БОГД ЛАМЫН ТОВЧ НАМТАР
Буддын сударт: ”Зонхаба Богд хойд төрөлдөө өөр Замбуутивд нэгэн хаан болон төрж амьтны тусыг ихэд үйлдэж, гутгаар төрөлдөө энэ Замбуутивийн дорно зүгийн Риза хэмээх сүм хийдэд бандида болон төрөх. Хоёр мянган шавь нар хурах бөгөөд шавь нар бүхэн нь чуулганы их мөр ба барилдлагын их мөрд оршигчид ямагт болох болмуй. Мөн Сухавадийн оронд төрөх ба “Билэг билгийн эрхт” хэмээх Бурхан болно. Мөн сайн галавын мянган бурханы есдүгээр “Сайн нүдэт” хэмээх Бурхан нь Зонхабагийн хувилгаан дүр мөн болой” хэмээн өгүүлжээ.
2500 жилийн өмнө хоёр хөлтийн дээд, тэнгэр, хүмүүний их багш, төгс гэгээрсэн Будда Шакьямуни номын хүрд эргүүлж, нирвана дүр үзүүлснээс хойш нэг мянга хоёр зуун жилийн дараа зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу аргын шинэ тооллын 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны өдрийн үүр гэгээрэх цагт Богд Зонхаба Түвдийн орноо Амдо мужийн Мангирт хэмээх газрын олон голын бэлчирийн аманд нутгийнхаа олонд “дарханч” хэмээн алдаршсан эцэг Лүнбүнгэ,шинэ овгийн эх Ачой хоёрын дөрөв дэх хөвгүүн болон мэндэлжээ. Зонхаба гэдэг нь Мангирт гэсэн нутгийн нэр аж. Хүй дарсан газар нь хожим цагаан зандан ургаж,навчин дээр нь зуун мянган бурхны зураг,холтсон дээр нь номын үсгүүд буй болсон гэдэг. Зонхов Богдын сургаал арван зургадугаар зуунаас эхлэн монголчуудын буддын уламжлалт их хөлгөний сургаалийн үндэс суурь болсон билээ. Богд ламын мэндэлсэн Амдо газар нь монголын хилд ойрхон,монголчууд олноор амьдардаг нутаг байв. Хөх нуурын дээд монголчууд Амдо нутагтай хаяа дэрлэн амьдардаг байв.Цаст Түвдийн мэргэдийн оройн чимэг Богд Зонхоба Лувсандагва нь эрт урьдын төрөлдөө Бодисадва,Бандидагийн дүрээр явсан аж. Түвд,Монгол орны ард олон Богд лам Зонхабаг Бурхан багшийн зэрэгт аваачиж шүтэн хүндэлдэг. Богдыг мэндлэхэд эх эцэгт нь зөн билигт зүүд мэдрэгдэж,хүйсийг нь огтлоход цус дуссан газраас нь цагаан зандан мод ургасан гэдэг. Эцэг эх нь ямар зөн билигт зүүд зүүдлэв ? Зургадугаар жарны бичин жилийн сүүлчээр Мал овогт Лүнбүнгэ нэгэн удаа ийн зүүдэлжээ. Утай таван уулнаас шар торгон баринтагтай судар барьсан лам хувраг хүн хүрч ирээд “Би танаас орон гэр зээлье.“ хэмээн өгүүлээд байшингийн орой дээрхи жижиг дуганд явж орлоо гэнэ. Лүнбүнгэ байнга Жанбалцанжид судрыг уншдаг тул Манзушир бурхан адислаж: “Танайд ухаантай сайн хөвгүүн төрнө” хэмээн билигшээж гэнэ. Мөн эцэг Лүнбүнгэ “Очирваанийн орон Жанложангаас бадарсан алтан очир барьсан Очирваань бурхан хүрч ирлээ” хэмээн зүүдэлсэн гэнэ. Эх Шин овгийн Ачой зургадугаар жарны шар тахиа жилийн нэгдүгээр сарын 10-ны шөнө ийн зүүдэлжээ: ” Охид бүсгүйчүүдийн дунд сууж байтал зүүн зүгээс бумба барьсан охин гарч ирээд тэднийг сайтар ажиж байснаа Ачойг сонгон: “Та үүнийг төрүүл” хэмээв. Зүүдэндээ дээш харвал тэнгэрт үүлэн дотор алтан Жанрайсэг бурхан тал бүртээ гэрэл цацруулан харагдаж байснаа улам багассаар эхийн орой дээр төө хэрийн дайтай үлэмж үзэсгэлэнтэй болж биенд шингэв” хэмээн зүүдэлжээ. Эдгээр гайхамшигт зөн билигт зүүдний дараа Богд лам мэндлэв. Зонхов Түвдийн Амдо нутгийн Лүнбүнгэгийн зургаан хөвгүүний дөрөв дэх нь байсан бөгөөд түүнийг гурван нас хүрмэгц эцэг эх нь нутгийн номтой цорж Донровринчин гэгээнд шавь болгон өгчээ.
