Э.Раздинскийн зохиол “Сталин” баримтат туужийг Баабар орос хэлнээс орчуулж дуусч байна. Удахгүй энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарна. Манай сонин уг зохиолоос 1937 оны их хядлага эхэлсэн үеийн хэсгийг уншигчиддаа сонирхуулж байна.

Баривчилгаа, шүүх ажиллагаа гээд л эцэс төгсгөлгүй нухшаад байхаар аймшигт 1937 оныг тууулж гарсан орныг сэтгэл санааны хувьд улам дарамтанд оруулах мэт санагдана. Гэвч үгүй юмаа! Хүн амын ихэнх нь тасралтгүй орилох чанга яригчийн дуугаар баяр хөөртэй сэрэн, ажил руугаа яаран яаран алхаж, дайснуудыг хараан загнах цуглаанд идэьхийлэн оролцож, чекистүүдийн найдвартайг батласан шүүх ажиллагааны материалыг сониноос анхааралтай нь аргагүй уншина. Өрнөдийн ажилчдын хүнд хувь заяаг хүмүүс мэддэг, дарлагдсан негрүүд болон ер нь СССР-т амьдрах хувь дутсан болгоныг ихэд өрөвдөнө.  

Манай нийтийн сууцны нэгэн өрөөнд хөрш маань эхнэр охины хамт амьдардаг. Тэрээр дундын жорлонд өглөө оочирлон зогсохдоо хөгжилтэй нь аргагүй дуу аялана, эсвэл сонин уншина. Октябрын баяраар тэднийх гэрээрээ Улаан талбайп очин жагсаалд оролцоно, эргэж ирээд саа туссан ээждээ Сталиныг харснаа хөөр болгон ярина. Эх нь дүлий учраас байшингаар нэг орилж ярина... Тэд НКВД-ээс айдаг уу? Ингэж асуувал гайхана. НКВД-ээс дайснууд л айдаг шүү дээ... Баривчлагын тухай тэд мэддэг болов уу? Мэдэхээр барах уу! Тэдний олон танил баригдсан. Гэхдээ дайсан учраас л баригдсан байж таараа. Ер нь баривчлага шөнө дундээс хойш болдог. Үүнийг Шөнийн амьдрал ч гэдэг. Тэр амьдрал эдэнд хүртээлгүй. Шөнө тэднийхэн хүүхэд шиг нам унтдаг. Тэгээд л өглөө нь жаргалтай царайлан сэрээд л өнөөх жорлондоо оочиолонгоо дуу аялана.

Энэ бичвэр Гитлерийн Германы тухай Вилъям Ширэрийн бичсэнтэй тун төстэй: “Өршөөлгүй муухай хэрцгий дарангуйллын зүгээс үзүүлэх айдас хүйдсийн золмос болоод байгаагаа германчууд огт ажирч мэддэггүй байсан нь ... хөндлөнгийн ажиглагчид гайхаад барашгүй зүйл байв. Харин ч тэд энэ дарангуйллыг үнэн сэтгэлээсээ дэмжиж байсныг нь яана”.

Бөөн ёслол сүр болдог шүүхийн нээлттэй ажиллагаанууд Өдрийн амьдралын харин ч зугаа нь болно гээч... Жинхэнэ хаан хүн яадаг билээ, тэр л номоор Эзэн жаргалтай ард түмэндээ Өдрийн амьдралд нь зориулж олон зугаа цэнгэл бодож олжээ. Жишээ нь гэхэд л Кремлийн цамхаг дээр бадмаарган таван хошуу хатгаж орхисон учир хүмүүс гэр бүлийн хамт Улаан талбайд ирж шөнө хэрхэн гэрэлтэхийг нь шохоорхон харна... Өдрийн амьдралд марш тасралтгүй хангинана, учир нь энэ бол ялагчдын эх орон. Хаант засгийнхан, меншевик, эсер, кадет, цагаантныг бүгдийг нь иргэний дайнаар хуу ялсан.

