Анивчих арван түүдгээ асаахаар ахиад нэг сэвье

Нэг.

Шинжлэх ухаан танин мэдэхүйн үр дүнд нөлөө нь буурсан Чөтгөр хорсоод галзуурах нь. Эрүүл чөтгөр ямар билээ, галзуу чөтгөрөөс-айх багадна. Бурхны нөлөө ч буурсан. Гэхдээ чөтгөрийнх шиг навс унаагүй. Чөтгөрт халгаатай оюунлаг эрин нүүрлэжээ. Буурай орны хорхой хүрэм ашигт малтмалыг дээрэмдэх-шившиг боллоо. Нэг үгээр бусдын баялгийг шууд булаадаг хорвоо өнгөрчээ. Ядмагуудад лусаас хайрласан хишгийг ХХI зуунд монжихыг хүн төрөлхтөн хүчээ нийлүүлээд олон улсын хуулиар хянаж эхэлсэнд Чөтгөр шогнойв. Чөтгөрийн шидэд хууртах бүдүүлэг улс ховордоод дийлдгээр нь хамгийн маанаг, бөглүү, буурай оронд уураа гаргах болжээ. Яг л “гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв” гэгчээр.

Гэнэт сүүдрээсээ цочив. Сүүдэр байсангүй юү эсвэл сүүдрээ анзаарсангүй юу? Гэрэлд сүүдэр үүсэж, харанхуйд арилдаг. Яагаад сүүдэртэй болчихвоо? Харанхуйд гэрэл тусжээ. Сүүдэр надтай яг ижил учир “миний юм” гэх өөриймсөг сэрэл төрүүлсэн ч тэр миний хөдөлгөөн бүрийг тасралтгүй дуурайх нь сүүлдээ яршиг удав. Сайн муу юугаа ч би сүүдрээсээ нуух чадваргүй аж. Босвол босно, суувал сууна. явбал явна, зогсвол зогсоно, хэвтвэл хэвтэнэ. Дэвшвэл дэвшинэ, хулгай хийвэл хулгай хийнэ гэсэн үг. “Хөөе чи намайг дуурайхаа болиоч” гэж би хэчнээн тушаав ч амьд мэт хөдөлгөөнтэй атлаа амьгүй сүүдэр үг авсангүй. Сүүдрийн үг надад сонсогдохгүй нь гачлантай. Дохио зангаагаар би түүнийг басамжлан дооглов. Тэр хоцорсонгүй намайг доромжилж харагдана. Хэлээ гаргалаа. Тэр бас хэлээ гаргав. Өөрийн сүүдэр юм чинь гээд дотносог тэвэрлээ. Тэврэлт хоосон учраас аймаар. Сүүдрээ үнсэх гэж оролдоод таашаал хүртсэнгүй. Тэр яасныг бүү мэд. Сүүтэлзсэн хий үзэгдлээс зай барихаар нуугдвал өнөөх чинь бас надтай цуг нуугдав. Би түүнээс зугттал тэр надтай зэрэгцэн гүйлээ. Сүүдэртэйгээ уралдаад түрүүлэхгүйгээ ухаарлаа. Салахын түүс болоод ноцолдов. Бүр зодолдлоо. Сүүдрээ ялаад сүүдэргүй болсон удирдагч улсаа сүүдэргүй болгохоор жолооддог гэх. Хүн ам мөн удирдагч шигээ сүүдэргүй болох ёстой. Сүүдрийн тухай шинжлэх ухааны ойлголтгүй молхи өвгөн би бээр цагаан сүүдэр үзээгүйгээ харин баталъя. 

Хоёр. 

Орос ахыгаа бид 100 жил магтсан. Одоо ч амаа урчих гэж буй. Орос ахыгаа “нар”-тай адилтгасан ч сэтгэл ханаагүй. Сүүлдээ “нар”-ыг орос ахтайгаа зүйрлээд ч санасандаа хүрээгүй. Яагаад тэгтлээ зусардав гэвэл маш их айснаас ингэтлээ хулчийсан юм. Орос “зөвхөн биднийг дуурай” гэж тулгав. Зөрвөл буудна. Зөрөөгүйг ч хилсээр тонилгов. Хожим цагаадсан тул хилсээр гэв. Феодализмаас капитализм дээгүүр харайж социализмд дэвших Лениний онолыг хүн төрөлхтөнд нотолсон загвар бол БНМАУ гэж оросууд биднийг магтсан өнгөөр өөрсдийгөө дөвийлгөв. Зөвлөлтийг дагавал ямар ч хоцрогдсон улс Монгол шиг дүүлнэ гэж болъщевикууд онолдсоноос бүдүүлэг мань тэгж онгироогүй. Капитализмаас социализмын давууг нотолсон Монгол гэж биднийг дэлхий даяар сурталдаж шараа болгосон билээ.

