Их хуралд сонгогдохын тулд хөдөө явж тэндхийн хүмүүстэй уулзаж ямар нэг юм амлаж ялалтанд хүрдэг. Амлалтан дундаа “хотыг чинь харлуулаад өгнө өө, гайгүй “ гэж хэлж ёстой болохгүй. Олон сайхан юм амлаж УИХ-ын гишүүн болдог ч тэрнийгээ биелүүлж чадах биш дээ. Сонгогчид ч энэ байдалд эвлэрч ойлгодог.
Юу ч хамаагүй хэлж байж төрийн түшээ болох нэг хэрэг. Болсон хойноо улс орны хөгжлийн төлөө бодож чадаж байна уу гэдэг л чухал байна. Цаашид манай улс ядаж Өмнөд Солонгосын хэмжээний хөгжилтэй болчихвол одоогийн энэ төрийн түшээдийн ихэнх нь ард түмэндээ гологдоно. Хүн амын ухамсар, соёл дээшилхээс үхтэлээ айдаг шинэ цагийн феодал ямар олон болчихоо вэ. Эднээс яаж салах вэ.
Та бүхэн Улсын Их Хурлын ээлжит чуулганыг тогтоод нэг хараарай. Тэнд математикч Б.Баясгалангийн эмхэтгэсэн “Математик цоморлиг” номонд гардагчилан “Пуанкарьегийн теорем” л үйлчилдэг. Шинжлэх ухаан, технологийн нарийвчилсан шийдлийг төрөөс хянах зохицуулах юмуу эсвэл глобал хөгжлийн хамгийн зөв гарцын сэдвээр яриа өрнөхөд олон хүн мэлрээд таг болчихдог. Тэгвэл хонь ямаанд өвс тэжээл тавих тухай яриа гарвал амтай болгон нь шуугилдаад явчихна. Энийгээ болохоор  ямар мундаг мэдэж байна аа. Дэлхийн орнуудын парламентийн бүхий л түүхэнд тохиолдож байсан ийм элэг доогийг математик аргаар илэрхийлсэн юм билээ.[Дашрамд дурдахад уг номыг бодох нь байтугай уншаад ойлгохгүй олон хүн тэнд бий гэсэн]
Улс орныг хөгжлийн гарцанд аваачиж хүргэхийн тулд оюун ухааны боломжийн потентиал хэрэг болохоос гадна нийт хүн ардаа гэсэн өргөн хүрээтэй сайхан сэтгэл ховор хомс байх учиргүй. “Миний тойрогт юу өгөх гэж байна та нар. Намайг дахиад сонгохоо байчихвал би яанаа” гэсэн утгаар бахираад байгаа гишүүдийг харахаас ёстой “дорбинктчихмоор”.
Ерөнцийн гурван харанхуйгийн нэгэнд “Хонигүй айлын хот нэг харанхуй” гэжээ. Энэ үг бол ядуу зүдүүгийн шинж төрх гэж тухайн нийгэмд ил харагдаж байгаа жишээн дээр нь тулгуурлаж оновчтой хэлсэн үг. Тэрнээс биш үеийн үед хониноосоо л битгий салж үзээрэй гэсэн богино ухаан биш байх. Удахгүй долоон тэрбум хүрэх гэж байгаа дэлхийн ард түмэн дотор биднээс өөр шилбүүр бариад хонь хариулж, ямаа самнаж яваа хүмүүс яагаад харагдахгүй байна вэ. Тэр тусмаа бүр дундад зууны хэв маягаараа аж төрж, тэрнийг нь зориуд чухалчилж дөгөөж суудаг тийм төрийн бодлого хаана байна. Аль орны хэн гуай малаа онд мэнд оруулж өөхлүүлсэн туршлагаа ярьж байна. Биднийг ямар чөтгөр хараагаад ертөнцийн хөгжлөөс хэдэн малтай нь хамт хадаад хоцроочихвоо.Дундад зуунд Англи тэр чигээрээ хоньчин байсан нь үнэн. Тэд больж бид мал дээр үлдсэн. Хотоо харлуулсан Англичуудын улаан нүүр цагаан болж урт насалдаг болсон. Хонио дагасан монгол хүүхний хацар нь улайж, гар нь сайртсан. Мөнүү.
