АРТЕМИС - САРНЫ БУРХАН
Orion хөлөг сарыг амжилттай тойрч ирэн хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг тогтоолоо. Энэхүү нислэг нь Америк 2028 онд, Хятад 2030 онд саран дээр буух бэлтгэл ажил болов. Дараагийнх нь Ангараг байх болно гэдгийг НАСА зарлав.

Америк, канадын 4 сансрын нисэгчийг тээвэрлэсэн Орион капсул цагт ойролцоогоор 38,000 км-ийн хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирэн амжилттай эх дэлхийдээ бууж ирэв. Энгийн онгоц 10 мянган метрийн өндөрт цагт ихдээ 900 орчим км-ийн хурдтай нисдэг бөгөөд алсын тусгалтай мэргэн буудагчийн бууны сум цаг 3,500 км-ийн хурдтай бууддаг. Тэгвэл Орион сансрын хөлөг дэлхий рүү бууны сумнаас 11 дахин хурдан буюу Mach 32 хурдтай орж ирсэн гэсэн үг. Мак хурд гэдэг нь дууны хурд рүү хөрвүүлсэн хэмжүүр бөгөөд тухайн объект дуунаас хэр хурдан хөдөлж буйг хэмждэг. Энэ үзүүлэлт 1-с дээс бол Supersonic харин 5-с дээш бол хэт өндөр хурд буюу Hypersonic гэж тооцдог. Том Круизын гол дүрд тоглосон "Top Gun: Maverick" кинон дээр сөнөөгч онгоцны хурдыг Мак 10.4 дээр хүргэж онгоцоо задалдаг. Гэхдээ үүнийг бодит амьдрал дээр бараг боломжгүй гэж үздэг. Учир нь дууны хурд агаарын хэм, даралтаас хамаарч дунджаар цагт 1200 орчим км замыг туулдаг. Энэ хурдаас 32 дахин өндөр хурдтайгаар Орион дэлхий рүү орж ирсэн байна гэж бодохоор итгэхэд хүнд.

Орион капсулд нийт 11 шүхэр байсан бөгөөд эдгээр нь агаар мандалд орж ирээд зохих өндөр хүрсний дараа ээлжлэн задарч цагт 38,000 км хурдтай уналтыг цагт 27 км болгож багасгасан. Агаар мандалд орж ирэхэд хөлгийн гадна үүсэх халуун 3000 хэм элбэг давсан бөгөөд ган 1500 хэм хайлдаг гээд бодоорой.
Сарны тойрог замд орж ниссэн анхны эмэгтэй болох Кристина Кокийн хэлсэн үгийг хуваалцмаар санагдав. Түүнээс олон хүн баг хамт олон болон сансрын экипаж яг юугаараа ялгаатай болохыг асуужээ. Нэг зорилго дор нэгдсэн баг хамт олныг ямар хүчин зүйлс юугаараа ч салшгүй нэг хөлгийн гэр бүл болгож бататгадаг вэ гэдэг асуултанд тэрбээр ийн хариулжээ.

