Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
-Өмнө нь эхлүүлсэн төслүүдийн өртөг нь жил жилд тогтмол нэмэгдэнэ. Тэр нэмэгдэл нь сүүлийн 3 жилд 1.9 их наядаар хэмжигдэж байна. Яг энэ тооны ард тодорхой хэсэг бүлгийн эрх ашиг хөндөгдөж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ мөнгийг бид Цахилгаан станц барихад хөрөнгө оруулалт болгосон бол энэ өвөл улсаараа лаа барихгүй байх байлаа-

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй барилга, бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүд чухам юу болж байгаад анхаарал хандуулах, шүгэл үлээх оролдлого хийж, УИХ-ын нээлттэй сонсголыг оны өмнөхөн санаачлан зохион байгуулсан. Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог засаж сайжруулах зорилготой “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилсан түүнтэй ярилцлаа.
-Улсын төсвөөс санхүүжүүлдэг, санхүүжүүлэхээс ч өөр аргагүй нэг бүтээн байгуулалт бол зам барилгын салбар байдаг. Санхүүжилт нь төрөөс хамааралтай ажил бизнес асар эрсдэлтэй, авлига хээл хахууль нь түүнээсээ өндөр өртөгтэй гэдгийг бүгд л гадарлах байх. Замтай холбоотой томоохон мөнгөний асуудалд нэр холбогдоод буй улстөрчтэй уулзчихаад энэ талаар асуухгүйгээр ярилцлагаа эхлүүлбэл алдаа болох байх?
-Юуны өмнө УИХ-ын гишүүний хариуцлагатай алба, үүргийг хүлээгээд ажиллаж байгааэнэ цаг хугацаанд өмнө нь удирдаж байсан компанитай холбоотой мэдээлэл нийгэмд дуулиан үүсгээд буйд харамсаж байна. “М ойл” компани нефтийн бүтээгдэхүүнүүд импортолдгийн нэг нь замын хар буюу битум юм. Битум гэх бүтээгдэхүүнийг бид 2010 оноос импортолж эхэлсний зэрэгцээ 2012 оноос сүүлийн үеийн технологи болох полимер битумыг зам барилгын ажилд нийлүүлэх болсноор Монголд баригдаж буй замын чанар, стандарт дараагийн шат руу ахисан. Тэр утгаараа бид зам барилгын нэгэн төрөл түүхий эдийн гол ханган нийлүүлэгч компани болж, Яармаг, Нисэхийн шинэ зам, Чингис хаан олон улсын нисэх буудлын гүйлтийн зам, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас төв зам хүртэлх 59 км-ийн зам, цаашлаад алслагдсан орон нутаг Ховд, Улс аймгийн замын бүтээн байгуулалт гээд нийт 840 км сүүлийн үеийн бүхий л сайн чанарын замын ажилд оролцсондоо бахархдаг. Аливаа бизнесийн харилцаа гэрээ хэлэлцээрт үндэслэдэг. Нэг онцлог нь замын компаниуд тендерээ авчихаад ажлаа эхлэхдээ замын материал битумаа зээлээр авах хандлагатай байдаг. Бид нэгэнт оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хурдан борлуулахын тулд ихэвчлэн зээлийн нөхцөлөөр өгч байсан. Энэ тохиолдолд ямар асуудал үүсдэг вэ гэхээр зам барилгын компаниуд тухайн жилдээ замаа барьж чадахгүй бол төлөлт нь жилээр хойшилдог. Үүнд битум нийлүүлэгч компанийн хувьд зээлийн хүү, алдангийн зардал зэрэг ачаалал үүсдэг. Түүнээс улбаалж “Шинжиан Шинфа” компанийн асуудал гарч ирсэн байна. Би өмнө нь компанидаа санхүүгийн алба, өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцдаг үүрэгтэй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэр утгаараа би “Шинжиан Шинфа” ХХК, “Хос мөнгөн зам” ХХК, “М Ойл” компаниудын хоорондын гэрээний нөхцөл, үйл ажиллагааг тухайлан сайн мэдэхгүй байгаа ч санхүүгийн тооцоо, балансыг харж байсны хувьд мэдэхээ хэлэхэд энэ хоёр компанийн авлага өглөг байсан. Одоо ч энэ хоёр компанийн авлага, өглөг маш том дүнгээр байж байгаа. Нэвтрүүлэг цацагдсанаар би чухам ямар асуудал байгааг судалж, тодруулж буй ч мэдээлэл, ойлголт маань одоогоор бүрэн биш байна. Миний ойлгож байгаагаар гомдол үүсгэж буй “Шинжиан Шинфа” компани концессоор авсан замын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх мөнгөгүй учраас гэрээгээ алдахад хүрч, өөр компани дахин шалгаруулалтаар авсан нь “Хос мөнгөн зам” компани. Ингэхдээ гүйцэтгэгчээр “Шинжиан Шинфа” компанийг ажиллуулсан. Энэ үед манайхаас өмнө нь зээлээр авсан битумын өр авлагатай байсан учраас “М Ойл” компани “Хос мөнгөн зам” компанийн тодорхой хувийг шилжүүлэн авч хөрөнгө оруулагч байдлаар түлш, битум, эргэлтийн хөрөнгө үргэлжүүлэн нийлүүлж тухайн зам барилгын ажлыг дуусгасан юм. Концесс эзэмшигч “Хос мөнгөн зам”, замын ажлын гүйцэтгэгч “Шинжиан Шинфа” компаниудын хооронд ажлын гүйцэтгэл, төлбөр тооцоотой холбоотой маргаан үүссэнээр нэг тал нь хэвлэлд хандсан байна. Ингэхдээ тодорхой хугацаанд хамтран ажилласан, хамаарал бүхий “М ойл” компанид гомдлоо хаяглажээ гэж ойлгож байна. Бие даасан хуулийн этгээдүүд болох дээрх компаниуд тодорхой цаг хугацааны явцад учир начираа олох биз ээ.
-Замын ажлыг төр захиалж, санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвөөс гаргадаг онцлогтой. Энэ утгаараа төр гэх ганцхан худалдан авагчтай зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нь бүх эрсдлээ ганцхан сагсанд хийж байна л гэсэн үг. Ер нь явж явж маргааны шалтгаан нь төр мөнгөө өгөөгүйгээс болсон юм биш биз дээ?
-Битумийн эргэлт том үнийн дүнтэй байдаг. Том ч зээл авна. Бид нефтийн эргэлтээсээ л авч тийшээ хийдэг. Нефтийн эргэлт гацах, тэр том зээлийн хүүг банкуудад төлөх гээд их ачаалалтай байдаг. Түүний цаана компанийн ажилтан, албан хаагчдад нийгмийн дэмжлэг үзүүлэх нь хүртэл багасдаг гээд тэр чигээрээ л үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тэр болгонд ажилчдадаа “одоо энэ ажлын ард гараад үүнийгээ сайхан болгоно” гэж ойлгуулах, уриалахаас эхлээд компанийнхаа ажилтан албан хаагчдын итгэл үнэмшил, зүтгэлийг хадгалж үлдэхийн тулд татвар, банкны хүүг нарийн тулгасан санхүүгийн тооцоо, сахилга батаар байгаа зүйлдээ тааруулаад л ажиллаж ирсэн. Ялангуяа дээрх замын ажлуудын үеэр ковидын үеийн нефть шатахууны үнийг барих Засгийн газрын чиглэл, импортын үнээсээ бага үнээр шатахуунаа борлуулж байсан зэрэг маш олон хүчин зүйлийн нөлөөлөл байсан. Цацагдаад байгаа мэдээлэлтэй холбогдуулаад хэлэхэд “М Ойл” “Шинжиан Шинфа” компанид өртэй биш. “Шинжиан Шинфа” -тай гэрээ хийсэн нь “Хос мөнгөн зам” компани. “Хос мөнгөн зам” компанид хандах гээд “М Ойл” компанид гээд буруу хаяглаад байгааг бол санаа зорилготой гэж харж байна. Хоёрдугаарт, “М Ойл” компани нь “Хос мөнгөн зам” компанийн хувь нийлүүлэгч болохоос биш “Хос мөнгөн зам” компанийн захирал, удирдлагууд нь бид биш. Хэрэв “Хос мөнгөн зам” ХХК буруутай үйл ажиллагаа явуулсан бол “М Ойл” компани ч гэсэн хохирч байна гэсэн үг. Тэдгээр компаниудын гүйцэтгэсэн тендерийн санхүүжилтийг төсвөөс өгсөн юм байна гэж ойлгосон шүү. Гэхдээ дунд нь удааширсан зүйлс байгаа байх.
