Монголын Зохиолчдын эвлэл (МЗЭ) 2001 оноос эхлэн уран зохиолын оны шилдэг бүээлийг төрөл зүйл тус бүр дээр шалгаруулан шагнах болсон билээ. МЗЭ нь уран зохиолын төрөл зүйл бүрээр дагнан туурвидаг зохиолчдоос бүрдэх үндэсний төвүүд, үндэсний төвүүдээс сонгогдсон удирдах зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ жил 20 жилийнхээ нүүрийг үзэж буй Алтан-Өд шагналын эзэд уламжлал ёсоор тодорчээ.

Ингээд Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах 20 дахь удаагийн “Алтан өд” наадмын шагналтнуудтай танилцацгаая.


Яруу найраг:

Цагаанчулуугийн Дэлгэрмаа - “ЗҮРХЭНД АГЧ НАМУР” шүлгийн түүвэр

(“Тагтаа” хэвлэлийн газар)

Үндэслэл:

“Уянгын болон наминчлалын яруу найргийн шинэ өнгө аяс бүрэлдүүлсний тул”

Номын тухай:

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа 2000-аад оны эхэн үеэс шүлэг бүтээлээ нийтлүүлж, утга зохиолын шинэ үеийн тод төлөөлөл болсон уран бүтээлч юм. 

Ц.Дэлгэрмаагийн яруу найраг нь дотоод сэтгэлийн дуу хоолойгоо сонсож, эргэцүүлэлд хөтлөгдсөн өнгө аястай, дүр дүрслэлийн хувьд уран яруу, гэрэл гэгээтэй хэрнээ уншигчийг аж төрөхүйн ерийн гадаргаас түлхэж, оршихуйн гүн бодлогоширолд хөтлөх хүчирхэг мөн чанартай юм. Анхны түүврээсээ өөрийн өнгө аясыг олж, өөрийгөө тунхагладаг яруу найрагч тун ховор. Үгээр туурвих төрөлхийн авьяастай, өөрийн цаг үеэ хөтлөн дагуулах дотоод хүчтэй тийм цөөхөн шүлэгчийн нэг нь Ц.Дэлгэрмаа юм. Түүний “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис” түүврүүд туурвилзүйн хувьд улам гүнзгийрч, яруу найрагчийн дотоод дахь омголон эрэмгий мөн чанарын илрэл болсон чөлөөт шүлгүүд, эмэгтэй хүний уян, зөөлөн төрөлх чанарт уягдсан наминчлалын яруу найрагтай харшилдаж байдаг. 

Өгүүлэн буй “Зүрхэнд агч Намур” шүлгийн түүвэрт энэ зөрчилт чанар харьцангуй намжиж, наминчлалын яруу найраг жин дарж байна. Энэ нь дотоод сэтгэлийн дуу хоолойгоо үгэнд асааж, үгэнд урсгах гэхээсээ өмнө өөрийн ухаарал, өөрийн далд эгогоо тунхаглахыг хичээх болсон орчин цагийн хэт төгс, хэт хүйтэн яруу найргаас илтэд ялгарч, яруу найргийн мөн чанарыг бидэнд сануулж байна. Гэвч яруу найрагч Ц.Дэлгэрмаа зөвхөн наминчлалын яруу найрагч биш. Түүнээс өөр шинэ өгүүлэмж, өөр шинэ илэрхийллийг хүлээх шалтгаан нь зүрхэнд агч нэгэн улирлын тухай энэхүү ном юм.

МЗЭ-ийн Жүжиг, кино зохиолын үндэсний төвийн гишүүн, судлаач Я.Баяраа


Роман:

Нацагдоржийн Бадамжав – “МОДОН САХАЛТ” роман

(“Анд” хэвлэлийн газар)


Үндэслэл:

“Үндэсний утга зохиолын сэдэв, өгүүлэмжийг баяжуулж, туурвилзүйн шинэ жишиг тогтоосон тул”

Номын тухай:

Зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” бол нэрнээсээ эхлээд жир бус зохиол. Энэ бол тогтсон хэв загвараар, тогтсон дэвсгэр дээр, тогтсон сэтгэлгээгээр үйл явдал хөөж өрнүүлсэн зохиол биш юм. Магад, энэ зохиолыг уншихад нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайханы “Хотын онгон” хоймсон роман санаанд бууна. Санаанд бууна гэдэг нь адил гэсэн үг биш. Гэвч адилтгах зүйлс, тийм нийтлэг шинж бас бий. Учир нь энэ хоёр зохиолын аль алинд бодит байдал хийгээд хийсвэрлэхүй, амьдралд байж болох хийгээд байх боломжгүй өгүүлэмжүүд элбэг бий. 

