Бямба гаригт бага үдэд СТӨ-нд хүмүүс пиг дүүрэн. Өглөө 10.30-д эхэлсэн бүртгэл 12.30 гэхэд дуусч, хүмүүс байраа эзлэв. Тайзны голд “АИХ хөдөлгөөний зөвлөлдөх уулзалт, Улаанбаатар хот 2017 оны гуравдугаар сарын 25” гэсэн анонс байрлуулж, танхимын хоёр талаар “Ардын эрхийг хэрэгжүүлэгч дээд танхим”, “Хууль, бодлого тогтоох доод танхим” гэсэн хоёр жижиг анонс өлгөсөн байна. Зөвлөлдөх уулзалтад ирэгсдийг ажвал өнгөрсөн 4 жил эрх барьсан нам болоод одоо засаглаж байгаа нөхөд, тэдэнтэй төстэй харагдах нэг ч хүн алга. Танхимд байрлуулсан улс төрийн агуулга бүхий самбаруудыг орхиод өмссөн хувцас, гаднах байдлыг харвал Бөхийн өргөөнд зохиолын дуучдын тоглолт үзэхээр цугласан үзэгчидтэй илүү төстэй. Ид дунд насныхан голдуу, ахмад, ахимаг насныхан болон залуучууд үлдсэн хувийг эзлэх аж.

Энэ өдрөөс 7 хоногийн өмнө “Ардын их хурал” хөдөлгөөнөөс Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан ч тухайн үед СТӨ-нд орж, үгээ хэлж чадаагүй хүмүүсийн шаардлагаар хоёр дахь уулзалтыг товлосон нь энэ. Гэсэн ч зааланд багталгүй гадна үлдсэн хүмүүс тоо томшгүй. Амьдарч байгаа орчиндоо хэдий бухимдалтай ч өөр нэг хүлээлтийг тээсэн хүмүүс энд цугларчээ. Нийгэм маань яалтачгүй биднийг нам болон төрд дулдуйдаж амьдардаг нэг хэсэг, тэднээс шууд хамааралгүй ч гаргасан шийдвэрийнх нь золиос болж яваа өөр нэг хэсэгт хуваасан байна. Хоёр дахь хэсэгт хамаарах хүмүүс энэ өдөр СТӨ-ний дотор, гадна цугласан гэлтэй.

Зөвлөлдөх уулзалтын гол илтгэгч нь “АИХ” хөдөлгөөний үүсгэн байгуулагч, тэргүүн Б.Батсүх байв. Тэр хөдөлгөөний зорилго, үзэл санааны талаар танхимд цугласан олонд танилцуулсан.

УИХ-ын 37, 38, 39-р тойргууд дээр сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдээс гарсан шууд зардлыг тооцоолж үзэхэд нэг нэр дэвшигчийн гаргасан зардал 2008 онд 35,8 сая, 2012 онд 71,5 сая, 2016 онд 119,2 сая төгрөгт хүрчээ. Сонгогчдыг авлигаддаг мөнгө цаас, элдэв бэлгэ сэлтийг оролцуулахгүйгээр зөвхөн хуульд заасан сурталчилгааны зардал СЕХ-нд гаргаж өгсөн тайлангаар энэ. Үндсэн Хуульд “Иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан. Харин иргэдийн хэдэн хувь нь энэ дайны мөнгө зарцуулж сонгуульд өрсөлдөх боломжтой билээ? Өнгөрсөн 25 жилийн дотор хэдэн иргэн энэ эрхээ эдэлж, сонгуульд өрсөлдөн төрийн эрх барихад оролцсон бэ? 1990-1992 оны УБХ-аас хойш долоон удаагийн парламентад монголчууд хэнийг хэдэн удаа сонгож төрөө түшүүлсэн, парламентын хэдэн хувь нь шинэчлэгдсэн бэ? Их л чамлалттай тоо гарах байх.

Уг нь 1990 онд монголчууд төрийн байгууллаа өөрчлөхдөө олонхийн засаглал бүхий ардчилсан тогтолцоог сонгосон. “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Гэтэл өнөөдөр эргээд харахад иргэд энэ эрхээ эдэлж чадаж байна уу? Намын даргадаа хэн их тал зассан, мөнгө хандивласан нь сонгуульд нэр дэвшдэг. Хүссэн ч, эс хүссэн ч сонгогчид нэгийг нь сонгодог. Сонгогдсон хойноо ажлаа хийхгүй. Хурлаа тасална, худлаа ярина, хулгай хийнэ, ууж иднэ, унтана эвшээнэ. 76 гишүүний өмнөөс 20 хүн хууль батлах юу ч биш. Тэглээ гээд буцаагаад татах эрх нь сонгогчид байхгүй. Дөрвөн жилийн дараа дахиад нөгөө худал үгээ яриад очино доо. Нэг хулгайчаас салахаар дахиад нэг хулгайч нь гараад ирнэ. Ийм л нэг чөтгөрийн тойрог шиг зүйлд орчихоод байгаа шүү дээ. “Олонхийн засаглал биш, олигархийн засаглал болчихлоо” гэж бухимдаад байгаа шалтгаан энэ. Чин үнэндээ эрх мэдэлд ойр, улс төрд нөлөөтэй, холбоо сүлбээтэй 100 гаруй гэр бүл, 600-700 хүн л нийт монголчуудын өмнөөс шийдвэр гаргаж, гаргасан шийдвэр нь иргэдийн нуруун дээр бууж байгаа. Ард иргэдийн төлөө гэхээсээ илүү өөрснийнхөө эрх мэдэл, хөрөнгө чинээг зузаатгах, хамгаалахын төлөө л үхэн хатах болсон нь ч хуудуугүй үнэн.

