Яг энэ өдрүүдэд дэлхий дахины нүд чих Казахстаны нийслэл рүү чиглэжээ. Жилийн өмнө «Спящаяорганизация» хэмээн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг (ШХАБ) оросын сайт дээр нэрлэчихсэн байснаас үүдэн би гарчгаа сонголоо. 



Дотор нь ороод чих тавьж, нүд бэлчээвэл «спящая»(унтаж буй) гэж оноочихож арай л боломгүй юм шиг. Зурагтын дэлгэцнээ байнга заларч байдаг дэлхийн ба бүс нутгийн шилдэг лидерүүд цугласан олон улсын томхон хурлын уур амьсгал арай л өөрийг хэлэх мэт. Манай Ц.Элбэгдорж дунд нь орчихсон, хэнтэй л бол хэнтэй гар бариад уулзаад, мөр алгадаад, сугадалцаад явахыг нь харахул Монгол маань ШХАБ дотор хэзээ язааны байраа эзэлсэн мэт сэтгэгдэл төрнө. 

ШХАБ-ыг ОХУ2015 онд даргалахдааБРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг Уфа хотноо зэрэгцүүлэн хийж дэлхийг дэлдийлгэсэн. «G7»-оос БРИКС том, өрнөд ертөнцөд хамаарахгүйчүүд дэлхийн дэг тогтооход оролцож байна гэдгийг харуулах гэхдээ Орос тийм тоглолт хийсэн. Гэхдээ ОХУ даргалах үед л тэгж тоглож болохоос энэ удаа Астанад тэгж тоглолоо гэх тийм шинж тэмдэг огтхон ч илэрсэнгүй. ШХАБ бол бүс нутгийн байгууллага, тэгэхдээ Евразийнх гэдгийг л Астанад нотлохыг зорилоо. 

Евразид гэдгээр «Исламын улс», Өмнөд Хятадын ба Дорнод Хятадын тэнгисүүд дэх зөрчилдөөн, ШХАБ-д Энэтхэг, Пакистан хоёр элссэний дараа тэр хоёр бүрэн эрхт гишүүний статустай оролцож буй, Иран нь дараагийн бүрэн эрхт гишүүн болох шалгуурыг давлаа гэх Оросын лобби гээд энэ удаа яригдах сэдэв мундахгүй. Оросууд хоёр жилийн өмнө суртал ухуулгадаа овжин ашигласан тэрхүү БРИКС ба түүний саммит бол ердөө бэлгэ тэмдэг, харин ШХАБ бол бодлогоо хэрэгжүүлэх биет зэвсэг гэдгийг илтгэн харуулахын чухлыг энэ удаа цохон тэмдэглэх шив. 

«Биет зэвсэг» гэдгийг Оросын бодлого дээр илүү ярих ёстой болов уу. Учир нь ОХУ маань 
Хятадтай «нэгийг харьцах нэг» гэдэг тохиролцоогоор Энэтхэгийг Орос лоббидоод Хятад хариуд нь наймаалцаад лалын хөрш–Пакистаныг нь элсүүлчихсэн болох нь энэ удаа, энэ жил бүр ч тодорхой харагдлаа. «G7»-оос том БРИКС дээр түншлээд байсан Хятад, Энэтхэг хоёр маань 2017 онд түнжин муудсан, тэгээд ч орос нөхдийн ярьж байгаагаар Энэтхэгийг ШХАБ руу Орос л татаж жинхлүүлсэн, хэрэв Пакистаныг зөрүүлж жинхлүүлээгүй бол ШХАБ дотроо Хятад ганцаардах байсан гэх санал дүгнэлт нэгээр тогтохгүй сайтуудад бичээтэй байна. Үнэндээ ч Пакистанаас бусад нь «Хятадын талынх» байх нөхцөлгүй мэт. СССР гүрнээс салж гарсан Дундад Азийн хэсэг улс+ОХУ+Хятадтай дайтаж байсан, эдүгээ хүртэл хилийн маргаантай Энэтхэг гээд бодохул ганц Хятадад найдвартай үнэнч, уламжлалт холбоотон нь Пакистан л байна. Лалын ертөнцөд муу нэртэй яваа, АНУ дахин чангалж эхэлсэн Ираныг ОХУ чухам ямар зорилгоор ШХАБ руу чирч байгааг ойлгож цөхөх юмгүй. 

