Магадгүй хүмүүс чамайг аймхай байна даа гэцгээг. Энэ хамаагүй. Үхсэн юмс л юунаас ч үл айдаг билээ» гэж миний зүрх надад өгүүлэв. Тиймээ би юунд хэт их автаж өөрөө өөрийгөө зовооном билээ. Хайр сэтгэлд. Хуланд. Түүнийг дурсан санаагүй бодоогүй өдөр надад үгүй ажээ. 

Тэгээд би саглагар том моддын дундуур гаргасан явган хүний зөрөг замаар алхав. Замын хажуугийн сандал дээр эрэгтэй эмэгтэй хоёр тэврэлдэн сууж үзэгдэв. Би буцаад алхав. Оюутны байрандаа би эргэж ирлээ. Тэгээд би унтахаар хэвтлээ. Нойр хүрдэггүй. Би эргэж хөрвөн хэвтэнэ. 

Элдэв юм бодогдоно. За байз! Зоригтой бай гэсэн. Гэхдээ ухаан нь мунхаг сэтгэл нь хүйтэн гэсэн.Бас айхгүй бай. Гэхдээ хэзээ айх, хэдүйд айхгүй байхыгаа мэддэг бай гэж хэлсэн. Юу гэсэн үг байдаг билээ?

Би өөрөө өөрөөсөө ингэж асууллаа. Тиймээ зарим нэг хүмүүс намайг аймхай байна даа гэцгээдэг. Энэ хамаагүй гэсэн үг. Яагаад гэвэл үхсэн юмс л юунаас ч үл айдаг гэж миний зүрх надад хэлсэн бус уу? Тэгэхээр энэ тийм ч их муу юм биш ажээ. Би ингэж бодов. Агуу их хүмүүс ийм л байсан гэдэг билээ. Тэд нар ч бас адилхан.Тэд хэзээ айх, хэдүйд айхгүй байхыгаа мэддэг хүмүүс байсан. Тэд нар бас хэзээ эхлээд, хэдүйд зогсохыгоо мэддэг хүмүүс байсан гэдэг. Тэд нар үнэн ч шударга авьяаслаг, тэр хүмүүсийг хүндэлдэг байсан. Тэд олны өмнө өөрийгөө магтаж сайрхдаггүй байсан. Тэд нар худлаа хэлж, дүр эсгэдэг тийм хүнээс айдаг байсан гэдэг юм. Тэд бас өөрсдийнхөө буруу муу сул тал, дутагдалаа ялж дийлж чаддаг байсан. Тэд нар нэг алдсан алдаагаа хоёр дахин давтахаас тун их айдаг байсан гэдэг. Тэд амьдралын сайн муу, сайхан муухайг үзэж таньсан хүмүүс байсан. Тийм учраас тэд амьдралын аливаа сайн муу сайхан муухайг аль альныг нь тэвчиж тэсээд, тэгээд өнгөрөөж чаддаг хүмүүс байсан гэдэг билээ. Тэдэнд цаг мөч бүхэн үнэтэй. Тийм учраас тэд өдөр шөнө ялгаа үгүй уншиж судлаж, хөдөлмөрлөж суудаг байсан. Тэд нар айх завгүй ажиллаж тэмцэж чаддаг байсан. Тийм учраас тэд хэзээ айх, хэдүйд айхгүй байхыгаа мэддэг байсан гэдэг юм. Тийм учраас хүмүүс намайг аймхай байна даа гэцгээг. Энэ хамаагүй. Энэ бол тийм ч их муу юм биш. Яагаад гэвэл үхсэн юмс л юунаас ч үл айдаг. Би ингэж бодов. 

Бурхан багш бээр тэр бас айдаг гэдэг. Гэхдээ тэр өөрөө өөрөөсөө биш. Өөр хэн нэгнээс биш. Өөр бусад муу хүмүүний үйлдсэн, нүгэлт муу үйлийн үрээс айдаг гэдэг юм. Тэр арчаагүй залхуу гуйланч, муу заяат мулгуу хүмүүний ухвар мөчид бодол сэтгэлээс айдаг. Тэрбээр тэднийг харсан боловч хараагүй юм шиг. Сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөхийг хичээдэг. Тийм хүнд туслах ёстой гэж тэр өөрөө үздэггүй гэдэг билээ. Гэхдээ Бурхан багш бээр хүмүүний зовлон жаргалыг ойлгодог. Мэддэг мэдэрдэг. Тэдний өмнөөс тэр өөрөө хохирод бэлэн байдаг. Тийм учраас хэзээ айх, хэзээ айхгүй байхыгаа мэддэг байх ёстой ажээ. Би ингэж бодов. 

Тиймээ! Би бас тэвчээртэй байх ёстой. Аливаа сайн муу аль алиныг нь тэвчээд тэсээд, тэгэсхийгээд өнгөрөөж сурах хэрэгтэй ажээ. Хүн нэг л юмыг сайн сурвал бусад бүх юмыг сурдаг. Тэр нэг юм бол тэвчээр. Тийм учраас би тэвчээрт суралцах ёстой. Тэвчээр бол амьдрах эхлэл. Тэвчээр бол амьдралын төгсгөл. Бүх юмс үүгээр эхлээд түүгээр дуусдаг билээ. 

Би ингэж бодов. 

Тийм учраас амьдралын аливаа сайн муу аль алиныг нь би тэсээд өнгөрөөж чадах ёстой ажээ. ...