Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар нарын хараат бус шүүх рүү хийсэн дайралт тэдний ялалтаар дуусчээ. Шүүх хуульд  үндэслэх  бус,  улс төр, эрх мэдэл дагаж шийдвэрээ гаргадаг болсны бас нэг тод жишээ... 

Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жил, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт хоёр жилийн ял оноожээ. 

Ингэхдээ Н.Мөнхбатыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу "Монлаа" компанид Хөгжлийн банкнаас олгосон зээлд хууль бусаар нөлөөлсөн, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнээр барилга худалдан авч, давуу байдал олгосон гэм буруутай гэж үзсэн байна.

Гэтэл Хөгжлийн банкнаас “зээл хүртсэн буруутай” гэгдээд байгаа “Монлаа” компани нь авсан зээлээ аль хэдийн төлөөд дуусчихсан. Харин ХХБ-наас өндөр үнэтэй оффис худалдан авч хохирсон гэгдээд байгаа Хөгжлийн банк нь уг оффистоо өнөөдрийг хүртэл найман жил “тарган цатгалан” сууж байна даа. 

Нэг. Компани зээлийн эргэн төлөлтөө хоцроосон байлаа гэхэд түүнд нь зээл олгосон банкны гүйцэтгэх удирдлага ямар буруутай вэ? Эргэн сануулахад, Хөгжлийн банкы хэргийг сөхөж гаргаж ирсэн нь одоогоос бараг хоёр жилийн өмнө, 2021 оны сүүл, 2022 оны эхээр. Монгол улс орон даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал буюу хөл хориогоо цуцалснаас хойш хэдхэн сарын дараа. Манай улсын цорын гарц импортлогч болох Хятад улс хилээ нээхээс  жилийн өмнө.

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг анх зарлахад төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хууль бусаар авсан, зориулалт бусаар зарцуулсан зээл, их хэмжээний мөнгө ил болсон ч гэлээ жинхэнэ үйлдвэрлэгчид буюу зээл хүртэх ёстой нөхөд нь хатуу хөл хорио тогтоосон хоёр жил гаруйн хугацаанд ашиг орлогоо алдсан, доллараар авсан зээл учраас ханшийн уналтаас болж алдагдал хүлээсэн гээд түмэн бэрхшээл байсан. Банктайгаа тохироод зээлийн хугацаагаа сунгаад, төлбөрөө хийгээд дуусгасан өчнөөн компани бий. МАК, Монполимет гээд үндэсний томоохон үйлдвэрлэгчид. “Монлаа” ч гэсэн тэдний л нэг нь. Шүүх ч гэсэн энэ нөхцөл байдлыг үнэлэх ёстой.

Дээр нь нэмээд хэлэхэд Хөгжлийн банкнаас зээл олгох асуудлыг банкны гүйцэтгэх удирдлага шийддэггүй. Хуулийн дагуу Зээлийн хороогоор шалгагдсаны дараа ТУЗ-ийн шийдвэрээр зээл олгодог гэдгийг өнгөрсөн 2-3 жилийн хэрүүл шуугианаар бид мэдэхтэйгээ болсон доо. 

Хоёр. Хөгжлийн банк 2015 онд хотын төвд байршилтай ХХБ-ны барилгад метр квадратыг 8,1 саяар үнэлж 27 тэрбум төгрөгөөр 3300 м.кв хоёр давхар оффисийн талбай худалдаж авсан юм байна. Харин шүүх энэ үл хөдлөх хөрөнгийг нь 22 тэрбумаар үнэлж, 4,9 тэрбумын хохирол тооцон ХХБ-наас гаргуулахаар шийдвэрлэжээ. Товчхондоо зах зээлийн үнээс өндөр үнээр борлуулсан гэж үзсэн юм байна. Гэтэл тус барилгад мөн адил оффис худалдаж авсан МИК (Монголын ипотекийн корпараци)-д ХХБ метр квадратыг нь 8,4 сая төгрөгөөр үнэлж худалджээ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээс өсгөөгүй, харин ч хямдаар худалдаж авсан гэсэн үг. 

Мөн Хөгжлийн банкинд оффисийн байр худалдаж авах шийдвэрийг ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн, ТУЗ-ын таван гишүүний нэгээс бусад нь дэмжсэн атал хоёрыг нь ялласан байдаг юм. Тэгвэл нэг асуудлаар яг адилхан шийдвэр гаргасан ТУЗ-ийн дөрвөн гишүүний хоёрыг нь сугалж ялласан прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт улс төрийн нөлөө ороогүй гэж баталгаа байна уу?

Б.Шинэбаатар гэдэг хүний хувьд төдийлөн олны танил биш ч 2012-2016 онд АН эрх барих хугацаандаа эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөхөөр Эдийн засгийн хөгжлийн яамыг тусад нь байгуулахад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Н.Батбаяр сайдтай хамт Зөвлөлтөд сургууль төгссөн гэдэг мэдээллийг Хөгжлийн банкны шүүх хурлын үеэр авсан. 