Одоо хоёр гуравхан таван жил өнгөрөхөд л бүх дэлхийн урд нь гарна. Өдөр болгон сонинууд аль нэг хөдөлмөрийн сайчуулын ялалтын тухай мэдээлнэ, улс даяараа шагшин уухайлна. Шашныг ялчихсан – Ариун Оросоос одоо оройгүй хэдэн сүм л үлдлээ. Шүүх ажиллагаа болгонд чекистүүд муусайн дайсан болон тагнуулуудыг ялна. Тэрбайтугай үхлийг ч ялсан – мөнхийн Ильич бунхандаа ард түмнээ хүлээж байна. Дэлхийн ууган социалист орны иргэдэд Сталин өдөр болгон ямар нэг шинэ ялалт сонсгоно. Чкалов болон түүний онгоцны экипажийнхныг задгай машинд суулган нийслэлийн гудамжаар давхиулав. Тэд дэлхийн түүхэнд анх удаа Москва – АНУ гэсэн маршрутаар ниссэн юм... Жил болгон Улаан талбайд цэргийн, тамирчдын, агаарын парад болно! Энэ бүхний магнайд хөдөлмөрийн баатрууд гол ялалт авчирагчид юм.

1935 онд хорлон сүйтгэгчдийг шүүж байх үеэр нүүрс олзворлолтоор гайхамшиг бүтээх аль нэгэн уурхайчин олж илрүүл гэсэн үүргийг Сталин өгчээ. Чухамдаа мөнөөх хорлогч - сэхээтнүүдийн ажиллаж байсан тэр уурхайгаас хөдөлмөрийн амжилтаараа тэднийг сөрөн гутаах тийм уурхайчин. Эзэн ийм л тоглолт бодож олоод амьдралд нэвтрүүлжээ. Хөдөөнөөс ирсэн, хөгжилтэй царайтай залуу уурхайчин Стахановыг олон, байж боломгүй өндөр рекорд зохион байгуулснаар хорлон сүйтгэгчдийн царайг нэгмөсөн илчиллээ. Бүх орон даяар “стахановч” хөдөлгөөн өрнүүлэв. Хоцрогдсон машин дээр хамгийн өндөр амжилт гаргацгаана. Үйлдвэрийн осол болгоныг хорлон сүйтгэгчдийн ажиллагаа гэж нэрлэнэ. “Стахановчуудын” амжилт бусдыг урагш чирэх учиртай. Одоо Сталин “стахановчууд”-ын их хурал хэмээх баярын шоу тогтмол зохиох болов. Энд тэндгүй коллектив, хамт олон. Тэрээр хамт олны гүрэн байгуулжээ. Бүх юм - хамт олноороо. Ажилдаа ч, гэр орондоо ч хамт олноороо, учир нь ихэнх сууц нийтийнх аж. Амарсан ч хамт олноороо, ням гаригийн зугаалгыг хамт олноороо хийж хөдөө гарна. Хамт олны баяр – Уурхайчдын өдөр, Барилгачдын өдөр, Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын өдөр... Хамт олноороо архидан хөгжилдөхөд зориулсан (хамгийн гол нь хамтдаа) мэргэжил болгоны баярын өдөр бий.   

Тэрээр орон даяар соёл амралтын хүрээлэн нээлээ. Энд тусгай бэлтгэгдсэн удирдаач нарын зохион байгуулалтан дор хүмүүс хөгжилдөн (бас л хамт олноороо) амрах учиртай. Хаана ч хамт олноороо...

1938 онд, ид хядлагын үеэр Москвагийн соёл амралтын хүрээлэнд хөдөлмөрийн хамт олны наадам боллоо. Сая сая хүн жаргалдаа умбан наадав...

Хэдэн сая зурагт хуудас дээр ишилсэн түүний “Амьдрал сайхан боллоо, амьдрахад хөгжилтэй боллоо” гэсэн үг үнэний ортой юм.

Хамт олноороо наадаж байх төв парктай болж аваад тэнд “харагдах суртал нэвтрүүлэг” тогтмол байлгаж байх дээр тэрээр ихэд анхаарав. Энэ нь юу гэсэн үг гэхээр: паркын бүх гудамд түүний болон Бурханлениний хэлсэн үгийн ишлэл, намын уриалга, лоозон бичээстэй байна. Түүний аугаа шавь болох нударганд алагдсан Павлик Морозов, троцкистуудад алагдсан Сергей Киров нарын баримал цэцэрлэгийн модод дунд цайран харагдана. Паркын гол талбайд Бурханленин, Бурхансталин нарын хөшөө сүндэрлэнэ. Цааших гудмаар гипсээр уралсан цээжирхэг, зузаан гуя тондгор бөгстэй эрэгтэй эмэгтэй тамирчдын баримал эгнэнэ.   

Парктаа тэрээр буудлага, шүхрийн талбай байгуулсанд мөн л хамт олноороо буудаж, шүхрээр үсрэх боллоо. Гитлер Германд юу хийж байгааг дуурайн шинэ үеийнхэн чийрэг өсөхөд анхаарав. Аугаа мөрөөдлийг хэрэгжүүлэхэд бэлдэж байгаа юм...

