1.“Улаан тариа-1” бол нэвтрүүлэг байсан юм.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Хэро энтэртаймент” студийн бэлтгэсэн “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Уг нэвтрүүлгийн санаа нь улс төр дэхь тэмбүүрлийн тухай байсан юм. Тэр тэмбүүрлийг Ц.Нямдорж гишүүний тодорхойлсноор “Улаан тарианы нэгдүгээр аяны дараа төрөгсөд” (одоо ингэж томъёолох ёстой байх) өөрөөр хэлбэл эр бэлгийн эс ба “бэх нойл”-ын эрлийзүүд тархаасан нь нэвтрүүлгийн төгсгөлд ил болдог. Тоймч Ш.Гантулга тэднээс 200-гийнх нь толгойг авчихвал тэр халдвар нам зогсоно гэж хэлснээр МАН-ынхан айж орилоод, энэ нэвтрүүлэг ихээхэн алдаршиж билээ...

Үүнээс яг хоёр жилийн дараа У.Хүрэлсүхийн ЗГ “Улаан тариа-2” аяныг зарлав. Гэхдээ энэ удаад нам хоорондын янаглалын бус ориг тэмбүүтэй нь тэмцэхээр шийдсэн ба уг мэдээг зарласны нь маргааш БНХАУ-ын “Шиньхуа” мэдээллийн агентлаг англи хэлээр дэлхий дахинд уламжлан сонордуулав. Ингээд дэлхий дахин Монгол Улс тэмбүүндээ баригдсаныг мэдэв. 

Социализмын үед ялангуяа бэлгийн халдварт өвчний тохиолдол, тархацыг улс орныхоо нэр хүндийг бодоод ихэд нууцалдаг байв. Тэр үед дэлхий дахинаар мэдээллийн “Хүйтэн дайн” дэгдэж, нэгнээ болж өгвөл муулчих гээд элдэв статистик шиншилж байсан учраас улсын нууцад авсан байжээ. Гэвч нэг л удаа сэтгэл хөөрлөөс болж алдсан байдаг юм. 1981 онд Халдвартын больницыг нээхэд... 

Тэр үед манайх сүржигнэж, “Азид хамгийн том халдвартын эмнэлэг байгуулсан” тухай гадаадад гайхуулан мэдээлжээ. Гэтэл хариуд нь “БНМАУ 2 сая гаруй хүн амтай. Гэтэл тус улсад Азид хамгийн том халдварт өвчний больниц барьжээ. Энэ нь л тус улсад халдварт өвчний тархалт ямархуу түвшинд байгааг нотлон харуулж байна” гэж авсан байдаг юм. Ингээд улс орноо муулах шалтгийг барууны империалистуудад өгсөн хэрэг мандсан байдаг. Гэвч буруутан байгаагүй, мэдээнд алдаа байсангүй! 

Гэтэл тун саяхан мөн л Монгол Улсын Эрүүл мэндийн яам улсаа матарлаж орхив. Бүр хэвлэлийн хурал зарлаж байгаад “Жилд гарч буй  халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна” гэж албан ёсоор мэдэгджээ... Бас буруутан байхгүй, мэдээнд тооны алдаа байхгүй! Угаасаа алдаад байх нэр хүнд ч байх биш дээ...

Ардын засаг архи, тэмбүү, лам гуравтай 70 жил тууштай тэмцсэн яруу алдарт түүхтэй! Түүхэн хувьсгалынхаа 100 жилийн босгон дээр архи, лам хоёрыг нэгэнт дийлэхээ өнгөрсөн тул нөхөр тэмбүүг дахин бутцохих чухал шийдвэр гаргасан байна. У.Хүрэлсүхийн ЗГ хэрэв дийлбэл “Тэмбүүг ялсан” гэж түүхэнд үлдэх нь. Одоо ЗГ-ын гол уриа “Тэмбүүг ялъя!” 

2. Тэмбүүний талаарх гадаад мэдээ ба гадаад мэдээлсэн нь.

Харин анхны ардаа баатартай Сүхийн үед Монголд тэмбүү ямархуу байсан, түүнтэй хэрхэн тэмцэж эхэлсэн талаар тухай тэр үеийн цахилгаан мэдээний “МонТА” агентлагийн “Хураангуй сэтгүүл”-д юу гэж бичсэнийг үзье! Энэ мэдээлэл мөн л гадаадад цацагддаг байсан юм шүү! 

ӨРГӨӨ ДАХЬ БУРИАД ХОРООНЫ ЭМНЭЛЭГ.