-Та төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог засаж сайжруулах зорилгоор УИХ-ын тогтоолын төслийг санаачлаад байгаа нь таны хувийн сургамж, туршлагатай бас холбоотой байх гэж бодсон юм?
-Би насаараа татвар төлөгч явлаа. Би 90-ээд оны хүүхэд, 2000-аад оны оюутан. Бүх бараа картын системд орж дэлгүүрийн лангуу давснаас өөр зүйлгүй хоосон тийм нийгэмд бид хөл тавьж байлаа. Тэр үеийн балчир хүүхдийн тархинд юу үлдсэн бэ гэхээр “Монгол Улс удахгүй гоё болох гэж байгаа. Энэ шилжилтийн үеийг жаахан тэсэх ёстой” гэдэг ойлголт. Түүний дараахан дээд сургуулиа төгсөн ажил хөдөлмөрийн талбарт гараад “Монгол Улс хөгжих гэж байгаа, би үүнд хувь нэмрээ оруулах ёстой, өөрсдийнхөө төлөө ажиллах ёстой” гээд л зүтгэсэн. Үр хүүхэд, гэр бүлээ гэх завгүй шахам зүтгэсэн. Нэг мэдэхэд 20-оод жилийн дараа компаниа гайгүй болгон гэр орноо ч аятайхан төвхнүүлчхээд харсан чинь миний бодсоноос огт өөр нийгэм. Бидний эргэн тойрны амьдрал муудсан байсан. Тэнд ч зам байхгүй, энд ч цэцэрлэг, сургууль байхгүй, эмнэлэг үйлчилгээ ч хүрэлцэхгүй. Тэртээ ерээд он, 2000-аад оны эхээр юмс хэцүү байсан ч хүмүүс ирээдүйдээ итгэж байсан. Тэр үед жишээлбэл, би бага залуу хүн бизнест хөл тавих гэж байхад манай аав, ээж хоёр бидэнд итгээд л байраа барьцаалаад зээл авч өгч байсан. Арилжааны банкуудаас зээл олддог байсан. Одоо гэтэл баргийн зээл олдохоо байсан. Юмс улам л хүндрээд залуус яаж амжилт гаргаж энэ олон дотроос цухуйж гарч ирэх юм, яаж аятайхан амьдрал бизнес босгох юм бүү мэд болчихсон. Иргэд татвараа төлсөөр байхад яагаад улс орон хөгжихгүй байна вэ гэдэг асуултыг би өөртөө, цаг үе бидэнд тавьж байна шүү дээ.
-Нэгэн үе улсын төсвөө ХАЁТ нэртэй гадны зээл, тусламжаар чадан ядан нөхдөг байсан үе бий. Одоо бол Монгол Улс уул уурхайн түүхий эд, тэр дундаа нүүрс, зэс, бас уранаар “дэлхийн тоглогч” боллоо гэдэг пиараар бялуурч, мөнгөөр хулгай хийж тоглох хэмжээнд хүрсэн байна. Эдийн засаг дахь өгөгдлүүд сайжраад байгаа хэрнээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр байшин хүрэлцээгүй тухай ярьсан хэвээр. Төсвийн хөрөнгө оруулалт гэдгийн цаана үүгээр эргэлтийн хөрөнгөө хийж амьдардаг компани бизнесүүд ч байдаг гэж ойлгодог. Ер нь өнгөрсөн хугацааны төсвийн хөрөнгө оруулалт гэдэгт хэчнээн их наядын төсөв, хэр том зах зээлийг ярьж байна вэ?