Одоо сүүлийн бүлэгт хонины ноосыг авах газар олдохоо болилоо. Хонины махыг холестрин ихтэй гээд нохойдоо ч өгдөггүй. Ноолууран цамц өмсөөд дулаан “паартай” байшинд хөлсөө цувуулж суудаг гадаад авгай  байдаг ч юм уу. Хэдэн малаа гадаадад зарах юм болсон чинь авах газар олдохгүй байна. Оросын хязгаарт хаягдсан хэдэн Тува, Буриадууд хүртэл голсон гэхчив. Тэгээд одоо малаа өсгөөд л байх уу. Жаран сая, далан сая болгоод л байх уу. Сталины доромжилсноор бүр 200 саяд хүргэх үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад томилолтоор айлчилж яваа. Түүний айлчлалын нэг чухал ажил бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр хэлэлцээ хийж байгаа. НҮБ-д энэ сэдвээр илтгэл тавьсан.  НҮБ-д цугларсан төр засгийн тэргүүнүүд ярилцаж тохиролцоод дараа нь одоо энэ манай  бөхчүүд шалыг нь цэвэрлэдэг алчуур болоод байгаа Дани гэдэг оронд очиж мундаг гэрээнд гарын үсэг зурах юм. Тэр өдрөөс хойш “Копенгагений гэрээ” гэгч дуулиан дэлхий даяар түгж дэлхийн уур амьсгалыг өөрчлөөд байгаа бүхэнтэй газар сайгүй тэмцэж эхлэх байх. Мэдээж манайх үүрэг хүлээж таарна. Ядарсанаар нь хамгийн түрүүнд хамгийн их үүргийг өгөх магадлал бий. Сураг сонсоход Ази тивийн уур амьсгалын өөрчлөлтийн төвийг Улаанбаатарт байгуулахаар болж байгаа юм уу. Үүнд нэг их баярлаад хөөрөх юм биш. Аа Улаанбаатарыг утаатай болохоор нь тэгж гэж бодовдоо.Хотын энэ утаа бидэнд гайтай болохоос дэлхийн хэмжээнд асаалттай янжуурын иш төдий. Монголын нэг сая таванзуун хавтгай дөрвөлжин километрт билчиж яваа эрдэнэт сүргийн маань шивтэр дэлхийн озоны давхрагыг цоолоход багагүй хувь оруулсаар гэх юм. Тэгэхээр дэлхийгээс бидэнд “Наад олон малаа болио. Эсвэл жорлон ухаж бие засуулж бай” гэхнэлдээ. Түүнээс гадна бидний бэлчээр гэгддэг хээрийн ургамалыг улам сайн ургуулж ногоон хүлэмж бий болгох үүрэг хам орж ирнэ. Хонио гадуур битгий бэлчээгээд бай гэсэн үг. Үүнийг өргөн олон сонгогчдынхоо шаардлагаар эсэргүүцэж болно л доо. Тэгэхээр хариуд нь “Бид цугаараа малгүй болоод байхад та нар яацарсан улс вэ” гэж ам таглана. Хөх хошногтой тэнгэрийн, харь гаригийн хүмүүс гэлтэй биш.
Дотоод гадаад ийм хүчин зүйлсийн өмнө хэдэн малтайгаа дундад зуунаараа амьдрах улам л хэцүү болж байна. Биологийн шинжлэх ухаанд бичсэнээр бол хүн гэдэг амьтан их мөстлөгийн өмнө өвсөн тэжээлтэн байжээ. Жимс идээд л явж байдаг. Тэгээд галав юүлсэний дараа амьдрахын эрхэнд маханд орж, тэр нь явсаар махаа базаадаг махчин буюу малчин болсон. Хүмүүс махнаас амархан гараад байдгийн учир тэр юм. Орчин үеийн шашны номлолд мах идэж нүгэл хураахаа болихыг байнга ухуулж байна. Алуулсан малын гаслант хар инерги маханд шингэж өвчний үүрийг тэтгээд байна гэж хүртэл айлгах юм. Шарын шашны лам нар нүглээс дайжиж цагаан идээ түлхүү хэрэглэдэгийг бид мэднэ. Бидний биенээс махны эхүүн үнэр үнэртээд байдаг гэж гадаадынхан хэлдэг.
Махнаас гарах тухай сэдвийг тэгсгээд орхиод малаас болж хөгжихгүй байгааг анхаармаар байна. Одоо арав гаранхан жилийн дараа дэлхийн хүн амын 90 хувь нь хотод шилжиж ирнэ гэсэн прогноз гарчээ. Улс орнуудын хотууд улам тохилог болж тав тухыг хангах бэлтгэлээ хийж байна. Манайх шиг “муусайн цагаач”-даа хөөж тууж ад үзэхгүй гэнэ. Хүн дэмэндээ дээс эрчиндээ амьдардаг тул бөөндөө жаргал зовлонгоо хуваалцах аж. Хаа нэг салхинд гарч хаа нэг боодог хийдэг шиг мах амсана. Тэгэхээр одоо бид яах вэ. Хөдөөд байршуулсан сум байтугай аймгуудыг татан буулгах хэрэг гарлаа. Үндэсний цөөнх  гээд Баян-Өлгий хар нутаг дээрээ хоцровол хоцроно биз. Бусад Ховд, Чойбалсан хоёроос бусад аймгууд Их Хүрээндээ ирж жасаалах нь. Нил мөрөн шиг нилийсэн урт төмөр замаа дагаад хаусаа барьж, цэцэрлэгт умбасан шигээ жаргалтайн дэлгэр суумаар байна. Төрөөс иргэдийнхээ малыг худалдан авч шат дараалан устгал явуулая. Монгол орны хөгжлийн чөдөр тушаа болсон малнаасаа салж, “ноосоо тушааж” санаа амармаар байна. Малаа өгч ноосоо тушаасан болгоны хот харласан биш нүүр цагаараад хүн төрхөндөө орчихсон жишээг дурдаад дуусашгүй бизээ. Энэ хэдэн мал байгаа цагт өлсөх ч үгүй юм байна. Өсөх ч үгүй юм байна. Аргамжаатай морь шиг эргэлдсээр байтал дэлхий биднийг хаяад одох нь Бид дахиад манжийн үе шиг 300 жил нуугдаж жалгандаа өтлөх тэнхээ алга.Яахав зүгээр зах зээлийн хүнд эхэн үед хэдэн мал хэрэг болсоон хөөрхий. Одоо болноо.
Тээр жил сэтгүүлч Ж.Мягмарсүрэн “Мал дагавал мал болно” гэж бичээд мөн ч олон хүнд хараалгаж билээ. Одоо бодоход ямар үнэн үг байж вэ.