Би өмнө нь бодохдоо хамт ажилладаг хүмүүсээ, хамтаа хоол иддэг хамтрагч нараа нэг баг гэж амархан тодорхойлдог байсан бол сар руу нисээд ирсэн 10 хоногийн аяллынхаа дараа бодол минь нэлээд өөрчлөгдсөн. Сансрын экипажийн баг бол өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө ямар ч нөхцөлд, сайн болон муу зүйл юу ч тохиолдож байсан бие биенээсээ нэг минут ч салдаггүй хүмүүс байх ёстойгоос гадна бие биенийхээ төлөө өөрийгөө чимээгүйхэн золиосолж чадах хүсэлтэй, хүчтэй, зоригтой хүмүүс байдаг. Энэ бүхэн хөлгийн гишүүдийн хооронд гайхам хүндлэл, хайр бас хатуу үүрэг, хариуцлагыг үүсгэдэг. Хөлгийн багийн гишүүн болгоны хэрэгцээ болон хүсэл адилхан байдаг. Иймээс хүн болгон нэгэн зорилгын дор зайлшгүй нөхцлийн дор мэт боловч хоорондоо маш сайхнаар гэхдээ хариуцлагатай үүрэгтэйгээр хоорондоо холбогдсон байдаг. Сансрын тэртээ уудмаас харагдах жижигхэн дэлхийгээ хараад ямар сэтгэгдэл төрөв гэж олон хүн асуусан.
Яг үнэндээ намайг хамгийн ихээр цочирдуулсан зүйл бол миний харж буй дэлхий биш харин түүний эргэн тойрон дахь хязгааргүй орчлон ертөнц, харанхуй орон зай байсан. Тэр дунд манай дэлхий энэ агуу хязгааргүй орчлонгийн дунд хаашаа ч юм гав ганцаархнаа хөвж буй бяцхан аврах завь шиг л харагдсан.
гэж хэлээд энэ бүсгүй нэг хэсэг чив чимээгүй болж, ганцаараа гүн бодолд орж гацав. Үргэлжлүүлээд... Би энэ гайхалтай аяллаас харж, мэдэрч, сурсан юмаа өөртөө бүтэн шингээж, бүрэн ойлгож ухаарч амжаагүй байна. Гэхдээ би нэг шинэ зүйлийг баттай ойлгож авсан.
Тэр бол эх дэлхий дээрээ байгаа та бүхэн бүгдээрээ нэг экипажийн хамт олон юм байна лээ шүү!
1969 онд хөөрсөн Apollo хөлгийн зорилго саран дээр буух байв. Зорилгоо биелүүлсэн энэ хөлгийн нэр болох Apollo нь грек гаралтай үг бөгөөд утга билэгдэл нь НАРНЫ БУРХАН юм. Харин сая сар руу амжилттай аялаад ирсэн Artemis багийн нэр мөн грек үгнээс гаралтай бөгөөд Артемис нь Аполлогийн ихэр эгч буюу САРНЫ БУРХАН гэдэг утгатай ажээ.

Сарны бурхан Артемисийн нэрээр багаа нэрлэснээр хүн төрөлхтөн дахин сар руу очих зорилгыг шууд илэрхийлснээс гадна эмэгтэйчүүдийн оролцоог онцолжээ. Artemis хөтөлбөрийн дараагийн шат ёсоор анх удаа эмэгтэй сансрын нисэгч сарны гадаргуу дээр тун удахгүй алхах юм байна.
"A LUNAR ECONOMY" буюу "САРНЫ ЭДИЙН ЗАСАГ" хэмээх шинэ ойлголт үүсч байна.
Энэ талаарх маш сонирхолтой нийтлэлийг хэдхэн хоногийн өмнө National Geographic өөрийн сайт дээрээ гаргасныг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. Товчлон тоймловол:
Ойрын хэдхэн арван жилийн дотор та дэлхий дээрээс үүлгүй шөнө сарны наана харагдах гэрэлтэй талд нь цөмийн эрчим хүчээр ажиллаж буй гелийн үйлдвэрийн бүдэгхэн цэгэн гэрлийг харах болно гэнэ дээ. Энэ уурхай амжилттай ажиллаж, ус амжилттай олборлон өрөмдөж гаргаж чадвал сарны эдийн засаг 50 жилийн дотор дэлхийн эдийн засгийн хэмжээтэй тэнцэх хэмжээнд асар хурдан томроно. Зарим томоохон хөрөнгө оруулагчид хэдийн хөрөнгө оруулалт хийх тооцооллоо гаргаж, бизнесийн бодитой төлөвлөгөө, саналуудаа бэлэн болгоод байна. Дэлхийгээс саран дээр ирэх 100 жилийн турш хэрэгжүүлэх бодлого ирэх 10 жилийн дотор дэлхий дээр бүрэн шийдэгдэж дууссан байх болно гэнэ. Үүнээс Хятад бас хоцрохыг хүсээгүй. Том гүрнүүдийн сарны колончлол, газар нутгийг нь хуваан авч эзэмших тулаан, хэлэлцээр хэзээний эхлээд бараг дуусч буй юм биш үү дээ?
NASA 2028 онд буюу ердөө 2 жилийн дараа саран дээр 100 квт-ийн хүчин чадалтай жижиг цөмийн эрчим хүчний реактор барьж, хүний суурьшлын бүс бааз байгуулна гэдгээ зарлаж байна.
Бага багаар хүчин чадлыг нь үе шаттай нэмэгдүүлээд явах юм байна. Цаашлаад саран дээр гели (He) олборлох уурхай байгуулахаар шийджээ. Саран дээр элбэг байдаг энэ элементийн изотоп нь цэвэр эрчим хүчний хямд бөгөөд аюулгүй эх үүсвэр болох боломжтой аж. Учир нь эндээс радио идэвхт хаягдал бараг гарахгүй бөгөөд уран, плутони зэрэг уламжлалт цөмийн түлшнээс хамаагүй аюул багатай гэж үздэг юм байна. Бааз камп байгуулах газраа сарын өмнөд туйл гэж сонгожээ. Учир нь тэндээс ус ба мөсний дээж олдсон. Ус бол саран дээр газрын тосноос ч үнэ цэнтэй зүйл байна. Учир нь усыг задлаад хүчилтөрөгч болгон агаар болгохоос гадна устөрөгчийг саран дээр явагчийн түлш болгох юм байна. Сарны нар тусдаг арай дулаахан талд нь нарны сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг эх үүсвэр барихаар шийдсэн байна. NASA 2028 оноос Сарнаас Марс гараг руу аялах сансрын хөлгүүдийн хөдөлгүүрийг цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болгоно гэдгийг нэлээд дээр зарласан юм байна.

