өгүүллэг

1932 оны хаврын дунд сар гарч байлаа. Монгол оронд зүүнтэнгүүд хэмээн нэрлэгдсэн улаантан буруу номтнууд төрийн толгойд гарч  монголын хэдэн зууны түүхтэй бурхан шашны сүм хийдийг шатаан устгаж,  эрдэмт лам хуврагуудыг  “шар феодал” хэмээн занан зүхэж баривчлан шоронд хийж буудан хороож байв. Ард түмний хамаг мал сүргийг булаан авч хамтрал,  ядууст тараан өгч байв. Богд хаант монгол төрд зүтгэж явсан тайж язгууртан  ардыг  “хар феодал” хэмээн занан зүхэж шоронд хийж буудан хороож байв. ”Нударган баячуудтай тэмцэнэ” гээд жирийн чинээлэг дунд ардын хөрөнгийг хуу хаман дээрэмдэв. Сүм хийдэд өндөр татвар ногдуулж, лам нарыг хүчээр хар болгов. Бурханы шашныг хавчин гадуурхаж шашингүйн үзэл хэмээх буруу номыг сурталчилж эхлэв. Ард түмний дургүйцэл туйлдаа хүрэв. Ард түмний амьдрал ёроолдоо хүртэл унав.

Би  Өвөрхангай аймгийн Арвайхээрт амьдардаг жирийн нэгэн албан хаагч. Намайг Туваан гэдэг. Эвлэлийн гишүүнээр элсээд улаан намын даалгавраар  улаантнудын хорт   ажиллагаанд хэд хэдэн удаа оролцоод миний  зэвүүцэл  бүр их хүрчихэв.Улаантнууд манай аймгийн бүх сумдын  чинээлэг айлын бүх мал сүргийг  хурааж,  эд хөрөнгийг нь дээрэмдэн авав. Манай аймгийн Ганданпунцаглин хийдийн эрдэмт лам Лувсанг улаантнууд баривчилж буудан хөнөөв.

Нэгэн орой манай гэрт  Ганданпунцаглин хийдийн лам миний авга ах Лувсанжамц хүрч ирээд надад:  “Туваан минь. Одоо цөвүүн цаг ирж байна. Хөвсгөл аймагт улаантнуудыг эсэргүүцэх зорилгоор Шажин, төрийг мандуулах Очирбатын яам байгуулагджээ. Чи бол тайж язгууртай хүн. Чиний аавыг улаантнууд баривчлан буудан хороосон. Улаантнууд чиний гарал үүслийг мэдвэл чамайг баривчилж шоронд хийж буудан хөнөөх болно шүү. Ардууд бид ардын засгийг ард түмний засаг хэмээн буруу бодож байжээ. Ардын засаг бол ард түмний эсрэг засаг юм байна. Ардын засаг манай монголын хичнээн олон эрдэмт лам, ухаант тайж, ноёдыг хөнөөв дөө. Одоо бид Монголдоо жинхэнэ  монгол төр шажнаа мандуулах цаг ирлээ. Бидэнд Өвөр Монголд заларч байгаа Банчин Богд тусалж дэмжих юм гэнэ лээ. Хоёулаа эндээс явж Очирбатын яаманд очиж босогчидтой нийлье” гэлээ.

Би Монголоо аврах цаг ирснийг мэдэрлээ. Ийм байдлаар улаантнуудад боолчлогдсоор байвал эх орон минь дуусна гэдгийг би ойлгож байлаа. Би шарын цэрэгт орж эх орноо харгис улаантнуудаас аврахаар шийдэв. Надад буу зэвсэг гэхээр юм алга байлаа. Ах бид хоёр маргааш орой нь Арвайхээрээс морьтой гарч Хөвсгөл аймаг руу давхилаа. 

Рашаантын  төвд босогчдын удирдах төв  байрлаж байлаа. Рашаантын төвийн зарим байшингийн хаалган дээр  даавуун дээр:   “Ардын хувьсгалт улаан цэргийн толгойтой ардын засгийн халимаган  толгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”,  “Ардын засгийн алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”, ”Бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”,  ”Энд тэндгүй үүрэлсэн буруу номтон улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй” гэсэн уриа бичсэн нь тодоос од харагдаж байв. 

Ах бид хоёр тэнд очиж  босогчдын нэгэн удирдагч Жамц хэмээх хүнтэй уулзлаа. Энэ хүн өмнө нь ардын армид алба хааж байсан цэргийн туршлагатай хүн байлаа. Жамц дарга Шарын цэрэгт орохыг хүссэн бид хоёрыг сайшаан магтаад одооны цагийн байдлыг бид хоёрт хэллээ. Тэр нэн даруй биелүүлэх нэгэн даалгаварын  бид хоёрт өглөө. Жамц дарга: “Та  хоёр жаахан амарч хоол идээд дараа нь нэн даруй манай    Очирбатын яамны тунхаг бичгийг  Өвөрхангай аймагт  буцаж очоод  бүх сумдад яаралтай тараагаад эргэж ир” хэмээн тушаав. 

