Нэг сарын өмнөх ярилцлага. Гадаад харилцааны салбарт олон жилийн турш ажиллаж буй гадаад бодлогын эксперт Д.Баярхүү Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын(ШХАБ) 17 дахь удаагийн дээд түвшний уулзалтын талаархи ажиглалт дүгнэлтээ МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчтэй ийнхүү хуваалцаж байжээ.



- Монгол Улс урьд өмнө нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтуудад ажиглагчийн хувиар оролцсоор ирсэн. Энэ удаад ч мөн адил ажиглагчийн статустайгаар оролцож байна. Манай улс энэ удаагийн уулзалтын явцад ямар асуудлыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ? 

Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч гишүүн. Ажиглагчийн статустай 4 улс байдгийн нэг нь. Монгол Улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол хамтын ажиллагаа гэдэг утгаараа манай улсын хөгжил дэвшлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад ач холбогдолтой  юм.

ШХАБ-ын хэлэлцэж буй цэрэг, улс төр, аюулгүй байдлын асуудал нь Монголын хувьд  тулгамдсан асуудал биш юм. Түүнчлэн ШХАБ-ыг даргалж буй Казахстаны хувьд ч мөн адил хамтын ажиллагаа чухал гэж үздэг. Харин ОХУ-ын хувьд аюулгүй байдлын асуудал, шинээр гишүүн элсүүлэх асуудлыг илүүтэй хөнддөг байх жишээтэй. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Рашид Алимовын хэлснээр бол, ШХАБ-ыг өргөтгөх гэж яарахгүй байгаа, энэ бол ерөөсөө туйлын зорилго биш юм. ОХУ-ын хүсч шахаж байгаагаар бол Иран улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцэх, болж өгвөл өргөдлийг  хүлээн авах нь чухалд тооцогддог. Үүнийг бусад гишүүн орнууд бүгд санал нэгтэйгээр дэмжихгүй байгаа гэдгийг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Монголын хувьд  гэхэд, хамтын ажиллагааны энэ байгууллагын ажиглагч болсноосоо хойш Төр, засгийн тэргүүн нарын түвшинд байнга оролцсоор ирсэн билээ.

- Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр хөрш гурван улс болох Монгол Улс, ОХУ,БНХАУ-ын удирдагчдын гурван талт уулзалт болохгүй юм байна. Энэ нь ямар учир шалтгаантай вэ? 

Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын удирдагчдын уулзалт бол механизм. Энэ механизм нь өөрөө мөчлөгтэй. Гурван уулзалт хийгээд нэг цикл /мөчлөг/ нь дуусч байгаа юм. 2014 онд Душанбе, 2015 онд Уфа, 2016 онд Ташкентад уулзалтууд болоод нэг мөчлөг өндөрлөсөн байна. Энэ гурван уулзалтаар ярьсан хэлэлцсэн, гаргасан шийдвэр хангалттай олон бий. Хамгийн гол нь тэдгээрийг хэрэгжүүлэх ажил хоцорч үлдчихээд байна. Манай улс хөгжил, дэвшлийнхээ зорилтыг хангаад, өр ширнээсээ салаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замд эрчтэй орох аваас энэ асуудлыг нухацтай шийдэх боломж бий болно. Ташкентын уулзалтын үеэр харилцан тохиролцсон 30 гаруй баримт бичиг байгаа. Гурван талт уулзалт болохгүй гэдэг нь улстөрөөс үүдэлтэй асуудал биш, энэ бол мөчлөг дуусч байгаатай холбоотой шийдвэр. Гурван удаа уулзлаа, одоо харин дөрөв дэх уулзалт нь шинэ мөчлөгөөр явах нь зүйтэй гэсэн утгаараа энэ удаад гурван улсын дээд хэмжээний уулзалт болохгүй юм.


- Хамгийн ихээр анхаарал татаж байгаа асуудал бол Энэтхэг, Пакистан хоёр улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлж байгаа явдал боллоо. Байгуулагдсан цагаасаа хойш ШХАБ шинээр жинхэнэ гишүүн элсүүлээгүй шүү дээ? 