1990 оны АИХ-ын үед ямар байсан бэ гэж үү? АИХ-ын нийт гишүүдийн 80, 90 хувь нь сонгогдсон тойрогтоо ажиллаж амьдардаг, орон нутгийнхаа иргэдтэй өдөр тутам уулздаг, асуудлыг нь сонсдог, араас нь хөөцөлддөг байлаа гэж тэр үеийн сонгогчид ярьж байна. Арга ч үгүй. Сум орон, хот хороондоо нэртэй устай, ажилтай анхиатай, нутаг усаараа удам судраар нь мэддэг, таньдаг хүнээ сонгож явуулдаг байсан хэрэг. Тэр үеийн УБХ ч бас АИХ-аасаа айж эмээдэг байж. УБХ-ын 14 гишүүн Засгийн газраас баталсан 20-р тогтоолын дараа банкин дахь мөнгөө гэр бүл, ах дүүсийнхээ нэр дээр хуваан байршуулсныг АИХ-ын гишүүд илрүүлж, эргүүлэн татахаар асуудал хэлэлцүүлж байсан тухай АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав эргэн сануулсан. Сум, хороо болгоноос сонгогдсон /тухайн үед 1500 хүн тутмаас АИХ-ын нэг депутатыг сонгодог байв/ 430 гишүүн ингэж ард түмний нүд, чих болдог байж. Одоогийн УИХ дотор тийм нь хэд бол? Хууль зөрчиж, байна, хулгай хийж байна л гэнэ, хэвлэл мэдээллээр чих байтугай юм улайхаар мэдээллүүд хөвөрч л байна, тоож байгаа хүн байна уу? Харин ч хэлсэн нь буруудаж, “Өөрсдөө сонгоо биз дээ, хохь чинь” гэх. “УИХ-ын гишүүн гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдахаас бусад тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй“ гэдэг хууль хүртэл гаргасан улс шүү дээ. Өөрсөддөө зориулаад.

АИХ-ын тухай ярихаар зарим нь “Коммунизмыг сэргээх гэлээ, парламентын ардчиллаас ухарлаа” гэлцдэг. Яг үнэндээ түүхээс аваад үзвэл энэ нь коммунизмтай шууд холбоотой ч эд биш. Бүр 1910-аад он, Богд хаант засгийн үед Улсын Дээд, Доод хуралтай байж, улсын хэргийг хоёр танхимаар дамжуулан хэлэлцдэг байсан нь түүхтэй. Ардын хувьсгалын дараа 1924 баталсан БНМАУ-ын Үндсэн хуульд “Улсын дээд эрх Их Хуралд хадгалагдах бөгөөд мөн хурлын чөлөөт цагт Улсын Бага Хурал, Улсын Бага Хурлын чөлөөт цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газарт улсын дээд эрхийг хадгалуулна" гэсэн байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа буюу мөн оны есдүгээр сард анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УБХ-ын 50 гишүүнийг сонгож байв. Тэдний 31 нь МАХН-аас, МоАН-аас 13, МҮДН-аас 3, МСДН-аас 3 депутат УБХ-д сонгогдсон байна. УБХ-ыг таван жилийн хугацаатай сонгосон ч 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, “Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана” гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу УБХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, одоогийн нэг танхимтай парламентыг байгуулсан. Магадгүй энэ нь алдаа болсон байх. 

Үүнээс хойш 25 жил өнгөрсөн ч парламентын засаглалыг илүү боловсронгуй болгох, тогтолцоогоо сайжруулах тал дээр нэг ч ахиц дэвшил гарсангүй. Энэ талаар гаргасан санал санаачилга бүрийг парламент олонхиороо унагаж, ухрааж байв. Аль нам олонхи байхаас үл хамаараад. Ийм учраас сонгуулиас сонгуульд сонгогчдын итгэл буурч, сонгож байгуулсан төрөө, тогтолцоогоо үзэн ядах хэмжээнд оччихоод байгаа. АИХ хөдөлгөөн буюу хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих санаачилга ч бас ийм шалтгаантай.

Гэвч энэ бол коммунизмыг санагалзсан, ардчилсан зарчмаас ухарсан хэрэг огт биш гэдгийг дээр өгүүлсэн. Англи, АНУ, ХБНГУ, Япон зэрэг дэлхийн хөгжингүй орнууд бүгд хоёр танхимтай парламенттай. АНУ-ын хууль тогтоох байгууллага буюу Конгресс нь хоёр танхимтай. Дээд танхим буюу Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс сонгогдсон 100 гишүүнтэй, тэдний 1/3 нь хоёр жил тутамд дахин сонгуульд ордог. Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаарах бөгөөд одоогийн байдлаар 435 суудалтай байна.

