Монгол хүн монгол хүндээ амь яриагаа энүүхэндээ сэм шивнэхэд бид авилга хээл хахуульд дургүй гэж ханхалзах атлаа алгаа тосдог өөдгүй зантай. Төрийн түшмэд бол авилгад эмчилгээгүй донтсон гэхэд хилсдэхгүй хэмжээнд ялзарчээ. Бид хахууль авдаггүй хатуу хүмүүжилтэй байсан бол авилгадах гэсэн гадна дотны этгээдийг барьж аваад шийтэгнэ. Энүүхэндээ шивэгнэхэд бидэнд хэн ч хүчээр хээл өгөөгүй. Таминь гар тосдгоо болиоч. Арван лангийн ембүүнд алгаа тосдог аав уу даа, хорин лангийн ембүүнд хормой тосдог ээж үү дээ гэх дууг оргүйгээс зохиосонгүй. Алга тосдог ичгүүртэй зан муу нэрт ардчиллаас үүсээгүй бүр эртнийх аж. Энэ бузраа ХХI зуунд хаяя. Авилгад алга тосохгүй амьдрах гагцхүү хувь хүн дураараа шийдэх гарын дор асуудал. Авилгагүй улс болж чадаж гэмээнэ өгөөж ёнцгор. Ийм илэрхий олзонд бид яагаад биеэ дайчлахгүй алга тосдог өчүүхэн шуналдаа бүдчиж ядуурна вэ? Бүтэн ухаантай бол ингэж хохирмооргүй.

Өөдгүй монгол зан алдагдалд өм цөм унагаж буйг нийгэм мэдрээд бухимдах болов. Дарангуйлалд эмзэглэн “ёо” гэвэл эсэргүүн болдог коммунист нийгэм ардчиллын өнгөнд жагсдаг нийгэмд хувирлаа. Энэ бол доройтол бус дэвшил. Нийгэм бухимдах эрүүлжиж буй үйл явц. Нийгэм эрүүлжиж байна гэдэг иргэд ёс суртахуун, үйл ажилдаа шүүмжлэлтэй хандаж буйн илрэл. Тиймээс сайн талаа магтаж хөөрцөглөхөөс урьтаж муу талдаа эмзэглэн эмчилж явбал ахицтай. Энэ бол шог зохиолчийн хөтөлбөр. Монголчууд ажлаа чанарын өндөр түвшинд хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр тэмүүлдэг болсноор өөрийгөө магтах бус өөрийгөө голж өөрийгөө өөд татаж эхлэв. Ялангуяа залуус найрамдал-дружбаг бишрэгч хөгшид-биднийг чамлаж эрин зууны ажил хэрэгч бизнестэй хөл нийлүүлэхийг эргэлт буцалтгүй сонгожээ. Хөрш хэдий сайн ч өөрсдөө бие дааж, өөрсдөө толгой мэдэж бүтээхээс унацтай нь хорвоод үгүй.

Гишүүдийн хэрүүлийг ажихад тэдний тархи ажил сайжруулах олигтой хувилбар сэтгэхгүй гагцхүү огцруулж дөнгөвөл гоё гэж донтоод байх шиг. Огцруулж байж л сэтгэл нь амарч бах тав нь ханах юм уу хаашаа юм. Цус үзэж байж тайвширдаг садист шиг огцруулж байж л санаа нь амрах янзтай. Худал гэвэл “огцруулах”, “томилох” хоёрхон асуудлаар хэрэлдсээр дөрвөн жилээ бардаг биз дээ. Бүтээх чадваргүй гавалд зөвхөн нураах атаа хорсол өмхийрч байдаг. Өөр орон зай бөндгөрт нь оршдоггүй. Ийм зан ажил сайжруулах мэргэн арга олдоггүй, зөв бодлого боловсруулахад ухаан нь гүйдэггүй, мохоо атлаа жөтөөрхүү хүмүүсээс илэрдэг. Эцсийн зорилго нь илүүрхсэн андыгаа хорт аргаар татаж унагаад өөрөө сэнтийд нь залрах. Бүтэн ухаан тэгж тэнэглэхгүй. 

Огцруулахаар дагнах бус хамтарч баялгаа арвижуулахад ухаан уралдуулж, хүний сэтгэхүйд буумгүй гайхам бодлогын хувилбарууд нээ. Гишүүд та нарын гавалд тийм агуу боломж аав ээж чинь хайрласан байгаа. Амьдрал бол бэрхшээл. Бэрхшээлийг оюунаар давдаг. Нүүрлэсэн гадны гацаа бүрийг гаталснаар хөгжил цогцолно. Ашигт малтмалаар арвин өгөгдлөө дөрөөлж гаднаас хөрөнгө оруулалт цутгах нөхцөлийг бүгдээрээ бодож ол. Сэтгэх багтаамжаа тэлж чадвал түүхий эдээ боловсруулж үнэ хүргэх тоглоом. Унац агуу. Ухаан сийлж баялаг бүтээхийн төлөө уралд. Бүтэн ухаан бүхнийг чадна. “Огцруулж томилох” жонхуу хутгахаас хэтэрдэггүй гишүүд шившиг болж масс тэднийг сонгохоо болино.

