“Бодит оролцоо”-ны дутмагшил
Бидний оролцоогүй байдлын бас нэг жишээ бол төр. Социалист үзэл сэтгэлгээгээр төрийг шүүмжлэх бус дээдлэн хүндлэх учиртай бол ардчилсан зарчмаар төрийг ард иргэд хянаж, хяналт тавьж байх учиртай байдаг. Хоорондоо эрс ялгаатай ойлголтууд. Үйлчлэл, нөлөө, үр дүн нь ч өөр.
Социалист үзэл, сэтгэлгээ, итгэл үнэмшлээ халж гээж, ардчилсан нийгмийн үнэт зүйл, суурь зарчмууд, үзэл санааг төлөвшүүлж, оюун санааны шилжилт хийх цаг ирсэн байна. Ардчилсан нийгмийг бүтээх учиртай суурь зарчмууд иргэдийн оюун санаанд бүрэлдэн тогтоогүй өдийг хүрчээ. Нэг нь “ Бодит оролцоо” гэх зарчим. Манай улс, нийгэмд тун их дутмагдаж буй зарчим юм, энэ бол.
Манай нийгэм иргэдийнхээ оролцоогоор дэндүү дутагддаг. Улс орны асуудлыг төр засаг, яам салбар, бусад хүмүүсийн, эх орноо хамгаалах нь тэмцэгч нарын, нийгмийн төлөө дуугарах нь хэд гурван хүмүүсийн, төрд бугшсан хулгай зэлгийтэй тэмцэх нь хэдэн сэтгүүлч нарын ажил үүрэг хэмээгээд өөрт хамааралгүй үздэг, боддог хүмүүс дэндүү олон бий, манай нийгэмд. Энэ явдлын нэг шалтгаан нь энэ. Социалист нийгэмд улс орноо хөгжүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгаа төлөвлөх, иргэдээ үзэл сурталжуулах, бүр цаашлаад их дээд сургууль төгсөгчдийгхаана, аль аймаг, суманд, үйлдвэрт хувиарлах нь, гэр бүл салбал арга хэмжээ авч донгодох хүртэл нам засаг, төр, сайд дарга нарын үүрэг ажил, нам засгийн бодлого байжээ. Иргэдээ хаана амьдрах, хаана ажиллах, хаашаа явахыг бараг юу бодохыг нь зааж зааварладаг, юу ярих, юу ярих ёсгүйг хянаж цагддаг нам засаг, төрийн хараат, хяналтан дор амьдардаг байжээ. Гэр бүл салбал намын хурлаар оруулж, арга хэмжээ авч, ажлаас нь халж, нийгмээрээ гадуурхдаг гэхээр нам засаг иргэдийнхээ хувийн амьдралд хүртэл оролцдог байж. Энэ нөхцлөөс иргэдэд нам засаг, төрд, дарга нарт найддаг, хувийн амьдралаа даатгадаг, бодит оролцоо дутмаг, улс нийгмийн амьдралд мэдрэмжгүй ханддаг хандлага, үзэл сэтгэлгээ хэвшин тогтсон юм байна. Иргэдийн оролцоо шаардлагагүй нөхцлөөс улс орон, нийгмийн амьдралд бодитоор оролцох учиртай гэсэн сэтгэлгээ хэвшин тогтохгүй байх нь зүйн хэрэг. Энэ сэтгэлгээний үр урхаг, үлдэц нь өдгөө ч оршсоор. Улс нийгмийн амьдралын болохгүй бүтэхгүй бүхэнд бусдыг турхирч, шахан шаардаж, та нар тэмцээчээ, төр засаг хийгээчээ, чи дуугараачээ, дарга нар улс орноо хөгжүүлээчээ, ард иргэдээ сайхан амьдруулаачээ, энийгээ ингээчээ, тэрийгээ тэгээчээ хэмээн үүрэг хариуцлагыг бусад руу чихдэг, өөрөө болохоор хойш суудаг, амиа боддог сэтгэлгээ тэр үлдэц нь.