Зохиол гэдэг зөвхөн ямар нэгэн юмыг хоосноор зохиохын нэр биш бөгөөд тухайн зохиолын үзэл санаа туйлын онцгой зүйл. Зохиолч бодож олсон тэр үзэл санаагаа илэрхийлэхийн тулд ямар зохиомж, ямар өгүүлэмж, ямар хэл, ямар дүрээр амилуулж, уншигчдыгитгүүлэн үнэмшүүлэх вэ гэдэг нь туурвилзүйн ур чадвар юм. Зохиолч Н.Бадамжав энэ ур чадварыг дүүрэн эзэмшсэн, гүн гүнзгий үзэл санаа, этгээд өвөрмөц зохиомж, түүнийгээ илэрхийлэх хэл, дүрслэлийн боломжийг чадамгай ашигладаг. Зохиолыг нэгдүгээр биеэс хүүрнэн өгүүлсэн өгүүлэмжтэй бөгөөд энэ нь П.Баярсайханы “Хотын Онгон”, Достоевскийн “ Газар дороос бичсэн тэмдэглэл” зэрэг зохиолын адил ба зохиолчоос асар нарийн ур чадвар шаарддаг бичлэгийн хэлбэр билээ. 

МЗЭ-ийн Хүүрнэл зохиолын Үндэсний төвийн тэргүүн, зохиолч Б.Баярсайхан


Өүүллэг, тууж:

Балжирын Догмид - “БҮРГЭД ТЭНГЭРТ ХАЛЬДАГ” тууж

(Сэлэнгэ пресс)

Үндэслэл:

“Эх хэлнийхээ дүрслэн урлахуйн гайхамшгийг илтгэн харуулсан түүхэн бүтээл туурвисан тул”

Номын тухай:

Зохиолч, АУЗ Балжирын Догмидын “Бүргэд тэнгэрт хальдаг” роман нь Галдан бошогт хааны тухай, түүний тэмцэл ялалт, гунигнт төгсгөлийн тухай юм. Уг зохиол нь Галдан хааны тэмцлийн сүүлчийн өдрүүдээр эхэлнэ. Харин Галдан хаан бүргэдийн цагцгай тэжээж, тэмцэж эхэлсэн цагаасаа, амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл бүргэдээ дэргэдээ байлгасаар, эцсийн мөчид бүргэдээ тэнгэрт суллан тавьж, өөрөө “номхон бор үрэл” хүртэн хальж буйгаар төгсөнө. Зохиолч Б.Догмид эл бүргэдийн дүрээр Галдан хааны дүрийн мөн чанарыг ёгтлон төлөөлүүлж, “Бүргэд хүний гарт дуусахгүй. Тэнгэртээ хальдаг. Дайчин эр дайсныхаа гарт оролгүй морин дэл дээр өнгөрдөг” гэх билгэдэлийг бий болгохыг эрмэлзжээ.

Зохиолч Б.Догмид бол монголын уран зохиолын богино хэлбэрийн зохиол, тодотговол өгүүллэгийн төрөлд уран тансаг бичлэг туурвилаараа ялгардаг. Уран зохиолын үнэ цэнийн эхний, магадгүй хамгийн гол шалгуур нь бичлэгийн ур чадваргэж хэлж болох юм. “Бүргэд тэнгэрт хальдаг” зохиол бол монгол эхлний уяруу тансаг, дүрслэн илэрхийлэх дээд боломжийг бүрэн дүүрэн ашигласан зохиол гэж бодож байна.

