2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы шийдвэрээр дэлхийн 193 орон тус тусынхаа "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол улс ч хөтөлбөрөө боловсруулж, УИХ нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан юм.

Энэ хөтөлбөрт хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, далай тэнгисийн нөөцийг хамгаалах, хуурай газрын эко системийг хамгаалах, энх тайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг 17 зорилго орсон юм.

Эдгээр зорилгыг хангахын тулд маш тодорхой 169 зорилт тавьсныг улс бүр өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Монгол улс тавьсан зорилтоо өнөөдөр яаж хэрэгжүүлж байгааг сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллүүд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод, НҮБ-ын төв байранд хэлэлцэв. Энэ хэлэлцүүлгийг мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болох 9-р сарын 28-нд зохиосон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь иргэдийн мэдээлэлтэй оролцоогүйгээр тогтвортой хөгжил хаана ч бий болохгүй ажээ.

Зорилт бүрийн хэрэгжилтийн тухай нэг нэг илтгэгч танилцуулсан бөгөөд наймдугаар зорилтын “эдийн засгийн өсөлт” гэсэн заалтаар үг хэлэх саналыг надад тавьсан юм.

Мөрөөдлийн жагсаалт

Хэрэв Монгол улс тавьсан зорилгоо биелүүлчихвэл хөтөлбөрт зааснаар “2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс” болох ажээ.

Бүр нарийвчлан тавьсан зорилт нь “1. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17.500 америк долларт хүрнэ. 2.Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. 3.Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. 4.Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. 5.Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. 6.Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ. 7.Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно. 8.Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно. 9.Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно. 10.Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна” гэжээ.

Бид энэ зорилтуудаа биелүүлчихвэл иргэн бүр элбэг хангалуун амьдрах боловч мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэд бид дор бүрнээ, бас нэгдэн хамтраад ирэх 12 жилд ихээхэн хичээх шаардлагатай байна. Эдийн засаг, нийгэм байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтуудаас би зөвхөн эдийн засгийг нь, түүний дотор макро эдийн засагт бодит байдал ямар байгаа, юу хийх хэрэгтэй тухай доор онцлов.

Мөрөөдөл бодитой юу?

Макро эдийн засгийн хувьд зөвхөн хоёр зорилтыг нь авч үзье. 2030 он хүртэл эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6.6 хувиас доошгүй байж, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрэх боломжтой юу? Дотооодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн улсад оршин сууж буй бүх хүмүүс жилийн эцсийн байдлаар бүтээсэн нийт үнэ цэнийг хэлдэг бөгөөд дээр нь нэмж гадаадад буй монголчуудын шилжүүлсэн мөнгийг тооцсоныг үндэсний нийт орлого гэдэг.

Монгол улс 2014 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг 4166 доллараар тооцон, 2030 он гэхэд 17.500 доллар болгохыг зорьж байна. Харьцуулбал, 2016 оны байдлаар манайхтай төсөөтэй эдийн засаг бүхий Чили улсын нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянга, харин Солонгос 27 мянга, Хятад 8 мянган доллар байна. ҮСХ-ны мэдээлснээр 2031 онд Монгол улсын хүн ам 4 саяд хүрэх учир энэ нь эдийн засаг 70 тэрбум америк доллартой тэнцэнэ гэсэн үг. 2014 онд 12.4 тэрбум ам. дол байсан эдийн засаг ирэх 15 жилд 5 дахин өсөх ажээ. 1990 ны хувьсгалаас хойш 25 жилд монголын эдийн засаг 10 дахин өссөн учир энэ мөрөөдөл биелэх магадлалтай.

Гэтэл энэ магадлалыг бууруулж мэдэх, өмнө нь харьцангуй бага байсан ч, шинэ мянганаас хүч түрэн гарч ирсэн, шинэ, сөрөг үзэгдэл болох авлигыг хазаарлаж, зогсоож чадах эсэхээс монголын мөрөөдлийн биелэлт хамаарах ажээ. Авлига хээл хахуулиар дамжиж нийтийн хөрөнгө, төсвийн мөнгө алдагдаж, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн дарагдаж байгаа учир түүнийг яаралтай таслан зогсоох ёстой юм. Төр засаг өөрийгөө хянаж чадахгүй учир, авлигатай тэмцэх ажлыг иргэд бид өөрсдөө тэргүүлэх учиртай.

Мөн “төр засаг нь хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, зээлийн баталгааг гаргаж өгөх зэргээр эрсдлийг нь бууруулах арга хэмжээ авах” хэрэгтэй гэж НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Беате Транкман саяхан тэмдэглэжээ.

Ямар ч гэсэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой өндөр байлгахын тулд Монгол улс юуны өмнө нийтийн засаглалаа эрс сайжруулж, төр засгийн бүтцээ тогтвортой болгож, институцийн хувьд бэхжүүлэх шаардлагатай байна. Мөн төрийн өмчийн компаниудаа яаралтай хувьцаат компани болгох, үнийг чөлөөлөх, монополийг арилгах замаар эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихээс өөр сонголтгүй юм.

Улмаар мэдээлэл, харилцааны технологийн хувьсгалын өргөн боломжийг ашиглан монголын залуусыг дэлхийд өрсөлдөх салбарт чиглүүлэн сургаж бэлдэх, оюуны уурхайн баялагаа хөгжүүлэх замаар цоо шинэ эдийн засгийг бүрдүүлэх зорилт бидний өмнө тулгараад байна.

Зөвхөн зөв салбарт, чөлөөт өрсөлдөөнийг бий болгосноор манай эдийн засаг төрөлжин хөгжиж, тодорхой салбарт дэлхийд өрсөлдөх чадвар бий болох бөгөөд тэгж л Монгол улс 2030 он гэхэд дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрэх ажээ.

2017.10.04