-“Яагаад ингэж байгаа юм бэ” гээд үзэл бодол нийлэх хүмүүстэй нэгдээд улс төрд дуугарчэхлэхэд яг юу болдог вэ гэдгийг өөрөө харж байна шүү дээ. Энэ олон татвар төлөгчдийн мөнгийг яагаад зөв зүйтэй зүйлд зарцуулчихдаггүй юм бэ гээд хамгийн түрүүнд төсвийг онгойлгож үзлээ. Тийм ээ, миний хамгийн түрүүнд хийсэн ажил. Төсвийг онгойлгож үзэхэд татвар төлөгчид өнөөдөр үнэхээр байдгаа бариад тоолоод өгч байна. Тэр төсвийг захиран зарцуулж байгаа үе үеийн удирдлагуудын шийдлээр сонгогч, тойргийнхноо л тойлсон холч хараагүй богино зайн эрх ашигт хөтлөгдсөн үрэлгэн зардал нь ихэссэн юм байна. Халамж, төрийн том данхар систем, дээрээс нь өөрийн сонгогдсон тойрогтоо бүх юмыг нь хүргэх гэж үе үеийн гишүүд зорьсон байгаа юм. Эхлээд цэцэрлэг, сургууль, эмнэлгийг нь хүргэе гэж зорьж эхэлсэн. Дараа нь тэр нь гайгүй болоод ирэхээр давхардуулж эхэлсэн байна. Сүүлдээ энэ буруу жишгээрээ нэг барилгаа эхлүүлээд дуусгахаа больчихож. Арав гаруй жил дамнуулаад өнөөх дээр нь жил бүр мөнгө тавигдаад л байж байдаг. Нөгөө ажлууд нь дуусдаггүй. Ингээд бид тойргийн тогтолцооноосоо авахуулаад буруудаж явсаар нэлээд буруу тийшээ гажуудчихсан. Гажуудал нь биднийг мухардалд хүргэснийг бид одоо харж байгаа хэрэг. Яаж мухардалд хүргэж байна гэхээр 30 их наядын төсвийг татвар төлөгчид нь төлөх гэж улсаараа дансаа хаалгаж байна. Дансаа хаалгуулаад мөнгөө төлөхгүй бол Эрүү, Зөрчлийн хуулиар хэрэгтэн болтлоо хамаг юмаа л өгч байна. Ийм байдлаар 30 их наядын татвар цуглуулсан гэж бодьё. Тэр 30 их наядын төсвийн 2/3 нь төрийн данхар системийн цалин хөлс, дээрээс нь төрийн хангамж хэрэгсэл, шатахуун, тавилга, эд хогшил, нийт иргэдийн 80 хувь нь авч байгаа халамж гэх урсгал зардалд зарцуулагдана. Төсвийн 1/3 нь л хөрөнгө оруулалтын зардал болж байгаа. Тэр дотор гадаадын хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалт бас багтана. Хамгийн инээдтэй нь 30 их наяд байлаа гэхэд түүний 3 их наядыг л хөрөнгө оруулалтын зардал дээр тавьж чаддаг болж байна. Тэгтлээ бид мөнгөгүй болж байгаа. Бүх мөнгөө цуглуулаад ихэнхийг нь цалин хөлс, халамжид өгөөд маш бага хэсгээр нь бүтээн байгуулалт хийх гэж хичээж буй хэрэг. Хамгийн том зөрчил тэрхүү 30 их наядынхаа 3-4 их наядыг хөрөнгө оруулалтад зарцуулдаг атлаа тухайн жилд санхүүжилт хүссэн хөрөнгө оруулалтын400-гаад төсөл орж ирдгийн 30-40 нь л шинэ төсөл байгаа юм. Өмнө нь эхлүүлсэн төслүүд нь гурав, дөрвөн зуугаараа дуусаж өгөхгүй, өртөг нь жил жилд тогтмол нэмэгдэнэ. Тэр нэмэгдэл нь сүүлийн 3 жилд 1.9 их наядаар нэмэгдчихээд байж байна. Яг энэ тооны ард тодорхой хэсэг бүлгийн эрх ашиг хөндөгдөж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ мөнгийг бид Цахилгаан станц барихад хөрөнгө оруулалт болгосон бол энэ өвөл улсаараа лаа барихгүй байх байлаа.
-Жил бүр төсөвт өртөг нь нэмэгдээд дуусдаггүй төсөл, 1.9 их наяд төгрөгийн нэмэгдлийн ард хэчнээн барилга, объект, компани яригдах бол?
-Сүүлийн гурван жилийн байдлаар төсөвт өртгүүд нь нийт 1.9 их наядаар өссөнийг тоогоор яривал 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар 1319 төсөл, арга хэмжээ орж ирсний 26 нь шинэ төсөл байсан. 2025 онд 639 төсөл, арга хэмжээ орж ирсний 39 нь л шинэ төсөл байсан. 2026 онд 579 төслөөс 149 нь шинэ төсөл, арга хэмжээ байсан. Тэдгээр хуучин төслүүдийн тал хувь нь өртөг өссөн төслүүд. Цаашдаа хэдэн ч төсөл нэмж орж ирэхийг мэдэхгүй. Тиймээс хуучин төслүүдээ цэгцлэхгүй бол хамаг төсвөө, байгаа жаахан боломжоо тавиад туух нөхцөл байдал үүссэн байна.