ХХ зууны турш магтуулсан оросууд маань өдгөө “орос ах гэж нялуурдгаа болиод өгөөч” гэж биднээс гуйдаг болов. Саймшраад гуйсан бус даяаршлын зуунд “баруун”-аас ичээд тэр. Өнгөрөгч зуунд өчүүхэн Монгол дэлхийд сураггүй байсан тул оросууд “нялуурлаа болиоч” гээгүй нь бурхангүй газар бумба галзуурсан түүх. Чингис л гэхгүй бол хэн ч мэдэхгүй Монголыг хуурч мөлжих, дээрэлхэж дарлахад ертөнцийн чихнээс хол учир нэрэлхэх хэрэггүй байж. Азийн эзгүй цээжнээс ямар ч харгислал дэлхийд үл мэдрэгдэнэ. ХХI зуунд мэдээ сураг өдөртөө бөмбөрцөг даяар тардаг болсноор “орос ах” гэх нялуурал ичээж эхэлжээ. Сөнөхдөө тулсан бүдүүлэг монголчуудад улаан Орос туслаагүй бол хөрөнгөтнүүд цөлмөж дууссан гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. “Оросын ачийг хүртэх хувьгүй, Монголоос бусад хоцрогдсон үндэстнүүд мөн хөөрхийеө. Бид мөн азтайяа” гэж бид 70 жил хөөрсөн. 

ХХ зуунд шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцгөөс олдохгүй Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт “Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт” гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 1921-1990 оны манай өчүүхэн дэвшил ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар хаа сайгүй дэлгэрсэн-тэгтлээ онгиромгүй ердийн алхам байж. Жижиг үндэстнүүд энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү. Шинжлэх ухааны нээлт тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид дэлхийд ганцаараа зөвлөлтийн тусламжаар цойлж, капитализмыг харайсан онцгой Монгол гэж хөөрцөглөж явснаа өндөрдүү дошин дээр гарч эргэн тойрноо талбиухан тольдвол-магтсаар малыг минь барж, маажсаар голыг минь таслах дөхсөнийг мэдэрнэ. Феодализмаас капитализмыг харайхаар 70 жил нисээд 11 тэрбум долларын “Их өр” гэгчтэй газардсан сургамж саяхных.

Гурав.

Тусгаар тогтнолоо алдаагүй бидний хувь заяа тун эгзэгтэй. Орос байгаагүй бол манай тусгаар тогтнол замхрахтай адил Хятад байгаагүй бол мөн замхрах байв. Хоёр их гүрний завсар жийргэвч төдий ашиг сонирхолд үлдсэн хэврэг тавилангаа би бурхнаас хайрласан тэнцвэр гэж мөргөдөг. II дайны төгсгөл, зөвлөлтийн ард түмэн ба холбоотны ялалт, Ялтын гэрээгээр ар Монголын талаар Рүзвэлт Черчилл Сталин нар хүрсэн тохироонд би залбирдаг.

Анхны цасанд бээрсэн улиасны шар навч, жиндүү салхинд мөчрөөсөө зүүгдэн төгсгөлөө зарлах дорой авиа шивгэнэнэ. Зөв гэж бодсон болгон буруудаад буй үхжилттэйгээ өвгөн би эвлэрэхийг хичээнэ. Урвагчдын цэвдэг зүрх сэтгэлийг гадарлах тусам даралт ихэснэ. Монголчуудаа ухаажаасай гэж шанална. Оюунлаг шударга залуус яралзаасай гэж мөрөөднө. Ная гарч амь нас хутганы ирэн дээр-өтлөхийн далайд зүдэж хэвтэхэд бас хажууд нь авлига хулгайн дуулиант шившиг сульдаачлаа. Тал харваж тарчлалгүй, бүтэн харвая гэж бодомжоо аядав. Өөрт хамаагүй юмны төлөө харвах-зохиолчийн шизоо л доо. Миний юугаар ч солихгүй үнэт зүйл-коммунизмээс ардчилалд шилжих хүсэл. Аль ч намынх бай ирээдүйтэй залуусаа мөр дээрээ тээглэлээ гээд сорчлон намнах-монгол бус хар элэгтний хорон санаа. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэгчээр МАН дахиад ялаасай гэж залбиръя. Сайндаа бус АН ялаад Женко ерөнхий сайд болохоос айв. В.Путины хаанчлал 6 жилээр сунасныг хэлэх үү. Дахиад л нөгөө танк их буу, дахиад л мухар төмөр замууд, дахиад л эрчим хүчний эх үүсвэрүүдийн гацаа, дахиад л хорлон сүйтгэгчид. Монголоо өөд татах лидерүүдийг яасан их хүснэм бэ.