Саран дээрх усыг ашиглан бяцхан хүлэмжийн ХАА-г хөгжүүлж, ирээдүйд асар өндөр өртөгтэй тээврийн зардалтай хүнсийг дэлхийгээс зөөхгүй ээ л гэж бааварлаж байна. Саран дээр явдаг машин, ачаа тээвэр, карго контейнер буулгах технологиуд ид туршигдан судлагдаж байна. Америкийн тээврийн 3 том компани энэхүү сар руу болон саран дээр тээвэр хийх хэдэн тэрбум долларын үнэтэй тендерт өрсөлдөж байна. Зөвхөн америк гэлтгүй бусад улсуудын хувийн сансрын компаниуд, засгийн газрууд, олон улсын сансрын агентлагууд тус тусдаа болон хамтарсан нислэгүүдийг сар руу ээлж дарааллан хийх нь ээ. Дараагийн нислэгүүд нь дэлхий дээр эргэж буухдаа SpaceX шиг dock дээр өөрөө буухаар төлөвлөгдөж буй бололтой.
Хэдхэн жилийн дараагийн сар рүү 30 хоног өнжөөд тогтмол нисэх нь хэвийн үзэгдэл болно гэж үзэж байна.
Зөвхөн сарыг судлаад зогсохгүй саран дээр байгуулах энэхүү баазийг транзит цэг болгон сарнаас цаашаа өөр гарагууд руу аялах нь туйлын зорилго ажээ. Модель загвар нь Антарктидэд байдаг судалгааны бааз шиг суурин байгуулахаар зорьж буй бололтой. Энэ баазаас цаашаа нисэх эхний цэг нь МАРС гараг гэнэ. Учир нь энэ гарагийг саран дээрээс судлах нь дэлхий дээрээс судлахаас өртөг нь хамаагүй багасч буй ажээ. Саран дээр байгуулах бааз, судалгааны лабораторид ажиллах робот, тоног төхөөрөмж, машин техникүүдийг дэлхийгээс мэргэжлийн хүмүүс алсаас удирдан ажиллуулах юм байна.

Удахгүй сарны хиймэл дагуулыг ашиглаж эхлэх бөгөөд ингэснээр дэлхийгээс сарыг тогтмол хянах боломжтой төдийгүй үүгээр дамжуулан GPS систем угсарч, сарны тэнгэрт 4G, 5G сүлжээ оруулах нь ээ. Нэг их удахгүй саран дээрээс фэйсбүүк оруулж, шууд лайв хийвэл гайхах хэрэггүй юм байна. Түүнчлэн барилгын материалын жижиг үйлдвэр, цехүүдийг тэргүүн эгнээнд байгуулж саран дээр баригдах дэд бүтэц, байшин барилгаа барина аа л гэнэ. Гэхдээ хамгийн том эрсдэл нь солирууд юм байна. Учир нь сар агаар мандалгүй учир сансрын хаягдал, солир сар мөргөх, саран дээр унах нь элбэг байх учир сарыг ийм эрсдэлээс хамгаалах батлан хамгаалалтын технологийг давхар боловсруулж буй ажээ.
Бид ер нь сарны тухай юу мэддэг юм бэ?
Сар дэлхийгээс хэмжээгээрээ бараг л 4 дахин жижиг бөгөөд дэлхийгээс дунджаар 384 мянга орчим км зайтай. Энэ зайг орчин цагийн сансрын хөлгөөр нэг талдаа 5 хоног нисээд л очиж байна. Ирж буцахын үсрээд л 10 хоног гэсэн үг. Сар нь бараг агаар мандалгүй гэдэг. Иймээс хүчилтөрөгч байхгүй төдийгүй салхи шуурга, үүл, хур тунадас гэж үгүй. Тэнгэр нь үргэлж хав харанхуй байх тул од гараг саран дээрэс маш тод харагдана. Мөн агаарын даралт байхгүй учир сансрын өмсгөлгүйгээр хүн амьдрах боломжгүйгээс гадна агаар мандал байхгүй тул дулаан хадгалагдах боломжгүй. Дуу чимээ агаараар дамждаг тул агааргүй саран ижий дээр ямар ч анир чимээ сонсогдохгүй, бүх зүйл таг чимээгүй байдаг гэж буй.

