Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт, "Гуравдагч хөрш"-ийн оролцоотойгоор анх удаа бие даан хэрэгжүүлсэн төсөл юу вэ? Эл асуултын хариулт нь тодорхой ч Монголын улстөрчдийн ой санамжийг багахан ч атугай сэргээе. Одоогоос 14 жилийн өмнө юм. Парламентын түүхэнд цагаан дээр хараар бичиж баталсан "Алдарт 57 дугаар тогтоол"-ын дагуу "Эрдэнэт"-ийн энтэй, ирээдүйд дэлхийд эхний тавд бичигдэх хэмжээний зэс олборлох Оюу Толгой төслийг хөдөлгөсөн нь хөрөнгө оруулагчдад Монгол Улс гэсэн маршрутыг анхлан нээж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ёстой "шуундаа бяртай, шуудгандаа адтай" тулдаа л ОХУ, БНХАУ-аас өөр хилийн зурвасгүй, далайд гарцгүй Монголын тачирхан эдийн засагт "гуравдагч хөрш"-ийн хөрөнгө оруулалтын суурийг тийн цутгаж, тамгалсан түүхтэй. Зэрэгцүүлээд Тавантолгойг Төрийн мэдэлд авч эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн цаг үе.

Эдийн засгийн өсөлт нь 17 хувийг заахтай зэрэгцсэн тэр үеэс л Монголыг дараагийн Азийн бар улсаар тодруулж, таамаг дэвшүүлж асан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна. Үндсэндээ мөнхийн хоёр хөршийн оролцооноос давах хэмжээний мега төсөлгүй, хилийн хязгаар, хамаарал, басчхүү дотоодын улс төрийн хоригтой Монгол Улс "Гуравдагч хөрш"-ийн оролцоо гэсэн нэн шинэхэн агуулгаар хөрөнгө оруулагчдад үүцээ задалж эхэлсэн нь энэ. Том төслийг дагаж, том хөрөнгө оруулалт л орж ирдэг жамтай. Лав Ерөнхий сайд нь даргалж, танхимын сайд, агентлагийн дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий "Монголын эдийн засгийн форум" нэртэй ТББ-ыг байгуулснаас хойш даруй 13 жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, уг ТББ-ын нэрийн дор улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг Төр, хувийн хэвшлийн оролцоотой хэлэлцэж, гарц гаргалгаа хайх зорилготой Монголын Эдийн засгийн форумыг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн түүх нь ийм. Гэвч боломж нэг л өдөр ирдэг шигээ гараад явдаг, алдуурсан орон зайг эргэж нөхөхөд цаг хугацаа шаардлагатай өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээрээ хангалттай мэдрэв.

Зөвхөн Эдийн засгийн форумд оролцох гэж тив алгасан ирдэг, тэгэхдээ дугаарладаг хөрөнгө оруулагчдын цуваа жилээс жилд татарч, эцэстээ дотоодын аж ахуйн нэгжүүд нь хүртэл дөлж, цааргалдаг тийм л уур амьсгал форумын үндсэн дүр зураг болсон нь саяхан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Босоо Ганбаа нь хүртэл хэвтээд өглөө" гэж эдийн засгаа егөөдөж, парламентын спикер З.Энхболд руу оймс шидэх хүртлээ үнэлэмж нь унасан гашуун сургамж ч бий. Форумыг зохион байгуулж эхэлснээс хойшхи 13 жилийн хугацаанд зургаан Ерөнхий сайдын нүүрийг үзсэн ч Оюу Толгойгоос өөр "Гуравдагч хөрш"-ийн хөрөнгө оруулалттай мега төсөлгүй суугаа Монголын бодит үнэн, мөн зовлон нь. Гагцхүү цаг хугацааны давхцал уу? дэлхийн улс төр, геополикитийн шинэ өрөг, хөрөнгө оруулалтын шинэ хуваарилалттай зэрэгцэн дэлхийн уул уурхай, банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын аваргууд Монголын Эдийн засгийн форум нэрийн дор чуулах нь.