Дөрөв.

Феодализмыг социализм элдвээр муулахад би малчин эцэг эхээ дагаад дурамчхан өсжээ. Аав ээж албан журам хэмээх сүү, ноос, ноолуур, мах, арьс, шир зэрэг малын ашиг шим-түүхий эд гэж юу байна бүгдийг хуу хамж засагт тушаагаад, хатуу оногдлоо эс биелүүлбэл шоронд орчих гээд хэрхэн зовж буйг би нялх нүдээр ширтэж, нялзрай тархиа цочирдуулж-хорвоотой танилцсан жаал аж. Эсэргүү хар шар феодал, нударган, ардын дайсан, японы тагнуул гэх дайчилгаанд төрөл төрөгсдөө хөнөөлгөөд арваадхан жил өнгөрч байхад, өөрөөр хэлбэл, аймшигт 37-38 оноос хойш 47-48 онуудад, 1940 онд төрсөн би бээр 7-8 насандаа мэдээ орсон шиг байгаа юм. Элэг бүтэн үлдсэн өрх байсангүй. Гэр гэрт уйлаан. Тэдний нулимс миний тархины бор хальсанд нэг хөндүүр үлдээжээ янз нь. Хар нялхын цочирдол тархинаас насан турш салдаггүй болтой. Ухаан суух насанд нэгдлийн ялтай мал гэдэг гаслал гангинаа залгасан.

Аав ээж, тэдний үеийнхэн “Дураараа хэдэн малаа маллах аргагүй хэцүү цаг иржээ. Урьд албан журам нэхэгдэх айдасгүй амар байж” гэж үглэдэг байв. Аав ээж минь үнэхээр ядарч зовж буйг юмны учир олж яваа би мэдэрч тэднийгээ өмөөрөх өчүүхэн бор зүрх минь бадарна. Энэ бодлоо дарга даамалд бол цухуйлгахгүй шүү дээ. “Феодализмд ардууд тамлагдаж байсан. Социализмд монгол хүн эрх чөлөөгөө олоод коммунизм байгуулахаар жаргаж явна” гэж өөрийнхөө бодлоос тэс өөрийг худал ярьдаг аав ээжийнхээ барилаар бойжсон хүүхэд юм би. Товчхондоо би хоёр нүүртэн болж өсжээ. Бүгд л хоёр нүүртэн байсан даа. Хоёр нүүртний дүрд би тийм сайн жүжиглэж чадаагүй новш шиг байгаа юм.

Намайг социализмын давуу талыг гүйцэт ухамсарладаггүй, эргэлздэг, улс төрийн боловсрол нимгэн, ноён нуруугүй этгээд гэж хардана. Хардаад буйг тантах тусмаа айж, “Энхрий хайрт нам минь, суут жолоодогч Цэдэнбал минь, дийлдэшгүй хүчирхэг СССР минь” гэх царай хэчнээн ч гаргаад нэмэр болсонгүй. Надад цаанаа нэг л итгэлгүй хандана. Тэдний зөв л дөө. Үнэндээ надад аав ээжээс угшилтай бөөн гомдол бугшиж яваа юм чинь. Феодализм гоё нийгэм байгаагүй нь мэдээж. Монгол бүдүүлэг ч гэлээ баривчилгаа дайчилгаа, аймаглан устгахыг үзээгүй бөглүү харанхуй мухар байжээ. Манжийн дарлал гэж юу байсныг миний өвөө эмээ, миний аав ээжийн үеийнхэн мэддэггүй байв. Миний өвөө 1870 онд төрсөн юм билээ.

Нууц сэрдлэг намайг сүүдэр мэт дагасаар хожим албан тушаалд тавих, шагнах, гадаадад сургууль курст явуулах тухай яригдсан удирдлагын хүрээний хурал дээр илэрдэг байв. Ингэлээ гээд би дадсан зуршлаараа хоёр нүүр гаргаж, дутагдлаа худал хүлээсэн дүр эсгэнэ үү гэхээс доторх итгэл үнэмшлээ сольж чадаагүй этгээд. Аав ээж, Гашууны голынхноос угшилтай цээжин доторх унаган үзэл минь-бодох тусам зөв санагдана. Надад бол албан тушаал ахих, гадаадад мэргэжил дээшлүүлэх зэрэг нь доторх нууц нулимсаа зохиол бүтээлдээ далд утгаар шингээхийн дэргэд юу ч биш. 

