Даргын Монгол руугаа буцаад гулслаа
Одооны хэллэгээр баялаг бүтээгч, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг даашгүй татвар хүнд суртлаар хавчаад, дарга сэтэртэнд төсвөөс шомбодох, авилга хулгуулах завшаан олгож, даргад хорхойсдог монгол хуучийг сэдрээчхэв. Даргаас давах бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ.
Даргын Монгол руугаа буцаад гулслаа
Одооны хэллэгээр баялаг бүтээгч, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг даашгүй татвар хүнд суртлаар хавчаад, дарга сэтэртэнд төсвөөс шомбодох, авилга хулгуулахзавшаан олгож, даргад хорхойсдог монгол хуучийг сэдрээчхэв. Даргаас давах бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ. Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх уран санаа уугьж эхэлмэгц мангуу төр засаг нь унтраагаад даргын бизнесийг асаачхав. Ингэсэн нөхцөлд яс мах цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй яах билээ. Хөлс гаргаж баялаг бүтээх дургүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь төр нь данхайхгүй яах вэ. Ингээд баялаг бүтээгчгүй “даргын Монгол” руугаа буцаад гулсав. Хувийн бизнес хөөж төр засгийн дарамт хавчилгад жаахан хуримтлалаа шатаасан боловсрол чадвартай азгүй залуусыг мөнгө идэх далд эрх дарх бүхий өндөр сэнтий даллан дуудлаа.
Гашуунсухайт-Ганц мод боомтыг холбох 2014 оны гэрээнд заалттай нарийн царигийг Х.Баттулга ерөнхийлөгч өргөн болгосноор БНХАУ-д 10 жилийн хугацаанд алдагдал хураагдсан нь нарийн царигаа өргөнөөр сольсоноос үүссэн Х.Баттулгын бас нэг нүгэл. Урд хөрш хохирлоо манайхыг нүүрсний эспортдоо 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх төдийгөөр уучилсан ч мухардсан өргөн нарийн замаа холбох бэрхшээл яалт ч үгүй. Төмөр замаа 17 жил гацааж 31,5 тэрбум долларын ашиг хаасан том хулгай Х.Баттулгын хоолойд хутаг хошногт жад болоод буй үед боомт холболтоос 10 тэрбумыг унагахаар сэдсэн Л.Оюун-Эрдэнэ нарын аймаар шунал цочирдуулав. Нарийн төмөр замаа 2012 онд Ж.Оджаргал нарын хувийн хэвшил гүйцээсэн бол 31,5 тэрбум, 10 тэрбум, 40 ихнаядын нүүрсний хулгай эх орныг минь сөхрүүлээгүй. Х.Баттулга ял сонсох бүү хэл түүнтэй Л.Оюун-Эрдэнэ дөрөө харшуулж, Ц.Туваан, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, П.Сайнзориг нар тангараг өргөсөн гишүүнээсээ хоточ хасар басарт хувирч эзнийхээ хулгайг сөхөх гэсэн нөхдөө урж тастахаар давшлав. Генерал Р.Чингисийг “засгийн газрыг огцруулах жагсаал санхүүжүүлсэн” гэж гөрдөөд халсны төлбөр 26,6 саяыг Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёрын хэн нь гаргах вэ? Татвар төлөгчид төлөх үү.
Хулгай луйвраа сөхүүлсэн этгээд баярлана гэж хорвоод үгүй. Тэгэхээр хараал зүхэл-шог зохиолчийн хувьд бас нэг үнэлэмж юм. БНМАУ-ын хот аймаг сум-нэгдэл сангийн аж ахуй бүрд дарга хэмээх хар мянган том жижиг “хувалз” үүрлэсэн нүсэр намын хороо, гүйцэтгэх захиргаад олон жил эзэрхийлсний эцэст хүнд сурталд живснээс хөгжөөгүй. 1990 оны ардчилал дарга нарын армийн ноёлох торгон оройг булгалж дөнгөсөн ч бие бүрэлдхүүн хөндөгдөөгүй. Бүтэн үлдсэн нүсэр ялзарсан зовлого 30 жил ардчиллыг чөдөрлөв. Ер нь монголчууд яагаад даргад дурладаг, Монголд яагаад данхар төр үүсдэг, өөдгүй новшнууд яагаад ямар ч саадгүй суга суга дэвшдэг нь мэдрэмжгүй массын гай. Монголд өөдгүй нь өөдтэйгөөсөө олон юм чинь дарга нар бохир гуанзны жоом шиг дорхноо үрждэг. Бидний үеийн карьер бол Хятадыг үзэн ядах, Зөвлөлтөд үнэнчээ нотлох байв. Нотолж чадвал унадаг унаа тусгай хангамж ойртоно. Дээр нь увсынх бол хаалтгүй. За тэгээд орос эхнэртэй бол гүйцээ. Захиргаадагч нүсэр аппарат хүн амаа мөлждөг. Монжоочид тийшээ тэмүүлэх нь зүй. Дарга нар аль ч нийгэмд хараал зүхлийн бай болдог шалтгаан ердөө энэ.