Иймээс сансрын цацраг туяа шууд тусах учраас хүнд хортой нөхцөлд тооцогдоно. Гэхдээ ус, мөсний ул мөр илэрсэн тул алсдаа ашиглах боломжтой гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар тооцоолсон. Нартай талдаа 130 хүртэл хэм халж, сүүдэр талдаа -170 хэм хүртэл тас хөрнө. Шинэ зурагт тод гарсан сарны бидэнд харагддагүй цаад талын том тогооны ёроолд -246 хэм хүрч хүйтэрдэг гэх. Таталцлын хүч нь дэлхийгээс 6 дахин бага учраас тэнд сагс тогловол хэний янаагүй алаад өгнө. Бие маш хөнгөн болж, асар өндөрт үсэрч харайх боломжтой гэсэн үг. Гэхдээ дэлхий дээр таталцлын хүч хүний бие дэх цус болон шингэнийг хөл рүү татдаг бол саран дээр эдгээр шингэн дээшээ цээж, толгой руу шилжинэ. Үүнээс болж удвал нүүр хөөж, хамарын битүүрч, тархины даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэдэг. Сарны тоос гэж зүйл байх. Тэр нь бараг л төмрийн үртэс шахуу юм уу даа. Үүгээр амьсгалах нөхцөлд уушги руу шууд орж үхэлд хүргэхээс гадна техник, тоног төхөөрөмжүүд рүү шигдвэл эвдэх эрсдэлтэй гэж үздэг.
Далай тэнгистэй орнуудад сар чухал нөлөөтэй. Тэр нь сар татах хүчээрээ далай дээр татлага бас түрлэг үүсгэж байдаг. Далайн экосистем, боомт хотууд, загас ангуурын аж ахуй сарны татах хүчний хэмнэлд тааруулж ажилладаг. Том Хэнксийн тоглосон алдарт "Cast Away" кинон дээр мань эр олон дахин бүтэлгүйтсэнийхээ дараа далайн түрлэг ашиглан өөрийн гараар хийсэн салаараа задгай далайд гарч амиа аварч чаддаг шүү дээ. Дэлхийн сар руу харсан талд мэдээж сарны татах хүч хамгийн хүчтэй нөлөөлж, далайн усыг өөр рүүгээ "татаж", усны түвшин дээшлэхийн түрлэг гэнэ. Дэлхийн нөгөө талд байгаа далайн усанд татах хүч бага үйлчлэх мэт боловч дэлхий өөрөө тэнхлэгээрээ эргэж байгаа төвөөс зугтах хүчний нөлөөгөөр ус гадагшаа түрэгддэг. Ингэснээр сарны эсрэг талд бас нэгэн түрлэг үүсдэг. Түрлэг үүсэж байгаа хоёр тал руу ус татагдсанаар тэдгээрийн дунд орших хэсгүүдэд усны түвшин багасах бөгөөд үүнийг далайн татлага хэмээнэ. Сарны татах хүч нь далайн түвшнийг дунджаар 0.5-аас 1 метр орчим өсгөдөг гэдэг ч далайн ёроолын хэлбэр, эргийн шугам болон булан тохой зэргээс хамаарч зарим газарт энэ ялгаа маш их болдог. Тухайлбал, Канадын нэгэн буланд далайн түрлэгийн үед усны түвшин 16 метр (ойролцоогоор 5 давхар байшинтай тэнцэх) хүртэл нэмэгддэг бол татлагын үеэр ус маш хол далайн гүн рүү татарч, хөлөг онгоцууд хуурай газар дээр зогсож байгаа мэт харагддаг. Далай дор хүчтэй газар хөдлөө цунами үүсэхийн өмнө далайн ус асар ихээр татарч хойшоо татагддаг даа. Тэгээд буцаж усан хана хэрэм босон ирж эрэг, хуурай газрыг сүйтгэдэг шиг үйл явдалтай жишвэл илүү тод ойлгогдож магадгүй.