Их хурал амралт хоёрын хооронд ингэж үй олноороо байж идээшихээр хувь хүн хамт олонд шингэн алга болж оронд нь хамт олны жудаг гэгч юм буй болж байгаа нь хамгийн үнэ цэнэтэй зүйл аж. Хувийн хариуцлага гээч юм алга болж, хамт олны хариуцлага буй болов. “Нам ингэж шийдсэн”, “улс орон тэгэж шийдсэн”... Энэхүү хамт олны жудаг нь хэрцгий хядлагын тэр жилүүдэд хүмүүс юу ч болоогүй юм шиг тайван хөгжилдөхөд нэмэр болсон.

Алдарт зохиолч Аркадий Гайдар 1938 онд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхдаа Рувим Фраерман хэмээх зохиолч найздаа бичихдээ: “Намайг нэг бодол их шаналгаж байна... заримдаа би үнэнд их ойртох шиг болох юм... заримдаа бүр... тэрнийгээ хэлчихтэй шахаад л... тэгэнгүүт дотроос нэг нь шивэгнээд болиулаад байх шиг: болгоожил! Тэгэж ярьж болохгүй! Баригдана шүү!”

Өдрийн амьдралд ард түмний хамгийн гол нааддам нь хөл бөмбөг байлаа (Сэхээтнүүдийн хамгийн дуртай эд нь). Айдаст автсан сэтгэл хөл бөмбөгийн тэмцээний үеэр орилж хашгирч байхад мартагдана. Цэнгэлдэх хүрээлэнд санааны мухарт байгаа аййдас түр үргэдэг.

Хөл бөмбөгийн гол хоёр өрсөлдөгч баг байдаг нь: “Динамо (НКВД-ын баг), “Спартак” (үйлдвэрчний эвлэлийн баг). Бүх сэхээтнүүд “Спартак-ыг дэмжинэ. Энэ бол зөвшөөрөгдсөн эсэргүүцэл...

Энэ хоёр багийн тоглолт болоход индэрт НКВД-ын удирдлага гарч ирнэ. Эхлээд Ягода зогсдог байлаа. Ягодаг буудсаны дараа давжаа Ежов гарч ирж харах болов. Ежов буудагдаад Бериягийн ээлж ирлээ. Эд бүгдээрээ “Динамо” багийн халуун дэмжигчид, “Спартак” багийг үндэслэгч бөгөөд гол авч яваа хүн нь болох Николай Старостиныг үзэн ядацгаадаг байв.

Старостиныг улс даяараа танина.

Ленин, Сталин хоёрын дараа орох хамгийн алдартай хүн энэ байсан байх. Улсын хамгийн алдартай дөрвөн хөл бөсбөгчин нь ах дүү Старостин нар.   

Николай Старостин “Динамо” – “Спартак” гэсэн их өрсөлдөөнийг буй болгосон хүн. Тэрээр спортын гандан бууршгүй суутан байлаа.

1936 онд Улаан талбайд тамирчдын ээлжит жагсаал болох байлаа. Комсомолын удирдагч бөгөөд энэ баярыг зохион байгуулагч Александр Косарев парадын үеэр шууд талбайд хөл бөмбөг тоглуулахаар шийджээ. Энэ үүргийг “Спартак”-т даатгасан нь “Динамо” багийн дэмжигчдийн хор шарыг хүргэжээ. Жагсаалын үед Косарев дохио өгмөгц Улаан талбайг тэр чигээр нь аврага том номин хивсээр хучлаа. Талбайд “Спартак-ын тамирчид үсрэн гарч ирж үзүүлэх тоглолт хийв.

 Сталины хажууд зогсох Косарев гартаа цагаан дарцаг атгажээ. Тохиролцсон ёсоор хэрэв энэ бүхэн Эзэнд таалагдахгүй бол дарцгаараа дохин тоглолтыг зогсоох ёстой байв.  

Эзэн хөл бөмбөгөнд дургүй нэгэн. Энэ өдөр тэрээр тоглолтыг хүрэл царайлан үзэж зогсоно. Харин түүний хамтрагчид бунхант индэр дээр ёстой нэг галзуурч байлаа. Ворошилов байдгаараа хашгиран дороо дэвхцэнэ.

Түүний дор үхэшгүй мөнх Бурханленин хэвтэх аж.