Ийнхүү Богд Зонхаба 3 настайгаасаа эхлэн Бурханы зам мөрд оржээ. Түвдийн мэргэн лам Гарма Ролбийдорж түүнд гэнэн сахил хүртээж Гунгаанямбуу хэмээх нэр хайрлав.
Цорж Дондүвринчин Зонховыг 1363 онд 7 настай байхад нь Бармаравжүн гэцлийн сахил хүртээж Лувсандагва хэмээх номын нэр хайрлажээ. Дондүвринчин цорж Лувсандагвыг 1373 онд 16 нас хүрмэгц Түвдийн мэргэдийн сургалтын гол төв Үйзэн орны Барьгүн хийдэд илгээж тэнд ”Илт онох чимэг”,“Судрын аймгийн чимэг” болон Майдар гэгээний зохиол хэмээх таван номын ёсонд суралцуулав. 1381 онд Ярлүн чогцэн хамба Чүлтэмринчингээс гэлэн сахил хүртэв. Залуу Лувсандагва лам хувилгаан Богд мөнөөс мөн тул Бурханы ном сурч мэдэх нь нэн түргэн,эгнэшгүй хурц ой ухаантай,хичээл шамдал нэн гүн,авьяас чадвар гоц байв. Дараа нь Зонхов цанит номын дацны сургалтанд орж багш Ёндонжамц,Урзамба,Гомбопалам нарыг шүтэн судар тарнийн ёсонд суралцжээ. Энэ үедээ хийдийн хурлын хэслэгхийж “Номын мэргэн” цол хүртэв. Хурлын хэслэг гэдэг нь хийдийн номтой лам нарт мэдүүлж олны хурал хурсны дунд суугаад мэргэд лам нарын дараалан босож ном тавьж аль асуусан бүхэнд нь утгыг ялгаж зөв хариулан тайлахыг хэлдэг ажээ.
Зонховыг ид суралцаж байсан залуу насанд нь буюу 22 нас хүрч буй хөх морин жилд ээж нь хүү Зонховтоо захидал ирүүлж “ээждээ хүрэлцэн ирж золго” хэмээн эх нь үснийхээ төгөл хэсгийг илгээжээ. 18 жил хүүгийнхээ барааг хараагүй эх хүний сэтгэл ямар байсан нь ойлгомжтой.
Гэтэл Зонхов Богд судар, тарнийн ёсонд завсар оруулахыг хүсээгүй бөгөөд Бурхан багшийн сургаалд бүх амьдралаа зориулж нутаг буцахгүй хэмээн хатуу шийдсэн байсан тул ээждээ өөрийн гэгээн дүрээ зурж“Ертөнцийн янаг амраг,орон нутаг,амар жаргал бүгд мөнх бус,гагцхүү Бурхан багшийн номноос өөр юмгүй учир эрдмийг эрхэмлэн мөнх бусыг үзүүлье, миний зурсан дүрийг минь ээж Та үзээд уулзсан хэмээн бодно биз” гэсэн гүн утгатай захидал бичээд явуулж байсан гэдэг.