«ШХАБ-ын Банк» байгуулъя гэх Хятадын 2014 оны саналыг Москва саатуулж дөнгөсөн, түүнээс хойш Хятадын санал унтарсан, гэвч бүр ч баларчихаагүй. Учир нь Хятадын хөрөнгө оруулалт, зээл ШХАБ-ын Төв Азийн гишүүн орнууд руу цутгасаар байгаа. Харин түүнийгээ ШХАБ-ын Банк гэдгээр албажуулъя гэдгээс Орос жийрхсээр байна. Орос нь тэртэй тэргүй Хятадын байгуулсан Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэж орсон, гэхдээ арын албаны үүрэгтэй, гурав дахь хөрөнгө оруулагч нь буюу тэр банкны нийт резервийн 6 хувийг оруулагч.Хэрэв ШХАБ-ын Банк байгуулаадахвал ОХУ нь бүр ч арын албаны үүрэгтэй болж мэдэхээр юм. Тиймдээ ч Путины санал бий: ШХАБ нь Евразийн суурь бааз бүтэц болж зохион байгуулагдах ёстой гэх санал.

Хятадын эдийн засгийн өндөр өсөлт нэг хэсэгтээ саарч, тэр нь тус улсын хөгжилд аюул болоогүй ч хөрш, түнш орнуудад нь бага сага нөлөө үзүүлсэн. Тэр хэрээрээ хоёр жилийн өмнөөс ШХАБ яах бол гэсэн хүлээлт, таамаг мэр сэр яригдаж байсансан. Хятадын Цинхуаих сургуулийн олон улсын харилцааны факультетын профессорЯньСюэтун гэдэг нөхрийг бичсэнийг би сайн санаж байна. Энд бүр эшлэе. ШХАБ саяхныг хүртэл эдийн засгийн интеграц, аюулгүй байдлаа хангахад чухал үүрэгтэй явж ирлээ хэмээн өнгөрсөн цаг дээр бичсэн нь миний гайхлыг татсан. ШХАБ ажиллахаа боливол юугаар түүнийг орлуулах вэ? «НеоШХАБ» гаргаж ирэх үү, эсвэл хоёр талын гэрээний тогтолцоогоор аюулгүй байдлаа хангах уу гэж ирээд л тэр хятад профессор асуулт урсгасан байв.

Цаашаа юу гэсэн гээч? “ШХАБ үүрэг ролио алдаж байгаад туйлаас харамсаж байна”, “ШХАБ-д гэрэлт ирээдүй байсан юмсан”, “хэдийгээр Энэтхэг, Пакистан хоёр түүний бүрэн эрхт гишүүн боллоо ч тийм сайхан ирээдүй байсан даа”. “Энэтхэг, Пакистан хоёр бол стратегийн тэрслэгчид”, “одоо ШХАБ аюулгүй байдлын асуудлаар бүх нийтийн ямар нэг гэрээ байгуулж чадахаасаа өнгөрлөө” гэж тэрээр бичсэн байв.