Ер нь бол, “Шанхайн тав” гэж 1996 онд байгуулагдсан, сүүлд нь Узбекистаныг нэмж элсүүлсэн юм. Цаашдаа 6+2 эсвэл 5+3 гэсэн хувилбар бүхий бүтэцтэй байх нь зүйтэй гэсэн санал шаардлагыг Хятад улс хүчтэй тавьж байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гэж онцгой эрхтэй 5 улс байдаг. Үүнтэй нэгэн адилаар ШХАБ-ыг үндэслэгч зургаа гэдэг утгаараа ийм бүтэцтэй болъё гэсэн асуудлыг Хятад улс тавьж байгаа юм. Энэтхэг болон Пакистаны хувьд гэвэл, энэ хоёр улс геополитикийн томоохон тоглолтод орж ирлээ гэж үзэж болно. ОХУ-ын хувьд гэвэл, 2015 оноос хойш олон улсын хориг арга хэмжээнд өртөөд байгаа. Ганцаардсан учраас тус улс холбоотны эрэлд гарч байгаа юм. Тэр дундаа ШХАБ-ын дотроо ч гэсэн холбоотны эрэлд гарсан байгаа. Цэрэг улс төр, аюулгүй байдлын хувьд гэвэл ОХУ яах аргагүй ШХАБ дотроо тэргүүлэгч улс мэт санагдаж болно. Харин эдийн засаг, санхүүгийн нөөц боломжийн хувьд Хятад улс давамгайлдаг, илүү хүч нөлөөтэй байх жишээтэй. Цаагуураа бол ШХАБ-д хэн нь давамгайлах вэ гэдэг тал дээр далд өрсөлдөөн явагдаад байгаа юм. Тэгэхээр оройлохын тулд өөрийн холбоотнуудыг гишүүнээр элсүүлэх явдал Оросын хувьд чухлаар тавигдана. 2015 онд Уфад болсон дээд түвшний уулзалтын явцад хоёр зүйл ажиглагдсан л даа. Нэгдүгээрт, Уфагийн уулзалтын үеэр Энэтхэг, Пакистан хоёрыг элсүүлнэ гэж тохиролцсон. Бараг элсүүлчихлээ гэж ойлгосон. Уфад мөн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болсон. Гэтэл энэ хоёр улс яагаад хоёр жилийн хугацаанд гишүүн болж чадсангүй вэ? Ташкентад болсон уулзалтын үеэр яагаад элсээгүй вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүний шалтгаан нь жижигхэн зүйл байсан. Тодруулбал, ШХАБ-ын албан ёсны хэл нь орос, хятад хэл байна гэж заасан байдаг. Гэтэл Энэтхэгийн албан ёсны хэл нь англи, цаашилбал энэтхэгчүүд 10 гаруй хэлээр ярилцдаг. Ажил хэргийг орос, хятад хоёр хэлээр явуулна гэдэг дээр зөрчил маягийн зүйл үүсээд, үүнийг даван туулах гэж нэлээд хүчин чармайлт гаргасан байна. Үндсэндээ бол, Энэтхэг, Пакистан хоёр “орос, хятад хэлийг хүлээн зөвшөөрье” гэж буулт хийснээр ШХАБ-д гишүүнээр элсч байна гэж ойлгогдож байна. Нөгөө талаас,  Ираныг гишүүнээр элсүүлэхийг ОХУ шахаж байгаа. Өмнө нь болж байсан Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын нарын уулзалтуудын үеэр “Иран улс ШХАБ-ын бүхий л шалгуурыг даваад байна” гэж ОХУ удаа дараа мэдэгдэж байлаа. Ямар шалгуур тавьсан бэ? Иран улс өнөөдөр олон улсын хориг арга хэмжээнд орчихсон байгаа. Нэлээд хүнд байдалд ороод байгаа улс. Тэгэхээр ШХАБ-д гишүүнээр элсч  чадах уу. Элслээ гэхэд ШХАБ анх байгуулагдахдаа тавьж байсан зорилгод нийцэж байгаа юу гэх мэт асуултууд урган гарна.