Богд Зонхов 25 наснаасаа эхлэн 29 нас хүртлээ Лхас хотын ойролцоо Цэгүнтан хийдэд сууж түвд Ганжуур (Зарлигийн хураангуй),Данжуур (Шастрийн хураангуй)-ыг судалж буддын номонд улам нэвтэрхий мэргэн болов. Зонхов парчин,ум,омбо,дүлбийн 17 боть,түүний тайлбар 17 боть,нийтдээ 34 боть номыг цээжээр түгдрэлгүй номлож мэддэг байжээ. Богд лам нэгэн зэрэг 17 ном, тайлбарын 17 ном, бүгд нийлээд 34 номыг лам хувраг, сүсэгтнүүдэд нэгэн зэрэг айлдаж байжээ. Энэ бол гайхамшиг. Богд лам Зонхов энэтхэгийн мэргэн Нагаржунай,Арьяндэв,Шантидева,Асанги,Васубанд,Дармакритийн бүтээлийг судлан тэднийг багшаа хэмээн хүндэлдэг байсан ажээ.
Зонхов 25 насандаа өмнөд Түвдийн Ярлун-Намчал хийдийн дээд зиндааны лам нарын дунд буддын аягха тахимлиг цол хүртжээ. Тэр үедээ Зонхов хэл найруулга,яруу найраг,анагаах ухаан,тооны эрдэмд суралцан төгсгөсөн бөгөөд түүний хурц ой ухаан,хичээл зүтгэл,эрдэм төгсийг тэр үеийн Түвдийн дээд зиндааны лам нар гайхан шагшиж байв. Богд лам хорин тавхан насандаа “Билгийн чанадад хүрэхүй” судрын тайлбар “Сайтар номлол алтан эрхи”- “Сэрпрэн” бүтээлийг туурвиж байлаа. Богд лам тэр үед Төв үзлийгхэрхэн оносон тухай өгүүлье.
Тэр үед Манзшир бурхан Богд ламд өөрт нь нигуураа / нүүр / үзүүлээгүй байв. Харин Богд ламын багш Умава ламтан Манзшир бурхантай бодитой уулздаг байжээ.Тэр үед залуухан Богд Лам бээр үлэмж их олон шавь нарт бурхны ном зааж, шавь нар нь номонд ихэд хичээж байсан үе байлаа. Богд лам өөрийн багш Умава ламтанаар дамжуулан Манзшир бурханаас олон зүйлийн зарлиг асуудаг байсан бөгөөд нэгэн өдөр “Төв үзлийг хамгийн хурдан олох ямар арга байна вэ?” хэмээн асуухад Манзшир бурхан бээр: “Аглаг газрыг шүтэж, хураах, арилгах аргад хичээн шамдаж миний номлосон гурван эрхэмийг суурь болгон багш ядам хоёрыг ялгал үгүй үзэж, Жагарын орны үлэмж мэргэн бандида нарын номыг нягтлан үзвээс төв үзлийг төвөггүй хурдан онох болно” хэмээн айлджээ.Умава ламтан “Миний эрдэмт шавь Лувсандагва эдүгээ үлэмж олон шавь нарт бурхны номыг хөтөлж, шажинд үлэмж их тусыг бүтээж байна. Хэрэв Богд лам өөрөө аглаг газар сууваас түүний олон шавь нар ном хөтлөх багшгүй болох тул маш олон лам хуврагийн номын үйлэнд завсар орж шажны үйл хэрэгт саад гарах бус уу?”хэмээн айлтгасанд Манзшир бурхан бээр: ”Номхотгоход бэрхтэй догшин амьтан эдгээрт Бурханы номыг номлосон төдийгөөр тусыг эс олно. Харин аглаг газрыг шүтэж, бясалгал бүтээлийг үйлдвээс өөртөө ч тустай, өрөөл бусдад ч илүү тустай болно. Үүний тустай, тусгүйг та мэдэхгүй, би мэднэ” хэмээн айлджээ.