Энэхүү үзэл сэтгэлгээ, хандлагыг задлаж харвал, бусад хүмүүсийг улс нийгмийн амьдралд оролцохыг, хийхийг, бүтээхийг, өөрчлөхийг шахаж шаардаад суух атлаа бодит байдалд иргэн өөрөө улс нийгмийн амьдралд оролцохгүй,үгээ хэлэхгүй, үзлээ илэрхийлэхгүй, бусдыг дэмжихгүй, хамтрахгүй, оролцохгүй, хийхгүйгээд хувь нэмрээ оруулахгүй, бодитоор оролцохгүй, биеэ нөөсөн, хойш суусан байдалтай. Энэ сэтгэлгээ хандлагаас бусдын хийсэн, өөрчилсөн, бүтээсэн зүйл дээр сайн сайхан амьдрах гэсэн увайгүй, хөгийн санаа цухалзах юм. Мөн өөрөөс бусдыг шахаж шаардах хирнээ өөрөө оролцохгүй, ард нь үлдэх энэ байдлаас хар амиа хичээсэн шинж, аяс цухалзаж байгаа нь бэртэгчлэл юм. Иргэд маань залхуурч назгайрсаны улмаас дээрх увайгүй, хөгийн санаа, харь амиа хичээсэн бэртэгчин шинж, сэтгэлгээг агуулаагүй л байх. Гэвч оролцоогүй байдал хар аяндаа бэртэгчлэлд аваачжээ. Социалист нийгэмд хэвшин тогтсон үзэл сэтгэлгээ, хандлага нь ардчилсан нийгэмд увайгүй, хөгийн санаа, аяст бэртэгчлэл болон хувирчээ. Тэр цагийн үзэл сэтгэлгээ энэ цагт утгаа алдаж, утгагүй хоосон, дэмий балай сэтгэлгээ болж хувирсан гэсэн үг юм энэ бол.
Энэхүү бэртэгчин сэтгэлгээ хандлага бол “ Бодит оролцоо” - ны дутмагшил болно. Ертөнц даяар мөрдөгддөг энэхүү оршихуйн суурь зарчим манай улс нийгэмд нэн их дутагдаж байна. Дараах учиртай зарчим болно.Улс орон, нийгмийн ахуй бол хамтаараа оршин амьдардаг хамтын оршихуй, орчин нөхцөл болохын хувьд хүн бүрийн хувь нэмэрт, бодит оролцоонд, хамтач ёс, хамтач үйл ажиллагаанд тулгуурлан оршдог жамтай. Энэ зарчмын агуулга нь дэмжлэг ба улс нийгмийн амьдралд заавал хувь нэмрээ оруул, заавал бодитой оролцож бай гэсэн санаа, утгыг илэрхийлдэг. Энэ бүх үйл явцын цаана дэмжлэг явж байдаг. Бодит оролцож, өөрийн хувь нэмрийг оруулах гэдэг дэмжлэг юм. бурууг эсэргүцэх, хяналт тавих гэдэг зөвийг дэмжиж буй дэмжлэг байдаг.
Оролцох хийгээд оролцоогүй байдлын ялгаатай байдлыг дараах жишээгээр харуулав. Манай улс нийгэмд гаж этгээд, буруу бусар, худал хуурмаг үзэгдэл, явдал элбэгшиж, дэндүү хавтгайрсан явдлаас үүдэн гурав, хоёр, ганц хоногийн зайтай л элдэв хачин, гаж гэмээр сенсаци дэгдэнэ, үйл явц өрнөнө, үзэгдэл төрнө.Эдгээр тохиолдол бүрд иргэдийнхараан зүхсэн, гутааж доромжилсон, хийрхэн орилсон, үгүйсгэсэн сэтгэгдлүүд сошиал ертөнцөд хөвөрнө. Өөрсдийнхөө энэ хандлагыг шинжвэл, хэлбэрээс нь харахад нийгмийн амьдралд оролцож байгаа мэт харагдавч, агуулга, утга, учир зүйн талаасаа огтын оролцоогүй байдал юм энэ бол. Бодит оролцоо биш, зүгээр л дэмий балай үйлдэл хандлага, элийрэл, солиорол болно. Учир нь хий дэмий зүйл ярьж, хийрхэн элийрч балайрах гэдэг нийгмийн асуудалд өөрийн хувь нэмрийг оруулж, дэмжиж буй арга хэлбэр, бодит оролцоо огт биш эсрэгээр огтын оролцоогүй байдал болно. Зүй нь бол элийрэх балайрах биш үгээ хэлж, үзлээ илэрхийлж, тухайн сэдэв, үйл явдалтай холбогдуулж санаа оноогоо хэлж, илэрхийлэх учиртай юм.Бодит оролцоо энэ мөн. Хийрхэн зүхэж, элийрч балайрах хийгээд үгээ хэлж, үзлээ илэрхийлэх гэдэгхоорондоо тэнгэр газар адил ялгаатай. Нэг нь асуудлыг шийдэхэд тусална. Нөгөөх нь эмх замбараагүй болгоно. Нэг нь амин чухаг хэрэгтэй, нөгөөх нь огтын хэрэггүй, дэмий үйлдэл.