Хамгийн өндөр жилтэй нь 14 жил үргэлжилж буй төсөл байгаа байх. Одоогоор АТГ-т улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй төсөл, арга хэмжээнүүдээс удсан, үр дүнгүй болсон 51 төсөл хандаад байгаа. Ядахад л энэ 51 төсөл, арга хэмжээнүүдээсээ эхэлж шийдээд Засгийн газрын зүгээс нэмж хөрөнгө оруулалт хийхгүй зогсооход төсвийн ачааллаас нэлээн хөнгөрнө. Үнэндээ 1.9 их наяд төгрөгийг оруулаад ч тэдгээр төслийг дуусгана гэдэг ямар ч итгэлгүй. Яагаад гэхээр нэгдүгээрт, тэр төслүүд маш өндөр дүнгээр өсчихсөн байгаа. Хоёрдугаарт, тухайн жилд оруулж буй санхүүжилт нь маш бага. Жишээлбэл, 18 тэрбумын төсөл байлаа гэхэд тухайн жилдээ тэрбумыг л тавих гэх мэт. Энэ төслүүдийг харахад эхний үнээс 80 хувь, 87 хувь, 70 хувь, 110 хувь, хамгийн өндөр өсөлттэй нь 651 хувь өссөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төв 20 ортой эмнэлгийн төсөл байна. Улаанбаатар хотын 1000 хүний суудалтай дүүргийн спорт цогцолбор 475 хувийн өсөлттэй гэх мэт. Манайх жилдээ 10 орчим хувийн инфляцитай улс. Тэгэхэд өртөг нь таван жил болоход 50 хувь өсөж болно. Яагаад 300-400 хувь өсдөг юм бэ. Бидний санаачлаад байгаа тогтоолын төслийн нэг санаа нь нийгэм, эдийн засагт үр ашиггүй, хэт удсан төслүүдийг зогсоогоод төсвөөс оруулсан хөрөнгийн хэмжээгээр дуудлага худалдаа зарлан орлогыг төсөвт оруулах. Хоёрдугаарт, хэрэв ямар нэгэн төсөл, арга хэмжээний үнэ өртөг өсөхөөр бол зөвхөн инфляцийн түвшингөөр л өсдөг байх. Түүнээс барилга барьж байгаа компаниудын хүсэлтээр энэ мөнгө хүрэхгүй байна, юм үнэтэй болчихсон байна гэдэг сургаар нэмэх ёсгүй.
“Төр дэд бүтцийн төслүүддээ хөрөнгө оруулж, бусдыг нь хувийн хэвшлээр хийлгэх ёстой ч байр нь солигдчихоод байна”
-Уг нь төсвөөс хөрөнгө оруулалт хийх буруу биш, ялангуяа нийтийн сайн сайхны төлөө нийгмийн салбарт. Үүний тулд татвар төлж байгаа?
-Яг үнэн. Төсөв гэдэг чинь ард иргэдийг ая тухтай амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг л бүрдүүлэх үүрэгтэй. Зүй нь төр дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хариуцаж, бусад хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлүүд хийх бололцоог бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 35 жилд 10 мянган км шинэ авто зам баригдлаа. Гэтэл цаана нь бидэнд 50-60 мянган км зам барих хэрэгцээ бий. Хамгийн чухал хүнд даацын хил холболтын болон улсын чанартай холболтын авто замуудаа нэн түрүүнд барих ёстой. Орон нутаг, сумдыг холбосон замуудаа хоёрдугаар ээлжинд үлдээх ёстой. Уг нь замын төслийн төсөвт өртөг нэмэгдэх нь харьцангуй бага байдаг. Замын компаниуд эхний хөрөнгө оруулалтын төсвөөрөө барилгын ажлаа ихэнхдээ хийгээд дуусгаж байна. Харин эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн өртөг үргэлж өсөж байгаад анхаарах хэрэгтэй. Системийн хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв бид энэ реформыг гурван жилийн өмнө 2024 он гэхэд хийчихсэн бол өдийд бид 1.9 их наяд төгрөгийг хэмнэчихсэн, тэр мөнгөөрөө Бөөрөлжүүт шиг цахилгаан станц барьчихсан энэ өвөл инээгээд сууж байх бололцоотой байсан.