Ийнхүү Богд лам бээр гэтэлгэгч Манзшир бурханы зарлигийн дагуу аглаг газрыг шүтэж, олон буман мөргөл тэргүүтнийг үйлдэж буяныг үлэмж ихээр хурааж, Дүншагийн гучин таван бурхны тоогоор бумши / бумши гэдэг нь зуун мянган удаа сунаж мөргөл үйлдэхийг хэлнэ / үйлдсэнээр гучин таван бурхад бүгд нигуураа үзүүлж тэрхүү үлэмж их буяны хүчээр Богд лам гүнзгий төв үзлийг төвөггүй хурдан оносон гэдэг. ”Сайтар номлол алтан эрхи” бүтээлээ төвөггүйхэн хялбар туурвиж байсан гэдэг.36 насандаа Зонхов Богд мэргэн лам Умаба палам (лам)-ын зөвлөснөөр судрын тааллын 4 үзэл “Ялгалт үгүүлэгчийн таалал” (Вайбханика),“Судрын аймгийн таалал” (Сутрантика), “Сэтгэл төдийтний таалал” (Йогачара ),“Дундад үзэлтний таалал” (Мадхьямика) -ийг эрхэмлэн судалж буддын гүн ухааны гол агуулгыг мэлмийдээ тольдон гэгээрэв.
Түүний намтарт “аливаа ном (дхарма) бүхэн мөн чанар,үнэнээр бүтсэн ёсыг урьдын мэргэд мэдээгүй,огторгуйн агаар мэт баримтлах юмгүй,хоосон болгосныг” Зонхов богд үнэнээр “инагуух ба үнэмлэхүйд баримтлах юмгүй хоосон утгыг сайтар ухаарч” бурхны хутгийг олжээ” хэмээн бичсэн ажээ. 1392 онд Зонхов Богд өөрийн үндэслэсэн гэлүгвагийн ёсыгбаримталсан олон шавь нартай болж түүний нэр алдар түгэв. Жэзүн лама буюу Богд лам гэсэн нэр Түвд орон даяар цууриатаж байлаа.
1397 онд буюу Богдыг 41 настай байхад нь түүнд Жалцав буюу Дарамренчин гэгч лам шавь орж хожим Гандан хийдийн дэд хамба болов. 1407 он буюу гахай жил Хайдав римбүүчий шавьтайгаа учрав. Тэр үед Түвдийн олон эрдэмтэй лам нар Будалон (Потала) хийдэд цугларч Зонхов Богдын номлолыг сонсдог байв. Богд Зонхов 1403 оноос эхлэн буюу хөх модон бичин жил Редэн хийдэд “Сайн зарлигийн оньс бүгдийг хураасан их бодь мөрийн зэрэг”-“Ламрим ченмо” алдарт бүтээлээ туурвиж эхлэв. Богд Зонхов“Дөрвөн үндэсний мөрийн биеийг төгсөөр номлосон их шаштир очирдараа мөрийн зэрэг” , ”Аграм чэнпо“ бүтээлээ туурвилаа.
Богд Зонхов “Парчны агуу их тайлбар сайн номлолын алтан эрхи”,“Үндсэн билгийн их тайлбар ухааны далай”,“Винайн далайн зүрхний хураангуй”,“Төгсгөлийн таван зэргийн оньсны утга бүгдийг маш гийгүүлэгч зул” бүтээлдээ билэг чанарын болон тарнийн хөлгөний гол үндэслэлийг гаргаж махаяан,хинаян,тантраяний эцэст хүрэх мөрийн үзэл санааг нэгтгэж мөн чанараараа харилцан шүтэлцсэн дороос дээш шатанд өгсөх цэгцтэй,нарийн дараалал гэж үзжээ.
