Зургаадугаар бүлэг

Би Москва хотод нэг хонолоо. Маргааш орой нь Москва-Кривой-Рогийн галт тэргэнд суугаад өглөө эрт 7 цагт Днепропетровск хотод ирэв. Би төмөр замын вокзалын хажуухнаас трамвайнд сууж, оюутны дотуур байрандаа ирсэн бөгөөд жижүүр эмэгтэйгээс өрөөнийхөө түлхүүрийг авч өрөөндөө оров. Бид гурвуулаа энэ өрөөнд бүтэн нэг жил амьдарсан билээ. Манай өрөөний цонх өндөр саглагар модтой урт өргөн гудамж руу харсан байх бөгөөд оюутны байрны тавилга гэж 3 төмөр ор, хувцасны том шкаф, модон ширээ өөр эд зүйлс гэхээр тоймтой юм бараг үгүй. Аан тийм 20 копейкны үнэтэй зузаан шилэн стакан 3 ширхэг, 3 хүн тус бүрт нэг нэг хөнгөн цагаан жижигхэн цайны халбага байдаг байсан. 1 данх, 3 сандал. Ингээд болоо. Би усанд орж гарч ирээд, ус буцалгаж хоёр аяга сахартай байхуу цай уулаа. Тэгээд би хэсэг зуур унтав. Үдийн хоолны дараа үдээс хойш би бас дахиад унтлаа. Орой нь гадагшаа гарч алхав. Тарас Шевченкогийн талбай. Театральный зочид буудал. Би тэр зочид буудлын ресторанд оройн хоол идээд, 2 шил Жегулевский пиво уув. Тэрүүхэндээ би тансаглав. Тэгээд тэндээс гараад би алхаж гарлаа. Шаргал намрын чимээ үгүй орой байсан. Гудамж талбайд хүн цөөхөн үзэгдэнэ. Сэв сэлүүхэн ажээ. Би алхаад л байлаа. Би гэдэг хүн өдийг хүртэл гав ганцаараа алхаад л байдаг. Хаашаагаа, Яах гэж? Бүү мэд. Би алхаад л байлаа. Яг энэ мөчид Хулан тэр бүсгүй надад бодогдов. Тиймээ тэр бүсгүй надад чин сэтгэлээсээ ханддаг бус уу? Тэр намайг захидал бичиж байгаарай гэсэн. Тэр намайг бас сайн яваад ирээрэй гэж хэлээд, тэгээд тэр бүсгүй намайг тэвэрсэн. Би ингэж бодов. «Тиймээ тэр чамайг нэг удаа тэвэрсэн. Чамайг сайн яваад ирээрэй гэж тэр хэлсэн. Гэхдээ энэ бол тэр бүсгүй чамд хайртай гэсэн үг биш» гэж миний зүрх надад хэлэв. Тэгээд тэр надад бас ингэж хэллээ. «Заримдаа хүмүүс ингэж төөрөлддөг билээ. Тэр минийх гэж тэд боддог. Гэтэл тэр нь өөр хүнийх болчихсон байдаг бус уу?» гэлээ. «Юу юу гэнэ ээ? Тэгээд чи тэр чамд хамаагүй гэж хэлж байгаа юм уу?»гэж би түүнээс асуув. Тэр дуугарсангүй. «Тийм л юм байна л даа.» гээд түүнд зүрхэндээ би туниж гомдоллов. «За яахав» гээд. Тэгээд юу чиг хэлж чадахгүй яахыгаа мэдэхгүй, би гуниглаж хэсэг зуур бодлогоширон зогслоо. Тэгээд би бодлоо. Бусдаас ялгарч сүйд болоод байх юм надад байхгүй л дээ! Гэхдээн надад бусдаас дутах юм юу байдаг билээ? Тиймээ гэхдээ энэ ч бас үнэн үг шүү дээ! Нээрээн нэг мэдэхэд ирдэг. Нэг мэдэхэд явчихдаг, ор тас алга болчихдог. Түүнийг хайр гэж үзэж болно гэж үү? Түүнийг бас тэр мэдрэмжийг хайр гэж эндүүрч болохгүй ажээ. Түүнийг Хуланг би тийм их сайн мэдэхгүй. Тэр бас намайг мэдэхгүй. Бид хоёр бие биенийхээ тухай мэдэхгүй. Тийм учраас түүнийг санан тэмүүлэх миний сэтгэл гэдэг ердөө л миний хүсэл. Зүгээр л миний хүсэл юм байна. Тэгээд бас би түүний бодол хүслийг нь мэдэхгүй шүү дээ. Тийм учраас ганцхан миний хүсэл сэтгэл юуг ч шийдэж чадахгүй билээ. 