Сохор мэт 70 жил Оросоор хөтлүүлсэн бидэнд дэлхийн тавцанд бие даан өрсөлдөх туршлага дутсан. Энэ сул талаа ухаарч егзөр ухаанаар хянуур давших цаг тулгарчээ. 30 жил мулгуутсаны балгаар хаширвал хаширмаар гашуун сургамж эдлэв. Одоо яая гэхэв бие биеэ уучилъя. ХХI зууны адармаатай өрсөлдөөний бартаат харгуйд дахиж хазгай гишгэхгүй аваас хөгжих нөөц дуусах яагаа ч үгүй. Сонгуульд ялах юу юм бэ? Адилхан монголчууд юм чинь нэг нь олонх нөгөө нь цөөнх болно л биз. Ямар дайсандаа ялагдаж байгаа биш. Үүнд бүр үхэлдэж хамаг байдгаа гүвэх юм. Дахин сонгогдох гэж том амлаад, том амлалтаа гаднын өндөр хүүтэй зээл тарааж байж хоосорсноо мартаж болохгүй. Төр барихгүйгээр асар их баялаг бүтээж, ард түмэндээ төсөр үнээр түгээж баяжаач. Буяны зам чинь энэ.

Эрхэм улс төрчид минь сэтгэх цар хүрээгээ тэлцгээ. Та нарын тархины сан хөмрөгийг авилга, огцруулах, томилох ад зэтгэр эзэлжээ. Оюуны багтаамжинд чинь ашиглагдаагүй үхмэл нөөц арвин бий. Тэр их нөөцөө амилуулж ашиглавал хямралаас өлхөн гараад өөр цаана нь гацсан мега төслүүдээ хөдөлгөж чадна. Оюуны баялаг бол Оюутолгой Тавантолгой биш. Шавхагдашгүй баялаг. Тархиндаа заяасан сэтгэх баялгийг бүрэн ашиглахгүй зөвхөн албан тушаал, эрх мэдэл, амин хувийн явцуу шуналд дөрлөгдөн хор найруулсаар яваад тархины чинь өчүүхэн хэсэг л ажилладаг болж. Дийлэнх хэсэг нь ажиллахгүй унтсаар үхжилтэд оржээ. Хав харанхуй гавал доторх чинь “Огцруулж томилно” гэх улаан гэрэл ёлтойж байна. Бүтээх чадваргүй улс төрчид огцруулах томилох луйварт гаажтай. Харцанд нь занал үсчиж, хохимойд нь хор буцалдаг. Хагас ухаантайн ланчиг.

Гэвч энэ бол монгол хүний оюуны төрөлхийн засрашгүй согог биш. Бидний тархины багтаамж бусад үндэстнийхтэй ижил. Гагцхүү тархиныхаа чадамжийг шавхаж ашигладаггүйгээс сэтгэх эд эс хатингаршсан байж магадгүй. Хөдөлгөөн дутагдсан булчин шөрмөс шиг. Тархиныхаа талыг юм уу, талын талыг юм уу дөнгөн данган атаа жөтөөндөө ажиллуулдаг хүмүүс дүнхүүрэх нь зүй. Бүрэн бус техник хөдөлгөөнд орох хориотой. Тэгвэл бүрэн бус тархи УИХ-д цээртэй баймаар. Бүрэн бус тархиараа биесээ татаж унагахаас цаашхийг сэтгэхгүй, олигтой яваадаа атаархахаас эх орноо хөгжүүлэхэд бүрэн бус мэдлэг нь хүрэхгүй, төсөв булаалдах төдий л мунхаглаж явна. Мунхаглалыг залуус бүү өвлө. Уршиг нь барагдахгүй. Бүдүүлгээс мунхаг авир ундаргатай. Өндөр хөгжилтэй орны иргэдийн сэтгэлгээг хуучинсаг мануусын сэтгэлгээтэй жишээд үз. Тэгээд ямар зөрүү-хоцрогдол хөгшид-бидэнд байна түүн дээгүүр залуус та нар минь харай. Дүүлэхдээ мануусын капитализмыг харайсан онигоо болуузай. Хойшид та нар соц. нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг бөмбөрцгийн хамгийн хоцрогдсон бүдүүлэг сэтгэлгээтэй амьтад бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд сэтгэх багтаамжаа тэлээд бай. Монгол тархи чинь оргилоод өгнө. Монгол гавлын багтаамж хязгааргүй. Оюуны энэ их төрмөл баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээрээ панз үсэргэж хожихын дээр гол нь оюунаараа баяжвал хүн төрөлхтөний хүндлэлийг гялс татна гэж мэд.

2019-08-06