Богд Зонхов 53 насандаа Түвдийн их мэргэдийг оролцуулан буян бүтээх ариун санваарт мэргэдийн их чуулганыг тэргүүлэн зохион байгуулсан нь винайн ёсны шинэтгэлийн үндэс болов. Зонхов Богд Лхасын их,бага хоёр зууг сэргээв. Хоёр зуугийн сүмийг сэргээхдээ уламжлалт ёсыг баримтлан шүтээний өмнө 4 ус,5 чухал эдлэл,хөгжим,хаан төрийн 7 эдлэл,5 хүсэл,өлзийт 8 тэмдэг,гайхамшигт 18 тахил бэлтгэн их,бага сүмүүдэд дог хийж хонх тэргүүтнээр чимэв.
Сүмийн давхар бүрт өдөр,шөнө асах 400 зул өргөж олон зүйлийн хүж үнэртэн асаав. Энэ бүгд нь сүсэгтэн олны санаанд ихэд нийцжээ.
Ийнхүү Түвдэд байсан шашны олон урсгалыг давж шар малгайтны буюу Зонхов Богдын гэлүгвагийн ёс манлайлах болов. 1409 онд Төгс баясгалант буюу Гандан хийдийг байгууллаа. 1416 онд Брайвун хийд,1419 онд Сэра Жэ хийдийг байгуулав.
Чухам энэ үеэс Бурханы лам хуврагийн нэр хүндийг өргөж гэлэн санваартан лам хүн гэргийтэн болохгүй,эхнэр авахгүй тангарагтай байх зэрэг лам хувраг болон дацан дугануудын нарийн ёс,дэг жаягийг баримталж Бурханы хөргүүдийг шинэчилсэн үйл явдлууд болж Буддын шашны үлэмж тунгалаг ёс болох Богд Зонхабагийн гэлүгвагийн ёс Түвд орноо мандан бадарсан түүхтэй.
Богд Зонхаба амьдралынхаа сүүлийн жилүүдээ Түвдийн нийслэл Лхас хотоос зүүн тийш нилээд хол орших Браг хэмээх ууланд оршдог Гандан хийддээ өнгөрүүлжээ.
Шарагчин гахай жил Богд Зонхабагийн бие үе үе чилээрхэж байв. Богд ламтан “Зорихуйн ерөөл”,“Сухавадийн ерөөл” тэргүүтнийг айлдаад дуусмагц шавь нар нь “Бидэнд захиа зарлиг өршөөн айлдана уу” хэмээсэнд Зонхов богд тэргүүн дэх шовх оройт бандида малгайгаа авч Жалцав Дарамринчиний өвөр дээр талибаад нэгэн жанч хайрласан нь Жалцавыг өөрийн ширээнд залган сууж Шашны эзэн болохыг нь түүнд адисласан хэрэг байв.
Богд лам хувраг шавь нартаа хандан: “Ирээдүй цагийн шавь нар надтай эс учрав хэмээн гомдогчид миний зохиосон хоёр зүйл мөрийн зэргийг үзтүгэй. Надтай учирсантай ялгал үгүй. Найман түм дөрвөн мянган номын цогцын шимийг хурааж номлосон буй. Надтай учравч түүнээс илүү өгүүлэх юм үгүй болой” хэмээн айлдаад Богд ламтан шороон гахай жил буюу 1419 оны 10 дугаар сарын 25 –ны монголчуудын “их тахил” хэмээн нэрлэдэг өдрийн өглөө эрт 62 настайдаа бадамлянхуан завилгаат байдлаар таалал төгсч нирваан дүрийг үзүүлэв.
