Цэрэг дайчдаа яг одоо хадланд дайчлая. Арвин их өвс, малын тэжээл бэлтгүүлээд малчдад заръя! БХЯ ингэж мөнгө босгоё!


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол татвар төлж, хүмүүс цалинжуулж, аж ахуй эрхэлж ирсэн туршлагатай хүн бөгөөд Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уулзалт, мөн МҮОНТ-ийн шууд ярилцлагад оролцохдоо хэлсэн ярьснаас нь хоёр үндсэн санааг сугалан авч саналаа нэмэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ. 

Тэрээр хөдөө аж ахуйн салбарыг онцолсон.

- Хөдөө аж ахуй бол манай орхигдсон бөгөөд хамгийн том салбар. Өнөөдөр 60 сая малтай гэдэг боловч мах, арьс, ноос, ноолуураа зарж чадахгүй байгаа. Би үүнийг мартагдсан салбар гэж байгаа юм. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газартай хамтарч хөдөө аж ахуйн салбарыг бодлогын хувьд уул уурхайтай зэрэгцэхүйцээр гаргаж ирнэ гэсэн үзэл бодолтой байна.  Жил бүр бид 10 сая орчим ширхэг арьс ширийг хагас боловсруулж буюу бараг түүхийгээр нь, нэмүү өртөг шингээлгүй экспортолдог. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монгол Улс түүхий эдээр нь гаргадаг гэдэг боловч өнөөдөр энэ салбар бодлогын хэмжээнд дэмжигдээгүй. Дандаа арилжааны зээлээр ноолуурын үйлдвэрүүд ажилладаг учраас босч хөл дээрээ зогсоход хэцүү. Ихэнхи ноолуурыг түүхийгээр БНХАУ руу экспортолдог гэжээ. 

Тэрээр цааш нь бас нэг салбарыг онцолжээ. Тэр нь арьс шир.

- Арьс шир боловсруулах үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчдоор хийлгэсэн. Нийтдээ 300-400 сая орчим ам.доллараар жилд 10 сая орчим ширхэг арьсыг хагас боловсруулж, түүнээс бэлдэц бэлдэж Европ руу экспортолно гэсэн бэлэн төсөл бий. 

Тэрээр өмнө нь ингэж онцолж хэлж байсан.

- Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрхи цохолтыг баяжуулан өөрийн бодсоныг санал болгоё. Хүн төрөлхтөний 6000 жилийн түүх бичлэгийг харж байхад бүх түүхийнхээ туршид тэд газартайгаа ажиллаад иржээ. Энд аль нэг үндэстнийг онцгойлох гээгүй. Газар тариалангийн үйлдвэрлэл улам л өргөжин тэлнэ үү гэхээс манайх шиг ийм их газар нутагтай улсад хумигдах ёсгүй гэж монголчуудаас бусад нь үздэг юм байна. 



Учир нь манайх шиг ийм их хүнсний импорт хийдэг улс дэлхийд тун ховор, тэр ч бүү хэл бэлчээргүй, усгүй, малгүй Сингапур, Хонконг ч хүртэл ингэдэггүй. Иймд хүнсний аюулгүй байдлаа хангах гэж томоор ярьдаггүй юмаа гэхэд амин зуулгаа хангах, өлсөхгүй байх наад захын шаарлагыг хангах гол шалгуур нь хүнсний импортыг эрс багасгаж, ихэнхи хүнсээ өөрсдөө бүтээх явдал гэж гадныхан зөвлөж байна. 

Мал сүрэг маань 66 саяыг давлаа гэсэн, тэгэхээр түүнийг адгуулах малчин байж таарнаа даа. Хотоор нэг сул холхисон, ажилгүй, хотод аж төрөх чадваргүй, захуудыг бараадсан, урт гарладаг, ер нь нийгэмд онцын үүрэггүй нийгмийн энэ их хүчийг нөгөө импортлоод байдаг хүнсний салбар руу төвлөрүүлж, айл хашаа болгон хүнсний ногоо тарьчихвал лав Эрээн хот модоо барина гэсэн нэгэн шинэ онолыг би гаргаж тавьж байгаа царай нь энэ. 

Далай шиг их газар дээрээ төмс, хүнсний ногоогоо тариалаад, хүлэмжинд жилийн дөрвөн улиралд нарийн ногоо, жимс, жимсгэнэ тариалаад, имортлох нь бүү хэл экспортлоод, туслах аж ахуй хөгжүүлчихвэл уг нь гуравхан сая хүний идэх уух хэрэглэх тун амархан л даа. Хэрэв тэгж чадвал уул уурхайгаа захаас нь хаагаад эхэлсэн ч болно. Энэ тухай зориглож сэтгээч, хөдлөөч хэмээн би олон жил бичсэн дээ.   

