МОНГОЛЫН ТҮҮХ НОМЫН ТУХАЙ ТОВЧХОН

Юун түрүүн Алтай язгуурын хэлтний түүх, хэл, археологи, соёлын талаарх олон улсын эрдэм шинжилгээний уулзалт хуралд намайг урьсан явдалд гүн талархал илэрхийлье. Энэ хуралд зориулж би илтгэл тавих хоёр өгүүлэл бэлдэж ирсэн юм. Нэг нь Чингис хааны төрсөн нутаг болох Хэнтийн нуруун дахь Бурхан халдун уулын нэрийн тухай шинэ санал оруулж ирж байгаагаа толилуулах. Хоёр дахь нь “Түрэг ба монгол хэлний уялдаа холбооны” тухай юм. Гэвч миний бичсэн “Монголын түүх” түрэг хэлээр орчуулагдан хэвлэгдсэний номын нээлт энэ хурлын явц дундуур болохтой холбогдуулан хурал зохион байгуулагчдын зүгээс номынхоо тухай товч танилцуулга хийхийг хүссэн учир дээрх бэлдсэн хоёр илтгэлээ дараа тавихаар шийдлээ.

Монголын түүх бүтээл маань “ХХ зууны Монголын түүх” нэртэйгээр анхлан хэвлэгдсэнээс хойш яг 30 жил болж байна. Энэ бүтээлийг туурьвих, дараа нь шинэчлэх өргөгдөхөд би амьдралынхаа 40 гаруй жилийг зарцуулсан нь нийт насалсан хугацааны хагасаас илүүг эзлэж байна. Энэ хугацаанд бивээр хорь гаруй мянган эх сурвалж цуглуулан үзэж танилцсан ба нийт зургаан удаа шинэчлэн өргөтгөсөн юм. Түрэг хэлээр хэвлэгдэн гарч буй нь ес дахь хэлээрээ орчуулагдан гарч буй нь энэ. Анхны хэвлэл 450 хуудастай, 400 орчим эшлэлтэй байсан бол сүүлчийнх нь 1500 орчим хуудастай, 2300 орчим эшлэлтэй болсон. Эхний хэвлэл Монгол улс тусгаар тогтголоо хүлээн зөвшөөрүүлсэн 1946 оныг хүртэл хамарч байсан бол, сүүлийн хэвлэл нь нийт монгол үндэстний түүхийг хамруулсан болно. Эхний ботид тэр үед дөнгөж нууцаас ил гарч эхлэж байсан Монгол, Орос, Тайваний архивын материал нэлээд ашигласан бол, сүүлчийнхэд нь Хятад, Түрэг, Польш, Япон, Англи, Перс зэрэг олон хэлээр бичигдсэн маш их материалыг ашигласан.

Ном нийтдээ дөрвөн бүлгээс бүрдэж буйн гурав нь ХХ зууны түүх болно. ХХ зуунаас өмнөх үеийн түүх Өрнө, Дорнод нэлээд сайн судлагджээ. Ялангуяа XIII зуунаас өмнөх нүүдэлчдийн түүх Хятадын эх сурвалжид маш баялаг, ер нь бараг ганц нь байх. Хятадын түүхч Ли Ганийн хорин жилийн өмнө хэвлүүлсэн “Дунхугийн түүх”, “Хүннүгийн түүх” хэмээх хоёр боть номд урьдын Хятадын ихэнх эх сурвалжийг маш чадамгай ашиглан эмхэтгэсэн нь надад маш их тус боллоо. Бас Америкийн түүхч Овэн Латтиморын “Хятад ба Дотоод Азийн тусгаарлагдсан хил” бүтээлд Хятадын эх сурвалжийг бүтээлчээр ашиглан олон үйл явдалд нь тайлбар, дүгнэлт хийсэн байна. Үүн дээр шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн буянаар археологи, генетикийн салбарт олон шинэ нээлт гарсан нь түүхийн ухаанд шинэ санаа засвар, нэмэлт тайлбар бий болгожээ. Ганц жишээ хэлэхэд митохондрын ДНХ судлал хүн төрлөхтний садан төрлийн холбоо, нүүдэл, үндэстэн бүрэлдэн бий болсон зэрэг сэдвийг цоо шинээр илэрхийлэн тайлбарлах бололцоо олгож байна. 

Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн “Манжийн үе” гэгдэх Манж Чин улсын түүхийн Монголтой холбоотой хэсэг нэлээд ээдрээтэй. Хятадын болон Зөвлөлтийн түүхчдийн үзэл сурталжсан тайлбар, чухал зангилаа хэсгүүдийг зориуд орхигдуулсан нь ихээхэн төвөг бий болгожээ. Үнэндээ манж ба монгол үндэстний холбоо Манж Чин гүрнийг бий болгосон, Дотоод ба Гадаад Монгол нь гадна талаасаа хамгаалагдсан боловч бүрэн тусгаарлагдсан тэжээгддэг вассал харилцаат улс байсан аж.

