Эрхэм та нөхрийн хамт Монгол Улсад айлчилж байгаа нь Австралийн Амбан захирагч манай оронд хоёр дахь удаагаа морилж буй түүхэн үйл явдал юм. Анхны айлчлал 30 гаруй жилийн өмнө болсон. Энэ удаагийн таны айлчлалын зорилго юу вэ?

Миний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал бидний олон арван жилийн туршид бэхжүүлсэн найрсаг харилцааг бататган харуулах зорилготой. Австрали Монголыг “Гуравдагч хөрш”-өө гэж үздэг. Энэхүү ойлголт нь дэлхийн энхтайван, тогтвортой байдал, хөгжин дэвшиж урагшилж буй бүс нутгийн төлөө хамтдаа зүтгэдэг бөгөөд ардчиллыг эрхэмлэдэг, ижил үнэт зүйлстэй улсуудын холбоог илэрхийлдэг. Манай хоёр улсын харилцааны гол цөм нь олон арван жилийн туршид ард иргэдийн хооронд бий болсон нандин холбоос дээр суурилдаг.

Австрали, Монгол хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон. 2007 оноос “Өргөтгөсөн түншлэл” гэж тодорхойлж ирсэн бол таны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээ зарласан. Энэ шинэ статус хоёр улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?

Манай хоёр улсын түншлэл Монголын эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулж, хүний нөөцийн ур чадвар, ажлын байр, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог бодитой нэмэгдүүлж байна. Эдгээрийг үргэлжлүүлэн бататгахаас гадна Австрали, Монгол хоёр улс хатуу ширүүн, өвөрмөц байгальтай орчинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нийтлэг сорилтыг хамтдаа хуваалцаж, шийдэл дээр хамтран ажиллах болно.

Таны айлчлал хоёр улсын харилцааны бат бөх, урт удаан түүхийг бататгаж байна. Худалдаа, боловсролын салбараас гадна Австрали–Монголын ирээдүйн харилцааг та хэрхэн төсөөлж байна вэ?

Австрали Улс Монголын “гуравдагч хөрш” гэдгээр бахархдаг.

Австралийн Холбооны Улс эртнээс тогтоосон энэхүү урт удаан, бат бөх харилцаагаа хадгалахыг зорьдог. Өнгөрсөн хугацаанд бид хамтдаа харилцан хүндэтгэл, нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурласан бат бөт харилцааг бий болгож чадсан бөгөөд ирээдүйд улам өргөжин батжина гэдэгт итгэлтэй байна. Худалдаа, боловсролын салбар чухал боловч бид хөгжлийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, ард иргэдийн харилцан холбоо, батлан хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаар бахархдаг. Манай хоёр улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллаж, улс орнуудын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх, олон улсын хуулийг чандлан сахиулах, идэвхтэй хамтын ажиллагаа, тэгш оролцоог эрхэмлэх зарчимд тулгуурласан нээлттэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй бүс нутгийн хөгжлийг дэмжин хамтран ажиллана.

Австралид 22,000 гаруй Монголчууд оршин суудаг. Ард иргэдийн хоорондын харилцаа, соёлын гүүрийг та хэрхэн харж байна вэ?

Австрали Улсад өргөжин тэлж буй монгол диаспора, тоо нь нэмэгдэж буй монголчуудаар бахархдаг. Австраличууд ч гэсэн Монголд жуулчин, сайн дурын ажилтан, уран бүтээлч, бизнес эрхлэгчийн хувиар улам ихээр нэмэгдэн ирж байна. Би айлчлалаасаа хойш австраличуудад Монголын тухай, айлчлалын үеэр харсан, сурсан зүйлсийнхээ талаар байнга ярьж, манай хоёр улсын гайхамшигтай холбоог онцолж ажиллаж байгаа шүү.

Австрали Монголд 110 сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн. Энэ төслүүдийн урт хугацааны үр нөлөөг та хэрхэн харж байна вэ? Австралид суралцсан 850 гаруй Монгол оюутан эх орондоо оруулж хувь нэмрийг хэрхэн мэдэрч байна вэ? Та Улаанбаатарт Австралид төгсөгчид буюу MOZZIES-ийн төлөөлөлтэй уулзсан. Тэдний үйл ажиллагаа, боломжийн талаар ямар сэтгэгдэлтэй үлдэв?