Эмнэлэг нь 1922.10.02-ноос албан ёсоор ажиллаж эхэлжээ. Эмчлэх зарчмууд:

  1. Ядуу буриадууд болон монголчуудад доктор үнэгүй эм олгоно. /Зарим тохиолдолд эмийн үнийг өөрийн      өртгөөр нь төлнө/
  2. Түр хугацаагаар эмчлүүлэх зарим буриадууд болон монголчуудыг доктор Селезневын үзэмжээр үнэ төлбөргүй юм уу, зээлээр      эмчилнэ.
  3. Эцэст нь эмчилгээний төлбөр эмчийн орлого болно. 

Дүн бүртгэлээс үзвэл 10, 11, 12, 1 дүгээр сард 2814 хүн үзүүлснээс буриад 1080, монгол 638, хятад 57, орос 1039 байна.

Өвчний төрлийг хувиар авч үзвэл тэмбүү яр 70 хувь, арьсны бусад өвчин 10 хувь байна. Нүдний болон бусад өвчин 10 хувийг эзлэж байна. Арьсны өвчнөөр монгол буриадууд хамгийн бага өвчилж байна. Гэдэсний хижиг цагаан бурхан улаан эсэргэнэ зэрэг өвчнөөс гадна арьсны өвчин их дэлгэрэн халдварлаж байгаа нь зохих эмчилгээ байхгүй, хүн ам өөрсдөө хөшүүн хойрго, ариун цэвэрч бус байгаатай холбоотой бөгөөд энэ бүхэн нь төрөлт бага, ер нь хүн амын өсөлт удаан байгаад нөлөөлж байна.

Өргөө хотын монгол буриад болон бусад хүн амын ер нь нийт Монголын хүн амын дотор эмнэлэг улам бүр нэр хүндтэй болж байгааг анхааран эмнэлгийн дэргэд хэвтэж эмчлүүлэх цэг (ядахдаа гурван ортой) нээх хөрөнгө олох нь чухал байна. Ядуусаас эхлэн ноёд дээдэс хүртэл, тэрчлэн Богдын өөрийнх нь тус эмнэлэг рүү илгээж буй өвчтнүүд зэрэг бүх хүн амын бүх давхарга эмнэлэгт ирж үзүүлдэг болж байна. 

Ингэвэл доктор Селезневийн ажлын хөлс, ядуу өвчтөнүүдэд олгох эмийн үнийн зардлыг нөхөх бололцоо олдоно. Бас эмнэлгийн нийт зардлыг ч нөхөж болох юм. Үүнд доктор Селезнёв сард 90 хүртэл доллар гаргаж байна. Хөдөлмөрийн хөлс эмчилгээний үнийн тухайд бол энэ бүхэнд 500 түүнээс ч илүү доллар зарцуулсан гэж доктор Селезнёв тооцоолжээ. Харамсалтай нь доктор Селезнев эмнэлэгт нь хэчнээн хүн төлбөртэйгээр эмчлүүлснийг тайландаа дурдаагүй байна... (Хураангуй сэтгүүл. № 71-72. 1923 оны 03 дугаар сарын 03. Бямба)

Ингэж байтал гадаадаас маш сайхан мэдээ иржээ! Тэмбүүг дарах эм олсон байв. Бас Зөвлөлтөд олноор үйлдвэрлэж эхэлжээ. Үнэндээ тэр үед ганцхан Монгол ч биш дэлхий дахинаараа тэмбүүнд баригдсан байв. Үлгэрлэвээс өнөөгийн ДОХ лугаа адил дэлхийг айлгаж байсан агаад эмчлэх эм гаргахын тулд олон хөгжингүй орнууд нь чармайн байжээ. Уг баярт мэдээг хойшлуулалгүй хэвлэжээ.

#Шинэ эм (Сонин хачин мэдээ)

Германы профессор Эрлих тэмбүүний микроб алдаг эм бүтээлээ. Туршилтуудын дугаараар “606”, “914” гэж нэрлэсэн байна. Одоо Оросын хими-эмийн завод эдгээр эмийг бие даан хийж байна.