-УИХ-ын гишүүн болсноор унаж ирдэг ашгийг тойрогтоо суулгасан хөрөнгө оруулалтын төслөөс гаргаж авдаг гэдэг хардлага байдаг нь нууц биш. Хөрөнгө оруулалтын төслүүдийг төсөвт суулгахдаа ямар шалгуур баримталдаг юм бэ. Тийм шалгуургүйгээр гишүүдийн лоббигоор шийддэг юм бол үүнийг яаж өөрчлөх ёстой вэ?
-Системийн өөрчлөлтийг бид төлөвлөлтөөсөө эхлэх ёстой. Монгол Улс урт, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтүүдтэй. Тэр төлөвлөлтүүдээ маш сайн хийсэн атлаа тэдгээрийг улсын төсөв рүү оруулж ирэхдээ л асуудал үүсгээд байна. Тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төслийг л төсөвт суулгачихад болох зүйл. Гэтэл энэ төсөл ТЭЗҮ-тэй суулгая, тэр төсөл ТЭЗҮ-гүй хасья гэдэг зарчмаар ханддаг. Хассан төслийнхөө тоогоор УИХ-ын гишүүд хаа нэгэн газраас тойргийнхоо ч юм уу төслийг “энэ бэлэн ТЭЗҮ-тэй юм аа” гээд үсэргээд оруулаад байгаагаас гажуудал үүсэж байна. Гэтэл ТЭЗҮ-тэй гэж орж ирсэн төсөл нь нийгмийн хэрэгцээ шаардлага нь төдийлөн тулгамдаагүй төслүүд байх жишээтэй. Заавал орон нутагтаа хөрөнгө оруулалт татах шаардлагатай юм бол түүнийгээ жилийн хөгжлийн төлөвлөгөө, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд орсон төслүүдээсээ сонгодог байгаач ээ гэдгийг УИХ-ын гишүүдэд уриалмаар байна.
Төсвийн хөрөнгө оруулалт, удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн төлөвлөгөө, урт, дунд хугацааны бодлогод тусгагдаагүй хөрөнгө оруулалтыг төсөвт суулгадгийг болих хэрэгтэй. ТЭЗҮ нь батлагдаагүй төслүүдийг оруулж ирэхийг ч хориглох хэрэгтэй. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын нийт зардлын 30-аас илүү хувийг хуучин төсөлд зарцуулахыг хоригломоор байна. Шинэ төслүүд рүү хөрөнгө оруулах шаардлагатай байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг гурван жилд барьж дуусгах тухай өөрчлөлтийг оруулж ирсэн. Энэ бол дэвшил. Яг үүний дагуу аль болох олон шинэ төслийг гурван жилийн хугацаанд санхүүжүүлээд явахад үнэ өртөг инфляциэс шалтгаалаад дээд тал нь 30 хувиар л өснө. Бидний зорилт нэгдүгээрт, аль болох шинэ төсөлд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх. Хоёрдугаарт, хувийн хэвшилд найдах боломжгүй том хэмжээний дэд бүтцийн төслүүддээ хөрөнгө оруулах. Төр, хувийн хэвшил хоёрын хөрөнгө оруулалтын ялгаа нь төр дэд бүтцээ барих ёстой. Хувийн хэвшлүүд тэрхүү дэд бүтэц дээр залгуураа залгаад өөрсдийн жижиг объектуудаа барих явдал шүү дээ. Гэтэл төр хувийн хэвшилдээ “Та нар манай дэд бүтцийг барьчих” гэж хэлж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хувийн хэвшил барьж байгаа. Төмөр замыг хувийн хэвшил барьсан. Тогтолцоо нь буруу, байрлал нь солигдсон байна. Үнэндээ манай төсөвт боломж байгаа. Тэр төсвийн боломжуудаа өмнө нь эхлүүлсэн дэмий төслүүд дээрээ дуусгах гээд хайран мөнгөө үрээд сууж байгаа нь харамсалтай юм.
-Та яагаад энэ асуудал руу шийдэл барьж орохоор болсон юм бэ?