Учир нь, дэлхийн уул уурхайн салбарын магнат Рио Тинто группын ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирэхээр товложээ. 150 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй эл групп 35 улсад 60 гаруй төсөл хэрэгжүүлж буйн нэг нь Оюу Толгой. Сонирхолтой нь, Монголыг чиглэсэн хөрөнгө оруулагчдын цуваа зөвхөн Рио Тинтогоор хязгаарлагдахгүй нь тодорхой болов. Төдийгөөс өдий хүртэл тэдэнтэй түншилж ирсэн, түншилсээр яваа "JP Morgan", "CITI", "Goldman Sachs", "Morgan Stanley" тэргүүтэй дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Монголд хөл тавьж, тэр хэрээрээ Эдийн засгийн чуулганд оролцохоор болсон нь мэдээж жин дарах агуулга. Нэг үгээр Рио Тинтогийнхон зуун дамнасан туршлага, тив холбосон түншлэлээ Оюу Толгой төслөөр дамжуулж Монголд нутагшуулах нь. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд болон чиглэлийн яамд нь үнэхээр гадаадын, "Гуравдагч хөрш"-ийн орон зайгаа тэлж, хөрөнгө оруулалт татахаар эрэлхийлж эхэлсэн нь үнэн л юм бол алдаж болохгүй л боломж бидний өмнө ийн нээгдэх нь.

Гэхдээ нэг асуулт байна. Тэр нь бид, Монголын Засгийн газар дэлхийн энтэй хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхэд бэлэн үү! Гэдгийг одоо тайлбарлая. Монголоос бусад 34 улсад 59 төсөл хэрэгжүүлж буй Рио Тинтогийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ аль нэг оронд очиж байсан уу? гэвэл үгүй. Тийм түүх ч үгүй. ТУЗ нь гэхэд жилдээ нэг удаа хуралддагийг эс тооцвол ийм хэмжээний ач холбогдол өгөх шаардлага тэдэнд гарахгүй. Гол нь, Оюу Толгойн Гүний уурхайд блоклон олборлох технологийг амжилттай нэвтрүүлснээ хөрөнгө оруулагч, түншлэгчдэдээ бодитоор үзүүлэх нь Рио Тинтогийн зорилго. Зургаан Ерөнхий сайд, дөрвөн парламентын бүрэн эрхийн хугацаанп сайн, муугаараа хэлүүлж, шүүмжлүүлж, хардуулж ирсэн ч Оюу Толгой хэмээх төсөл 13 жилийн хугацаанд хэрэгжиж Гүний уурхайгаа ашиглалтад оруулсан нь саяхан. Энэ хугацаанд 1300 метрийн гүнд 200 км гаруй хөндий гаргаж, 21 хүдрийн буулгуурыг дотоодын аж ахуйн нэгжийн оролцоотойгоор байгуулсан тэдний амжилт. 2010-2022 онд нийт 15 тэрбум ам.доллар буюу 34 их наядаар хэмжигдэх хөрөнгө оруулалтыг хийж, Монголын эдийн засагт шингээсэн нь "Гуравдагч хөрш" орны хөрөнгө оруулалт ямар хэрэгтэй, төслийг хэрэгжүүлсэн нь төсөвт ямар нэмэртэй явж ирснийг харуулсан бодит тоон үзүүлэлт. Том төслийг дагаж том хөрөнгө орж ирдгийн энгийн жишээ нь энэ.

Үндсэндээ "Гуравдагч хөрш"-ийн оролцоотой томоохон төслийг гацаадаг, бүр нурааж ирсэн Монголын, бидний дотоодын улс төрийн уур амьсгал намжиж, Төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн нэр томъёо бий болсны үр дүн нь Гүний уурхайг ашиглалтад оруулснаар гарч, олон улсад эерэг сигнал өгч эхэлсэн нь энэ удаагийн Эдийн засгийн форумаар илүү тодрох нь. Хэрвээ Монголын Засгийн газар, Оюу Толгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард суугаагүй, харилцан уулзалтаар тохиролцоонд хүрээгүй байсан бол Рио Тинто түүнийг дагасан бусад томоохон банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл Монголыг зорихгүй нь хэн бүгдэд ойлгомжтой. Эсрэгээрээ хоёр талын ойлголцол, хамтын ажиллагааны илрэл нь дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөллөөр тодорлоо.