ХХ зууны Гадаад Монгол ба БНМАУ-ын түүх бичигдээгүй гэхэд хэцүү, бичигдсэн гэхэд ч ихээхэн эргэлзээтэй. Монголчууд Нууц товчоо, Саган Сэцэнээс эхлээд ХХ зуунд Дэндэв, Амар хүртэл өөрийн түүхээ тэрлэсээр ирсэн. XIX зууны дунд үеэс өрнөдийн орнуудад Түүх бичлэг нь шинжлэх ухаан тусгай салбар болон хөгжиж, мэргэжлийн түүхчдийг их дээд сургуульд бэлддэг болсноор үечилсэн, ангилсан, сэдэвчилсан түүх бичлэгийн ухаан бий болсноор өөрийн ойлгомжтой загвартай болсон билээ. 

Энэ загвараар бүтээж бичигдсэн анхны Монголын түүхийн бүтээл 1954 онд хэвлэгдэн гарсан. Монголын түүхийг шинэчлэн академик төрхтэйгээр бичих санаачлагыг ЗХУКН-ын дээд удирдлага дөнгөж дайн дууссан 1945 онд гаргажээ. Монголын түүхийн бичлэгийн эх нооргийг Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн дэргэд байгуулагдсан “Монголын комисс” хариуцаж, хувьсгалч шинэ үзэл суртлын шаардлага, улс төрийн үйд явц болон улс орны хөгжлийн үе шатыг хянан засварлаж эцэслэх үүргийг Зөвлөлтийн коммунист намын Төв хороо хариуцахаар болсон байна. Хамгийн эцсийн хувилбартай тэдний Улс төрийн товчоо үзэж танилцан баталсан юм.

“История МНР” хэмээх энэ номд түүхийн үнэн тун ховор, бараг тэр чигээрээ гүтгэж, гуйвуулж, харлуулж бичсэн зохиомол эд. Харамсалтай нь энэ зохиомол ном хэвлэгдсэн цагаасаа 1990 он хүртэл БНМАУ-ын албан ёсны түүх хэмээгдэн Монголын бүх иргэд, түүний дотор нам төрийн албадлагаар хүүхэд сурагчдын зааавал мэдэж цээжлэх “библи” нь байлаа.

Монголын түүхчдийн 1966-1969 онд “Бүгд найрамдах Монгол ард улсын түүх” хэмээх гурван боть ном хэвлэгдэн гарсан нь Зөвлөлт-Монголын хамтарсан гэх мөнөөх “История МНР” -ээс хавьгүй дэлгэрэнгүй, илүүтэй түүхийн шинжлэх ухааны зарчмыг баримталсан дажгүй бүтээл болсон юм. Үүнийг дагнан Монголын эрдэмтэн түүхчид бичсэн. Гэхдээ “Зөвлөлтийн эрдэмтэдийн зөвлөлгөөгөөр” гэх нь мөнөөх эхний номонд гарсан гуйвуулсан, худал тоо баримтаар хуурсан, хатуу номлол бүхий албадмал шугамаасаа хөндийрч чадаагүй юм.

ХХ зууны Монголын түүхийг бичих оролдлого Өрнөдийн зарим эрдэмтэдээс гарсан. Тухайлбал АНУ-ын Робэрт Рүпэний “Монголыг хаанаас удирддаг вэ, БНМАУ-ын улс төрийн түүх 1900-1978”, Овэн Латтиморын “Нүүдэлчид ба комиссарууд”, Жэрард Фрайтэрсийн “Гадаад Монголын олон улсын байр суурь”, Английн Бавдэнийн “Монголын орчин цагийн түүх”, Японы Танака Кацухикогийн “Тал нутгийн хувьсгал” зэрэг дориун бүтээлүүд болно. Харамсалтай нь, хорвоо ертөнцөөс бүрэн тусгаарлагдан таслагдаж “төмөр хөшиг”-ний цаана хоригдсон Монгол орны бодит үнэн амьдралын тухай мэдээ мэдээлэл баримт тас нуулттай байсан учраас дээрх судлаачдын бүтээл бодит үнэн баримтгүйжсэнээр нэлээд дутуу дулимаг болсон билээ.

Коммунист системийн нуралт, түүнтэй хамт Монгол оронд чөлөөт ардчилал ялснаар түүхийн үнэн баримт үй олноороо ил болсон. Зэрэгцээд СССР-т нууцлагдан хадгалагдаж байсан архивийн баримтууд ч нээлттэй боллоо. Мөн Ивэн Томасын “Алх дөшний завсар. Хятад ба Оросын Гадаад Монголд явуулсан бодлого, 1911-1921” хэмээх бүтээлд Тайвань дахь нээлттэй болж амжаагүй архивын асар их материалыг ил болгосон юм.

Эдгээр болон өөр бусад эх сурвалж, архивийн материал, судлаачдын бүтээлийн ачаар Монголын түүхийн олон жил ил гараагүй илүү бодит мэдээлэлтэй “Монголын түүх” бүтээл маань бичигдсэн билээ. “The fact is more important than truth” гэсэн тонгоруулсан тохуурхал зүйрлэл байдаг. Итгэл үнэмшил үнэнийг үгүйсгэж чаддаг. Хаалттай нийгэмд худал хуурмагийг он удаан жил албадан давтаж тархи угаахад итгэл үнэмшил болон хувирна. Өөрөөр хэлбэл худал хуурмаг нь үнэн болж хувирна гэсэн үг. Ийм тохиолдолд баримт л илүү барьцтай.

2025.02.04