Далай лам ба геополитикийн гогцоо
Төвөдийн бослого бол геополитикийн тэсрэлт Лхаст гарсан 1959 оны гуравдугаар сарын бослого нь Хятадын үзэл суртлын шахалт, гүн сүсэг бишрэлтэй Төвөдийн нийгмийн айдсаас үүдэлтэй. Харин бүс нутгийн хэмжээнд Хятад-Энэтхэгийн хилийн маргаан (NEFA/Arunachal Pradesh) хурцдах, ЗХУ-Хятадын харилцаа муудах, Хятадын дотоод улс төр ширүүсэх өргөн хүрээнд нөлөөлсөн. Далай ламыг хүчээр Бээжинд аваачиж магадгүй гэдэг цуурхал хүн амын айдсыг өдөөж, бослого болж хувирсан. Дээрхийн гэгээнийг хил давуулах шийдвэр гарсан мөчөөс асуудал олон улсын түвшинд хүрчээ.
Далай лам ба геополитикийн гогцоо
Дуугүй ардынхаа төлөөх дуу хоолой: Далай ламын дүрвэлт, Хятадын нэгтгэх бодлого, Төвөдийн соёлын орон зай
Өнгөрсөн зууны дэлхийн геополитикийн эмгэнэлт атлаа сонирхолтой зангилааны нэг нь 1959 онд Далай ламын Төвөдөөс дүрвэн гарсан явдал. Энэ явдал шашны асуудал биш бөгөөд бүрэн утгаараа улс төр, соёлоо хадгалах асуудал юм. Тэрхүү үйл явдлын цаана ЗХУ-Хятадын өрсөлдөөн, Хятадын коммунист нэгтгэх үзэл бодлого, Шинжаан-Төвөдийн геостратегийн ач холбогдол, Энэтхэг-Хятадын хилийн сөргөлдөөн гээд олон түүхэн хүчин зүйлс нуугдаж байдаг.
Хятадын геостратеги ба үзэл суртлын давхцал
БНХАУ 1949 онд байгуулагдсанаар Маогийн дэглэм “Түүхэн үндэслэлээр бүх хилийн бүс нутгийг нэгтгэх” бодлого хүчтэй тавигдсан. Төвөд бол Хималайн цэргийн тойрог байгуулах геостратегийн өндөрлөг, Азийн томоохон голууд Төвөдөөс эх авдаг учир эх газрын усны нөөцийг хянах цэг, сүм хийдүүд өөр өөрийн бодлогын төвтэй учир соёлын хувьд автономи тогтох аюул, эцэст нь хан үндэстэн цөөтэй болохоор нэг үндэстэн давамгайлсан бүс нутаг. Иймээс Хятадын засгийн газрын хувьд Төвөдийг оюун санааны хувьд нэгдмэл улс байлгах нь аюул гэж үзсэн. Тийм ч учраас 1951 онд 17 зүйлт гэрээ байгуулсан гэх боловч амьдрал дээр Төвөдийн автономит эрхийг огт хангаагүй юм.
Төвөдийн бослого бол геополитикийн тэсрэлт
Лхаст гарсан 1959 оны гуравдугаар сарын бослого нь Хятадын үзэл суртлын шахалт, гүн сүсэг бишрэлтэй Төвөдийн нийгмийн айдсаас үүдэлтэй. Харин бүс нутгийн хэмжээнд Хятад-Энэтхэгийн хилийн маргаан (NEFA/Arunachal Pradesh) хурцдах, ЗХУ-Хятадын харилцаа муудах, Хятадын дотоод улс төр ширүүсэх өргөн хүрээнд нөлөөлсөн. Далай ламыг хүчээр Бээжинд аваачиж магадгүй гэдэг цуурхал хүн амын айдсыг өдөөж, бослого болж хувирсан. Дээрхийн гэгээнийг хил давуулах шийдвэр гарсан мөчөөс асуудал олон улсын түвшинд хүрчээ.