Тэр бичгийг үзвэл “Очирбатын яамны нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж гаргасан тунхаг бичиг” байлаа. Уг тунхаг бичигт: ”Арван нэгэн жилийн доторхи ардын засгийн үед энэ улаантны засаг шашны ашгийн тулд юу ч хийгээгүйгээр барахгүй, харин шашныг мөхөөхийн төлөө нягтран тэмцэв.Улаантнууд манай хутагт хувилгаад, лам, ноёдыг барин авч, тэдний хамаг хөрөнгө малыг хураан авч алан хороож байна.Тэд ард олныг хууран мэхэлж, хамтрал нэрийн дор ардын хөрөнгийг хураан авч татвар ногдуулж байна. Жасыг хураан хоосруулж устгаж, сүм хийдийн хөрөнгийг дээрэмдэн  үрэгдүүлж, сүм хийдийг хааж, лам ноёдыг олноор нь барин зодож хэрцгийлэн амь насыг нь хөнөөн устгаж байна.Улаан Орос Монголыг хамгаалах нэрийн дор монголын мал сүргийг улаан армийн хэрэгцээнд хэрэглэж, ард түмэнд бараа таваар нийлүүлэн ирүүлэхээс татгалзаж байгаагаас гачигдал хомсдол гарсаар байна. Монгол эрчүүдийг улаан цэрэгт татаад дараа нь буцахад нь коммун байгуулж коммунизмд шилжинэ гэдгээр ашиглах бөгөөд үүний зэрэгцээ ноёд тайж, лам нарыг бүрмөсөн устгаж дуусгаж байна. Дэг журам, амар тайваныг тогтоож,  шашныг мандуулах нь дээдсээс итгүүлсэн зарлиг билээ. Эдүгээ шашны дайсныг устгах цаг нь ирээд байна.Үүнд итгэлгүй бол Шамбалын зэвсэгээс үхэх болно.Шамбалын цэргийн талд түргэн шилжин ирэх хэрэгтэй. Улаан хувьсгалчдыг барин авч нөгцөөгөөд Асгат хүрээний шар цэрэгтэй нэгдэх хэрэгтэй.Нам, эвлэлийн гишүүд шашинтайгаа холбоо бүхий бөгөөд чин сэтгэлийн үүднээс бидэнд зүтгэж хичээвэл алуулахаас айх ёсонгүй бөгөөд бид  та нарыг баяртай хүлээн авна.Бидний хүмүүс аль болох хүн хөнөөдөггүй. Гагцхүү шашны харш дайсныг бол хөнөөн устгана.Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ. 

Ах бид хоёр Өвөрхангайд очоод хоёр хуваагдаж сумдаар явж тэрхүү тунхаг бичгийг бүх суманд тараав. Ард иргэд ардын намынхны  харгис хатуу  бодлогод  дургүйцэж байв. Шарын цэрэгт орж шажнаа мандуулна гэсэн олон хүн  байв.

Ард түмэн босогчдын  талд байсан юм шүү. Тэр үед Архангайн Цэцэрлэгт 2000 хүнтэй цэргийн анги  500   босогчдын эсрэг гал нээхгүй,  буудахгүй хэмээн бослого гаргасан байлаа. Малж даргын удирдаж байсан ардын цэргийн ангийн зарим цэргүүд босогчдын эсрэг буудахгүй хэмээн тушаал биелүүлэхээс татгалзаж байв. Малж дарга түүний тушаалыг эсэргүүцсэн   нэг цэргийг  олны өмнө шууд бууджээ. Үүнийг харсан бусад улаан цэргүүд тушаал биелүүлэхээс татгалзана гэхээ больжээ. 

Шар цэргийн тавин хувь нь энгийн ард, тавин хувь нь энгийн лам нар байсан даа.  Ах бид хоёр даалгавраа биелүүлээд   Рашаантын төвд буцаж ирлээ. Байдал нилээн хүнд болсон байв. Улаантнууд Улаанбаатараас сайтар зэвсэглэсэн цэргийн хүч шуурхай татаж хэд хэдэн тулаанд манай босогчдыг сарниулсан байв. Сарнисан хүчнүүд дахин нийлж Архангайд тулаан хийхээр болов. 