Сониноос далайн түрлэгийн хүчийг ашиглан эрчим хүч гаргаж авах (Tidal Energy) боломжтой бөгөөд олон улс орнууд хэдийнэ энэ эх үүсвэрийг ашиглан генератор ажиллуулж далайн сэргээгдэх эрчим хүч ашиглаад эхэлсэн юм байна. Далайн ус, сар хоёр байхгүй болчихгүй бол бараг мөнхийн хөдөлгүүр юм биш үү дээ. Хамгийн ойр нь гэвэл Солонгост ийм цахилгаан станц ажилладаг юм байна.
Артемис II багийн сар руу хийж буй аяллын үеэр Калифорнийн нэгэн старт ап компани (Galactic Resource Utilization Space) саран дээр зочид буудал барихаа зарлан, хугацаа зааж хүмүүс илгээхээр урьдчилгаа төлбөр аван захиалгаа баталгаажуулж эхэлжээ.
Нэг удаадаа 4 зочин зэрэг хүлээн авах буудлаа 2032 гэхэд дуусгах бөгөөд эдний буудалд саран дээр нэг хонох үнэ 416 мянган доллар, сансрын хөлгийн аяллын билетээ оруулбал нийт зардал нь 10 сая доллар болно гэнэ ээ. Гэхдээ үүнээс өмнө буюу дараа жилээс өмнө сансрын тойрог замд нисч буй сансрын станцууд дээр гадны хүмүүс авч, зочид буудлаар ашиглуулах сансрын шинэ аяллын бүтээгдэхүүнүүд бараг бэлэн болсон юм байна.
Тэртээ 1931 он буюу өдгөөгөөс 95 жилийн өмнө Дашдоржийн Нацагдоржийн бичиж байсан ОД шүлэг шууд санаанд орох. Бараг 100 жилийн өмнө монгол хүн тийн сэтгэж, ийн бичиж байжээ. Үнэхээр гайхамшигтай!
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
Эрдэмт марс од оо! Чи нэгд нэгээр харж байна
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи?
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ

Цаашилбал, манай орчлон ертөнц өөрөө хар нүх дотор оршдог бөгөөд multiverse буюу олон өөр орчлон ертөнц, цаг хугацаа зэрэгцэн оршдог байж болох тухай маш сонирхолтой нийтлэл, судалгааг ЭНД дарж уншаарай. Бидний харж буй бүхэн 3D юм шиг боловч яг үнэндээ 2D орчлонд та бид амьдардаг бөгөөд ийм орчинд кодлогдсон ч байж магадгүй гэнэ. Явж явж хоосон чанарын онол шинжлэх ухаанаар батлагдах нь уу даа.
Хар нүх бол бидний мэдэх орчлонгийн хязгаар агаад бидний ойлголт түүний зах хязгаар дэээр хүрээд зогсдог.
Хоосон чанар бол бидний сэтгэлийн хязгаар буюу бид юмс үзэгдлийг туйлын гэж төсөөлдөг ч үнэндээ тэдгээр нь харилцан хамааралтай хоосон чанартай оршдог гэдэг. Урж шөнө та тухтай орон дээрээ дулаан хөнжилдөө хамраа шургуулаад унтаж байх хооронд чинь манай галактик сансрын хязгааргүй огторгуйгаар сая сая км зам туулжээ.

Манай нарны аймаг Сүүн зам галактикийн нэгэн захад нь оршдог. Та өглөө болгон байнга унтдаг унтлагын өрөөндөө, үргэлж амьдардаг эх дэлхий дээрээ сэрдэг боловч өчигдөр унтахаасаа өмнөх цэгээсээ төсөөлөхийн аргагүй хол аялсан байдаг. Учир нь Сүүн замын оддын бөөгнөрөл буюу галактик та бидэнд л шууд мэдрэгдэхгүй (бид мэдрэх чадваргүй) болохоос биш 1 секүүндэд 600 км-ийн хурдтай сансрын харанхуй орчлонд асар хурдтай хөвж явдгаас гадна тэрбум тэрбум од гарагууд бидэнтэй цуг огторгуйгаар нэг давхиж явдаг. Хааяа таны амьдрал зогсож гацсан мэт санагддаг уу? Гэвч үгүй шүү хонгор минь, танд тэгж санагдаж байгаа боловч та хязгааргүй орчлонгийн асар уудамд эх дэлхийтэйгээ цуг 1 цагт 2 сая км-ийн хурдтай хаашаа ч юм давхин хөвөн яваа шүү...

2026 оны 4-р сарын 13