Орос эмийг хийж худалдахын өмнө олон удаагийн судалгаа, туршилт хийх болно. Тус завод Эрүүлийг хамгаалахын Ардын комиссар нарын газрын захиалгаар 450 килограмм “Нов-Арсол” гаргажээ. Оросын бүтээгдэхүүнийг ингэж нэрлэсэн байна. Нэг удаад хагас граммаар тарихыг тооцоолбол энэ нь нэг сая тунтай тэнцэнэ. (1922 оны 12 сарын 21. Пүрэв гараг. №47)

Үүний дараа уг товч мэдээллийн дэлгэрэнгүйг бэлтгэхийг үүрэг болгосон бололтой байна. Дөрвөн сарын дараа буюу “Хураангуй сэтгүүл”-ийн 1923.03.25-ны ням гарагийн 81-82 дугаарт дэлгэрэнгүй өгүүлэл гарчээ. Уг багавтар өгүүллийг бүрэн эхээр нь хүргэе, учир нь энэ товчхон өгүүлэлд тэмбүүг эмчлэхийн төлөө хийсэн европын эрдэмтдийн нөр их ажлыг тусгасан байна.

#Тэмбүү ба түүнтэй хийж буй тэмцэл.

Мечников болон Франц эмч Ру нарын бүтээсэн тэмбүүний эсрэг тарилгыг бичин дээр туршиж, цаашид мөнгөн усаар эмчилгээ хийж үзэхэд маш үр дүнтэй боллоо. Гэвч тэмбүүг эмчлэн эдгэрүүлэхэд эмч нарт саад болж буй бас нэг айхтар зүйл байна. Учир нь эмчилгээ хийлгэсний дараа хэсэг хугацаанд бие нь эрүүл болсон мэт өвчтөнд санагдаж байснаа өвчин нь гэнэт дахиж, анхны өвчлөлтөөсөө илүү хүндрэх тохиолдол цөөнгүй гарч байна.

Ийм болохоор өвчтөнийг эмчилсэн эмч тухайн өвчин бүрэн эдгэрч чадсан юм уу, эсвэл яваандаа өвчин дахиж хүндрэх хоёрын аль нь байж болох талаар бүрэн итгэлтэй хэлж чадахгүй байна. 

Энэ талаар асар их гавъяа байгуулсан өөр нэг хүн бол цусанд өвчин үүсгэгч тэмбүүний нян байгаа эсэхийг химийн хэд хэдэн урвалын тусламжтайгаар тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийх өвөрмөц аргыг нээж олсон Германы эрдэмтэн Вассерман юм. 

Нээж олсон хүнийхээ нэрээр “Вассерманы урвал” гэж нэрлэгдсэн энэ арга нь өвчтөний цусыг хэдийд ч гэсэн шинжлэн үзэж, цусанд нь өвчин үүсгэгч нян байна уу, эсвэл устаж алга болж уу гэдгийг итгэлтэй тодорхойлох бололцоог эмчид олгож байна. 

Цаашилбал өөр нэг алдарт эрдэмтэн, Шерманы эмч Эрлихийг дурдаж болох байна. Тэрээр асар том зорилтыг өмнөө дэвшүүлэн тавьжээ. 

Эрлих өвчин үүсгэгч нянгийн үйлчлэлийг устгахын зэрэгцээ мөнгөн усны эмчилгээний улмаас олонх тохиолдолд бие махбодийг өвчлүүлдэг сөрөг нөлөөллийг арилгаж чадахуйц тэмбүүг эмчлэх шинэ аргыг олсон байна. Тэрбээр олон жилийн турш уйгагүй чармайн ажилласны үр дүнд тэмбүүг эмчлэхэд шууд хэлбэл ид шидийн юм шиг нөлөө үзүүлдэг “606” хэмээх шинэ эмийг бүтээсэн юм.

Нэрт эрдэмтний бүтээсэн энэ эмийн гайхамшигтай увидасыг хэлж барахын аргагүй. Уул эмийн өчүүхэн тунг хэрэглэхэд хүний арьсан дээр гарсан тууралтыг 24 цагийн дотор арилгаж, тэмбүү өвчний хамгийн ноцтой хэлбэрийг ч эмчлэн эдгэрүүлж болно. 

Цаашдаа “606” хэмээх энэ эмийн нэр төрлийг олшруулж, тухайлбал “914” хэмээх шинэ бэлдмэл бий болгосон нь одоо дээрх өвчнийг эмчлэн эдгэрүүлэхэд ихээхэн ач тусаа өгч байна... гэжээ.

Ингээд тэмбүү өвчнийг эмчлэх бололцоотой нь ойлгомжтой болсон тул нам засгаас тун чиг ирмүүн зорилт тавьсан байна. Харин энэ зорилтыг хэрэгжүүлэхээр У.Хүрэлсүхийн ЗГ өнөөдөр ч зориг хүчээ хөвчлөн ажиллаж эхэлснийг дахин дахин дурдах ёстой...