Ах бид хоёрт ганц бирдаан буу ногджээ. Манай шарын цэрэг цөөхөн буутай, ганц хоёр пулемёттай , ихэнхи нь бороохойгоор зэвсэглэсэн байсан даа. Тал газар тулалдах ямар ч боломжгүй байв. Талд цугларсан манай шарын цэргийг тэр дор нь улаан армийн нисэх онгоц илрүүлж бөмбөгдөж буудаж сарниулж байв. 

Бид өдөр нь    ууланд ойд бүгэх нь зөв арга байлаа. Улаан цэргүүд танк,  нисэх онгоц, их буу пулемётаар зэвсэглэжээ. Улаан цэргийг Гиваапил, Лхүмбэ, Малж хэмээх гурван улаан цэргийн дарга толгойлжээ. Бас улаан орос цэргийн зөвлөхүүд дагалдан ирсэн сураг дуулдаж байлаа. 

Архангай аймгийн Тариатын хүрээний орчим эхний том тулаан боллоо. Шар цэргүүд бид  уулнаас бууж Тариатын хажууд байрласан улаан цэргүүдийн байрлал руу морьтой дайрлаа.   Улаан цэргийн их буу, пулемётын сум биднийг толгой дээр мөндөр мэт бууж  байлаа. Бид улаан цэргийн хориглосон байрлалд тун  ойртлоо. 

Гэвч тэдний хүчтэй ширүүн галд манай шар цэрэг ихээхэн хохирч бид ухарлаа. Ухарч байхад гэнэт улаантны гурван нисэх онгоц агаарт үзэгдэж бидний дээрээс бөмбөг хаяж пулемётаар буудаж манай талд улам их хохирол үзүүлэв. Гэнэт хажууд нэг бөмбөг дэлбэрч би ухаан алджээ. 

Ухаан орвол гар хүлээстэй нэгэн гэрт хэвтэж байв. Улаантнуудад би баригджээ. Ах маань хажууд маань байж байв. Бас л  баригджээ. Ах надад”  Дүү минь яаж байна.  Чи ухаангүй нэг хонолоо шүү” гэж байна. Миний толгойг боосон байв. Гэр дүүрэн олзлогдсон хүмүүс байлаа. Рашаантын хийдийн нэг том мэргэн лам баригдсан байв. Тэр мэргэн ламыг Очирдара гэгээнтэн гэдэг байв.  14 настай Очиржанцан хэмээх хувилгаан хүүг бас барьсан байлаа.  Лам өвөө нь шарын цэрэгт морь хүргэж өг гэсэн тул Өвөрхангайгаас  хоёр морь хөтөлж гараад  улаантнуудад баригдсан 16 настай Гарьд хэмээх хөвгүүн тэр хар гэрт бидэнтэй хамт улаантнуудад олзлогдоод байв. 

Бид Очирдара гэгээнтэн ламаас Монголынхоо хувь заяа, өөрсдийнхөө хувь заяа, биднийг байцааж байгаа улаан цэргийн дарга нарын хувь заяаг асуудаг байлаа. Очирдара гэгээнтэн: “Энэ улаантан монгол төрийн нас нэг жаран юм байна. Цагаан морин жил цаг төр эргэнэ. Шарын цэрэгт шажныхаа төлөө тулалдсан та нар Бурханы  оронд төрөх болно. Та нарыг чанга ширүүн байцааж байгаа улаан цэргийн дарга Лхүмбэ нэг жилийн дотор улаантнуудад алуулах юм байна.Улаан цэргийн дарга Гиваапил, Малж нар  таван жилийн дараа улаантнуудад алуулах юм байна. Хүн алж хүрээ талсан нүгэлт улаантгууд бүгд тамын оронд төрөх болно” хэмээн айлдав.      

Улаан цэргийн дарга нар биднийг эрүүдэн байцааж: “Та нарт хэн буу зэвсэг олгосон бэ. Хэн та нарыг удирдсан бэ. Өвөр Монголоос Банчин Богд хэзээ цэрэг дагуулж ирэх юм бэ” хэмээн тасралтгүй асууна. Бууны бөгсөөр толгой руу цохино, гутлаараа толгой руу өшигчинө. Асаасан тамхиныхаа галаар духан дээр төөнөнө. Тэгснээ гэнэт буу тулгаж : Та нар бол  эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү нар. Та нарыг газар дээр нь шууд буудах тушаалтай” хэмээн агсарна. Хоол унд өгөхгүй хэд хонуулна.

