Ойрын хорин жилийн дотор хүн төрөлхтөн хэд хэдэн гаж юмсаасаа бүр мөсөн ангижрах урьдилсан төлөв гараад байна. Үүний дөрөвдүгээрт хүн хүнээ шоронд хатааж, шонд өлгөдөг бүхэл бүтэн салбараасаа салахаар болчихжээ.
Энэ “цаг агаарын мэдээ” шоронгийн хүчээр ард түмнээ чадан ядан барьдаг зарим улс орнуудын төр нийгмийн зүтгэлтэнд маш хүндээр тусч байна. Эрх баригчдын ой тойнд нэг л бууж өгөхгүй, мөн итгэж ядацгаана.
Хэн нэгэн нөхөр, ба хуулийн этгээд хэн нэгнийг шоронд хийх буюу, хийхээр санаархах явдал байхгүй болохыг ирээдүйд биш одоо бидний үеийнхэн ч үзэх цаг ирсэн нь үнэн юм.
Ер нь шорон гэгч “аавынх” ямархуу замнал туулж өнөөг хүрсэн юм бол.
Бүр эртний хорих байгууллага нийтийн тооллын өмнөхөөс он жилүүдэд Египт, Хятад зэрэг оронд байсан тухай эх сурвалж олддог. Орчин үеийн шорон анх 1588 онд Европт Амстердам хотноо байгуулагдсан гэдэг.
Тэр болтол гэм хийсэн этгээдийг ташуурддаг, эсвэл дүүжилдэг, торгодог шийтгэлүүд болоод байсан байна. Нэг удаа 16 настай хүү хулгай хийжээ. Тухайн үед хулгайчийг шууд дүүжилдэг ялтай байсан боловч насанд хүрээгүй хулгайчийг насанд хүртэл нь хүлээх шаардлага гардаг. Том болохоор чинь чамайг ална гээд гэр рүү нь хариулалтай биш. Анхны шорон ийнхүү амьдралын шаардлагаар үүссэн гэдэг юм билээ.
Өнөөгийн байдлаар “аавынд” амьдарч буй 9 сая 250 мянган сайн эрчүүд дэлхийн өнцөг булан дахь шоронгуудад “аж төрж” байна. Үүнээс АНУ-д 2,5 сая буюу энэ орны зуун хүн тутмын нэг нь “нарсанд” суудгаараа толгой цохидог. Удаад нь манай хойд урд хоёр хөрш маань тус тус нэг сая хулгайчтайгаараа шил дардаг.
Манай орны хувьд өнгөрсөн долоон сарын нэгний үймээний дараа нэг хүнд ногдох хоригдолын хэмжээ тунгаараа дэлхийн шоронжсон орнуудын эгнээнд орж ирсэн. Социализмийн үед Орос манай хоёрын ард түмнүүдийн дунд нэгэн хэлц үг явдаг байлаа. “Жирийн иргэдийг гурав хувааж болно. Шоронд орох гэж байгаа. Хоригдож байгаа, суллагдсан байгаа гэж” гэж үзэн ард түмнийг айлган залхаан цээрлүүлж байв. Сайн муу бүх юмыг эхлүүлдэг Францын  нэгэн алдартай үг байдаг. “Шорон хоригдлыг ямар нэгэн юманд сургаж дөнгөдөг. Нийгэмд амьдрах аргад сургаж чаддаггүй юм гэхэд шорондоо амиа тээх арга ухааныг олгоод байгаа биз дээ” гэсэн шоронг анх санаачилсан энэ орны энэ ишлэл газар газрын “далд сав”-ны үндсэн учир утга болдог.
Одоо хүмүүсийн маш олон хүчин зүйлээс шалтгаалж шорон дэмий юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа гэнэ. Дээрх хоёр санаанаас харахад олон тохиолдолд хүмүүсийг зөвхөн шоронд хийхийн тулд шорон байгуулагдсан ба ялтан нь хүмүүжихээр бус улам шорнжихоор ирдэг гэсэн аксиом гардаг. Нээрэн ч хараад байхад ихэнх ял төлөвлөлт нийгэмд ач холбогдолгүй, хүсээд байхаар шийтгэл биш байдаг. Өөрийн орон дахь сүүлийн үеийн жишээг санацгаая. За байз. Аа тийм. Нөгөө хадгаламж зээлийн хоршоогоо дампууруулдаг “Баян-Өндөр” сангийн эзэн С.Самбалхүндэв байна. Тэрээр “Би хохироосон хүмүүсийнхээ хохирлыг өөрөө төлчихөе дөө” гээд байхад үгүй ээ чамайг шоронд л хийнэ гэсээр байгаад явуулдаг. Одоо энэ генерал Даш, сайд асан С.Отгонбаяр, “Анод” банкны захирлууд гээд цагтаа сайн үйлс хийж байсан одоо хоригдол болсон хүмүүсийг хэрхэн яаж хүмүүжүүлж, цаашид юуг нь сайжруулахын тулд хориод байгаагийн учрыг бид байтугай тэд өөрсдөө ч ойлгохгүй яваа. Ийм хүмүүсийг хорилоо гээд хэний хохирол барагдаж юу хожиж байгаа билээ. Харин ч эцэс төгсгөлгүй өс хонзон үе дамжин үргэлжлэхийг үгүй гэхгүй. Ингэж болдоггүй юм гэдгийг бусдад сургамж болгон үзүүлэхийн тулд гэж зарим нь тайлбарлах байх. Тэгвэл хүн төрөлхтөн 1500 оноос хойш 500 орчим жил шоронд суулаа. Жил ирэх тутам хулгайчийн тоо нэмэгдээд байгаа болохоос хаширсан юм хаана байна.