МЗЭ-ийн Хүүрнэл зохиолын Үндэсний төвийн тэргүүн, зохиолч Б.Баярсайхан



Судлал, шүүмж:

Дашдондогийн Батсайхан - “Театрын түүх”

(“Монсудар” хэвлэлийн газар)


Үндэслэл:

“Урлагийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх түүхийн сурах бичгийг дэлхийн түвшинд туурвисны тул”

Номын тухай:

Энэ цаг үеийн урлаг театр судлалын тэргүүлэгч эрдэмтэн, СУИС-ийн багш Д.Батсайхан 30 гаруй жилийн турш хийсэн судалгаа, заасан хичээлийнхээ үр дүн нэгтгэн театрын түүхийн цогц ном бичжээ. Энэхүү ном нь дэлхийн театрын үүсэл, театрын урлагийн соёл иргэншилд гүйцэтгэсэн үүрэг, театрын их зохиолч, найруулагчид, олон үндэстний театруудын өвөрмөц онцлог, театрын өв соёл, хүн судлал зэрэг олон өнцгөөс урлагийн түүхийг авч үзсэнээрээ танин мэдэхүйгээс гадна эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм. 

Үүнээс гадна зохиогчийн Францын Сорбонны их сургуульд докторын зэрэг хамгаалсан судалгааны ажил болох “Өөрчлөн байгуулалтын үеийн Монголын театр”-ын судалгаа болон монголын театрын түүхийн чухаг, ончтой баримтууд уг номонд нэгэн бүлэг болон орсон нь олзуурхууштай юм. 

“Монсудар” хэвлэлийн газрын зүгээс энэхүү номонд онцгой ач холбогдол өгч, тусгай гөслийн хэмжээнд ажилласан бөгөөд, зураг, дизайн, номын хийцийн хувьд агуулгынхаа нэгэн адил дэлхийн түвшинд хүрч чадсан нь олзуурхууштай юм. 

МЗЭ-ийн Жүжиг, кино зохиолын үндэсний төвийн гишүүн, судлаач Я.Баяраа



Жүжиг, кино:

Пүрэвхүүгийн Батхуяг - “ЧУЛУУН БӨМБӨРИЙН НҮРГЭЭН” жүжгийн зохиолын түүвэр

Үндэслэл:

“Хүний оюун сэтгэлгээний онцгой мөн чанарыг нээн харуулсан бэлгэдэлт дүрүүдийг туурвисны тул”

Номын тухай:

Энэ түүвэрт нийтдээ есөн монодрам буюу нэг хүний жүжгийн зохиол оржээ.Монодрамыг зарим онолч “Сэтгэлийн жүжиг” гэдэг. Энэ утгаараа ч түүнийг сэтгэл зүйн драмын хувилбар гэх нь бий. П.Батхуягийн моножүжгүүдийг ухамсарлахуй ба үл ухамсарлахуйн цогц гэж болмоор. Сэтгэлийн хор гэмээ үл ухамсарлах хүмүүний боолын сэтгэлгээ өөрийгөө танин анагаах, ариусгах сэтгэл зүйн бүхэл бүтэн ээдрээт мөчлөгийг дамжин ухамсарлахуйд хөтөлжбуйг “Би ирлээ”, “Амьд амьтдын хүүрнэл”,“Маргаашийг мартагсад”, “Гар утас”,”Саксафон”, “Цуурай” моножүжгээс харж болно. 


...П.Батхуягийн жүжгийн зохиол бүрийн бас нэг онцлог нь бүтээлчээр чадварлаг ашигласан зүйрлэл юм.Тухайлбал, “Гал” моножүжгийн гол баатар нь эртний Грекийндомогт өгүүлдэг бурхдын дур зоргоос хүмүүсийг хамгаалагч гэгдэгч цовдлогдсон Прометей юм. П.Батхуяг түүний тухай өөрийн хувилбарыг өгүүлэхдээ “Би бол атаач гал. Гал гэдэг чинь ердөө л атаа хорсол.Бурхдад атаархсандаа хүмүүст би гал өгсөн юм. Миний хүүрнэл энэ” гэх ба мөн “Гал бол эрх чөлөө. Хэн ч галыг гавлаж гинжилж чадахгүй. Хэлгүй бурхадын нүргэлэхээс хүмүүс одоо айхаа больсон. Тэдэнд би өөрийгөө хувааж, өд сөдөө шатааж өгсөн” гэдэг.Эцэст нь тэр “Мөнгө хэмээх цаас, алт хэмээх шар төмөр амьдралаас ч үнэтэй болж, өс хонзон, дайн тулаан, зовлон бүхэн түүнээс эхэлсэн тул өөрийгөө цовдлохоор оролдож, жүжиг төгсөнө.