Энэ бол эцэг эхээс өвлөсөн үл үзэгдэх өширхөл, хэлмэгдсэн удмаа өрөвдсөн далд харуусал. Үүнийгээ би өөрчилж дийлээгүй нэгэн. Төрмөл үзлийг минь Москвад оюутан байхад тэрслүү үзэлтэй орос багш нар болон мөн тийм үзэлтэй орос зохиолч зураач найзууд маань дэврээж өгсөн дөө. Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж би тэдэнтэй сүжрэн наалдав. Оросууд биднээс ч илүү зовлон эдэлсэн улс юм билээ хөөрхий.

Ийнхүү өвөө эмээ аав ээжийнхээ барилаар феодализмыг битүү өмөөрч, харгис коммунизмд нууцаар гомдож, насны дийлэнхийг туулсан 50 настай хэнз өвгөн-би бээр 1990 онд үүссэн ардчиллыг дэмжээд эхэлсэн гэж байгаа. Эцэг эхээс дамжсан өширхлөөр социализмд дургүй явсан байр суурь маань хувирсангүй, шинээр үүссэн ардчиллыг уухайлдаг этгээд аяндаа болчхов. Үүнд ясны архаг үзэл минь дэвсгэр болсон нь мэдээж. Гэхдээ ардчилсан намыг бус ардчиллыг дэмждэг этгээд гэдгээ тодруулахгүй бол хооронд нь хольж гутгаад байх юм. Феодализмаас социализмд шилжих үед сэжиглэгдэж явсан миний тэнэг толгой социализм капитализмын заагт бас ад болов. Би аль ч нийгэмд хөлөө олсонгүй.

Тав.

Хар нялхаас минь намайг хоцрогдсон үзэлтэй гэдэг байв. Хоцрогдлоо бүр үндэс ёзоороос нь хөөж тайлбарлая. Ер нь хоцрогдол гэж ямар үзлийг хэлээд байна? Нэгдэл анх байгуулагдахад би балчир байсан. Мал сүргээ нэгдэлд хуйгаар нь өгч явуулахдаа араас нь сүү өргөөд нулимсаа бөмбөрүүлсээр хоцорсон аав ээжийгээ хормойдоод уйлж зогссон жаал. Уйлсан юм чинь нэгдэлд сайн дураараа элсээгүй баймаар. Үгүй гэнэ. Заавал сайн дураараа элссэн байх ёстой агаад уйлсан учир заавал хоцрогдсон байх ёстой гэнэ.

Тэгтэл амины өмчөө шүтэх хоцрогдлыг минь надаас коммунистууд булаагаад авчхав. Хоцрогдлоо яг л малаа нэгдэлд алдсан шигээ дээрэмдүүлчихлээ. Тэгээд намайг зөнгөөр минь орхисонгүй. Цааш нь яасан гээч. Намайг “коммунизмын үлдэгдэл” гээд надаас булаасан миний хоцрогдлоор намайг ташуурдаж гарав. Нэг үгээр миний хоцрогдлыг тэд өөрсдийн үзэл болгоод, намайг ардчиллын тээг гээд засан хүмүүжүүлэх лекцээ уншив. Лекц нь хаа очиж миний дэмждэг ардчилал чөлөөт зах зээл аж. Тэд ингэж эцэг эхээс минь угшилтай төрмөл үзлээр минь намайг дарангуйллаа. Аав ээжээс залгамжилсан аминыхаа унаган хоцрогдлоо би-хоцрогдлын эрлэг явсан дарга нараар лекцдүүллээ гэж гөжсөнгүй. Улс хөгжвөл миний чиний гэх үзэл нохой долоо юу ч биш гээд. Сонгогчийнхоо үгийг сонсоно оо хөө гээд муухай том чих аман дээр наачхав. Сонгогдсоныхоо дараа бөгсөө наах нь мэдээж. 

Би хоцрогдоогүй бөгөөд бас мэхлэгдээгүй өвгөн шүү. Мэдэхгүй нь мэддэгтээ заах бус, мэддэг нь мэдэхгүйгээ сургах цаг айсуйг мэдрэв.Одоогийн залуус болохоо байлаа гэж бид сайрхах эрхгүй. Бид ч олигтой амьтад яваагүй. Дэлхийн тавцанд уралдаж өрсөлдөж-чадвараа хурцлах аз таараагүй дов жалгын бүрэг гэнэн малууд явав бид. Хөгшид бидний үлдээж буй залгамж үе ХХI зуунд гологдож буйд эмзэглэх юм. Үүний гол буруутан-хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй өнгөрөгч зууны бүдүүлэг бид гэж гутраад л нүд анья даа.

Зургаа.

