Сүүлийн үед манайд үйл ажиллагаа явуулдаг Турк сургуулиудыг хаах, багш нарыг солих гэх мэт яриа гарч, тэнд хүүхдүүдээ сургадаг эцэг, эхчүүд санаа зовних боллоо. Харин ч чанартай сургалт явуулж, хүүхдүүдэд нь дэлхийн хэмжээний боловсрол олж авах зам гүүр нь болдог ийм сургуулиуд хаагдана гэдэг юу гэсэн үг вэ гэсэн яриа энд тэнд сонсогдоно. Турк сургууль хэмээн бидний нэрлэж дассан Эмпати сургуулиудын төгсөгчид ёстой л дэлхийн өнцөг булан бүрт сурч, амжилттай ажиллаж, амьдарч яваа олон жишээг бид мэднэ. Дэлхийн томоохон их дээд сургуулиудаас тэтгэлэг авч, суралцах боломжийг Монголд үйл ажиллагаа явуулдаг эдгээр сургууль тэр хүүхдүүдэд олгожээ. Зөвхөн гадны орнуудад суралцах ч биш, олон хүүхдэд зөв төлөвшил, сурч мэдэх их эрмэлзлийг давхар суулгасныг нь 20 гаруй жилийн түүхээс нь харж болно. “Улаанбаатар Эмпати” сургууль долоодугаар ангиас, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймаг дахь Эмпати сургууль тавдугаар ангиас нь элсэлт авдаг гэдэг. Мөн “Elite international” олон улсын сургууль дэргэдээ цэцэрлэгтэй бөгөөд 1-12 дугаар анги хүртэл Кембрижийн программаар, 100 хувь англи хэлээр хичээлүүдээ заадаг юм билээ. Нийслэлд чанартай олон сайн сургууль бий. Гэхдээ тэр бүрий орон нутагт салбараа нээсэн нь үгүй. Харин хөдөө орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол олж авахад нь Эмпати сургуулиуд хэрээрээ дэмжлэг үзүүлж ирснийг онцлохоос аргагүй. Энэ бол Эмпати сургуулиудын тухай миний ойлголт бас энэ сургуулийн төгсөгчид гээд чадалтай залуус байдаг, хөдөө орон нутгийнх гэлтгүй хүүхдээ сайн сургуульд оруулчихья гэсэн эцэг, эх Ховд, Увсаас Баян-Өлгий рүү хүртэл хүүхдээ явуулж сургадаг эрмэлзэл бий болчихоод байгааг анзаарч явдаг нэгэн. Гэтэл сүүлийн үед эдгээр сургуулиудын талаар Туркийн ЭСЯ-наас үе үе ноцтой мэдээлэл хийх боллоо. Өнгөрсөн долоо хоногт манайд суугаа Туркийн Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж, шинээр ирсэн Элчин сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэр үеэрээ манай Эмпати сургуулиудыг төгссөн төгсөгчдийн дипломыг Туркт хүчинтэйд тооцохгүй болсон тухай мэдэгдсэн. 2017 оноос хойш төгссөн хүүхэд залууст Туркт хувийн болон улсын тэтгэлэг, зардлаар суралцах боломж байхгүй гэнэ. Бүр цаашлаад Туркт заналхийлэх террорист үйл ажиллагаа, Туркийн аюулгүй байдалд энэ сургуулиудын зүгээс нөлөөлөх магадлалтай гэж үзэж байгаа утгатай мэдээллийг хийсэн.