Богд лам Зонхаба очир завилан,мутраа тэгш агуулан тарнийн хослон орох явдал суурь шингэх дараалал лугаа холин бүгд хоосон Одсал номын лагшин үнэмлэхүйн үнэн илтэд зохиохын сацуу гадна бие эрхтний энэтхэгийн бандида Дармакараг таалал барьсан мэт гэнэт нигуурын хот мандал сар мэт дэлгэрч, арван зургаан настай тэнгэрийн залуу хөвгүүн мэт гэрлийн бие цогцостой болж, биеийн мах нь хайлж улам багассаар гэрлийн мөн чанарыг олж,бие лагшин нь шаргал тунгаамал алт адил үзэгдэж байсан бөлгөө. Таалал төгссөн мөчөөс эхлэн лам, хар үлэмж олон шавь нар нь 49 хоног тасралтгүй буян номыг үйлдэв. Нас нөгчсөний дараа нь биеийн дүрийг зэсээр бүтээж алтлаад шүтээн болгон биеийг нь суварган дотор хадгалан үлдээж сүнс нь Түшит тэнгэрт заларчээ.
Түшит тэнгэрийн бурхадын нэг нас нь хүний замбуутив ертөнцийн 4000 жилтэй,нэг өдөр нь 400 жилтэй тэнцдэг ажээ. Богд Зонхабагийн бүтээл нийтдээ 313,үүнээс магтаал, сургаал, найраг 130 гаруйг туурвижээ.
Монголын эрдэмт лам Намхайжамц бээр:
“Эрдэнэ Лувсандагва нь тэнцэхүй хань бүхнээс хагацсан
Эрт Шагжаагийн хааны дэргэд дээд сэтгэлийг үүсгэсэн
Энэ орноо судар хийгээд тарний ёсыг дэлгэрүүлэх
Эндээс егүүтгээд Түшидийн орноо одох
Эрхин Майдарын шавь нарын манлай Жамбалнимбонэрт болох
Эцэс дор тэр нь түргэнээ Бурхан болон түүнчлэн ирэгсэн болмой” хэмээн бичжээ.
Буддын сударт: ”Зонхаба Богд хойд төрөлдөө өөр Замбуутивд нэгэн хаан болон төрж амьтны тусыг ихэд үйлдэж,гутгаар төрөлдөө энэ Замбуутивийн дорно зүгийн Риза хэмээх сүм хийдэд бандида болон төрөх. Хоёр мянган шавь нар хурах бөгөөд шавь нар бүхэн нь чуулганы их мөр ба барилдлагын их мөрд оршигчид ямагт болох болмуй. Мөн Сухавадийн оронд төрөх ба “Билэг билгийн эрхт” хэмээх Бурхан болно. Мөн сайн галавын мянган бурханы есдүгээр “Сайн нүдэт” хэмээх Бурхан нь Зонхабагийн хувилгаан дүр мөн болой” хэмээн өгүүлжээ.
Богд Зонхаба амьд сэрүүн үедээ өөрийн нэг шүдээ хамгийн итгэлт шавь Хайдүв-жэ –д өгчээ. Гэтэл бусад шавь нар нь Богд ламын шүд авахыг хүссэн тул Богд Зонхоба шүдээ шүтээндээ залж өргөл тахил өргөж урилга тарни уншсанаар нэг шүд нь есөн шүд болж үржсэнийг шавь нартаа үлдээсэн гэдэг. Эдүгээ Богд Зонхаба хаана заларч байна вэ? хэмээн сүсэгтэн олон сонирхож асуудаг.