Ингэж бодоод би дуугаа хураалаа. Миний дотор сэтгэлд юу ч үгүй юм шиг. Ийм үед хүнд хамгийн ухаалаг санаа, хамгийн үнэн үг ч мулгуу юм шиг сонсогддог санагддаг ажээ. Ой гутам жигшүүрт бодлууд ар араасаа цуварч эхлэв. Миний зүрх надад үнэнийг хэлсэн ажээ. Тэгээд би “Одоо болно. Энэ бодлоо зогсоо!” хэмээн би өөрөө өөртөө хатуу чанга тушаалаа.

Нар шингэж хүмүүс ямар нэгэн юманд магадгүй гэр лүүгээ яаран алхана. Би сая бодсон гунигт бодолдоон түүртэж дарагдан гуниглан алхална. Би хаана хоног тааруулахыгаа мэдэхгүй, орон гэр үгүй нэгэн адил яаралгүй сажлан алхална. Нар жаргав. Би алхаад л байлаа. Цаг аль хэдийнээ оройн 10 цаг өнгөрчихсөн болохоор гудамжинд хүмүүс бараг үзэгдэхээ болив. Би яваад л байв. Ганц нэгхэн хүн надтай зөрж өнгөрнө. Зарим нь ганцаараа, зарим нь хосоороо хоёулаан гурвуулаа алхана. Харь элгийн хэнийг нь мэдэхгүй намайг, анхаарч харах хүн нэгээхэн ч үгүй. Би гав ганцаараа алхана. Үгүй ээ дээ. Тэр нэг бүсгүй миний өөдөөс алхаж явна. Тэр бас ганцаараа алхаж явна. Зөрөхдөө би түүнтэй эелдэгээр мэндлэв. Тэр над руу харж инээгээд: «Сайн уу?» гээд гараа даллаад өнгөрөв. Тиймээ ухаан нь тэгэхээр энэ бүсгүй инээгээд, тэгээд зүгээр л мэндлээд өнгөрөөд явчихаж байгаа биз дээ. Тийм байна. Гэхдээн би нэг л юмыг мартаад яваад байдаг. Хамгийн их чухал юмаа мартаад алхаад байдаг! Надад нэг мэргэн санаа төрлөө. Би ганцаараа биш. Миний зүрх надад байгаа. Миний сэтгэл бас надад байгаа шүү дээ. Би тэдэнтэй, дотор сэтгэл зүрхтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна. Би ингэж бодов. Тэгээд «Ямарав? Чи юу гэж бодож байна?» гэж зүрхнээсээ би асуулаа. Зүрх ярьж байна. «Дэлгэр ээ. Чиний сэтгэл хүсэл хоёр чинь чамайг байнга дарангуйлдаг билээ. Тэр 2 болвоос зөвхөн өөрсдийнхээ ашиг сонирхол ая тух, амар амгалан оршихуйг хичээдэг. Түүнийхээ төлөө тэд бүгдийг гуйвуулдаг. Түүнийг бол шунал гэдэг билээ. Тийм учраас чи тэдэнд битгий итгэж бай» гэв. Тэгээд миний зүрх цааш нь үргэлжлүүлээд ингэж хэллээ. «Чи миний үгийг сонс! Би чамд хоёрхон л юмыг хэлж өгч чадна» гээд «Тэвчээртэй бай! Хүн нэг л юмыг сайн сурвал. Бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол тэвчээр. Чи түүнд суралц» гэв. «Бас Бодолтой бай! Аливаа сайн муу аль алиныг нь бодож, ойлгож ухаарч чаддаг бай. Энэ бол амьдрах эхлэл. Энэ бол амьдрах төгсгөл. Тийм учраас чи түүнд суралц» гэв. «Тиймээ гэхдээ би бас айхгүй байх ёстой бус уу? Миний айдас намайг юу ч хийлгэхгүй зовоогоод байна л даа» гэж би түүнд учирлав. «Тиймээ. Айхгүй бай. Гэхдээ юунаас ч айдаггүй сэтгэл бол аюултай. Түүний зориг нь халуун байдаг. Сэтгэл нь хүйтэн. Ухаан нь мунхаг байдаг билээ» гэв. «Юу гэлээ гэнээ? Сэтгэл нь хүйтэн, Ухаан нь мунхаг гэв үү?» гэж би түүнээс лавлаж асуув. «Айхгүй бай. Гэхдээ хэзээ чи айх, хэдийд айхгүй байхыгаа мэддэг бай.