#Нийт улс үндэстний зорилго!

Манай Монголд нийт үндэстний хэмжээгээр, нийт улсын зорилт болсон тэмбүү өвчинтэй тэмцэх нь бусад хаа газраас илүү чухал болж байна. Доктор Селезневын эмнэлэгт үзүүлсэн 100 өвчтөн бүрийн 70 нь тэмбүү яртай байсан тухай мэдээг бид нэгэнт дурдсан билээ. Энэ бол дэлхийн нэг ч оронд байдаггүй, аймшигтай тоо юм. 

Аймаар цэвэрч бус бохир байдал, орон гэр тохь тухгүй, гаанс тамхи амнаас аманд дамжуулдаг заншил, бэлгийн харилцаанд хар багаас замбараагүй оролцдог явдал, эмч домч нарт итгэж, эрүүл ахуй, өвчлөлтийн мөн чанарыг огт мэддэггүй байдал энэ бүхэн нь ахуйн болон төрөлхийн тэмбүү өвчин Монголыг аливаа бусад дайнаас илүү хоосруулахад хүргэж байна. Үүнээс гадна Монголын хүн амын өсөлт бараг зогсож, үр хүүхэдгүй хүмүүсийн тоо их байгаа нь бас тэмбүү яр ихээхэн дэлгэрснээс болж байна. 

Үүнээс гарах ямар арга зам байна?

Нийгэм-эдийн засаг, соёлын шинж чанартай өргөн арга хэмжээ авахаас гадна дараах арга замыг хайх хэрэгтэй: 

1/Тэмбүү өвчний мөн чанарын тухай болон түүнтэй тэмцэх наад захын арга замыг эрчимтэй шаргуу сурталчлах, 

2/ Хэд хэдэн том эмнэлэг байгуулах, өвчин анагаах тарилгад бүхнийг хамруулах зорилгоор хэд хэдэн явуулын отряд байгуулах хэрэгтэй байна.

Тарилга хийлгэснээр гайхамшигтай үр дүнд хүрдэг бөгөөд эмчилгээ хийлгэсний бага зэргийн хөлс улсаас гаргах зардлыг бүрэн нөхөн төлнө гэдэгт бид итгэж байна. Ийм маш чухал ажилд ямар ч зардал гаргахаас буцахгүй байх ёстой нь мэдээжийн хэрэг билээ. Юуны түрүүнд огт хойшлуулалгүйгээр энэ ажлыг цэргүүдийн дотор хийх хэрэгтэй байна. 

Монголын армийн дотор тэмбүүтэй нэг ч цэрэг байхгүй болгох нь дайчин зорилт мөн... (Орчин үед бол энэ өгүүлбэрээр гарчиглах байсан даа!) гэсэн үгээр уг уриалгыг төгсгөжээ. (1923.03.25. Ням. № 81-82)

Ингээд 1923 онд МАН-ын Их хурлаас баталсан эрмэлзэх 10 зүйлийн 9-д халдварт өвчинтэй тэмцэх гэж заажээ. Харин энэ жил У.Хүрэлсүхийн ЗГ уг уриалгын 1 дүгээр заалтыг “...эрчимтэй шаргуу сурталчлах”-ыг бүр дэлхий дахинд түгээн хэрэгжүүлэхээс ажлаа эхэлжээ.

3.Тэмбүүг ялаагүй коммунизм, тэмбүүг тэтгэгч ардчилал хоёр!

Гэхдээ тоглоомгүй, Ардын хувьсгалын эхэн үед Монголд уг өвчин тархаж, үндэстнийг мөхөөхдөө тулсан байв. 1926- 1928 онд Монгол явуулсан Зөвлөлтийн шинжилгээний дүнгээр заг өвчний уршгаар 18-35 насны эмэгтэйчүүдийн 31% нь үргүй болсон байжээ.

Тэмбүү өвчний нөлөөгөөр амаржсан бүх эхчүүдийн 1/3 нь хүүхдээ зулбах, дутуу гаргаж байжээ. Төрөлхийн тэмбүүгийн улмаас амьд мэндэлсэн хүүхдийн 44.5% нь гурав хүрэлгүй эндэж байжээ.

Цэрэгт татагдаж ирсэн идэрчүүдийн 48.6% нь ямар нэг өнгөний өвчинтэй гарч байжээ. П.Шастиныхаар зөвхөн тэмбүү евчин зарим газрын хүн амын 50%-д (1927 он), Хатиман Каркийн судалгаагаар 40.8% (1934 он)-д халдварлан тархсан байжээ.