Косарев дарцгаараа дохисонгүй, Эзэнд таашаагдлаа хэмээн хөл бамбөгчид гэж бодон хөөр болцгоов... Тэд эндүүрчээ. Бунхан дээр зэрэгцэн зогсох хөөрхий амьтасыг ганц удаа ч гэсэн баярлахыг нь Эзэн энэ удаа ердөө л зөвшөөрсөн хэрэг. Косарев, Чубарь, Постышев, Рудзук гээд тоглолтыг харан хүүхэд шиг хөөрч байсан эд бүгдээрээ намынхаа хамт үүрд тонилох учиртай...

    Өөрийн эх орон нэгтнүүдийнхээ энэ сул талыг тэр сайн ашиглаж чаддаг. 1936 онд болсон хамгийн том үйл явдал нь шүүх ажиллагаа биш, харин ЗХУ-д Баскын хөлбөмбөгчид айлчлан тоглосон явдал байлаа. Сталин ард түмэндээ дахин нэг бэлэг барьсан нь тэр үеийн дэлхийн хамгийн хүчтэй багийг урьсан явдал юм. Улс даяараа хөөрөн баяслаа. Ягода, Ежов нар ихэд хичээв. “Спартак”-ыг тоглолтонд бүртгээгүй учир тэд гагцхүү “Динамо-той тоглох учиртай. Харин баскчууд НКВД-ын багийг дараалан хоёр удаа хусаж орхив!

Улс даяараа гашуудал зарлах нь тэр. Сталин ялах тушаал буулгалаа. “Спартак”-ыг талбайд гаргах саналыг Ежов дэвшүүлэв. Тэд баскчуудад ялагдвал баг тэрчигээрээ дуусаа гэсэн үг гэж тооцоолсон хэрэг.

“Спартак” Москвад бэлтгэл хийж байлаа. Тэмцээн рүү тэднийг ёслолын байдалтайгаар задгай Линкольн машинаар ачиж явав. Замдаа машины дугуй буудчихлаа (НКВД-ын ажил уу?). “Спартак” хоцорвол тэгээд л дуусах нь тэр! Харин тэд амжлаа – шүүгч талбайд гарахад тэд ирчихсэн байв. Машин дотроо дэмжигчдийнхээ нүдэн дээр хувцсаа сольж амжсан тэд талбайд гүйлдэн гарч ирэв. Тэд байдаг хүчээрээ тоглосон юм. Баскчуудын хувьд энэ нь тэмцээн байсан бол, спартакчуудын хувьд амь насны дэнчин байлаа. Тоглолтын төгсгөлд самбарт хүн үнэмшмээргүй тоо гарч ирэв: “Спартак” баскчуудыг 6:2-оор хожижээ.

Улс орноороо хөөрч, танихгүй хүмүүс гудамжинд биенээ барьж авч үнсэж байв. Старостин ардын баатар болжээ. НКВД-ын удирдлага хөмхийгөө зууна.

1938 – 1939 онуудад “Спартак” бололцоогүй зүйлсийг ч болгож улсын аврага болж цомын тэмцээнд бас түрүүллээ. Энэ ч арай хэтэрнээ.

Берия Ежовыг буудсаныхаа дараа хөл бөмбөгийн асуудалд анхаарлаа хандуулав. Залуудаа тэрээр хөл бөмбөгчин байсан, Гүржийн нэгэн багт ч тоглож байжээ. Одоо бол өөрийнх нь ярьж байгаагаар “Динамо” багийн фэн ажээ.

Юун хөл бөмбөгтэй манатай болсон дайны үед энэ хэрэг боллоо.

1942 оны 5-р сарын 20-ы өглөө Старостин нүүрэнд нь туссан хурц гэрэлд сэрлээ. “Бос!” хэмээн зандрах дуунаар харвал чамархайд нь буу тулгажээ. Түүнийг чирч гулдран машинд чихээд Лубянкад аваачин, аль хэдийнээ буудуулсан Косаревын мэдүүлгийг танилцууллаа. Тэгсэн чинь комсомолын удирдагч тамирчдын дараагийн парадын үеэр “Николай Старостинаар толгойлуулсан довтолгооны бүлэг зохион байгуулж нам засгийн удирдагчдыг устгахаар төлөвлөж” байсан болж таарлаа.

Тэр шөнөдөө бас гурван дүүг нь баривчилжээ. Тэд бүгд тус болгондоо арван жилийн хорих ял авсан нь тухайн үеийн хэмжүүрээр харьцангуй зөөлөнд тооцогдоно.

Ийнхүү Старостин ярих байтугай бодохоос ч жийрхдэг байсан Шөнийн амьдралд шилжлээ. 
Орчуулсан БААБАР