Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Дашзэгвийн Амарбаясгалан сонгогч түмнээ хямд гурилаар тэжээх, сонгогч малчдадаа хөнгөлттэй зээл олгох угсраа мэх бэлдсэн юмсанжээ. Гурилын үнэ хямдраагүй ч Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болов. Баруун бүсээс нэр дэвшихээр гурилын импортын татварыг тэглэх хууль батлуулсан Д.Амарбаясгалан буцаагаад татвар тавихаар чармайж сууна. Малчдад олгосон зээлийн үлэмж хувь нь автомашин болчихсон Улаанбаатарын түгжирлийг гааруулаад зогсохгүй, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд монголчууд ядуу зүдүүгээрээ дуудууллаа. Урьд урьдын сонгуулийн амлалт иргэдэд горьдлого төрүүлдэг ч амьдралд нь дарамт болсонгүй билээ. Цаашид нэр дэвшигчийн хүсэл биелэсэн ч сонгогчдод ачаа нэмэгдэх үзэгдлийг “Амарбаясгалангийн эффект” гэж нэрийдэх зарчмын санал дэвшүүлье. 

Ардчилсан тогтолцоо, системийн хариуцлагатай улс төрийг дэмжих зорилготой нэг сэдвээр дагнасан сонины эхний дугаар гарлаа.

Түүхэн үүргээ гүйцэтгэсэн шийдвэр

Д.Амарбаясгалан дотоодын гурилын мафитай тэмцэнэ гэж тайлбарласан ч сонгуульд зориулсан хууль байжээ. Баруун гурван аймгийн гурилын хэрэглээ бусдаасаа 20 орчим хувиар илүү гэнэ. Улаанбаатараас 1 500-1 700 км тээвэрлэж, худалдахад үнэ нь 30-40 хувиар өсдөг гол хүнсийг нь хямдруулбал баруун бүсээс авах санал аяндаа нэмэгдэж таарна. Сардаа Увс 480 тонн, Ховд 420 тонн, Баян-Өлгий 520 тонн, нийлээд жилдээ 15 мянган тонн гурил иддэг аж. Д.Амарбаясгалангийн хуулиас хойш импортоор орж ирсэн гурилын тэн хагас нь Сэлэнгийн Сүхбаатар боомтод, үлдсэн нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтод бүртгэгджээ. Багахан нь Сэлэнгийн Алтанбулаг, Завханы Арц сууриар орж иржээ. Ийм шийдвэр гарахаас өмнөх жилүүдэд 10 мянган тонн хүрэхтэй үгүйтэй байсан гурилын импорт 2024 оны эцэст 64.2 мянган тонн хүрэв.

Энэ зуур дотоодын улаан буудайн тариалалт 57 хувиар буурч, 2024 онд үндэсний гурилын үйлдвэрлэл хүчин чадлынхаа 25 хувийг ашиглажээ. Д.Амарбаясгалан тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурвыг “хамтад нь хайрлах”-аас аргагүйдэв. Ингээд импортын татвар тэглэсэн шийдвэрээ “түүхэн үүргээ гүйцэтгэсэн” хэмээж цуцлахаар зүтгүүлэв. Баян-Өлгийгөөс сонгогдсон Б.Бейсен, Т.Аубакир хоёр “Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увсын Боршоо боомтоор орж ирэх гурилд квот тогтоох байдлаар арга хэмжээ авахгүй бол баруун аймгуудад гурилын үнэ дахиад өснө” гэдгийг анхаарууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, гишүүн Т.Аубакир нар тогтоолын төсөлд “түүхэн үүргээ гүйцэтгэсэн” гэж “цохон тэмдэглэсэн”-ийг даанч анзаараагүй бололтой. Нэр дэвшигч Дашзэгвийн Амарбаясгалан сонгогдохоор барахгүй Монгол Улсын Их Хурлын даргын сэнтийд заларсан амуй. 

Малд өгсөн ч машин болсон зээл

 

Д.Амарбаясгалангийн угсраа мэхний удаах нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70.1 хувийг бэлчээр эзэлдэг. Уудам энэ орон зайд зориулсан сонгуулийн бүтээгдэхүүн нь зээл. Жилийн өмнө (2024.04.23) “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар зарлаж асан. Сонгууль хаяанд ирчихсэн тул төрийн 1 400 албан хаагчийг эрх дархаараа далайлган дайчилж, хоршоо байгуулах бичиг баримтыг хоёр хоногт багтааж шийдвэрлэн, барьцаагүй бас хүү багатай зээл олгохоор хөдөлсөн. Үүнээс хойш (2025.03.15) улсын хэмжээнд 8 971 хоршоо шинээр байгуулагдаж, 88 320 малчин гишүүнээр элсжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 6 364 хоршооны 22 359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Бүх хоршооны гишүүдэд зээл эс олговоос малчин сонгогч ”юм саначихаж чадах” тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 42 дугаар захирамж юугаараа УИХ-ын дэргэд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан нь ачир дээрээ “Шинэ хоршоо” хөдөлгөөний парламентад байрших төв штаб юм. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд Төрийн банк хөнгөлөлттэй зээл олголтоороо тэргүүлж яваа ч “төв штаб”-ын дарга М.Мандхай хүсэлт гаргасан хоршооны гишүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндөн, зээлийн шийдвэрлэлтийн шат дамжлагыг шуурхай, нээлттэй байлгах, зээл олголтын нөхцөл, бодит банкны актив, ажлын хэсгийн хувьд анхаарч үзэх асуудал гэх мэт нэн шаардлагатай сэдвээр Төрийн банкны төлөөллийг Төрийн ордонд дуудаж уулзсан авай. Монгол Улс 308 746 малчинтай гэвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нарын ажил яагаа ч үгүй. Манай хоёр хууль боловсруулахын зэрэгцээ Монгол малчдын хоршоодын холбоо маягийн бүтцээ Төрийн банкны зээлээр цутгах учиртай ч эргэн төлөлтийг нь бол огт хариуцахгүй.

Үндэсний статистикийн хорооны (2025.01.27) мэдээллээр “Импорт 2024 онд 2.4 тэрбум ам.доллароор өссөн, үүний 395.6 сая ам.доллароор автомашин авсан нь 58.4 хувийг нь эзэлжээ. Ширхэгээр ярьвал 123.1 мянган суудлын тэрэг орж ирсэн нь 2024 оныхоос 67.3 хувиар өссөн гэсэн үг. Суудлын машины борлуулалт өмнөх жилээсээ гурав дахин нэмэгджээ. Монголчууд бүгдээрээ мөнгөө хуримтлуулаад 2024 онд зэрэг автомашин авчихаагүй, сонгуулиар гэнэт гарч ирсэн хөнгөн нөхцөлтэй зээл суудлын тэрэгт хувирсныг улаанбаатарынхан мэдэрч буй. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмсэн. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төрийн тусгай хамгаалалтаар зам хага яруулан сүнгэнэж яваа.