-Би яагаад үүнийг санаачилсан бэ гэхээр 2025 оны төсвийн төсөл хэлэлцэгдэх үед төслийн зарлагын ажлын хэсэгт орж ажиллахад төр оролцох шаардлагагүй, хувийн хэвшил хийж гүйцэтгэж болохуйц олон төсөл арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлж, энэ нь хяналт сул, гүйцэтгэлийн явц нь удаан,өртөг өндөр, жил бүр өртөг нь нэмэгддэг гэх мэт олон сул тал байнагэж харсан. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдчихсөн төслүүд, хэрэгтэй, хэрэггүй барилга, байшингийн жижиг төслүүд маш их байсан. Энд хэрэгтэй хэрэгггүй гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй л дээ. Нийгмийн үр өгөөжийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, магадгүй эхний эрэмбийн төсөл арга хэмжээ мөн үү, мөнгөн дүнгээр илэрхийлэх аргачлал хэрэглэсэн эсэх ньтанилцуулга мэдээлэлдхомс. Соёлын төв, сургууль цэцэрлэг хэрэгтэй нь мэдээж хэрэгтэй. Гэхдээхүн амын нягтрал, анги дүүргэлт, анги танхимын ашиглалтын коэффицент хэдэн хувьтай, соёлын үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй хэдий ч хуучныг нь хэсэг хугацаанд ашиглах боломж нөхцөл нь үнэхээр байхгүй болсон уу гэх мэтээр эрэмбэ тогтоож тооцоолсон зүйл байгаагүй. Эдгээрийн хасья, санхүүжилтыг зогсооё, дуудлага худалдаагаар оруулья гэхээр ямар ч хуулийн заалт, зохицуулалт байгаагүй. Тиймээс энд лтөсвийн төлөвлөлт төсөвлөлтөд гажуудал байгаа юм байна гэж би хувьдаа дүгнэсэн юм. 2025 оны Хаврын чуулган завсарласны дараа би судалгааны ажлын хэсэг байгуулсан. Судалгааны ажил 2025 оны долоодугаар сараас эхэлсэн ч одоо болтол үргэлжилж байна. Тогтоолын төсөл, үзэл баримтлалыгболовсруулж, Засгийн газраас санал авах хуультай тул төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдантөсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай бидний санаачилсан төслийг зарчмын хувьд дэмжиж байна гэсэн хариу ирүүлсэн. Уг тогтоолыг2026 оны есдүгээр сарын 1-ны өдрийн дотор УИХ-д таниилцуулахгэж өөрчлөн найруулах саналыг хүргүүлсэн юм. Бид төсөвт хэмнэлт үүсгэж байгаа учраас дэмжигдсэн гэж харж байгаа. Ямар ч байсан бид улсын төсвийн том балансыг цэвэрлэх ёстой. Үр дүнгүй төслүүдийг зогсоогоод дахиж улс тэдгээр төслүүдэд мөнгө гаргаж өрөнд орох шаардлагагүй гэдэг зарчим дээр уг тогтоолын төслийг санаачилсан.
-Энэ зохицуулалт дутагдаж байгааг олж харахад бизнесийн салбарт ажиллаж байсан туршлага нөлөөлсөн үү. Та эдийн засагч, гэхдээ бизнесийн салбараас гарч ирсэн гэхээр цаас төлөвлөлт дээр ажилладаг эдийн засагчдаас хэр ялгаатай байна вэ?
-Нөлөөлсөн. Би бизнесийн үйл ажиллагаа хариуцдаг гэдэг утгаараа “Бизнес жилээс жилд чанаржин бүтээгдэхүүн нь сайжрах ёстой. Мөн жилээс жилд зардал нь буурч байх ёстой” гэдэг хоёр зорилтыг баримталдаг. Тиймээс жил болгон консалтингийн компаниудтай хамтраад хэрхэн чанартай бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдвэрлэн ашигтай ажиллах вэ, хэрхэн ажилтан, албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж, илүү аз жаргалтай өндөр бүтээмжтэй болгох вэ гэдэг шийдлийн төлөө ажиллаж ирсэн. Аливаа компани, бизнест өөрийн хөрөнгийн харьцаа, зохист түвшин чухал байдаг. Өөрийн хөрөнгө нь их болох тусам тухайн компанийн эргэлтийн хөрөнгө багасдаг. Эргэлтийн хөрөнгө дотроо бэлэн мөнгө ихтэй байх ёстой гээд зохист харьцааны чухал үзүүлэлт байдаг. Тэр утгаараадүнгүй үл хөдлөх хөрөнгө их байлгахыг компаниуд дэмждэггүй. Энэ нь компанийн үйл ажиллагаанд асар муугаар нөлөөлдөг. Тэр хөрөнгө эргэлт, бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулагдах ёстой байтал хөрөнгө, машин, байшин болоод байх юм бол тухайн компанийнхаа ирээдүйн хөгжилд саадтай. Тэр ч утгаараа улсын төсөвт байгаа энэ олон үр дүнгүй хөрөнгө оруулалт, барилгуудыг хувийн хэвшлээс орж ирсэн бид хараад гайхах юм билээ. Яагаад ийм хэрэггүй зүйлд хөрөнгө оруулж байгаа юм бэ, ёстой болохгүй шүү дээ гэж хэлмээр байна.
