Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд, хотын дарга хоёрын хооронд нэгэн бэсрэгхэн асуулт, хариулт өрнөжээ. Агуулга нь нийслэлд болж өнгөрсөн хэд хэдэн удаагийн үерийн асуудлаар. Хот өөрөө аливаа байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд бэлэн үү? гэхээсээ гарц, орц юу л байна бүгдийг нь хааж, боож “бетонон ширэнгэ” босгосон нь гамшигт үзэгдэл бий болох суурь шалтгаан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Яг ийм агуулгаар Ерөнхий сайд хотын даргаас асуужээ. Нийслэлд болсон үерт хариуцлага хүлээх шат, шатны дарга бий эсэх талаар. Харин хотын даргаас амнаас “Байхгүй” гэхээс өөр үг унаагүй гэнэ.

Үндсэндээ 48 мянга гаруй Төрийн албан хаагч, 1200 орчим удирдах албан тушаалтныг зангидаж буй хотын даргынхаа өмнөөс хариуцлага хүлээх нэгэн өнөөдөртөө тэнд байхгүй байгаа бололтой. Үнэндээ хотын дарга “ганцаардаж” эхэлснээ Ерөнхий сайдад ийн учирлаж. Тэгэх нь ч аргагүй байж мэднэ. Угтаа бол нийслэлээс сонгогдсон 23 гишүүн энэ парламентад Улаанбаатар хотыг төлөөлдөг. Бүгдээрээ нийслэлийн МАН-ын хороонд харьяалагддаг. МАН-ын Үндсэн дүрмийнхээ дагуу намын хорооны даргын “цэрэг”-үүд. Дарга нь хотын мээр. Гэвч дүүрэг бүрийн намын хороогоо “атгаж”, Засаг даргын, захиргааны албан хаагчийн томилгоонд нь хүртэл нөлөөтэй оролцдог, оролцож ирсэн УИХ-ын гишүүд нь цагаа тулахад хотын даргаасаа нүүр буруулж, хариуцлагаас бултаж эхэлснийг “Байхгүй” хэмээх хотын даргын хариулт хэлээд өгөх шиг. 

Үүнийг гадарласан Ерөнхий сайд тэр даруйд нь арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь “Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол. Энэ дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд дэргэдээ ажиллуулахаар төсөл боловсруулж, түүнийг батлах хүртэл шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн Засаг даргад даалгав.

Шийдвэр гаргах шалтгаан нь ойр ойрхон болсон үерийн гамшиг, биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан нь хотын дарга ч шууд утгаараа Ерөнхий сайд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу газар, түүнийг тойрсон ашиг сонирхол руу хүссэн, эс хүссэн ч ийн орлоо. Яг л “Газартай холбоотой асуудлыг ил гаргаж, цахимжуулна. Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй. Үүний цаана байгаа улстөрчдийг зарлана. Ингээд манай бусад асуудал цэгцэрнэ” хэлж байсан шиг ээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийг баталтал, албан ёсоор хэрэгжих хүртэл гэж тооцвол 2024 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийслэлд сөөм газар ч олгохгүй байх хоригийг Засгийн тэргүүн нь тавьсан хэрэг. Том зургаараа Ерөнхий сайдын тэмцэлд нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын хэрэг гэсэн ЦЭС албан ёсоор нэмэгдлээ.

Цаг хугацааны давхцал нь тэгж таарав уу? хэлж мэдэхгүй, эл шийдвэртэй зэрэгцэн 2008-2023 оныг хамарсан Улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршуулав. Он цагийн хэлхээсээр хөөж үзвэл Г.Мөнхбаяраас Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан /түр орлон гүйцэтгэгч/, Д.Сумъяабазар хүртэлх зургаан Засаг даргын үед гаргасан захирамжаар газар олгож, барилга, орон сууц барьсныг хүлээж авсан тухай. 2008 оноос хойш 15 жилийн хугацаанд нийслэлд том, жижиг гэлтгүй 8404 орчим барилга сүндэрлэсэн гэсэн үг. Үүнд есөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын захирамж ч хамаарна.

“Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээн авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдлөшгүй баримтууд” гэж сайд Н.Учрал зүгээр ч нэг тодотгоогүй нь лав.

Эсрэгээрээ Төрийн нэрийн өмнөөс газар олгодог, түүгээрээ дамжуулан ашиг сонирхол, хэтэвчээрээ нэгдэж, хотыг бүхэлд нь хэрсэн "Бетонон ширэнгэ"-ийн автор, жинхэнэ эзэд болох улстөр, бизнес дамнасан хэсэг бүлгийн араас Ерөнхий сайд нь хотын даргатайгаа хүч хавсран орж, хуулийн хайчинд оруулах нь. Тэгэхээр ирэх жилийн нэгдүгээр сар 1-нийг хүртэл буюу 2024 оны Төсвийн тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлтэл нийслэлийн хэмжээнд газар олгохыг хориглосон Ерөнхий сайдын шийдвэр, Засгийн газрын тогтоол зөвхөн эхлэл нь байж мэднэ. Өөрөөр хэлбэл, хотод тавьсан хоригийг араас юу өрнөх вэ? гэдэг нь сонирхолтой бөгөөд хүлээлт үүсгэх сэдэв болох нь. Хотын дарга Д.Сумъяабазар 1642 барилгын А даалгавар цуцлах шийдвэр гаргаснаа зарласан нь зүгээр ч нэг нийгэмд өгч буй мессеж биш юм.

UZEG.INFO