Английн парламент мөн хоёр танхимтай. Лордуудын танхим буюу дээд танхим, Нийтийн төлөөлөгчдийн танхим буюу доод танхим. Парламентын засаглалын хамгийн сонгодог загвар хэмээн үзэж парламентын засаглалтай дэлхийн бүх улс Английн парламентын загвараас үлгэр авсан гэдэг.

Японы парламент бас л Дээд, Доод хоёр танхимтай. Дээд танхим буюу зөвлөхүүдийн танхим 252 гишүүнтэй, танхимын бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх ба нийт гишүүдийн 50 хувь нь гурван жил тутамд солигдож байдаг. Гучин нас хүрсэн Япон улсын иргэн Дээд танхимд сонгогдох эрхтэй, үндсэн чиг үүрэг нь аливаа асуудалд зөвлөх явдал байдаг тул парламентын эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Доод танхим буюу төлөөлөгчдийн танхим 480 гишүүнтэй. Үүнээс 300 суудал нь  нэг мандат бүхий тойргоос  бүрдэж, 200 суудал нь  хувь тэнцүүлсэн  системээр намуудад оногддог байна. Төлөөлөгчдийн танхимын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил, 25 нас хүрсэн Японы улсын иргэн төлөөлөгчдийн танхимд сонгогдох эрхтэй. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг  130 тойргоос сонгох ба тухайн тойрогт харъяалагдах хүн амын тооноос  хамааран 2-6 гишүүнийг нэг тойргоос сонгодог байна. Доод танхим нь хугацаанаасаа өмнө тарвал дахин сонгууль явуулдаг. Гэх мэтчилэн хоёр танхимтай парламентын сайн туршлагууд олон.

Манай улсын ардчиллын чанарыг үнэлэхэд дэлхийн 200 гаруй орноос сүүлийн хагаст, 1990 онд нэг гараанаас эхэлсэн хуучин социалист орнуудтай харьцуулахад Унгар, Польш гэх мэт зүүн европын 10 гаруй орон биднийг хол орхисон байна. Харин Орос, Тажикстан зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд явсан орнууд бидний ард яваа. Улс төр судлаач, доктор н.Мөнхцэцэг үүний шалтгааныг төрийн тогтолцоотой холбон тайрласан. Нэг үгээр шийдвэр гаргах процесст нийгмийн бүх бүлгүүдийг хамруулж чадаагүйгээс “олонхийн” нэртэй цөөнхийн засаглал тогтоод байна. Хэдийгээр Үндсэн хуульд “Ард түмэн төрийн эрхийг барихад төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцоно” гэсэн хэдий ч төлөөлийн байгууллага буюу УИХ нь ард түмнийг төлөөлж чадаж байгаа бил үү? Жирийн иргэд, малчин, тариачин, эмч, багш нар, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнх нь хувь заяатай холбоотой аливаа асуудлууд дээр үгээ хэлж, санал бодлоо тусгаж чадаж байна уу?

Хэрэв хоёр танхимтай парламент руу сонголт явбал тэр нь байнгын ажиллагаатай байх эсэх, улс төрийн намууд оролцох эсэх, орон нутгийн эрх мэдлийг яах ийх, цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлт гээд олон асуудал хөндөгдөж таарна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн зүгээс ч “Одоо УИХ, Засгийн газар дээр ажлын хэсэг гаргаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд шууд саналаа тусгуулаад явья. Ард түмний санал асуулга явуулья. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн парламентын намуудад, тэр дундаа 65 суудалтай нэг намын эрхэнд өгч болохгүй” гэсэн санал санаачилгууд гарч байна лээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлж байна. 1990 оны нийгмийн шилжилтийн чухал үед АИХ, түүнээс байгуулсан УБХ гэсэн хоёр танхимтай парламентын бүтцийг шинэ Үндсэн хуулиар хадгалж, баталгаажуулж чадаагүйнхээ горыг бид өнөөдөр амсч байна. Гэхдээ монголчууд түүхэн эгзэгтэй цаг үедээ хувь заяагаа шийдүүлэх хөвгүүд, охидоор хэзээ ч дутаж байгаагүй юмаа гэж.  Өөр олон хүн “Олигархийн засаглалыг халж, олонхийн засаглалыг тогтоохын тулд хоёр танхимтай парламентын тогтолцоо руу явья. Улс төрийн хувьд ч, засаглалын хувьд ч өөр гарц байхгүй” гэж ярьж байна.

Ердөө дөрвөн жилийн өмнө хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал, диктатурын тухай мөрөөдөж байсан монголчууд одоо эргээд эрх мэдлийг тараах, өөрсдөө илүү оролцоотой, хариуцлагатай байх тухай ярьж байна. Ардчилал гэдэг бол оролцоо юм байна, иргэн нэг бүрийн хариуцлага юм байна гэж...