Эдийн засгийн тухайд дайсан улсууд ч өвөр хоорондоо худалдаа арилжаа хийдэг. ШХАБ нь хэзээ нэгэн цагт эдийн засгийн байгууллага болж болохыг үгүйсгэмгүй. Харин аюулгүй байдалтай холбогдох тэр чиглэл нь гээгдэнэ биз. Бүс нутгийн хэмжээний аюулгүй байдлын нэгдсэн бүтэц удтал бий болохгүй байх. Түүнийг хоёр талын хэлэлцээрээр орлуулж болох уу? Хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээр бол олон талынхыг хэзээ ч   орлохгүй. НАТО-г АНУ ба Европын улс орнуудын хоёр талын гэрээнүүд орлохгүй шүү дээ. Зүүн өмнөд Азид АНУ-ын холбоотон гээд Өмнөд Солонгос, Япон, Австрали, Таиланд, Филиппин гээд байж байна, гэхдээ л тэд нийлээд Умард Атлантын альянсынх шиг үүрэг гүйцэтгэхгүй шүү дээ хэмээн профессорЯньСюэтун бичсэн байв. Энд ШХАБ-аа голсон буюу НАТО шиг болгож чадсангүй гэх харуусал, бас Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д орж ирээд бужигнуулах вий гэх сэрэмжлүүлэг ч байх шиг надад санагдаж байв.

«Тэмээ гэхэд ямаа» гэгчээр ОХУ тэс хөндлөн юм ярьж, байр сууриа ШХАБ-д тулгасаар иржээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд СергейЛавровэнэ удаа биш, жилийн өмнө Ташкентын саммитын өмнөхөн яг ингэж ярьж байжээ. Тэрээр ШХАБ-ыг ихээхэн шаардлагатай, хариуцлагатай бай хэмээн уриалаад «гурван муу»-тай тэмцэх байгууллага болгохыг бараг шаардсан байв. Тэр «гурав» гэдэг нь экстремизм, терроризм,сепаратизм байх аж. ШХАБ 15 жилийн өмнө албан ёсоор байгуулагдахдаа үндсэн зорилгоо тунхагласан, тэр зорилго нь дээрхи «гурван муу»-тай тэмцэх явдал юм гэж 2016 онд тэрээр ярьж байсансан. ШХАБ-ын үйл ажиллагаа төрөлжөөд өргөжөөд байгаа ч анх байгуулсан үндсэн сэдвээсээ хазайж болохгүй, ШХАБ-ын потенциал ашиглагдсангүй хэмээн Лавров ярьснаас үүдээд «спящаяорганизация» хэмээх нэр томъёо гараад ирсэн юмсанж. ШХАБ-аа голсон оросуудын чин санаа нь тэгж илэрсэн л дээ.

Ингэхэд нөгөө ШХАБ-ын гишүүд нь оросын нэрлэсэн «гурван муу»-тай тэмцсээр ирсэн үү? Ямар ч л гэсэн терроризм, сепаратизм баэкстремизмтэй хамтран тэмцэх тухай арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхийг заасан  баримт бичиг баталсан. Хар тамхи үйлдвэрлэх, боловсруулахын эсрэг, хил дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймааны эсрэг, зэвсгийн арилжааны эсрэг, мэдээллийн технологийн салбарт үйлдэгддэг гэмт хэргийн эсрэг тэмцэх тухай түүндээ тусгасан. Экстремизмтэй тэмцэх тухай Конвенц байгуулж батална гэсэн. Оросын профессор АндрейКарнеевын үзэж байгаагаар ШХАБ-ын хүчний байгууллагууд, цагдаа, хар тамхины эсрэг алба, хилийн цэрэг нь өдөр тутам урсгалаараа хамтран ажиллаад, мэдээлэл солилцсон төдийхөн байгаа болохоос байгаа бүх хүч нөөцөө хамтран ашиглахгүй байна, зохицуулалт хэрэгтэй байгаа аж.«НАТО-гийн хариулт» болж ШХАБ гарч ирсэн мэтээр ойлгоод байдгийг АндрейКарнеев буруушаасан. Өргөн хэмжээний цэргийн ба хүчний операц ШХАБ явуулах ёсгүй. ШХАБ бол хатуу хэлбэршин тогтсон бүтэц биш, Евро-азийн өргөн орон зайд хүчээ нэгтгэх талбар хэмээн ойлгох ёстой хэмээн тэрээр үзжээ. 