Бидний оролцоогүй байдлын бас нэг жишээ бол төр. Социалист үзэл сэтгэлгээгээр төрийг шүүмжлэх бус дээдлэн хүндлэх учиртай бол ардчилсан зарчмаар төрийг ард иргэд хянаж, хяналт тавьж байх учиртай байдаг. Хоорондоо эрс ялгаатай ойлголтууд. Үйлчлэл, нөлөө, үр дүн нь ч өөр. Эхнийх нь ард иргэдийн амыг барина, шүүмжлэхэд саад болно. Дараагийнх нь иргэд төрд хяналт тавьсанаар төрийг эрүүлжүүлнэ, цэвэрлэнэ. Эхнийх нь оролцоогүй байдал, дараагийнх нь бодит оролцоо. Төрд хяналт тавих гэдэг бодит оролцооны нэг хэлбэр. Ардчилсан зарчмаар бол төрд хяналт тавьж, авилга хээл хахууль, хариуцлагагүй явдал, ёс суртахуунгүй байдал, төсвийн үргүй зарцуулалт, тендерийн будлиан энэ мэт зүй бус явдлыг мэдээлж байх, хариуцлагагүй явдлыг шүүмжилдэг байх, өөрийн санаа бодлыг илэрхийлж байх, хариуцлага тооцохыг шаарддаг байх, буруу явдлыг эсэргүүцдэг байх, таслан зогсооход оролцох эдгээр хандлагууд бол төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодитой оролцож буй арга хэлбэрүүд юм. Хяналт тавьсанаарсамуурах, завхрах, гажуудахаас сэргийлнэ гэдэг төрийг дэмжиж буй үйлдэл бөгөөд бодит оролцоо мөн.Харин төрийн буруу бусармаг явдлыг шүүмжилсэн хүнийг эсэргүүцэж, төрөө хүндэл дээдэл гэж шаардах, төрийн төлөө чи оготно шиг боож үхлээ юу гэж тавлах, төрийн ажил чамаар дутахгүй гэж үгүйсгэх энэ бүх идэвхгүй, назгай, үгүйсгэсэн хандлага бол оролцоогүй байдал. Оролцох хийгээд оролцоогүй байдлын үр дагавар, үйлчлэл эрс өөр байна. Ийм жишээг манай нийгмээс төрөл бүрээр нь харж болно. Иргэдийн халаглан харамсдаг, хараан зүхдэг, аргаан бардаг төрийн данхайлт, шат шатандаа бугшсан авилгал, хулгай зэлгий, үр дүнгүй төсөл хөтөлбөрүүд, дарга нарын дураараа дургилт, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлүүд, нийгмийн мэдрэмжгүй хандлага, эзэнгүйдэлт эдгээр үзэгдлүүд иргэдийн бодит оролцоо, улмаар иргэдийнтөрийг хянах хяналт дутсаны л үр дагавар. Улс орон, нийгмийн амьдрал, бүх салбарын дотоод үйл ажиллагаа бодит байдалд таны, миний, бидний хувь нэмэр, бодит оролцоогоор нэн их дутаж байгаа шүү.
Орших хийгээд эс оршихын дотоод талаас нь нөхцөлдүүлж,шийдэх чадвар чадамж, үйлчлэл бүхий энэ зарчим дэлхий даяар мөрдөгддөг ба ялангуяа, соёлт, зарчимч, хувь хүний үүрэг хариуцлага төлөвшсөн, хүний эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улс орнуудад иргэдийнх нь оюун санааны ертөнцөд хэвшин тогтсон байдаг юм билээ. Энэ явдал дараах сайн талтай. Иргэд нь энэхүү зарчмын агуулга, утга санаа, учир, ач холбогдлыг ойлгосон байдгаасулс нийгмийн амьдрал миний хувь нэмрээр, миний үгээр, миний үзлээр, миний оролцоогоор дутна, тэгэхээр би оролцох учиртай гэсэн үзэл төлөвшсөн байдаг. Мөн ухамсартайгаар хэрэглээд дадаж хэвшчихдэг.Нийгмийнхээ амьдралд оролцож, нийгмийг цочоосон хэрэг явдал гарах, байгалийн гамшиг тохиолдох, гал түймэр гарах, жагсаал цуглаан болоход уриа дуудлага, шаардлага шахалтаар бус өөрийн хүсэл бодол, сайн дурын санал санаачилга, улс нийгмийн төлөө гэсэн сэтгэлээр, ухамсарт сэтгэлээр оролцдог юм билээ. Улс нийгэмдээ оруулах хувь нэмэр, бодит оролцоо гэгч ухамсарт үзэл, сэтгэлгээ, хандлагад суурилдаг зүйл аж.
Бодит оролцоо гэдэг өдөр тутмын үйл ажиллагаа болно.Оролцоогүй хандлагаа өөрчилье. Улс нийгэмд тулгарсан асуудалд бодитой, ухамсарт, эрүүл, зөв хандлага, сэтгэлгээгээр оролцдог больё, оролцож хэвшье. Улс нийгмийнхээ амьдралд оролцдоггүй биш бодитой оролцдог, хариуцлагатай, идэвхтэй иргэд больё.
Ч.ТУЯА