-Тэр их хөрөнгө үүснэ гэдэг нь дахиад л ашиглалтын зардал, доторх үйл ажиллагааг нь санхүүжүүлэх урсгал зардлыг ч нэмэх болно?
-Нийгмийн үйлчилгээний чанартай барилга, байшингуудыг дагаад үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн орон тоо, том бүтэц, тэдгээрийн урсгал зардал нэмэгдэнэ. Зам, үйлдвэр, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд хөрөнгө оруулалтын зардал өндөр ч ашиглалтын зардал нь бага байдаг. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын хэдэн хувьд нь зам барих юм, хэдэн хувьд нь байшин барих юм бэ гэдэг зохист харьцаа байх ёстой. Тэгэхгүй бол одоо бид энэ олон гишүүдийн тойрогтоо барья, бүтээе гэсэн санаачлага, дуусдаггүй хуучин төслүүддээ дарагдаад нөгөө дэд бүтцийн төслүүдээ орхигдуулаад байна
-Тогтоол, түүнийг дагаад хуулиудад орох өөрчлөлт гээд таны цогцоор нь харж байгаа реформын үр дүнд бий болох үр ашгийг хэдэн жилийн дараа ямар түвшинд хүрсэн байхаар тооцоолж байна вэ?
-Хэрэв энэ тогтоолыг бид ирэх есдүгээр сарын 1-н гэхэд баталчих юм бол ирэх жилийн төсөв дээр 30 хувийн хэмнэлт бий болно. Хөрөнгө оруулалтад 4 их наядыг төсөвлөлөө гэж бодоход үүний 30 хувь гэдэг 1 их наяд төгрөг. Нэг их наядаа бүгдээрээ цахилгаан станцын урьдчилгаанд нь тавья л даа. Дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулья гэдэг өөрчлөлт, үр дүн нь юм. Үүнд л зорьж, бүтээсэй, бүтчих байх гэж найдаж ажиллаж байна.
-Мөнгөөр хэмжигдэхээс гадна өөр бусад нийгэм, соёлын үр дагаврууд байгаа болов уу?
-Тийм ээ, хүний эрхийн хувьд ч гэсэн ярихад маш их зүйл байгаа. Жишээлбэл, нэг суманд сарзайсан барилга 10-аад жил балгас болоод байж байхад тэнд нохой шувуу үүрлэнэ, хог хаягдал хураагдана. Хүүхэд унаж бэртэх вий гэж айхаар, харанхуйд хүн амьтан ойрхон явахад ч хэцүү. Энэ чинь хүний болон нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Хоёрдугаарт, арай гэж төсөв тавиад цааш үргэлжлүүллээ гэхэд барилгын чанарын асуудал яригдана. Дутуу ч гэлээ хөлс, мөнгө зарцуулсан юм хойно хүн манах болно, хүн байгаа бол цалин хөлс гарна. Тиймээс удаасан барилгуудыг байлгамааргүй байгаа юм. Төсвөөс дуусгаагүй хөрөнгө оруулалтаас гаднатөрийн өмчийн үр ашиггүй, давхардсан жижиг обьектуудыг ч хувьчилж, тухайн орон нутгийн бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь олгох ёстой. Өнөөгийн 126 гишүүнтэй парламент маш тэнцвэртнй нөхцөл бүрдүүлж байгаа. Яагаад гэхээр 76 тойргоос гарч ирсэнгишүүд тойргийн иргэдэд гоё зүйл хийж өгөхөөр зүтгэдэг бол жагсаалтынгишүүд улс эх орны нийтлэг том эрх ашгийг бодож байгаа. Тойргийн эрх ашгаас давсан улс орны эрх ашиг дээр нэгдэж байгаа учраас жагсаалтын гишүүд алсын, хөгжлийн бодлого дээр илүү хүчтэй дуу хоолойтой ажиллаж байгаа нь харагддаг. Би улс орны хөгжлийн нийтлэг эрх ашиг дээр тэдэнтэй хамтраад ажиллана.