Дарамсала бол зөөлөн тэмцлийн төв штаб
Далай лам Энэтхэгт дүрвэн гарч Төвөдийн түр засгийн газар байгуулан, Төвөдийн хэл-шашин-соёлын инстүүцүүд байгуулж, дэлхий дахинд Төвөдийн асуудлыг дипломат хэлээр тавьж эхэлсэн. Индира Ганди болон Дэн Сяопин мөрдлөгийн үе, 1980–1990-ээд оны олон удаагийн хэлэлцээ, Хятадын “нэг улс-хоёр систем” загварыг Төвдөд хэрэгжүүлэх санал солилцоо бүгд Дарамсалаас эхтэй билээ. Харин Бээжингийн хувьд Дарамсалаг Төвөдтэй “сүнсээр” нь нэгтгэхгүй гэдэг байр суурь баримталсан. Энэ тухай Дээрхийн гэгээн Далай лам “Түүхийг цаасан дээр өөрчлөх боломжтой ч соёлыг сэтгэлээс устгаж чадахгүй” хэмээн бичжээ.
“Дундын зам” ба бодлогын түвшний парадокс
Далай лам тусгаар тогтнол нэхээгүй. Зөвхөн жинхэнэ автономи, хэл-шашны эрх чөлөө, соёлын өөртөө засах эрхийг хүсдэг. Энэ бол олон улсын дэмжлэгийг алдахгүй, Хятадтай ил цагаан дайсагнахгүй, соёлоо хамгаалах боломжтой дипломат түвшинд маш ухаалаг стратеги юм. Гэвч Бээжин үүнийг “салан тусгаарлах зөөлөн үзэл” гэж ойлгодог. Ингэснээр “Дундын зам” бодит утгаараа парадокс болж хувирсан байдаг. Хятад “Автономи бол тусгаар тогтнолын эхлэл” гэдэг байр суурьтай бол Далай лам “Автономи бол уусахаас хамгаалах цорын ганц арга” арга гэж үзсэн.
Төвөдийн асуудлыг хүний эрх рүү шилжүүлсэн нь
Дээрхийн гэгээн Далай лам энэ номоор геополитикийг “хүн төвтэй” утгаар тодорхойлжээ. Номын хүчирхийлэлгүй эсэргүүцлийн философи 1. Соёл устах нь газар нутгаа алдахаас илүү ноцтой аюул. Хятадын бодлого стратегийн давуу талтай ч соёл гээгдвэл иргэншлийн эсрэг хамгийн том заналхийлэл. 2. Хэл бол улс төрийн хамгийн хүчтэй зэвсэг. Дээрхийн гэгээний бичснээр “хэл уствал үндэстэн мөхнө”. Хятадын хэлний бодлого Төвөдийг газар зүй төдийгүй ухамсрын түвшинд нэгтгэх зорилготой. 3. Дуугүй байх нь бууж өгсөн хэрэг биш. Дээрхийн гэгээн Төвөдийн тэсвэр тэвчээрийг “чимээгүй эсэргүүцлийн хэлбэр” гэж тодорхойлдог. Энэ нь “Хүчирхийлэл бол зовлонгийн эх, ухаарал бол аврал” гэдэг буддын философийн үндсэн санаатай уялдана.
Төвөдийн асуудал бол соёл орших эсэх тухай асуудал
Мөнөөх 1959 он бол газар нутгийн түүхээс илүү оршихуйн философийн эргэлтийн цэг.
Далай ламын дүрвэлт нь улс төрийн орогнол гэхээсээ соёлоо авч үлдэх эрмэлзэл байсан. Дуугүй ардынхаа төлөөх дуу хоолой ном энэ бүхнийг архивын баримт, геополитикийн шинжилгээ, соёлын эсэргүүцэл, хувь хүний дотоод дуу хоолой гэсэн дөрвөн давхар утгаар өгүүлсэн бөгөөд Төвөдийг ойлгох “чимээгүй тэмцэл”-ийн философийг машид тодорхой илэрхийлжээ.
Гэхдээ түүний номыг сэтгэлдээ эх орноо тээж яваа Шагжийн гэлэнгийн бясалгал гэвээс зохино. Дээрхийн гэгээний 2012 онд Brown University-д хэлсэн “Боловсрол, эв нэгдэл хоёр л биднийг авч үлдэнэ” хэмээх өгүүлбэр түүхэн зовлон, хяхалт хавчилт, хэлмэгдүүлэлтийг илэрхийлэх агаад Төвөдийн ард түмний тэмцлийг дотоод гэгээрэл ба гадаад хүч гэдэг хоёр туйлын дундах савлуур лугаа адил дүрсэлжээ.


