Энэ 7 хоногт
ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДӨР ЭНЭ ЖИЛ ХЭЗЭЭ ВЭ, ДАРАА ЖИЛ ХЭДЭНД ВЭ?
Чингис хааны төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, жил бүр өөрчлөгддөггүй тогтсон нэг л өдөртэй болцгооё.
Монголчууд бид Их эзэн Богд Чингис хаанаараа бахархана. Монгол үндэстний эцэг Чингис хаан. Нүүдэлчин Монголчуудын нэрийг дэлхийн түүхэнд тодоор тамгалж үлдээсэн Их хаанаараа бахархах нь зүй ёсны хэрэг. Хүн төрөлхтний түүхийн хоёр дахь “мянганы хүн”-ээр тодорсон агуу Чингис хаан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль ёсоор Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон, монголчууд бид бүх нийтээрээ тэмдэглэх болсон нь түүхэн үйл явдал. Эргэн тойрны найз нөхөд минь ямар их баяртай байсныг тод санаж байна.
Чингис хааны төрсөн өдрийг “үнэн, бодитой” тогтоох “онол, арга зүй”-н их маргаан түүхчид, судлаачдын хүрээнд ТВ-ийн студиэс Улсын Их Хурлын Чуулганы танхимд хүртэл үргэлжилсэн. Эцэстээ ШУА-ийн зүгээс гаргасан “Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” гэх саналыг зөвшөөрч “Чингис хааны төрсөн өдөр бол Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” гэж хуулиар тогтсон.
Монгол бахархлын өдрийн гол зорилго нь монголчууд бид өвөг дээдэс, эх түүх, өв соёлоороо бахархах, уламжлал, ёс заншлаа хойч үедээ сурталчлан таниулах явдал. Энэ өдөр монголчууд бид монгол хүн болж төрснөөрөө бахархана. Монголчууд гэдэгт дэлхийн олон улс оронд хувь заяаны эрхээр тархан суугаа 10 сая гаруй монгол угсаатныг хамруулан хэлэх нь зүйтэй.
Чингис хаан хэзээ төрсөн бэ? Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэдэн сарын хэдэнд вэ? Дараа жил хэзээ вэ? 10 жилийн дараа хэзээ вэ?
Чингис хааны төрсөн өдрийг аргын тооллоор “хатуу” тогтоох байсан юм. Харамсалтай нь манай эрдэмтэд, судлаачид маргалдаж зүтгээд дотроо учраа олж чадаагүй. Монголчууд Чингис хааныхаа төрсөн өдрийг хатуу тогтоочихлоо гэхэд маргаж зарга мэдүүлэх гадаадын “ухаантан” гарахгүй байсан даа.
Бид Чингис хааныхаа төрсөн өдрийг хууль батлагдсанаас хойш
2012 онд 11 дүгээр сарын 14
2013 онд 11 дүгээр сарын 04
2014 онд 11 дүгээр сарын 21
2015 онд 11 дүгээр сарын 12
2016 онд 10 дугаар сарын 31
2017 онд 11 дүгээр сарын 19
2018 онд 11 дүгээр сарын 08
2019 онд 11 дүгээр сарын 27
2020 онд 11 дүгээр сарын 16
2021 онд 11 дүгээр сарын 05
2022 онд 11 дүгээр сарын 24
2023 онд 11 дүгээр сарын 14-нд тус тус тэмдэглэн өнгөрүүлээд байна. Жил бүр өөр өөр өдөрт, заримдаа өөр сард байгааг анхаарч байгаа биз. Чингис хааны төрсөн өдөр бодит амьдрал дээр хоногшихгүй байна шүү. Энэ нийтлэлийг уншигч та өөрөөсөө, хажуудах улсаасаа асуугаад үз. Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ?