ОХУ-ын зүгээс ШХАБ-ыг өргөжүүлэхээр ихээхэн адгаж шахаж байдгийг энд тайлбарлахыг хичээе.

Энэтхэгийг лоббидсоор элсүүлэхдээ Пакистаныг аргагүй эрхэнд Хятадаар бас лоббидуулсан. Монголыг байнга уриалан дуудаж урьж залдаг. ШХАБ-даа шинэ өнгө аяс нэмэх, хөгжлийг нь хурдасгах, бусад бүс нутгийн бүтцээс тодорхой зааглахын төлөө Орос тэгдэг байж болох юм. 2015 онд Уфад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар шинэ гишүүд элсүүллээ л болсон. Шинэ гишүүн гэх Энэтхэг, Пакистаны хүлээх үүрэг хэмээн тусгай багц баримт бичиг Гадаад хэргийн сайд нар нь гаргаж өргөн барьсан. Тэрхүү баримт бичгүүдийг шинэ гишүүд нь гишүүн болсон цагаасаа л мөрдөх ёстой. Шинэ гишүүдийн хүлээх үүргийн тухайд л яриад байхаас цаадуул нь ШХАБ-ын гишүүн болоод ямар ашиг хүртхэв гэдэг нь байдаггүй. Монголыг жинхлүүлэхийг ихээхэн шахаад байдгийг цаад утгыг эргэцүүлэх аваас хүлээх үүргийн тухайд баахан багц ирэх нь ойлгомжтой. Батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар нөгөө гуравдагч хөршүүдтэй ярилтгүй болно. АНУ, НАТО-гийн гишүүн орнуудтай цэрэг-стратегийн ямарваа хамтын ажиллагаа явуулахад ШХАБ-аас зөвшөөрөл авах, ШХАБ-ын хяналтад хэрэгжүүлж таарах болно. Цаадуул нь ч бараг хориглоод дуусах байх.

2017 он гараад оросуудын идэвхтэй ярьсан бас нэг сэдэв байна. Иран ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох шалгуурыг хангасан гэх яриа ба санал. ШХАБ хариуцсан Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч БахтиерХакимов энэ тухай анхлан хэвлэлд зарласан. Иран нь 2008 онд ШХАБ-д элсэх өргөдлөө өгсөн ба хэдийнээ ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнд тэнцэх бодит кандидат болжээ. Ираныг элсэхэд учрах саад тээг гэдийг оросууд олж харахгүй байна гэжээ.

ШХАБ-ыг өргөжүүлэх нь цаашаа маргаантай олон асуудал дагуулж мэдэхээр болж байна. Оросын нэг сайтад бичсэнээр бол Ираныг ийнхүү элсүүлэх гэж Орос чармайх нь ШХАБ-ыг удирдахын төлөөх Хятадтай явуулж байгаа тэмцлийнх нь илрэл гэнэ. Эдийн засгийн хүчин чадлаараа өрсөлдөөд Орос Хятадыг барахаа байсан, иймээс Хятадтай хүчний тэнцвэрийг хадгалахын тулд Хятадтай ээдрээтэй харилцаатай, гэхдээ хүнд жинтэй Энэтхэгийг ШХАБ-д оруулж ирсэн. Гишүүнчлэлд ингэж хандаж болохгүйг Хятад анхлан эсэргүүцсэн. Адаг сүүлд нь хятадын экспертүүд ШХАБ-ын байнгын гишүүн орнуудын институц байгуулахыг санал болгож байсан, одоо ч түүнийгээ орхиогүй. Өөрөөр хэлбэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд шиг, ШХАБ-ыг анх хэн хэн байгуулсан («Шанхайн тав»), тэр хэд нь онцгой давуу эрхтэй байх тухай асуудал босч иржээ. Тэгэхлээр «6+2»формат болж таарна. Эсвэл «5+...» гэх үү, бүү мэд?