“Богд Зонхоба эдүгээ Огмен Гандан оронд Майдар Бурханы дотны шавь Жамбалнямбуу нэртэй Бурханы дүрээр заларч байгаа. Нөгөө нэг хувилгаан дүр нь Онцар Мажун Годвийн Жигжэнд “Сэнгээнараа” буюу “Арслан хүрхрэлт” нэртэй Бурханы дүрээр заларч буй” хэмээн Их намтар – Балдансацам дээр бичигдсэн байдаг. “Үйлийн үрийн саруул толь” сударт: “Богд Зонхаба, Мила Богд хоёр нэгэн насны нэгэн биеэр бурхан болсны хувьд адил боловч Богд Зонхаба Бурханы шашныг агуу ихэд арвижуулсан нь урьдын Галцав Бурханы хувилгаан мөнийх” хэмээн өгүүлжээ. “Цастын мэргэдийн оройн чимэг”, “Манзушир бурханы хувилгаан”, “Их Богд Лам” хэмээн монгол, түвдийн ард түмэндалдаршсан буддын агуу их эрдэмтэн лам Богд Зонхабагийн намтраас товчлон өгүүлэхэд ийм ажгуу. Богд лам нь Адиша гэгээнтний гаадамбын ёсны сургаалийг улам төгөлдөржүүлж, “Мөрийн гурван эрхэм” хэмээх бүтээлийг туурвисан. Богд лам энэхүү номлолдоо Бурханы сургаалийн хөтөлбөрийг “Магад гарахуй сэтгэл, Бодь сэтгэл, Хоосон чанарыг онохуй” гэсэн томьёололд төвлөрүүлж боловсронгуй болгосон бөлгөө. Богд ламын үүсгэн байгуулсан Гелүгвагийн ёс нь Түвдийн бусад сажа, нинва, гармагаржидын ёсыг нэгтгэж хамгийн шилдэг номлол болж чадсан үлэмж тунгалаг сургаал болой. Богд ламын шажны сургаалийг эзэмшихийн тулд таван ухаанд суралцах хэрэгтэй болдог. Энэ нь:1.Парчинбуюу санскритаар Пражняпарамита, 2.Цадма буюу Праманавада, 3.Ума буюу Мадхьямака,4.Дулва буюу Виная, 5. Чод буюу Абхидхарма болой.
Энэхүү буддын таван их ухаанд мэргэшсэн сайн лам багшаар заалгаж суралцахад хорин жил хэрэгтэй ажээ. Дараа нь нууц тарний ёсонд суралцдаг.Энгийн хүн гэгээрэх гэж нэг галав эсхүл арав хорин төрөл дамждаг байсан бол Богд ламын шажинд орсноор хүн энэ яваа насан дээрээ хорь гучхан жилийн дотор гэгээрч Бурхан болдог үлэмж агуу шажин ажгуу.
Монголчууд бид Богд Зонхабагийн сургаал буюу түүний үндэслэсэн гэлүгвагийн ёс - шарын шашныг сүсэглэдэг аз завшаантай хүмүүс. Шарын шашин буюу гэлүгвагийн ёс нь Бурхан болох хамгийн дөт замыг дэс дараатай гүнзгий заасан, судрын ёс, тарний ёсыг харшуулалгүй оносонБурхны шашны зүрх нь, охь манлай нь мөн хэмээн Бурханы шашинтнууд үздэг. Богд Зонхаба нь Бурхан багшийн сургаалийг цэвэр ариунаар нь үргэлжлүүлж судар тарний ёсоныг харшуулалгүй дэлгэрүүлж энэхүү судар тарнийг хослуулсан Их хөлгөний ёс нь дөрвөн зууны тэртээгээс Их Монгол орноо дэлгэрэн хөгжсөн түүхтэй. Дөрвөн зууны турш монголчууд Их хөлгөний ёсон Богд Зонхабагийн шашныг дээдлэн гэгээрсэн ард түмэн болсон гайхамшигт түүхтэй.
Хорьдугаар зууны эхэнд буруу номтон харгис улаантнууд Монголын Бурханы шашныг устгаж, ард түмнээрээ бурханы шашинтан болсон монголчуудад харь орны коммунист шашингүйн буруу үзлийг хүчээр тулгаж бүхэл бүтэн ард түмнийг далан жилийн турш оюуны хоосролд оруулжнүглийн далайд живүүлсэн бөлгөө. Гэвч эдүгээ эрх чөлөөгөө олсон ардчилсан Монголд Бурханы шажин - Богд ламын шажин үнснээс амилсан феникс шувуу мэт сэргэн мандаж байна.