Энгийнээр ойлговол Туркийн аюулгүй байдал, тус улсын удирдагчдын эсрэг хөдөлгөөнийг санхүүжүүлэхэд манайхны хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгдөг мөнгө нөлөөлөөд байна гэж тэд үзэж байгаа юм байх. Турк улсад байдал ямар байгааг монголчууд төдийгүй дэлхий даяараа анзаарч л байна. Өнгөрсөн жилийн наадмын дараахан буюу долоодугаар сарын 15-нд Туркт төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Т.Эрдоган хэл сураггүй байна гэсэн мэдээлэл гарч, удалгүй өөрөө хаана байгаа нь тодорхойгүй газраас видео мэдэгдэл хийж, улмаар засгийн эрхээ буцаан авсныг санаж байна. Тэр цагаас хойш Туркт хэдэн мянган хүнийг баривчлах болж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олноор нь хааж, боловсрол мэдлэгтэй хүмүүс нь нутгаасаа гарахад хүрч, тус улсын олон улстай хийх харилцаа ч адармаатай болсон юм. Оростой муудаж, бүр барилцаж авахын наагуур болсноо гэнэт уучлалт гуйгаад л, германчуудыг нацист гэж, харин Голландын дипломатуудын орж гарах эрхийг хаагаадахсан. Ерөнхийдөө Европын орнуудтай толгой дараалан муудаж, Турк улс хавь ойрынхонтойгоо зогсолтгүй харгалдаж, шилжилтийн насны хямралтай байгаа хүүхэд шиг л авирлаж байгаа.

Тэгвэл энэ бүхэн Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы өөрийнх нь тавьж буй жүжиг болох нь ил болж байх шиг. АНУ, Европын орнууд ч энэ талаар мэдээлэл цацаад эхэлснээс харвал тэгж ойлгогдож байна.

Ази, Европыг холбосон, жуулчлахад таатай, дэлгүүр хоршоо хэсэхэд тохиромжтой гэсэн энэ улсын имиж сүүлийн үед тэс өөр болсон. Гэвч энэ бүхэн тухайн улсын хэрэг гээд орхиж болно. Харин бусад орны хэрэг болоод өргөжөөд ирэхээр анхаарал татаж байгаа юм. Ялангуяа, Европын орнууд одоогийн удирдагчийнхаа эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхийн тулд өөрсдийнх нь нутаг дэвсгэрт амьдардаг турк иргэдэд нөлөөлөх гэж оролдох болсонд дургүйцэж, даргынхаа зараалаар явж байгаа хурган дарга нарыг нутаг дэвсгэртээ оруулахаас татгалзах болсон. Бас төрийн эргэлтээс хойш сүүдрээсээ хүртэл эвгүйрхэх болсон Т.Эрдоганыг ардчилал, хүний эрх, эрх чөлөөг нухчин дарж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэж бид ярилцдаг. Гэхдээ тэнд хүн айлаа гээд энд байгаа бидний хэрэгт орж, хувийн өмчид халдаж болохгүй шүү дээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Эмпати сургуулиуд бол Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй, манай аж ахуйн нэгжүүдийн нэг. Монголын өмч. Энэ сургуулиудыг хааж боох асуудал бол манай боловсролын салбар руу, монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж байгаа хэрэг. Тэгээд ч АНУ, Европын орнуудад байх турк сургуулиуд руу биш, манайх болон Гүрж, Азербайжан, Африкийн зарим орны сургуулиуд руу ингэж халдаж байгаа нь манай улсыг дорд үзэж байгаагийн нэг хэлбэр л дээ. Зээл тусламжийн яриатай, өглөг авлагатай газрууддаа нөлөөлж байх талтай. Тэглээ гээд дорд үзэгдэх ёсгүй, бид. Энд сургууль төгссөн манай хүүхдүүдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхэнд нь халдаж, дорд үзэж байна л даа. Гэхдээ Туркт хүлээн зөвшөөрөхгүй гээд дэлхийн бусад орнуудад хүчингүй болчих хэрэг биш. Нөгөө талаас нэг айл дотооддоо маргаантай байлаа гээд дунд нь бид хохирч, хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхэнд нь халдуулаад байвал өөрсдийгөө л үл хүндэтгэсэн хэрэг болох вий. Тэгээд ч дэлхийн тулхтай улс орнуудын хийж буй мэдэгдэл Р.Т.Эрдоганы Элчин сайдаараа дамжуулан Монголд хийсэн мэдэгдлийг үндэслэлгүй болохыг харуулж байгаа бус уу. Монголын боловсролын салбарт хөлөө олсон, монгол хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр сургалттай, 20 гаруй жилийн туршлагыг дотоодынхоо учрыг олж чадахгүй байгаа даргад нийцүүлнэ гэвэл ёстой уучлаарай.