Эдгээрмоножүжиг зохиолчийн сэтгэлгээ, сэтгэмжийн өргөн цар хүрээг тодотгоно. Түүнийг дэлхийн хэмжээнд сэтгэдэг гэвэл хэтрүүлэн магтсан хэрэг биш. 

Судлаач, жүжгийн зохиолч Х.Наранжаргал



Шог болон Баримтат зохиол:

Дамбын Шагдарсүрэн - “МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ-87” нийтлэлийн эмхэтгэл

(МСНЭ)

Үндэслэл:

“Өргөн цар агуулга бүхий шилмэл нийтлэлүүдээ уншигчдад дээжлэн хүргэсний тул”

Үнэндээ өнөө цагт шоуны сэтгүүлчид олширч, жинхэнэ сэтгүүлчид ямар их цөөрөө вэ? Шоуныхан нийгэм цаг үеийг бужигнуулж, жинхэнэ сэтгүүлчид тэднийтарьсан балгийг засч залруулах гэж ямар их зовно вэ? Гэтэл хүмүүс жинхэнэ сэтгүүлчийн хийсэн өнөөгийн энэ хөөсөрсөн цаг үед тийм ч сонин биш атлаа ирээдүйд хойчид ачтай, тустай бүтээлүүдийг сөхөж харах сөхөөгүй утас шагайн суугаа нь юутай их эмгэнэл. Тэгвэл энэ эмгэнэл дунд сэтгүүл зүй хийгээд түүний тогооноос сагаж асгаран уран зохиолын ертөнц рүү урсаж одсон цөөхөн хүмүүсийн нэг нь Дамбын Шагдарсүрэн. 

Амьдралынх нь нэлээд хэсэг цаг уурчийн замаар алхаж, дараа нь сэтгүүл зүйн гал тогоо руу дайраад орчихсон түүний бүтээлүүдээс хоёр зүйл илтэд анзаарагдана. Эхнийх нь шинжлэх ухаанч байдал бол дараагийнх нь “Тэнгэр танигч”. Нөхөр Дамбын Шагдарсүрэн нь цаг уурчаар нэлээд олон жил ажилласан учир тэнгэр газрын явдалтай гайгүй дотно танилцсан. Танилцахдаа зүгээр ч нэг ширээ, сандал бөглөж, шил харшуулж, цалин хүлээж суугаагүй байгалийн ааш, араншингийн талаарх судалгааны ажил хийж, дэлхийн цаг уур судлалын хөгжил, дэвшил, эх орны цаг уурын нөхцөл байдлыг харьцуулаад түүнийгээМонголчуудын уламжлалт од эрхэс, нар сар, тэнгэр, газрыг ажиглан болох гэж буй үйл явдлыг урьдчилан тандаж мэддэг нарийн арга ухаантай хослуулж чаджээ. Дараа нь тэр тэнгэрээс бууж газрын хөрсөн дээр гишгээд сэтгүүл зүйн ертөнц рүү давшин орж, энэ салбарт хийсэн, бүтээсэн нь баримтат уран зохиолын хаалга үүдийг нээхэд хүргэсэн байна. 

Яруу найрагч, сэтгүүлч О.Цэнд-Аюуш


Хүүхдийн зохиол:

Бат-Эрдэнийн Ганчимэг “АЗ ЖАРГАЛЫН БАЙШИН” ном

Үндэслэл:

“Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хөгжлийг нээн харуулсан тул”

Номын тухай:

Хүүхдийн зохиолч Б.Ганчимэг нь 10 настайдаа “Хөлөндөө хонхтой унага” шүлгийн номоо гаргаж байсан бол өдгөө хүүхдэд зориулан 10 гаруй ном бичиж уншигчдадаа хүргэжээ. 2021 онд бичиж хэвлүүлсэн “Аз жаргалын байшин” тууж нь хүүхэд багачуудын төдийгүй насанд хүрэгчдийн сонирхлыг татсан бүтээл болжээ. Ер нь түүний “Дусал мэдрэмж” тэргүүт зохиолыг хүүхэд томчуудгүй унших дуртай.