MOZZIES буюу Австралид төгсөгчдийн төлөөлөлтэй уулзсан нь миний айлчлалын онцлох мөч байлаа. Австрали 30 гаруй жилийн өмнө Монголын хөгжлийг дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлсэнд нь бахархаж явдаг. Энэ санаачилга 1993 онд манай Гадаад хэргийн сайд Гарет Эванс болон Монголын Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн гуай нарын явж байсан урт нислэгийн үеэр гарсан түүхтэй. Төгсөгчдийн холбоо нь Австрали, Монголын нийгэмлэг болон тэлж Монголын хөгжил, тогтвортой байдал, сайн сайханд асар их хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцааны шилдэг элч хэвээр байгаад баяртай байна.

Монголд айлчлахдаа таныг хамгийн их гайхшруулсан зүйл юу байв? Сэтгэл хөдөлгөсөн, бэлгэдэлтэй мөчөө дурсана уу?

Австралийн түншлэл, анд нөхөрлөлийг дахин бататгахын тулд Монголд айлчилсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монголын өвөрмөц соёл, ард түмэн, байгалийн сайхныг мэдрэх нь надад онцгой дурсамж үлдээлээ. Ялангуяа амьдардаг гэр, сургууль, ажлын байранд нь монголчуудтай уулзаж байхад мэдэрсэн халуун дулаан, өгөөмөр зочломтой занд би гүнээ талархаж явдаг.

Оюу Толгой төсөл Австрали Улсын багагүй дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Уул уурхай ба тогтвортой хөгжлийг Монголын ирээдүйд хэрхэн зэрэгцүүлэн харж байна вэ? Австрали Улс Монголын эдийн засгийг зөвхөн уул уурхайн салбараас гадна солонгоруулж төрөлжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?

Австралийн хувьд уул уурхай эдийн засгийн тулгуур салбарт тооцогддог. Гэхдээ тогтвортой хөгжилд эдийн засгийн төрөлжилт маш чухал. Монголтой адил Австрали аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудад ихээхэн боломжтой бөгөөд эдгээр салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг. Австралийн Олон улсын Хөдөө аж ахуйн судалгааны төв (ACIAR) Монголын хөдөө аж ахуйн бодлого, хөдөөгийн шинэчлэлийг дэмжих судалгааны төслийг одоо хэрэгжүүлж байна. Энэ нь Австралийн 50 жилийн туршлага дээр тулгуурлан Монголын бодлогын шинэчлэлд зөвлөмж өгөх зорилготой.

Айлчлалын үеэр Монгол бас Австралийн шууд нислэгийн тухай хэд хэдэн удаа дурдагдсан. Шууд нислэг хэзээ эхлэх бол?

Манай хоёр улсын засгийн газар хоорондын тээвэр, ложистик, урсгал, холболтоо улам бүр нэмэгдүүлэхийг зорьж байна. 

2024 оны аравдугаар сард Австрали, Монгол хоёр улс агаарын тээврийн анхны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрээр хоёр улсын хооронд долоо хоногт 14 зорчигч тээврийн нислэг, ачаа тээврийн хязгааргүй нислэгийн үйлчилгээг харилцан зөвшөөрсөн.

Шууд нислэг хэзээ эхлэх нь хараахан тодорхойгүй байна.

Амбан захирагчийн хувиар та Австралийн үнэт зүйлсийг төлөөлдөг. Монголын нийгэмд ямар үнэт зүйлсийг харсан бэ? Таны айлчлал Австраличуудад болон Монголчуудад ямар урам зориг өгөөсэй гэж хүсэж байна вэ?


Манай хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэл, эрх чөлөө, ардчилалд итгэх итгэл дээр суурилдаг. Хоёр улс энхтайван байдлаар хөгжин дэвжих ертөнцийн төлөө хамтдаа ажиллаж байна. Бид Монголын чухал “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Манай хоёр улсын хооронд байгаль орчин болон соёлын үнэт зүйлсийн ойр дотно холбоосууд бий. Бид хоёулаа өргөн уудам нутагтай, бас хатуу ширүүн уур амьсгалтай орнууд. Монголд “Мөнх хөх тэнгэр” байдаг бол Австралид бид өөрсдийгөө “Уудам тэнгэрийн орон” гэж нэрлэдэг. Уур амьсгалын өөрчлөлт бидний нийтлэг сорилт мөн. Иймээс бид эх орноо хайрлан хамгаалах ёстой. Австраличууд бид дэлхийн хамгийн эртний бөгөөд тасралтгүй оршин тогтнож буй уугуул иргэдээсээ эх орон, газар нутагтайгаа гүнзгий холбогдох гүн ухааныг сурч авдаг. Монгол ч мөн адил маш баялаг, эртний түүхтэй улс. Та бүхэн тэр түүхтэйгээ холбогдож, орчин үеийн эрч хүчтэй улс орноо бүтээн урлаж буй нь бидний хувьд та бүхнээс суралцах жишээ юм.