ШХАБ шинэ гишүүдээр өргөжин тэлээд байвал байр сууриа хэлэлцэн тохиролцох процедур дээр бөөн асуудал үүсч болохыг оросын өөр нэг профессор ИгорьДенисов анхааруулж байна. Одоогоор нийтийн тохиролцооны зарчмаар (консенсус) шийдвэрээ гаргаад болоод байдаг. Ихэнхи шийдвэр нь хүнд суртлын илэрхийлэл болсон, тунхагласан шинжтэй. Тэгвэл түүн дээр нь шинэ гишүүн улс болгоны хувь хувийн амбиц нэмэгдээд бүр ч ойлгомжгүй болно.

Үүнийг «Нэг бүс–Нэг зам» гэхолонулсынчуулгауулзалтынүед ШХАБ-ынханмэлгайханмэдэрсэнболовуу гэж би бодож байна. Бээжинд сарын өмнөхөн явагдсан тэр форумыг Энэтхэг бойкотолсон шийдвэр гаргасныг би хэлж байна. Бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсэн арга барилаар нэгдсэн төслөө хэрэгжүүлэх ёстой атал Хятад нь хятад-пакистаны эдийнзасгийн коридорын төслөө санал болгохдоо НьюДели–Исламабадын хоорондын  маргааны талбар болж ирсэн Гилгит-Балтистаны нутаг дэвсгэрийг дайруулахаар Бээжинд шийдвэрлэснийг Энэтхэг эсэргүүцэн хариу барьж байгаа нь тэр гэсэн байв. Улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хөндсөн эл чухал асуудлаар нэг ч улс орон дэмжихгүй байвал зохино хэмээн Энэтхэгийн ГХЯ-ны мэдэгдэлд уриалсан байв. 

ШХАБ, БРИКС-ийн бүрэн эрхт хоёр гишүүн–Хятад, Энэтхэг хоёр ийнхүү хэмлэлцээд эхлэв үү? Ийм л фонон дээр Астанад ШХАБ хуралдаж байна. Энэтхэгийн нутгийг булаагаад авчихсан гэх Пакистан бас дээд түвшний төлөөллөө ирүүлжээ.

ШХАБ-ыг эдийн засгийн агуулгатай болгож, Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс, мөн Евразийн эдийн засгийн холбоотой холбож өгье гэсэн санаа их яригддаг ба тэр нь бас тунхагийн шинжтэй. Үүнийг Ерөнхийлөгч ВладимирПутин өөрөө хүртэл ярьсан. Энд гурван том институц нэгдэж нийлээд хоршоод хөгжиж өгөх нь гэж сонсогдохоор. Астанад ч энэ тухай ярьж байна билээ. Улс төрчид нь тэгж ярьдаг юм байж, гэтэл яг мэргэжилтний түвшинд очихоор огтоос болж бүтэхгүй юм шиг. ШХАБ-ын өнгө төрх, агуулга хэлбэрийг цоо шинээр томъёолохгүйгээр бүтэхгүй хэмээн тэд ярьцгаадаг. Алин нь үнэн зөв болохыг ирээдүй цаг харуулах болтугай.



Ингэхэд ШХАБ маань харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх, эрх тэгш байх, харилцан зөвшилцөх, соёлуудаа харилцан хүндэтгэх, хамтран хөгжих эрмэлзэлтэй байх зарчмуудад суурилсан байгууллага гэдгээрээ цааш оршин тогтнож, амжилттай үргэлжилсээр байх биз ээ. 2025 он хүртлэх хөгжлийн стратеги гэх баримт бичгээ ирээдүйн ШХАБ-ын «замын зураг» болгож буй.Ямар ч л гэсэн олон улсын харилцааны орчин үеийн системд нөлөө бүхий нэг оролцогч хэмээн ШХАБ-ыг дэлхий нийтээрээ харж байгаа нь Астанагийн энэхүү саммитаас харагдлаа.

Астана, 2017.06.09