Эдүгээ цагт Монголд шинээр аравдугаар монгол Богд гэгээн Данзанжамбал мэндэлж, Монголын Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба ламаар лхаарамба Жавзандорж сонгогдож томилогдоод байна. Олон зуун монгол лам хуваргууд Жагарын орны Гомон дацанд Бурханы ном үзэж эх орондоо эрдэмтэй лам хувраг болон буцан ирцгээж байна. Монгол улс ирээдүйд Бурханы шашны дэлхийн төв болох сайхан ирээдүй харагдаж байна.
Би сүсэгтэн хүний хувьд 2008 онд Түвдийн Гүнбум хийдэд очиж эргэл мөргөл, гороо хийхээр Түвд орон руу аялалаар явсан юм. Хятадын нийслэл Бээжин хотоос галт тэргээр гарч хятадын Ланжоу хотоор дамжиж, Цинхай мужийн Шинин хотод ирж тэндээсээ автобусаар нэг цаг орчим явж Гүмбум хийдэд очив. Цинхай гэдэг нь Хөх нуур гэсэн утгатай үг бөгөөд энд Хөх нуурын буюу Дээд монголчууд амьдардаг нутаг ажээ. Гүмбум нутаг бол арц хүж үнэртсэн ариун дагшин газар байлаа. Би Гүнбум хийдийг эрсээр олж очин мөргөл, гороо хийв. Энэхүү Гүнбумийн хийдэд 700 түвд лам, 4 монгол лам хурал хурж байв. Ажаа гэгээнийг сураглатал Америк руу дүрвээд гарчихсан гэцгээв. Ажаа гэгээн Гүнбум хийдийг сайхан тохижуулсан байлаа.
“Бурхан багш - Богд лам Зонхаба – Богд гэгээн Жавзандамба” гэсэн буддын ариун шашны дамжлага монголчууд бидний оюун ухааныг гийгүүлж байдаг гэдгийг монгол хүн бүр санаж явбал зохистой. Гурван зууны тэртээ монгол лам нар“Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана” хэмээн монгол сударт бичиж байжээ. Энэ сургаалийг монгол хүн бүр санаж явбал зохистой. Богд ламын ариун шажныг Монгол орноо дэлгэрүүлэх буяны үйлст монголын Түмэдийн Алтан хан (1507-1582 ),Халхын Автай сайн хан (1534-1586),Гуравдугаар Далай лам Содномжамц,Нэйж тойн (1557-1653),Зая бандид Намхайжамц (1599-1662),Халхын өндөр гэгээн Занабазар (1653-1723),Халхын зая бандида Лувсанпэрэнлээ (1642-1715),Номын хаан Норовшарав (1701-1768),Гүүш цорж зэрэг ламтан,гэгээнтэн,хутагтууд гол үүрэг гүйцэтгэснийг монголын хойч үе бид санаж явбал зохистой.
Мэгзэм
Мигмэд зэвий дэрчэн ЖанрайсигХэмжээлшгүй нигүүлсэхүйн сан Жанрайсиг
Димэд чэнбий ванбүү Жамбий янХиргүй айлдлыг эрхшээгч Манзушир
Дүд бүн малүй жомзад Санвий дагХэрцгий шулмыг хоцроолгүй дарагчОчирваань
Ганжан хайвий зүгжан ЗонхабаЦастны мэргэдийн оройн чимэг Богд Зонхаба
Лувсан даг вы шавла солван дэв.Цуут Лувсандагвын өлмийд залбирмуу.
Цэрав гүндү жалваЗонхабаТөрөл тутамдаа ялгуусан Зонхаба Богдыг
Тэгчог шэйнин ойсү задби түйИх хөлгөний буяны садангаа болгосны хүчээр
Жалви агби ламсан дэнид лайБурхан сайшаасан энэ лсайнзамаас
Гаджиг зам ян догбар ма жүржиг.Нэгэн хором төдий чүл няцах болтугай.
Доржийн СҮХБААТАР 2024 оны Өвлийн тэргүүн сарын Зулын 25.
Зочин
Зочин