж эхэлнэ.

Оюутолгойн орд нь газрын арвин баялагтай хэрнээ бараг юу ч үйлдвэрлэдэггүй Монголд нээгдсэнээрээ гайхамшигтай юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордыг түшиглэн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулснаар Монголын ядмагхан бүтэцтэй эдийн засагт томоохон зүтгүүр ажиллаж эхэлнэ. Уул уурхайн орлогоос үүдэлтэй хөрөнгө оруулалт эдийн засаг руу цутгаснаар шинэ бүтцүүд бий болно гэсэн өөдрөг дүр төрхийг Оюутолгойгоос хүлээж болно.

Уул уурхай амжилттай хөгжсөн Австрали, Чилийн загвараас харахад дагалдах салбаруудыг амжилттай хөгжүүлж, эдийн засгийн бүтцээ баяжуулсанд л нууц нь оршдог аж. Нэг үгээр бол Оюутолгойг эргэлтэд оруулснаар Монгол өнөөдрийнх шиг хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн эдийн засгийн ядмагхан бүтцээ тэлэх ёстой... “Онолын” хувьд ийм боломж байгаа ч амьдрал дээр үүнээс өөрөөр эргэх эрсдэл ч бий юм.

Өнөөдөр Монголын тал Оюутолгойн ордыг ашиглах компанийн 34 хувийг, харин ашгийн тавиас илүү буюу 55-70 хүртэлх хувийг хүртэхээр гэрээ байгуулаад байна. Чухамдаа энэ хэрээр Монголын эдийн засаг газрын баялгаас улам бүр хамааралтай болох ирээдүй айдас, найдварын аль алийг дагуулан харагдана.

Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 42 хувь, татварын орлогын 52 хувь, экспортын орлогын 78 хувь, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 70 гаруй хувь, Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 19 хувь байгаа нь уул уурхайн салбар Монголын эдийн засагт томоохон байр суурийг эзэлж буй хэрэг юм. Энэ нь Монголын эдийн засаг ганц салбарт суурилсан, хамгийн муу бүтэц рүү шилжиж буйг харуулж байна.

Тэгэхээр энэ бүхэн нь баялгаа олборлоод эдийн засгаа хөгжүүлнэ гэсэн найдварыг дагалдаж байгаа айдас билээ.

Бид муугийн жишээнд сонгох дуртай Африк 1960-аад оны үед үнэхээр дэлхийн зэсийн гол нийлүүлэгч байлаа. Тэр тусмаа Замби улс. Гэтэл зуун дуусах мөчлөгт байдал өөрчлөгдөж, 20 жил үргэлжилсэн Африкийн зэсийн үйлдвэрлэл эрс багассан байна. Энэ нь орд, нөөцийн хэмжээ багассантай холбоотой биш. Ердөө улс төрийн байдал тогтворгүй болсноос үүджээ. Төр нь бүх уурхайгаа улсын өмчийн болгож,  тухайн үед төрийн нэрийг хэн барьж байна, түүний идэж уух, шамшигдуулах сав нь болж хувирчээ. Төр үйлдвэрлэлээ нэмэх хөрөнгө оруулалт гаргахгүй, зөвхөн орлогыг хүсч байлаа. Тэндээс орж ирэх мөнгийг шамшигдуулахын тулд мянганы зам, мянганы нийслэл гэх мэт гайхамшигтай сонсогдох төслүүдийг хэрэгжүүлж, төсөлд нийлүүлэгч нь болох замаар мөнгийг хувийн данс руугаа шилжүүлдэг эрх мэдэлтнүүд олноор бий болж байлаа.

Энэ нь бүхэн нь Африкийн зэсийн үйлдвэрлэлийг залгиж, цаашлаад эдийн засаг, улс орны ирээдүйг баллаж орхисон байна. Зэсийн үйлдвэрлэл ид мандаж байх үед Африкийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг тус салбараас бүрдүүлж байсан гэх... Монгол ийм жишгийг давтахгүй байх дархлаа бий юү?

Өнөөдөр Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон нь урагш хийж буй алхам мөн боловч улам бүр эрчимжих тэрхүү алхаа хөгжил рүү хөтлөх үү, мөхөл рүү аваачих уу гэдэг асуулт бидний өмнө сорилт болоод буйн учир энэ билээ.