Устгаад байхад дийлдэхгүй ургадаг хогийн ургамлуудын үр тариан талбайд бүгдэг. Хогийн ургамал тарианы хоолыг булааж шимэхдээ-төсвийг башир аргаар ховдоглон сордог эрх баригч нам шиг увайгүй. Хогийн ургамал хоронд алзахгүй, галд шатахгүй тэсвэртэйн адил дарга нарын тавиулууд галзуу дархлаатай. Ямар ч сөрөг хүч, аудит, АТГ, цагдаа тагнуул, жагсаал суулт, өлсгөлөнд цочихгүй. Яагаад гэвэл тэд эрх баригчдын үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хэтэвч нэгт тавиулууд. Тариан талбайг хогийн ургамлын үртэсгүй болтол цэвэрлэсэн ч хамхуул мэт зэрлэгүүд алсаас салхинд хөөгдөн дэгдэж ирээд боловсруулсан талбайд ойж бууж бүжиглэхдээ үрээ гүвчихнэ. Ялсан намын томчууд яг л хамхуул шиг хүнд суртлын нүсэр аппаратууд, төрийн өмчит том том компаниуд дамжиж үрээ цацдаг.
Дэлхийн жишгээр төрийн нэг түшмэлд 126 үйлчлүүлэгч оногддог гэвэл манай нэг хурган дарга дөнгөж 18 ардад үйлчилнэ. 126:18=7. Гадаадын нэг түшмэл амжуулдаг ажлыг Монголын долоон дарга оромддог аж. Ажил хөөцөлдөгч гадаадад нэг түшмэлтэй уулзаад хэрэг нь бүтдэг бол Монголд долоон хувалз царайчилна. Гадаадын нэг даргыннормыг манайд шахааны долоон хувалзанд хувааж хөнгөлдгийг болиулбол зургаан хувалзны цалин хэмнэгдэнэ. Долоон хувалзнаас нэгийг үлдээгээд зургааг хасвал улсын хэмжээнд маш олон хувалзхасагдаж, тэдний бүх зардлыг багш эмч нарынхаа хүрдэггүй цалинд нэмэрлээч. Нэг түшмэлийн үүргийг долоон хувалзанд нялзаасан атлаа 30 сурагчийн нормтой багш 50-70 сурагчид хичээл заадгаас сурлагын чанарт нөлөөлдөг. Эмчийн өдөрт үзэх хүний тоо гадаадын жишгээс эрс олон.
Гуравхан сая хүнтэй Монгол олон зуун сая бүр тэрбум хүн амтай аварга гүрнүүдтэй яамдынхаа тоогоор зиндаархаж, 300 шахам мянган хувалз бүхий данхар бүтцүүдэд бяцхан төсвөө цацдаг. Швейцарь загвараар бол 13 мянган түшмэлээр Монгол ажлаа амжуулах гэнэ. Томчууд хий орон тоо гаргаж шахсан шүдтэй тулмуудаа нүгэлгүй орлогоор амьдрах бизнест хөлсийг нь дуслуулаач. Тэд хуруугаа хөдөлгөж өөрийн оюуны чадвараар баяжвал эх орон ашиглах ёстой нэг нөөцөө хөгжил болгож буй нь тэр. Татвар төлөгчдийн мөнгийг хуурайлж, хүн амаа хоосруулагч хүнд суртлын авилгажсан нүсэр аппаратыг цомхон чадварлаг болгохгүй бол Монгол модоо барина.

Хууль үйлчилдэггүй дархан сэнтийнээс нь ажлын садаа-энэ олон даргыг хуу татаж гаргаад, хувиараа баялаг бүтээх орон зайг нь хууль эрхийн таатай орчноор хангаад, төрийн оролцоог хувийн хэвшлээс зайлуулбал тэд гялс баяжна. Дарга нарын дундамархан баяжих сүйхээтэй сэхээтэн олон бий. Даргамсаг, ихэрхүү, бүдүүлэг, дээрэнгүй авир нь ажил хэрэгч ялдам бизнесмэнд хувирна. Тэдний мэдлэг овсгоо хувийн бизнесээ түвэггүй цэцэглүүлнэ. Эх орондоо гай тарьж буй тэдний хүнд суртал-баялаг бүтээгч бизнест шилжиг. Тэд авилгачийн замаас гарч хүн амдаа баялаг бүтээгч буянтан болно. Тэд тэгж чадна. Бизнес хөөвөл ашиг нь даргынхаас эрс илүү орчин Монголд бүтээгээч! Дарга нарын арми баялаг бүтээгч-баячуудын армид хувирахыг үзээд үхэх юмсан.


Зочин