“Зөвлөлтийн тусламж Хятадын аюул” гэх амны уншлагаар бид өнгөрөгч зууныг үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл “зөвлөлт тусламжийг арилсан гэв”, “хятад аюулыг арилсан гэв” гээд урьд бол цөлнө. Өдгөө зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу зөвлөлт минь алга. Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ хувиралтад хорсогч Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авч дөнгөдөг-гарын доорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд.

Өөрчлөгдөхгүй юм хорвоод байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “зөвлөлтийн тусламж, хятадын аюул” гэх таринаа “хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэдэг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэмэгц зөвлөлтийн тусламж гэх сүржин молги-орос гацаанд хувираад дээрэлхэв. Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярьсан хүнд бүр ч дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдаг. 

Энүүхэндээ шивнэхэд хоёр хөршийн нэг нь хөгжүүлэхгүй гээд манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь “хамтдаа хожъё” гээд зээл олгодог юм биш үү. Парламентат тогтолцоо, хуулийн засаглал, гурав дахь хөршийн бодлогод эрсдэл нүүрлэж буй нөхцөлд хаяа хатгасан-хамтдаа хожъё гэдэг аварга хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчихвал нүүрс хүдэр зэсээ дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд хэдээр зарахаа бод. Их хятадгүйгээр Монголоо төсөөл. Орлогогүй болж бид л баларна. Орос олигархууд үүнийг л хүсэж буй. Бөөр нийлж айлссан ганц худалдан авагчаа оросуудын хатгаасаар зүхдэгээ тунгаа.

Долоо.

Одоогийн хэллэгээр баялаг бүтээгч, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг даашгүй татвар хүнд суртлаар хавчаад, дарга сэтэртэнд төсвөөс шомбодох, авлига хулгуулах завшаан олгож, даргад хорхойсдог монгол хуучийг сэдрээчхэв. Даргаас давах бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ. Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх уран санаа уугьж эхэлмэгц мангуу мөртлөө хулгайч төр засаг нь унтраагаад даргын бизнесийг асаачхав. Ингэсэн нөхцөлд яс мах цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй яах билээ. Хөлс гаргаж баялаг бүтээх дургүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь төр нь данхайхгүй яах вэ. Ингээд баялаг бүтээгчгүй “даргын Монгол” руугаа буцаад гулсав. Хувийн бизнес хөөж төр засгийн дарамт хавчилгад жаахан хуримтлалаа шатаасан боловсрол чадвартай азгүй залуусыг мөнгө идэх далд эрх дарх бүхий өндөр сэнтий даллан дуудлаа.

Ер нь монголчууд яагаад даргад дурладаг, Монголд яагаад данхар төр үүсдэг вэ? Өөдгүй новшнууд яагаад ямар ч саадгүй суга суга дэвшдэг вэ гэвэл энэ нь мэдрэмжгүй массын гай. Монголд өөдгүй нь өөдтэйгөөсөө олон юм чинь дарга нар бохир гуанзны жоом шиг дорхноо үрждэг. Бидний үеийн карьер бол Хятадыг үзэн ядах, Зөвлөлтөд үнэнчээ нотлох байв. Нотолж чадвал унадаг унаа тусгай хангамж ойртоно. Дээр нь увсынх бол хаалтгүй. За тэгээд орос эхнэртэй бол гүйцээ. Захиргаадагч нүсэр аппарат хүн амаа мөлждөг. Монжоочид тийшээ тэмүүлэх нь зүй. Дарга нар аль ч нийгэмд хараал зүхлийн бай болдог шалтгаан ердөө энэ. (Дарга нарыг дагнан шүүмжилдэг гэж сэрдэгдэж явсан минь ийм шалтгаантай). БНМАУ-ын хот аймаг сум-нэгдэл сангийн аж ахуй бүрд дарга хэмээх хар мянган том жижиг “хувалз” үүрлэсэн нүсэр намын хороо, гүйцэтгэх захиргаад олон жил эзэрхийлсний эцэст хүнд сурталд живснээс хөгжөөгүй. 1990 оны ардчилал дарга нарын армийн ноёлох торгон оройг булгалж дөнгөсөн ч бие бүрэлдэхүүн хөндөгдөөгүй. Бүтэн үлдсэн нүсэр ялзарсан зовлого 30 жил ардчиллыг чөдөрлөв.