Эхний шүүх хурал буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр прокурор түүнийг “Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн авто замын төсвийг ам.доллароор бичүүлж, анхны төсвийг үндэслэлгүй нэмсэн гэж буруутгаж байсан бол сая огт өөр хэргээр, ХХБ-нд давуу байдал олгож оффисийн байр өндөр үнээр худалдаж авсан гэж ялласан байх жишээтэй. Чухам “Хүн нь байхад хэрэг нь олдоно” гэдэг л болж байна. 

Ч.Отгочулуу докторын хувьд бол яриад ч байх юмгүй.  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий эдийн засагч бөгөөд Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар ажилладаг. Дрездений их сургуулийг эдийн засагчаар төгсч, Франкфуртын их сургуульд мөнгөний бодлогоор мастер хамгаалсан, Монголын толгой хэдэн эдийн засагчдын нэг. Ялангуяа МАН эрх барьсан сүүлийн долоон жилд Засгийн газрын явуулж буй төсөв, мөнгөний бодлогыг хүчтэй шүүмжилж ирснийг нь олон нийт мэднэ. АН-ын дэд даргаар ажиллаж байсан хүчтэй, залуу кадруудын нэг. 2024 оны сонгуульд АН нэр дэвшигчдээ тодрууллаа гэхэд Ч.Отгочулуу лав жагсаалтын эхний 10-т багтах хэмжээний боловсон хүчин. 

Нэг иймэрхүү л нөхдийг анхан шатны шүүх албан тушаалын гэмт хэргээр ял оногдуулсан байна даа. Гол нь хэн хэнд нь хувийн ашиг сонирхлоо хавчуулсан буюу өөрт ашиг олсон ямар ч баримт байхгүй, хэнийг ч хохироогоогүй. Зүгээр л гаргасан шийдвэрийнхээ төлөө, эрхэлж байсан албан тушаалынхаа төлөө ялтан болчихоод байгаа нь энэ. Магадгүй яллах шаардлагатай болсон хамгийн том хүчин зүйл нь АН-ын гишүүн, ардчиллыг баримтлагч гэдэг нь гол үндэслэл болсон байх талтай. Өөрөөр бол “улс төрийн хоригдол” гэдэг билүү? 

Гурав. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн нь.

Гурван этгээдийг гэм буруутайд тооцох болсон үйлдэл буюу гаргасан шийдвэр нь 2015 оных. Харин шүүх 2022 онд баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг барьж ял оногдуулсан. Эрүүгийн эрх зүйд тов тодорхой, хэнд ч ойлгомжтой нэг зарчим байдаг. Хууль эргэж үйлчилдэггүй. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн байна, тэр үед хэрэглэж байсан хуулийг барьж ял, хариуцлагыг оногдуулдаг. Тэгэхээр 2015 онд үйлдэгдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийг барьж шийдвэрлэх ёстой. Өмнөх хэргүүдийг ч гэсэн яг л тэгж шийдвэрлэж ирсэн. 

Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуульд (263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах) энэ төрлийн гэмт хэрэгт торгох болон эрх хязгаарлах, баривчлах (тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ) ялтай. 2017 оны Эрүүгийн хуульд  мөн л торгох болон эрх хязгаарлах, хорих ялыг сонгож хэрэглэх заалттай байв. Гэтэл өнгөрөгч онд Сүхбаатарын талбайд болсон Нүүрсний хулгайн эсрэг залуучуудын жагсаалын дараа УИХ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2-8 жилийн хорих ялыг сонголтгүйгээр эдлүүлэхээр хуульчилсан. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авилга, албан тушаалын бүх хэрэг шүүх дээр очоод гацдаг. Шүүгч нар томилсон эзэндээ үйлчлэх нь үү, шударга ёсны талд үйлчлэх нь үү гэдгийг ард түмэнтэйгээ хамт нүд цавчилгүй харна” гэсэн билээ. 

Эцэст нь шүүхийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийн тогтоосон “шударга ёсны” талд гарчээ. Залруулахад, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ганцхан тохиолдол байдаг нь шүүгдэгч, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу ял хөнгөрүүлэх нөхцөлд л хуулийг буцааж хэрэглэдэг. Өөрөөр бол 2015 онд үйлдэгдсэн хэргийг 2022 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэж болохгүй. Хориотой. 

Тэгэхээр шүүхийн шийдвэр улс төржсөн буюу улс төрийн нөлөө орсон гэдэг нь маргаангүй болчихлоо. Шүүхийн шийдвэр хуулийн асуудал биш, улс төрийн шийдвэр болоод хувирчихлаа гэсэн үг. Энэ нөхцөлд яадаг билээ? Улс төрийн шийдвэр юм бол улс төрийн аргаар л хариу барих ёстой. Ардчилсан залуусын арьсыг хуулаад дууслаа, АН юу хийх вэ? 

inews.mn