Хөрөнгө оруулагчдад юу хэрэгтэй байдаг юм? Дотоодын улс төрөөс үл хамаарах тогтвортой байдлын гэрээ хэлцэл, түүнд өгөх баталгаа л хэрэгтэй. Засгийн газар, Ерөнхий сайд нь солигдохоор дагаад гацдаг, удааширдаг, эцэстээ зогсдог төсөл рүү хэн ч хөрөнгө оруулахгүй, тэгж азаа үзэхгүй. Харин өнөөдөр "Гуравдагч хөрш"-ийн оролцоотой хамгийн том төслийн загвар болсон Оюу Толгойг хэрэгжүүлэгч талынхан хөрөнгө оруулагчдын хамтаар Монголд ирж байгаа нь маргаангүй алтан боломж. Өдгөө Рио Тинтогийн ТУЗ-ийн даргаар Канадын иргэн Доминик Бартон ажилладаг. "McKinsey&Company"-ийн унаган бүтээгдэхүүн тэрбээр Канадаас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Ганцхан жишээ дурдахад Хятаддаа цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлдэг нэр бүхий компанийн үүсгэн байгуулагч эрхэм гэхэд ганцхан Доминик Бартонтой уулзахаар Монголд ирэх мэдээлэл байна. Форумд оролцох эсэх нь тодорхойгүй ч дэлхий нийтээрээ цахилгаан автомашины хэрэглээ рүү шилжихтэй зэрэгцэн эдийн засгийн үзүүлэлтээрээ хоёрдугаарт эрэмбэтэй их гүрний тэргүүлэгч компанийн удирдлага ирж байгаа нь бас нэгэн боломж. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилдээ зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлэх урьдчилсан тооцоолол гарсан нь энэ салбарынхан, ялангуяа урд хөршийн үйлдвэрлэгчид анхаарлаа хандуулж эхэлсний л дохио. Энэ мэтээр ирэх Ням гарагт хөшгөө нээх Монголын эдийн засгийн форумын уур амьсгалыг урьдчилан дүгнэхэд иймэрхүү дүр зураг бууж байна.

2010 оноос эхтэй Монголын эдийн засгийн үе үеийн форумаас шийдвэр гаргаж ирээгүй ч шийдэл, гарцаа тодорхойлсон нь ховор. Зохион байгуулалт нь, тайз нь чанаржиж, индрээс хэлэх дарга нарын үг чамирхаж ирснээс бус өнгөрснөөс үлдсэн сургамж, алдуурсан боломжийг тухай ярьсан нь үгүй. Биелдэггүй, биелүүлдэггүй зөвлөмж, санамж, уриа гарснаас өөрөөр ахиц гарсангүй. Харин энэ удаагийнхаас арай өөр үр дүн хүлээх шалтгаан бий юу? гэвэл мэдээж тийм.

Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийг тэлж, төрөлжүүлэхээс гадна бие даасан байдлыг хангах цусны эргэлт болох учиртайг Төр, Засаг нь өөрсдөө хүлээн зөвшөөрч, амлалт өгөх нь чухал. Хоёрдугаарт, төдийгөөс өдий хүртэл тэднийг боомилж, үргээж ирсэн хууль эрх зүйн орчин, холбогдох дүрэм журмаа тодорхой, тогтвортой байлгах амлалтыг Ерөнхий сайд, Засгийн газрын түвшинд өгөх ёстой. Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт сайжрах тусам валютын урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах гол хөшүүрэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Дөрөвдүгээрт, үндэсний аж ахуйн нэгжүүдээ гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг нээхэд Төр нь өөрөө холбогчийн үүрэг гүйцэтгэх дүрмээ тодорхой болгох учиртай. Үр дүнд нь Монгол хүний сарын орлого бодитой өснө, бүтээмж бий болно. Уул уурхайн баялгийг оюуны баялаг болгох суурийг тавина. Ерөөсөө л Монголын Засгийн газар тэдэнтэй хамтарч, мега төслүүдийг хэрэгжүүлж чаддаг гэдгийг Рио Тинтогийнхон Оюу Толгой төслөөр дамжуулж дэлхийн топ хөрөнгө оруулагчдад зарлах нь.

Хамгийн гол нь, Монгол Улс дотоодын улс төрөөс үл хамаарахгүйгээр "Тогтвортой байдал" гэсэн тунхаг биш бүр АМЛАЛТЫГ хөрөнгө оруулагчдад өгөх нь чухал, дараа дараагийн Оюу Толгой шиг мега төслүүдээ "Гуравдагч хөрш"-ийн хөдөлгөхөд нэмэртэй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой, түүгээрээ дамжуулан дипломат өрөг дээр нэн шинэхэн ҮСРЭЛТ хийж эхэлсэн нь үнэн л юм бол шүү дээ. Юу үнэн энэ л үнэн!

UZEG.INFO