Устгаад байхад дийлдэхгүй ургадаг хогийн ургамлуудын үр тариан талбайд шигддэг. Хогийн ургамал тарианы хоолыг булааж шимэхдээ-төсвийг башир аргаар ховдоглон сордог эрх баригч нам шиг увайгүй. Хогийн ургамал хоронд алзахгүй, галд шатахгүй тэсвэртэйн адил дарга нарын тавиулууд галзуу дархлаатай. Ямар ч сөрөг хүч, аудит, АТГ, цагдаа тагнуул, жагсаал суулт, өлсгөлөнд цочихгүй. Яагаад гэвэл тэд эрх баригчдын үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хэтэвч нэгт тавиулууд. Тариан талбайг хогийн ургамлын үртэсгүй болтол цэвэрлэсэн ч хамхуул мэт зэрлэгүүд алсаас салхинд хөөгдөн дэгдэж ирээд боловсруулсан талбайд ойж бууж бүжиглэхдээ үрээ гүвчихнэ. Ялсан намын томчууд яг л хамхуул шиг хүнд суртлын нүсэр аппаратууд, төрийн өмчийн том том компаниудыг дамжиж үрээ цацдаг.

Манай эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч мөрөөдөл нь үлгэр мэт аяндаа бүтсэнгүй. Эх орон хөгжих сайхан ч өөрөө баяжих бүр гоё нь явцын дунд тэдний шуналыг бадраав. Улсаа шударгаар удирдах ярвигтай тул халиранхай эрх баригчид дүнхүү олноо зальдахаар сул олзонд хошуурлаа. Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас нэр нүүр, мөнгөө барж гишүүн болсны ашиг юу билээ. Оргилд арай гэж гарсных баяжаад буувал өөрт-улсын хөгжлөөс унацтай. Хүн төрөлхтний хөгжлийн загвар судалж барагдахгүй-бөөн ядаргаа. Улсаа хөгжүүлэх бадрангуй пиар-дов жалгын аминцар монгол мэхэнд сөхрөв. Залхуу монголчууд зах зээлийн өрсөлдөөнөөс шантарч шогнойв. Бид бусдын адил баяжих дуртай ч мэдээж сул олзоор. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас л алга. Улсаа хөгжүүлэх хүслийг хувиа хичээх шунал дийллээ.

Найм.

Хийснээ голж байж чанаржуулдаг. Малаараа амьдардаг атлаа био комбинатдаа вакцин үйлдвэрлээд буянт сүргээ эрүүлжүүлж түүхэндээ чадаагүй байж иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн хоёр дахь социалист орон гэж ханхалздаг. Бидний чөдөр-бидний мулгуу толгой. Төрөлхийн маанаг биш бол мухар сүсэг, их хаадын хийсвэр домог, коммунист онол гэх мэт хоцрогдол хургасан харанхуй тархиндаа ХХI зууны шинжлэх ухааны гэгээ тусга. Хэнд хурц сэрэл байна түүнд монголчуудын тэнэглэл хүчтэй хөндүүр үүсгэж, ихээр ичиж шаналах болно. Ихээр ичсэн охид хөвгүүд Монголыг өөд татах юм шүү.

Налайж амьдарсан малчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны алхааг гүйцэхгүй аваас Монгол хаягдлаа. Хүн төрөлхтний хөлд унаж гишгэлүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, уран гар, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олно. Татвар төлөгчдөөс цугларсан (намуудын шуналд бузартсан) цөөвтөр цаас руугаа шүлсээ савируулан алалцдаг хулгайчдыг төр засгаас хусах хүч бол намууд бус оюунлаг иргэд. Тийм хүчирхэг хүн ам болцгоо. Лус хэчнээн хишиг хайрлаад, донор орнууд хэчнээн зээл олгоод хүн ам нийтдээ журамгүй бол сэхдэггүй аж. Өндөр хөгжилтэй орны иргэнтэй өөрийгөө жишээд юугаар хоцорч буйгаа ол. Тэгээд тэдний араас шамд. Залуус та нарт тэднийг гүйцэх хурд-төр тушчихгүй бол бий. 

Коммунист нийгмийн үлдэгдэл-бидний загварыг залуус бүү өвлө. Уршиг нь тасрахгүй. Хоцрогдол-бүдүүлгээс ундаргатай. Харанхуй мануусын сэтгэлгээг өндөр хөгжилтэй орны хөгшдийн сэтгэлгээтэй жиш. Тэгээд монгол хөгшдийн хоцрогдлын дээгүүр залуус минь дүүл. Дүүлэхдээ Лениний онолоор мануусын капитализмыг харайсан онигоог давтуузай. Та нар хойшид социалист нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг дэлхий дээрх хамгийн болхи сэтгэлгээтэй хэнхгүүд бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд залуус минь сэтгэлгээгээ тэл. Монгол тархи чинь оргилоод өгнө. Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ аргацаадаг. Тиймээс даруу бай. Оюуны баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээрээ панз үсэргэж хөлжөөд хэтдээ оюунаараа баяжвал хүн төрөлхтний хүндлэлийг жинтэй татна гэж мэд. Лусын хишгээс гадна хүний тархи шийдвэрлэх нөлөөтэй баялаг аж. ХХI зууны оюуны тэсрэлт хүн төрөлхтний хөгжилд гайхам хурд нэмлээ. Энэ гайхамшиг өөд бүгд тэмүүлж байна. Харамсалтай нь ХХI зууны оюуны энэ их тэсрэлтийн чичирхийлэл монгол дарга нарын ялзарсан ёс зүй, монгол сонгогчдын тархины мөнхийн цэвдэгт мэдрэгдсэнгүй.