“Аз жаргалын байшин” туужийг уншсан томчууд “Бид үргэлж хүүхдийнхээ өмнөөс шийвэр гаргах юм. Нийгэм, гэр бүлийн хүрээнд өрнөж буй үйл явдал хүүхдэд тэр тусмаа өсвөр насныханд хичнээн эмзэр тусаж байгааг анзаарахгүй өнгөрөх юм “ хэмээн өөрийн эрхгүй бодно. Харин энэ туужийг уншсан хүүхдүүд “Бид янз бүрийн орчин нөхцөлд амьдарч байгаа ч хамгийн гол нь бие биенээ ойлгож хайрлаж байх ёстой шүү . Хүүхэд хүүхдээ хайрлах нь хамгаас эрхэм“ гэдгийг ухаарч үерхэл нөхөрлөлийн цэнийг мэдэрч байдаг. Энэ ном бүхэлдээ өсвөр насны хүүхдийн дотоод ертөнц, сэтгэл зүйн нарийн нандиныг нэн сонирхолтой хэлбэрээр илэрхийлсэн бүтээл төдийгүй эрх мэдэлд хүрч, баян тансаг амьдралд умбаж буй хүмүүс“Амин хувийн өчүүхэн үзэл бодлоосоо салж, янз бүрийн нөхцөлд амьдарч хүүхдүүдээ анзаарч хараасай” гэсэн зохиолчийн зүрхний үг юм.

МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн, зохиолч О.Сундуй



Утга зохиолын орчуулга:

Габриэль Гарсиа Маркес “Эзэнтний намар” роман

(Орчуулагч Бат-Эрдэнийн Гэрэлээ. “Болор судар” хэвлэлийн газар)

Үндэслэл:

“Шидэт реализмын өв болсон романыг монгол хэлнээ хичээнгүйлэн орчуулсны тул”

Орчуулагчийн тухай:

Орчуулга бол уран зохиолын “хар ажил” гэж хүмүүс ярьдаг. Өөр хүний бүтээлийг унаган төрөлх үгсийн сангаараа дахин амилуулж буй тухай тэд гадарлах ч сөхөөгүй. Гэвч энэхүү “хар ажил” үргэлжид “цагаан мөр”-тэй байв. 

Хятадын анхны Нобелийн шагналт зохиолч Мо Янь, японы зохиолч Мураками Харуки нарын тухай, тэдгээр зохиолчдын уран сайхан, өвөрмөц бичлэгийн хэлбэртэй бид эх хэлээрээ танилцахад орчуулагч Б.Гэрлээгийн гүйцэтгэсэн үүрэг их. Мөнхүү хоёр өөр хэлний хооронд сэлгэх, сэтгүүрдэнэ гэдэг тийм хялбар ажил биш. Харин Б.Гэрлээ орчуулагч хятад, орос, англи хэлнээс бүтээлүүдийг сонгож, хооронд нь харьцуулж эх хэлнээ хөрвүүлдэг. Ийнхүү олон хэлний мэдлэг, зохиолын сонголтоос гадна түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл орчуулсан бүтээлүүдээс нэвт мэдрэгддэг юм. Тэрээр Мураками Харукигийн “Норвегийн ой”, Кафкагийн “Аавдаа бичсэн захидал”, Айтматовын “Чингисийн цагаан үүл”, Стефан Цвейгийн “Амок”, Сю Туны “Бундын хатан”, Г.Г.Маркесийн “Эзэнтний намар” зэрэг олон арван зохиолоос гадна Мо Яны “Дарсны орон”, “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” роман, “Эргэлт”, “Тунгалаг лууван”, “Өөрчлөлт”, “Улаан шиш” туужуудыг дуун хөрвүүлж монгол хэлт уншигчдад хүргэсэн юм. 

Б.Гэрэл бол нөр их хөдөлмөр, олон талын мэдлэг хослуулсан орчуулагчаас гадна зохиолчийн төрсөн газар орны үүх түүхийг нарийн судалсны үндсэн дээр орчуулгын хэл, зохиолын үйл явдал өрнөх орон зайн талбарыг баяжуулж, уран сайхны найруулгыг яв цав бий болгодог ур чадвартай орчуулагчдын нэг юм. 

МЗЭ-ийн Шүүмж, судлалын үндэсний зөвлөлийн гишүүн, судлаач Б.Алтанхуяг