Хотоор нэг сул холхисон, ажилгүй, хотод аж төрөх чадваргүй, захуудыг бараадсан, ер нь нийгэмд онцын үүрэггүй нийгмийн энэ их хүч гээд биччихсэнд эмзэглэх хэрэггүй. Энэ  их хүн хүчийг төмс, хүнсний ногоо руу дайчлах, амины хашаатай айл болгон ногооны талбай гаргаж зуны гуравхан сар тордоход л өвөлдөө идэх төмс, хүнсний ногоогоо авчихаж чадна гэдгээр хандаасай хэмээн уриалан дуудаж байгаа маань энэ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-ийн шууд ярилцлагад оролцохдоо бас нэг чухал санал хэлээдэхсэн. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаал гээд ойлгочихож болохгүй гэж үү? Тэрээр:

- Армиа бүтээн байгуулалтанд татаж оруулна. Өнөөдөр Монгол улс энх тайван байгаа цагт арми яагаад бүтээн байгуулалтанд оролцож болдоггүй юм. Яагаад армиараа дамжуулаад эх оронч, эрүүл чийрэг иргэдээ бэлтгэж болдоггүй юм. Яагаад армиас халагдахдаа орон сууцны мөнгөтэй халагдаж, мэргэжил эзэмшиж болдоггүй юм бэ гэжээ.



Ямар мэргэн үг вэ? Ёстой загатнасан газар маажих шиг боллоо. Арми улсын төсвөөр тэжээлгэж, төсвөөс цалинжиж, санхүүжиж байгаа бол түүний зарим хэсгийг нь өөрсдийнх нь бүтээн байгуулалтаас босгож байя гээд Төрийн тэргүүн маань хэлчихсэн бус уу?

Энх тайван бүтээн байгуулалт гэж хэлжээ. Бүтээн байгуулалт гэж ерөнхийд нь хэлснээс бус  тэрээр салбар бүрийг салгаж ярих албагүй. Түүнийг БХЯ, Жанжин штаб, Ар талын алба боловсруулж дэвшүүлэх хэрэгтэй. Тэгж боловсруулахад нь би санаагаа нэмэрлэе.

Ерөнхийлөгчийн хэлсэн хөдөө аж ахуйн салбар руу би чиглүүлэх гэж байна. Цэргийн анги нэгтгэл болгон дэргэдээ хүнсний ногооны тариалангийн газартай, түүн дээрээ хаврын субботникээр төмс, хүнсний ногоогоо тариалчихдаг, зунд нь бага зэрэг тордчихдог, хур бороо нарны элчээр болгочихдог, намар субботникээр хураагаад авчихдаг, хурааснаа өвөлжингөө идчихдэг болбол улсаас цэргийн хүнсэнд зардаг мөнгө ямар ихээр хэмнэгдэх бол доо? Хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын албанд мөн л хамаатуулж ярьж байна. Хорих ангиуд ч бүгд ингэвэл таарна.

Тэр 66 саяас давсан мал сүргээсээ хэсгийг нь тасдаад армид шилжүүлээд маллуулчих, өсгүүлчих. Дээр үед чинь хилийн отряд, застав болгон өөрийн малтай, цэргийн зарим ангиуд гахай тахианы жижиг аж ахуйтай байсныг одоо сэргээчих л дээ. Дээр нь төмс, хүнсний ногооны талбайтай болгочих. Цэргүүдээ дайчлаад, кампаничлаад, субботникдоод ажиллуулчих. Илүү гарснаа зах зээлд гаргаад борлуулчих. Аж ахуйн тооцоонд оруулчих. Хэн сайн ажилласан цэрэг нэг бүрт данс нээчих. Энэ юу нь хэцүү байна вэ? 

Хөрш зэргэлдээ Хятадын ардын чөлөөлөх армийн олон жилийн эрхэлж ирсэн ажлын туршлагыг очоод судалчих. Ингээд л боллоо. Монголын зэвсэгт хүчин өөрөө хөдөө аж ахуйн маш том салбартай болчихно. Идэр залуу эрс цэргийн эрдэмд суралцахын сацуу газар тариалангийн наад захын мэдлэгтэй, дур сонирхолтой, дансандаа мөнгөтэй халагдаг л дээ.

Барилгын цэрэг гэж социализмын үед маш том хүч байсан. Тэдний хүчээр боссон хот, тосгон, барилга байгууламж гэж тоймгүй бий. Одоо түүнийгээ сэргээдэггүй юм аа гэхэд цэргийн байгууллагын барилгын бүх ажлыг барилгын цэргээрээ хийлгэчих. Аж ахуйн тооцоонд оруулчих. Арилжааны үндсэн дээр барилгын цэргээр иргэний барилга байшин гэрээгээр бариулчих. Барилгачин цэрэг нэг бүр данстай байг. Халагдахдаа мөнгөтэй, мэргэжилгүй нь мэргэжилтэй болоод халагдаг л дээ. Юу нь болохгүй байгаа юм бэ?