Монголд хаа очиж шорон гээч нь нэлээд хожуу үүссэн гэдэг юм билээ. Феодалийн үед хар гэр гэх мэт түр  саатуулдаг газар байсан болохоос нүүж явдаг үндэстэнд нэгнийгээ нүхэнд орхиод одох бололцоо байгаагүй. Манжийн үед баригдсан “Бат гүн” хэмээх ганц шорон барьсан бөгөөд тэр нь хожим Нийслэл хотын комендантын чөлөөгүй явсан цэргүүдийг хорьдог газар болсон. Одоогийн Бөхийн өргөөний хажууд туурь нь байсаар байсан. Жинхэнэ шоронгууд 1930-аад оноос бий болж энд тэндгүй үзүүрийг нь шорлож цавчисан шургааган хашаатай хорих ангиудыг барьжээ. Чухам эндээс л шорон гэдэг үг үүссэн байж магадгүй.
1990-ээд оны зах зээлийн их хямралын үеэр Монголын шоронгууд хоригдлуудаа хооллож чадахаа байж, өлсгөлөн сүрьеэ газар авсан тухай мэдээллийг таг нуугаад өнгөрөөсөн байдаг. Тэр үед хоригдож байсан хүний дурсамжнаас сонсож байхад хоригдлууд өдөр дараалан нас барж оршуулж хүчирдэггүй байлаа. Ар гэрээс нь хүн ирээгүй талийгаач нарыг давхарлаад хураачихдаг. Өглөө дараагийн цогцосыг оруулаад ирэхэд хархнууд хамар чихийг нь юу ч үгүй мэрчихсэн байдаг байж билээ хэмээн дурссан юм.
Одоо манай шоронгийн байгууллага материал техникийн хувьд хамаагүй сайхан хөгжиж жил ирэх тутам шинээр барилга байгууламж барьж, хашаагаа шорон шургаагаар бус бетонон хэрмээр хүрээлүүлж, “Нэг худаг” ачааллаа дийлэхээ больж, Туулын хөвөөндөө “Туул“ нэртэй жилдээ хичнээн л бол хичнээн хулгайч хүлээн авах хүчин чадалтай “саатуулах” байртай болохоор яваа ирээдүй бий. Өвөл ханиад томууны үед зуун хүүхэд хүлээгээд авчих байртай болж амжаагүй. Төрөх тасгууд “алтан гахай” жилийн баян торойнуудыг эх барьж хүчрэхгүй байсан мөртлөө өнгөрсөн жилийн үймээнийхнийг болохоор зуу зуугаар нь өлхөн багтааж байдаг шүү.
Их олон жил хүлээлгүй шорон моодноос гарах цагт шүүх цагдаа, шийдвэр гүйцэтгэгч зэрэг хүчний байгууллагад ажиллах орон тоо цомтгогдож таарна. Мөн архаг хулгайч нар бас ажилгүй болж тэд нар нийгэмд шахагдах болно гэж үздэг юм билээ. Хүн алчихаад шоронд ордог тогтолцоо эсрэгээр эргэж алуулахаасаа өмнө өрсөөд тэдний  “бөөрийг гаргах” эрдэмд нийгмээрээ суралцана. Хүний халдашгүй өмч, амь насны эсрэг шунал, уурын мунхагаар довтолсон этгээдийн хохь нь болоод эхлэхээр хулгайч амьдралаар явах явуургүй болно гэж судлаачид ярьж байна. Энэ тал дээр эргэлзээтэй зүйл олон байгаа боловч тухайн үед нь тохирсон хуулийн зохицуулалт гарах биз. Юутай ч шорон явуургүй гэдэгтэй олон орон санал нэгдээд байгаа нь үнэн. Түүнээс гадна шоронгийн байгууллага, цагдаа, шүүхэд ажиллагсдын тоо гадаадад жил бүр буураад байгаа судалгаа гарчээ. Шалтгааныг асуухаар энд ажиллахад хүний биед дандаа муу инерги хуримтлагдаж, янз бүрийн хараал зүхэлд өртөж , хичнээн ашигтай байгаад ч ар гэр үр хүүхдэд гай зовлон ирдэг гэж хариулцгаажээ. Хэрэв тийм бол шоронг өөрийг нь нэн даруй цаазлавал таарна.