Чингис хааны төрсөн өдрийг ирэх жилүүдэд хэзээ хэзээ тэмдэглэх вэ, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр аргын тооллын хэдэн байж таарах вэ. Үүнийг мэдэж, шууд хэлэх хүн тун цөөхөн. Асуудлын гол зангилаа бол энэ юм. Шууд хэлбэл, Чингис хааны төрсөн өдөр Монголын өсвөр залуу үеийнхэнд “бүрхэг” хэвээр үлдчихлээ. Энэ асуудал “Монгол бахархлын өдөр”-ийн үндсэн зорилго, утга агуулга, ач холбогдлыг шууд бууруулах үр дагавартай. Дэлхийн бүх улс орнууд аргын тооллыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгааг санах хэрэгтэй.
Залуучууд билгийн тооллоо хэрэглэж занших хэрэгтэй гэж зөрүүдлэх хүн гарч болох. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1 буюу Цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилтган Чингис хааны төрсөн өдрийг билгийн тооллоор тогтоож мөрдүүлэх нь авцалдаж өгөхгүй байна. Цагаан сар дээр билгийн тооллоо хэрэглэх нь болоод байна, учир нь хавар эхэлдэг, урь ордог гээд энэ нь ганц өдрийн тухай биш харин улирлын тухай яригдаж буй. Харин Чингис хааны төрсөн өдөрт Билгийн тооллыг хэрэглэх нь нэг л болохгүй, бууж өгөхгүй байна. Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн 2012 оноос хойш тооцвол, Их хаан маань одоогоор 11 өөр өдөр төрөөд байна буюу бид өөр өдрийг тэмдэглээд байна. Нэг л тийм хийсвэр.
Монголчууд бид яах вэ, билгийн тооллынхоо учрыг олоод байя гэж зүтгэж үзье. Гэтэл Чингис хааны төрсөн өдрийг зөвхөн монголчууд тэмдэглэх үү гэсэн глобал шинжтэй стратегийн асуулт хариулт нэхнэ. Чингис хаан бол “Дэлхийн хүн” байсан. Чингис хааны төрсөн өдрийг Чингис хаанаар бахархдаг улс, үндэстнүүд жил бүр нэг өдөр хамт тэмдэглэг, харин муугаар дурсдаг нь тэр өдрийг бүү мартаг. Чингис хаан, түүний үр хойчис тохинуулж явсан Ази, Европ, Ойрхи Дорнодын улс орнууд аргын тооллыг бүгдээр хэрэглэнэ, харин Билгийн тоолол Зүүн Азийн хэдэн оронд хэрэглэгдсээр буйг анхааръя.
Иймд Их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, Монгол бахархлын “тодорхой” өдөртэй болъё. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлье. Шинэ гишүүд энэ чиглэлд хамтраад яваасай. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч маань Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдсон сууж байна. Энэ асуудлыг санаачлаад, ахлаад яваасай. Монголын эрдэмтэд, түүхчид, судлаачид Чингис хааныхаа төрсөн өдрийг аргын тооллын нэг өдөр дээр тогтож чадах ёстой. Тэд Монгол үндэстний бахархлын өдрийн зорилго, үр дүн, үр дагаврыг зэрэгцүүлж бодох хэрэгтэй байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Чингис хааны төрсөн өдөр “Монгол бахархлын өдөр”-ийг аргын тоололд шилжүүлснээр дараах ач холбогдолтой. Үүнд:
- Монголын өсвөр залуу хойч үеийнхэндээ Чингис хааны төрсөн өдрийг “хоногшуулна”. Тэр хэрээр Монгол бахархлын өдрийн зорилго биелж, тэмдэглэн өнгөрүүлэх утга, ач холбогдол нь өндөрт болно.
- Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан, салбарынхан зүтгэж байгаа энэ цаг үед түүх соёлд дуртай, Чингис хааныг хүндэтгэдэг гадаадын жуулчдыг татаж авчрах нөхцөл, боломж жинхэнээс бүрдэнэ. Билгийн тооллын цагалбар бариад явах гадаад хүн байхгүй. Тэд аялах газар, цаг хугацаагаа нарийн төлөвлөх улс. Чингис хааны төрсөн өдрийг Чингис хааны төрсөн улс оронд нь тэмдэглэхийг тэд хүснэ.
Чингис хааны төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, жил бүр өөрчлөгддөггүй тогтсон нэг л өдөртэй болцгооё.
Б.Батбаатар
Зочин
Teneguud