Нэг ийм үг байдаг. “Заримдаа үйл явц нь чухал байдаг. Заримдаа үр дүн нь чухал байдаг” гэж. Харин бид ихэнхдээ үйл явцад шохоорхож автаад үр дүнг тооцоолж, урьдчилан харж чаддаггүй. Энэ удаагийн сонгууль ч бас энэ замаар замнаж байх шиг. Нэр дэвшигчдийн сурталчилгаа нь бодлогын өрсөлдөөн биш эмгэнэлт хошин драм болж, бие биенийхээ өмдийг шувталж муухан дэглэсэн шог гараа үзүүлээд явчихаар иргэд сонголтоо хийхэд улам л хэцүү болж байна.

Ер нь бол хүмүүс аливаа сонголтыг хийхдээ болж бүтэж байгаа сайн зүйлээ уламжлан үргэлжлүүлэх, эсвэл таалагдахгүй зүйлээ өөрчлөхийн тулд л сонголт хийдэг шүү дээ. Тэгвэл өнөөдрийн сонгогч өнгөрсөн нэг жилийн турш тулсан МАН-ын дарангуйлал, дур зоргыг тэвчин дэвэргэх үү, эсвэл өөрчлөх үү? гэдэг сонголттой тулж байна. Түүнээс биш хэн нь цэвэр цустай байх, хэнийх нь гэр бүл тогтвортой энэ тэр бол шууд утгаараа иргэдийн нуруун дээр ирдэг ачаа биш юм. Хэтэрхий хувийн шинж чанартай зүйлс. Ингэхэд бид бусдад үзүүлдэг үзүүлэн, билэг тэмдэг л сонгох гээгүй шүү дээ.

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар ч гэсэн бид бас л ингэж гэнэдсэн. Үйл явцыг л хараад байснаас биш үр дүнг нь тооцоолж чадаагүй. “АН-ынхан дотооддоо хэтэрхий хагаралтай харагдаж байна” гээд л МАН-ыг сонгочихсон. Үр дүнд нь цалингаа хасуулж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ нэмүүлэн байж МАН-ын компаниудад төсвийн хөрөнгө оруулалтаар зузаатгал хийх шив дээ. Н.Номтойбаярын “МАК”, Д.Гарамжавын “Монполимет”, С.Бямбацогтын “Алтай трейд” гэх мэт арав хүрэхгүй компанид 700 гаруй тэрбум төгрөгийг концессоор өгсөн. Сонгуулиар босгосон 60 тэрбумын авлигаа 700 тэрбумын ашиг болгоод хуваагаад авчихлаа. Ийм хямрал гэж байх уу? АН-ын эхлүүлсэн бүх ажлыг буцааж нураагаад зогсохгүй нэрийг нь өөрчлөөд эзэн суучихлаа. “Гэр хорооллын барилгажилт”, “Сайн оюутан”, “Гудамж” хөтөлбөрүүд бүгд нэрээ сольж, нүүрээ угаагаад МАН-ын өмч болов. АН-ын үед дотроо ч, гаднаа ч ширүүхэн эсэргүүцэлтэй тулж байж арай гэж урагшлуулсан хуулийн шинэчлэлийг бас л зогсоож, өөрсдийнхөө тогоонд хутгаж бантагнуулаад дахин оруулж ирлээ. УИХ-аар батлаад гаргачихсан хуулийг эргүүлэн татдаг ямар ёс, хууль дүрэм хаана байна аа. Одоо үлдсэн ганц нь НӨАТ-ын буцаан олголт л байх шив дээ. Түүний үр шимээр л өнөөдөр төсвөө тасалдуулчихалгүй татвараа бүрэн аваад явж байгаа гэдгээ эрх баригч нам маань эрхбиш мэддэг юм шиг байна лээ.

Тиймээс бид сонгуульд санал өгөхдөө нэр дэвшигчдийн гаргасан хоосон уриа, пиарчдынх нь хийж байгаа тархи угаалтад автах биш, харин сонгуулийн дараа бий болох бодит үр дүнг нь тооцож саналаа өгч сурах хэрэгтэй болж байна. АН эрх барьж байхдаа дотоодын хагаралтай байсан нь үнэн. Сөрөг хүчний эсэргүүцэл дээр фракциудынх нь зөрчил нэмэгдэж Тавантолгойн ордыг гацаанд оруулсан нь ч үнэн. Гэвч сайн талаас нь харвал Тавантолгойн орд одоо ч гэсэн монголчуудын өмч хэвээрээ байна. Энэ ордыг зарахад хэзээ ч оройтохгүй, зарчихсан хойноо халаглаж суух нь харин эмгэнэл юм. Олзуурхууштай нь одоо бид Тавантолгойгоо яаж ийгээд эргэлтэнд оруулах хэрэгтэй байжээ гэдэг дээр улс үндэстнээрээ санал нэгдэж чадлаа. Мэргэн ухаанд “Муу зүйлээс ч сайн талыг нь олж хар” гэдэг нь энэ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авчихлаа, ард түмний өмчийг дээрэмдчихлээ л гэнэ. Сайн талаас нь харвал буруу гарын аргаар ч бай хамаагүй, энэ том орд 100 хувь Монгол Улсын өмч болсон нь бидэнд олз юм. Одоо харин “гэнэт олдсон” энэ олзоо хуулийн аргаар төр нь дээрэмдээд дампууруулах уу, хувьчлаад өөд нь татах уу гэдэг нь эрх баригчдын дур зорго, монголчуудын шийдэх зүйл болчихоод байна. Ядаж л оросуудаас асуухгүй.

Энэ мэтчилэн бид сонголт болгоныхоо үр дагаврыг нь хүртэж, дараа дараачийн сонголтоо хийхэд сурч боловсорч байна. АН эрх барьж байхдаа дотооддоо хагаралтай байсан нь үнэн, түүнийхээ үр шимийг ч хүртсэн нь үнэн. Харин өнөөдөр МАН-ын эв нэгдлийн “үр шимийг” бид бас хүртэж байна. Энэ бол намаараа нийлээд улсаа, иргэдээ тонож дээрэмдэж байхад бид юу ч хийж чадахгүй байгаа явдал. Өчигдөр биднээс дээрэмдсэн мөнгөөрөө өнөөдөр бидний саналыг худалдаж авч байна. МАН хөдөөд сонгогч бүрт 70 мянган төгрөг бэлэн тараагаад эхэлчихэж. Нэг нь авахаар нөгөө нь бас авмаар болно биз дээ. Ийм маягаар иргэд ирээдүйгээ худалдаж эхэлж байна. Сая хүн саналаа өгнө гэж тооцвол 70 тэрбум төгрөг, түүний 50 хувийнх нь саналыг авахад хангалттай гэж тооцвол 35 тэрбум төгрөг тараах нь л дээ. Төсвөөс туусан 700 тэрбумын дэргэд юу юм бэ л биз дээ.

Гэвч өнөөдөр таны сонгох эрхийг худалдаж авч байгаа төр маргааш өөр юуг тань худалдаж авах бол? Энэ маягаар улс үндэстнээрээ нэг намд худалдагдаад дуусах уу, эсвэл үүнийг сөрөх хүчтэй нэгнийг сонгож /С.Ганбаатар лав биш/ эрх мэдлийг тэнцвэржүүлээд өөрсдөө бүрэн бүтэн үлдэх үү? Ийм л хоёр сонголтоос нэгийг нь сонгох болоод байна. Бичвэрийн эхэнд хэлсэнчлэн “үйл явцыг биш, үр дүнг нь харж” сонголтоо хийх нь хамгийн зөв сонголт.