Ингээд 1926 оны 3-р сард арьс өнгөний өвчнийг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлэх 15 ортой эмнэлгийг байгуулжээ. 

РСФСР-ийн Ардын комиссариатын газраас хүн амын дунд байгаа өвчлөлийг судлах зорилгоор ариун цэвэр, эрүүл ахуйн экспедицийг 1926-1928,1928-1932, 1932-1938 оныг дуустал ажиллуулжээ. Тэмбүү өвчин тархах гадаад шалтгаан нь хятадын худалдаачид олноор ирж суурьшин суусан, дотоод шалтгаан нь гзр бүлгүй лам банди, бадарчингууд тарааж байсан гэж тогтоожээ. Иймээс лам нарыг буудахдаа давхар тэмбүүг устган тэмцэж байсандаа итгэлтэй байсан биз ээ! 

Ингэж байтал дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, тэмбүүтэй мантай болсон байна. Дайнд сүйдсэн аж ахуйг сэргээсний дараа 1952-1956 онд 7 томоохон бригад улсын хэмжээнд ажиллуулж, хүн амын 82,9%-ийг хамарсан үзлэг шинжилгээ хийж, илэрсэн өвчтөнийг системтэй эмчилжээ. 

Үүний дараа 1958-1960 он Моиголд эрүүлжүүлэх нүүдлийн бригад 35 гарч, бүх хүн амын 95.8%-ийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. 1926-1960 оны хооронд Зөвлөлтийн тусламжтай явагдсан 5 удаагийн экспедиц амжилттай ажиллаж, зөөлөн яр өвчнийг оргүй устгаж чадсан байна. Ингээд Атрын анхдугаар аянруу орж явчихсан билээ.

Харин тэмбүүтэй үргэлжлүүлэн тэмцсээр 1990 оныг хүрсэн юм. 1992 онд тэмбүүгийн тохиолдол 10000 хүнд 3,9 байсан бол 2018 онд 20 болж нэмэгджээ. Ийнхүү тэмбүү өвчин Ардын засагт ялагдалгүй ардчилалтай золгоод буцаж сэргэсэн байна. 10000 хүнд 20 тохиолдол гэдэг бол хүн амтай харьцуулахадөнгөрсөн жил 6400 хүн энэ өвчнөөр өвдсөн гэсэн үг юм. Тэмбүү өвчин эхээс урагт халдварладаг бөгөөд өнгөрсөн жил төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ. Нэгэнт ийм болсон бол одоо тэмцэхээс яах вэ дээ?

Ийнхүү тэмбүүтэй тэмцэх аян эхлүүлэх гарцаагүй шаардлага тулгарсан бөгөөд МАН-ын азтай нь урд өмнө аль ч нам хүчин энэ асуудлыг “олж хараагүй” юм. Нөгөө талаас хүйтэн дайн өнөөдөр дотоодын үзэгдэл болсон тул үзэл суртлын ажлыг өндөр хэмжээнд явуулсан нь дэлхий нийтэд ичгүүртэй мэдээлэл цацагдах үндэс болжээ. 

Үнэндээ энэ асуудлыг дугаар аян болгох сүржигнэлгүй, хөтөлбөр зарлаад шийдчихсэн бол, сайн үр дүнг нь дараа нь зарласан бол зөв байсан юм. Гэвч сонгууль дөхчихөөд байна л даа! Гэхдээ зарим эрх чөлөөт иргэд маань “Бал даргын маань салгаж өгөөд байтал ардчиллаас болж тэмбүүрсэн” тул төрийн өндөрлөгүүдийг огцруулж, Үндсэн хуулийг өөрчлөх саналтай байх шиг. 

Гэвч тархах ганцхан шалтгаан бийг энд бичсэн. Ахиад бичье, “Аймаар цэвэрч бус бохир байдал, орон гэр тохь тухгүй, гаанс тамхи амнаас аманд дамжуулдаг заншил, бэлгийн харилцаанд хар багаас замбараагүй оролцдог явдал, домч нарт итгэж, эрүүл ахуй, өвчлөлтийн мөн чанарыг огт мэддэггүй байдал (хүн ам өөрсдөө хөшүүн хойрго, ариун цэвэрч бус) энэ бүхэн нь ахуйн болон төрөлхийн тэмбүү өвчин Монголыг аливаа бусад дайнаас илүү хоосруулахад хүргэж байна...