Ес.

30 жил ээсэн нар үүлний цаагуур гэнэт шургавал бид цагийн аятайд юу ч амжуулсангүй гээд амаа барина. Угаасан нүүрс, баяжуулсан зэс, хүдрээ галт тэрэгний урт цуваагаар хил давуулж экспортолсон бол олон арван тэрбум доллар олж, чинээлэг улс болох байв гэж халаглах хүн бишгүй гарна. Хайран өгөгдлийг минь хэн бусниулчхав гээд хэргийн эзнийг наргүй улсдаа хайна. Багануурын ЦС-аа царцаалгүй, Эгийн УЦС-д БНХАУ-ын нэг тэрбум долларын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг орос олигархуудын шахалтад бууж өгч зогсоолгүй, V ба Таван толгойн ДЦС-аа гүрийсээр барьчихсан бол үүлэн чөлөөний нар далд орсон ч барьц алдахгүй. Цойлсон өсөлтөөрөө тансаг дэд бүтэц сүндэрлүүлж хараат бус чинээлэг улс болсон. Хот аймгаа орон сууцжуулж хорт утаанаас даяараа салсан гээд гаслалдана. Тэгж дөнгөсөн бол эзлэгдэнэ үү, уусна уу жийрэг болох учиртай. Юу юу ч үгүй эзлэгдэх, юу юу ч үгүй уусах-эмгэнэл. Төслүүдээ хөдөлгөөд айдгаа авдартаа хийчихвэл нэг улсын хамааралд автахаа хумих тэнхээ сууна.

Намайг социализмаа дахиад л муулах нь гэж ад үзэгч олон. Тэдний зөв. Би улиг болсон. Нийтийн өмчийг хувийнхаа өмчөөс илүү хайрлах, хамт олныхоо эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих онол биелэхгүйг маний үеийн хөгшид гадарласан. Манж чин гүрэн унаж, ХХ зууны үүрээр ёлтойсон гэгээг эх оронч-ноёд лам нар ашиглаж дөнгөжээ. Оростой наалдаж тусгаар улс болсон маань их аз. Төлөөсийг нь ч айхтар төлсөн. Одоо ч төлж буй. Оросын ач тусад зуун жил мөргөлөө. Зөв. Цаашдаа ч мөргө. Гэвч дан мөргөлөөр духаа цоолсон ч хөгждөггүйг бид шарын шашнаас ойлгосон. Юу гэх гээв гэвэл Путиндээ, бурхандаа мөргөх ялдамд хөдөлмөр-бизнесээр баяжихаа бүү орхи гэх гэсэн юм. Нар ивээсэн 30 жилийг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Эх орноо ядуурлаас суга татах төслүүдээ яагаад гацаав? Орос магнатуудаас айгаад! Түүх нэгээр дуусдаггүй. Оросууд Путингээ дэглэвэл Х.Баттулга аль талд орох бол. Удах ч үгүй биз.

Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүй еэ. Худалдааны дайнтай Америк Хятадын татвар 12 хувь байхад ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, нэг үгээр эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр маанагтана. Сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас манайх 20 тэрбум доллар алджээ. Урд хөршийн худалдаа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орох цондон гэж эх орончид онолдоно. 

Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ. Нүүрсээ солилцох уу. Хоёул шороо чулуугаа зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Мангасынх шиг хятад ходоод Монгол, Оросоос гадна Австрали, Индонезийн нүүрсийг өлхөн залгидаг тул манай төмөр замыг их Орос гацаах-нэрийн хор. Ядмаг бидний өмнүүр нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Дорой Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр хорвоог элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү. 

Хятадын ханадаггүй хэрэглээ, тэдний хөрөнгө оруулах бэл бэнчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурав. Аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Мөрөөрөө ч зугтсангүй. Орост таалагдах гэж 70 жилийн зуршлаараа зүхэж доромжилно. Эдийн засаг голлосон өмнөд хөршийн хаялгыг өндийх гэж ядаж буй бид гарааны бизнес болгож, нэг хэсэгтээ овжиноор ахиу хүртэж тамиржмаар. Тэнэгтээд тэгсэнгүй.