- Энэтхэг, Пакистан хоёрын хувьд хоорондоо газар нутгийн маргаантай байгаа, гэтэл ШХАБ-ын дүрэм журамд газар нутгийн маргаантай байгаа улс орнуудыг тус байгууллагад үндсэн гишүүнээр элсүүлэхгүй гэж заасан байдаг. Энэ хоёр улсыг элсүүллээ гэхэд энэ нь ШХАБ-ын зорилгод харшлах тал бий юу? 

Оросын эрдэмтэн судлаачид ч ярьж байсан, би ч мөн адил энэ талаар бичиж байсан. ШХАБ нь Хятад-Пакистаны стратегийн хамтын ажиллагаа ба үүнийг сөрсөн Орос-Энэтхэгийн харилцааны талбар болж магадгүй,эсвэл  Энэтхэг-Пакистаны хилийн маргааныг зохицуулдаг, түүнийг ярьж хэлэлцэж байдаг индэр болж хувирах вий гэсэн болгоомжлолууд бий. Та бүхэн мэдэж байгаа байх, энэ оны 5 дугаар сард “Бүс ба Зам” чуулга уулзалт Бээжинд болсон. Ийм том уулзалтад Энэтхэг бойкот хийгээд оролцоогүй. Тухайн үед гайхаж байсан л даа. ШХАБ-ын түнш, БРИКС-ийн  түнш энэ хоёр орон бие биенийхээ зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтад оролцохгүй бойкотлож байна гэдэг бол ноцтой зөрчил байна гэдгийг харууллаа. Ямар зөрчил байсан бэ гэвэл, Хятад, Энэтхэг хоёрын хооронд газар нутгийн маргаан байгаа шүү дээ. Хоёр удаа байлдаж тулалдахдаа хүрсэн улсууд. Энэтхэг-Пакистаны хооронд Кашмирын асуудлаар маш том зөрчилдөөн үүсгэсэн. Гэтэл Кашмирын нутгаар дайруулаад Хятадаас Пакистан руу бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байжээ. Энэ төслийг “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд ярьж байсан учраас Бээжинд болсон Торгоны замын чуулга уулзалтад Энэтхэг улс оролцохоос татгалзсан юм. Ийм шийдвэр гаргалаа гэдгээ Нарендра Моди шууд зарлан мэдэгдсэн.

- Сүүлчийн асуулт. Энэ удаагийн уулзалтаар терроризмын аюул заналын асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Энэ асуудал Астанагийн тунхаглалд багтаж байгаа юу? 

Багтаж байгаа. Терроризмын эсрэг тэмцэх тухай Конвенцийг энэ удаагийн Астанагийн уулзалтаар гаргах бололтой байна. Ийм Конвенцийн асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа зүйл юм. Тодруулбал, ОХУ-ын хувьд, гурван аюул буюу экстремизм, терроризм, сепаратизм буюу хэт даврах үзэл, терроризм, салан тусгаарлах үзлийн аюул тулгарч байгаа талаар байнга ярьж байна. Ташкентын уулзалтын үеэр ч, өмнө нь ч энэ талаар олонтоо ярьж байсан юм. Энэ гуравтай тэмцэхгүй л юм бол ШХАБ үүргээ биелүүлэхгүй байна гэж тус улс үзэж байгаа нь илт. Харин Хятад улс болохоор “Торгоны зам”-ын төслөө ШХАБ-тай холбох сонирхолтой байдаг. Ийм нэгэн зөрчил ажиглагдаж байгаа юм. Олон улсын терроризмын аюулд нэлээд өртөж байгаа улс бол ОХУ. Терроризмын аюул Афганистанаар дамжаад Төв Азид ороод ирчихсэн байна. Казахстан ч гэсэн террористуудын халдлагад өртөж байсан улс. Туркменистаны хувьд нөхцөл байдал арай дээр байгаа юм. Узбекистанд лалын тулгуур үзэлтнүүдийн зэвсэглэсэн нам хүртэл бий болчихлоо. Ийм учраас терроризмын аюул заналтай тэмцэх асуудал энэ удаагийн уулзалтаар гарцаагүй хөндөгдөнө гэж үзэж байна.

/Астана хот, 2017.06.09/ Б.Адъяахүү