Намайг байцааж байсан улаантан их харгис хүн байлаа.Миний шархтай толгой руу бууны бөгсөөр цохино. Татаж байсан янжуурынхаа галаар дух руу минь цоргино. Өр рүү минь өшиглөнө.  Би тэдний байцаалтад юү ч хэлдэггүй байлаа. Новшийн улаантнуудтай ярихаас ч дургүй хүрнэ. Энэ буруу номтон улаантан чөтгөрүүдтэй юугаа ч ярих юм билээ. Эд нар хувьсгал,  хувьсгал хэмээн хуцацгаах юм. Эд нарын хувьсгал гэдэг нь хүн алж хүрээ талахыг л хэлээд байгаа юм. Эд нар бол улаан оросын бууны ноход. Эд нар улаан оросын даалгавраар улс орныг минь сүйтгэсэн. Эд нар бол ард түмний амин зуулга болсон мал сүргийг нь булаан авч, авралт Бурхан, ачит лам багш нарыг минь   хөнөөсөн  бузар нүгэлтнүүд. Одоо улаан оросын даалгавраар биднийг бүгдийг нь алах болно. Эдний зам бол тамын орон. Эд нарын дарангуйлал дор дахин бүтэн жаран жил  зовох ард түмэн минь л хөөрхий. Бид яах вэ. Ард түмнээ алуурчин улаантнуудаас чөлөөлөх гэж яваад үрэгдээ л биз. Ард түмэн хэзээ нэгэн цагт биднийг дурсах л болно.  Хэзээ нэгэн цагт улаантнуудын үйлийн үр нь ирж бүгд сөнөх болно.    

Ах минь лам хүн тул надад хандаж: “Миний дүү битгий айгаарай. Сүүлчийн хоромд улаантнуудыг занаж зүхээд хэрэггүй шүү. Лам гурван эрдэнэдээ л сэтгэл дотроо сайн залбираад байгаарай. Хүн бүр  л үхдэг юм чинь. Чи бид хоёр Шажныхаа төлөө амиа зориулж Бурханы оронд төрөх болно” гэж байв.   

“Би энэ жил 21 настай. Айлын ганц хүү. Эхнэр хүүхэдгүй. Ганц хүүгээ алдах гэж байгаа ээж минь л хөөрхий. Би залуугаараа энэ хорвоогоос явах болж дээ. Надад харамсах юм алга” гэсэн   бодол  надад  төрнө. Гэвч ахын минь хэлсэн үг намайг зоригжуулж байлаа. Биднийг баривчилсан улаантнууд өдрөөс өдөрт улам харгис зэрлэг болж байв. 

Улаантнууд  жаахан хүүхдийг хүртэл байцааж тамлаж байлаа.   14 настай Очиржанцан хувилгаан болон Шар цэрэгт  морь авчирч өгсөн  нөгөө 16 настай  жаал хүүг улаантнууд “хувьсгалын эсэргүү” хэмээн яллаж нэгэн өглөө   буудан хөнөөв. Энэ улаантнууд  нялхаараа хүүхдийг ч хөнөөдөг, наян настай буурлыг ч хөнөөдөг, хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг ч хөнөөдөг хумсын чинээ ч энэрэх сэтгэлгүй хүн араатнууд юм даа. Энэ чөтгөрүүд тамын орон руугаа түргэн тонилоосой.

Удалгүй ах бид хоёрын буудуулах ээлж ирэв. Өмнөх өдөр нь улаантнууд биднээр нүх ухуулж улаан цэргүүд “За муусайн хувьсгалын эсэргүүнүүд та нар маргааш цаазаар авхуулах болно. Та нар тэр Бурханыхаа оронд очих болж дээ” хэмээн тавлан инээлдэж байлаа. Бидний арван хүнийг ухсан нүхний урьд жагсаав. Бидний өмнө буутай арван улаан цэрэг эгнэн зогсчээ. 

Зуны дунд  сар гарч  Монгол нутагт минь цэцэг ногоо дэлгэрч,  алсад харагдах уулс минь юү ч болоогүй мэт тайван дүнсийнэ.  Тэнгэрт нар мандаж  тэртээх  үүлэн доогуур  шонхор шувуу дүүлэн ниснэ. Онгийн гол минь цэлэлзэн урсана. Онгон тал минь цэлийн үзэгдэнэ.    

Ах минь буудуулахын өмнө улаан цэргийн даргаас  “Лам гурван эрдэнэдээ залбирахыг зөвшөөрнө үү”  хэмээн гуйлаа. Гэвч улаан цэргийн дарга “Хувьсгалын эсэргүү та нарыг цаазлах цаг болсон тул хэн ч хөдөлж болохгүй” хэмээн ярвалзаж байлаа. Хажууд зогссон ах минь надад  “Майдарын оронд уулзацгаая даа” хэмээн хэллээ. Би  сэтгэл дотроо Лам гурван эрдэнэдээ залбирлаа. Улаан цэргүүд буугаа сумлаж бэлэн болов. Улаан цэргийн  дарга “галлаад” гэсэн тушаал  өглөө. Буун  дуу тасхийв...          

     

    2021.12.21