Дэлхийн дээвэр дээр цөөхүүлээ зөдгий төрсөн маньд урд хөршийн хаялгаас ондоо ойр дөхүү боломж заяагаагүй тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Хэт наалдвал уусна гэж орос ах шордоод байдаг. Олон улсын хууль байна, НҮБ байна. Тусгаар улс шүү юм бол уусахгүйгээр айлсахаа өөрсдөө тааруулахаас ондоо зам алга. Ах араандаа зууна гэх айдас эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүй илаарьшихдаа ужиг аж. Хөрш Солонгос Япон Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх завшаан 1990 оноос нээгдсэнийг хулчгартаа Оросоос айгаад ашигласангүй. Бид дээрэлхүүлдгээ нуугаад зогсохгүй дээрэлхэгчээ ад хөдлөм өмөөрдөг мангуунууд. Доромжлуулах тусам ухаажмаар. Ухаажсангүй. Ухаажвал оросууд биднийг мал биш хүн юм байна гэж юу магад. Гэхдээ юун түрүү харийн зэвхийнүүдтэй нөхөцсөн банхруудаа гурван саяул элбэж дэглэ.

Манай тусгаар тогтнолд маргаан үүсэх үндэсгүйг олон улс хүлээсэн тул зөрчигдөх ёсгүй-хамгаалагдах учиртай. Энэ чухал баримт бол үүлэн чөлөөний нар гээд буйд үйлчлэх олон улсын хууль-эрх зүйн цайз. Зөрчигдвөл дэлхий шуугьж НҮБ шүүнэ. Орост 70 жил хөтлөгдсөн БНМАУ-ыг хөгжсөн гэхэд хэцүү. БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Монголд зочлохдоо, хурд эрчээ авсан хөгжлөө биднийг аль болох сайн ашигла гэсэн. Дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад ядуу хөршөө харамгүй дэмжиж гялс хөгжүүлье гэхэд мануус өөдөөс нь “хужаа” гэж салаавчилдаг. Хамтаръя тусалъя гэвэл манай эх орончид хужаа нар бидэнд сайндаа бус орос ахаас холдуулах-өмхий санаа нь тэр гэж онголздог. Үүнд өмнөд хөршийн дургүй хүрч бидний голоо зогоодог нүүрс хүдэр зэс махыг авахгүй болчихвол орос олигархууд инээд алдах нигууртай. 

Оросууд барууны нөлөөг Монголоос хамтарч холдуулъя гэж өмнөд хөршийг ятгасан мэдээ цацагдлаа. ОХУ-ын Думын дарга В.Володин манайд ирээд “Түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү. Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ” гэж диктовальдав. Орос хатуурхвал бидэнд өөрийгөө хамгаалах Украины тэнхээ байхгүй. Тиймээс түшиг болох өмнөд хөршөө өдөж хатгадгаа цэглүүштэй. Кремлийн аварга улаан нударга дор сөхөрч байсантайгаа жишихэд хөгжих зөрөг зурайгаад 30 жил өнгөрөв. Энэ ховор өгөгдлийг монгол хүн бүр үүлэн чөлөөний нар гээд хөгжлөө яаравчлан гялалзуулах байж. Хэрэг хартай нь дээр юу ч тохиолдоо билээ гэж яарсангүй. Юу л болдог бол доо бурхан минь.

Арав.

Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн амдан отож байна. Монгол улсаа “аз”, “эз” хоёрын алинтай золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө залуус та нар баярла. Эрин зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Бүх юм өнгөрчхөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж заяахгүйг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч ядуурснаас, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэй вэ. Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангалын амсарт хөл тулав. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцадна. Хүн ам нийтээрээ-нэг хүн шиг нэгдсэн чармайлт гаргавал лусын агуу хишгээр баян улс болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад үр хүүхэд минь та нар алиугаар нь морилох гээд байна? Онгон догшин лус савдгийн элэнц хуланцаас дархлагдсан цээртэй ордуудад гар хүрэх эгзэгтэй түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай.

Хаяа хатгасан хоёр том айлынхаа итгэлийг хүлээж чадсан цагт гурав дахь хөршүүдтэй лавхан түншлэх жим зурайхыг 1911 оноос эх орончид минь сүвэгчилж явсан түүхтэй. Хөгжлөө шуурхайлах тэр замд Монгол 1990 онд ороод зөвдсөн байх шүү. Амьдрал дээрдэв үү дордов уу? Худал муулах, худал магтах хоёул хортой. Дээрдсэн нь дордсоноосоо жин дарж байна гэж өвгөн би дүгнэдэг. Дээрдсэнээ нийтээр дэмнэвэл босоод ирнэ монголчууд. 

(2025-05-О1)