Рейнэр Цитэлман

Нью-Йорк хотын даргаар Зохран Мамдани сонгогдсон нь дэлхий даяар хүчтэй сануулга өгч байна.Дэлхийн капитализмын зүрхэнд социалист этгээд ялалт байгууллаа. Фрэнк Синатрагийн алдарт “New York, New York”- дуундаа

“Тэнд л чи амжилт олвол,

Хаана ч газардахгүй шүү 

Хэн байхаа чи өөрөө шийдэнэ, 

Нью-Йорк, Нью-Йорк.” гэдэгсэн

Энэ мөрүүд одоо дэлхийн зүүний үзэлтэнүүдэд давталттай хэмээр сонсогдоно. Мамданигийн ялалт дэлхийн хэмжээнд яригдана. Ирэх жил Берлин хотын даргаар социалист сонгогдох боломжтойг өнөөгийн санал асуулга харуулж байна.

Миний “Капитализмын Хүч” номыг долоон жилийн өмнө хэвлүүлэхэд шүүмжлэгчид намайг “сүрлэн хүн” босгож байна гэж буруутгаж байсан. Тэд капиталист үзэл санааг бат бөх гэж итгэж тэдний эсрэг үзэл суртал аль хэдийн бөхсөн гэж маргаж байв. Би тэгж бодоогүй юм. Тэр номдоо болон олон нийтлэлдээ би анти-капитализмын сэргэн мандалтыг урьдчилан таамагласан.

Мамданигийн амжилт дэлхийн капитализмыг эсэргүүцэгчдэд урам зориг өгнө. Энэ социалист нэр дэвшигч “саятан, тэрбумтан байх ёсгүй” гэсэн уриан дор сонгуулийн кампанит ажлаа явуулсан – энэ бол зөвхөн социалист тогтолцоонд л байж болох санаа. Forbes сэтгүүлийн мэдээллээр саятан, тэрбумтангүй улсууд бол Куба, Хойд Солонгос, дэлхийн хамгийн ядуу Африкийн цөөн хэдэн орон л байна. Хүн амын тоонд харьцуулбал Швед АНУ-аас ч илүү саятантай. 

Оросын тэрс үзэлт, дэлхийн шатрын аварга, Путин болон Трампыг шүүмжилдэг Гарри Каспаров твиттертээ: 

“Мамдани эрх баригч болсноор хамгийн том эрсдэл нь бүх зүйлс бүтэлгүйтэх үед илрэх болно. Популизм, социализмын мөн чанар нь алдаагаа засах биш, харин ч намагтаа улам суудагтаа оршдог. Илүү хяналт, илүү төвлөрөл. Засгийн газрын дарамт, амлалтанд ядуус бүр илүү өртөмтгий болдог.” гэж анхааруулсан. 

Энд л аюул байна. Мамдани өмнөх бүх социалистуудын адил амлалтаа биелүүлж чадахгүй. Гэхдээ тэр болон түүний холбоотнууд өөрсдийгөө буруутгахгүй. Харин бусдыг – ялангуяа Дональд Трампыг – буруутгана. “Хэрэв коммунист нэр дэвшигч Зохран Мамдани Нью-Йоркийн даргаар сонгогдвол би миний анхны гэр болсон хотдоо төрийн санхүүжилтийг хамгийн бага хэмжээнд л өгнө…” гэж Трамп аль хэдийн мэдэгдсэн.

Социалистуудад үргэлж “буруутгах хүн” хэрэгтэй байдаг. Венесуэлд 1999 оноос социалистууд засагласнаас хойш хүн амын 30 хувь нь дүрвэсэн, үлдсэн хүмүүсийн 80 хувь нь ядууралд амьдарч байна – энэ бүтэлгүйтлийг АНУ-ын хоригтой холбож тайлбарладаг. Куба, Хойд Солонгост ч ийм түүх ижил. Трампын заналхийлэл ойлгомжтой ч стратегийн хувьд ухаалаг биш. Нью-Йоркт өгөх холбооны санхүүжилтийг бууруулах нь социалистуудад “бүтэлгүйтлийн шалтаг” өгөх болно.

Мамданигийн ялалтыг голлон залуу америкчуудын өсөн нэмэгдэж буй анти-капиталист үзэл тэжээж байна. Сонгуулийн өмнөх долоо хоногт явуулсан санал асуулгаар:

- 18–34 насныхны 64%

- 35–49 насныхны 50%

- 65-аас дээш насныхны 33%

Мамданид санал өгнө гэжээ. Эх сурвалж: Quinnipiac Poll

Би 34 улсад капитализмын дүр төрхийг судалсан судалгаа хийсэн. Үр дүн гайхалтай: 34 улсын зөвхөн зургаан оронд л капитализмыг эерэгээр үнэлжээ. [Судалгааны холбоос]

АНУ-д капитализмын талаарх төсөөлөл ерөнхийдөө эерэг хэвээр байгаа ч залуу үеийн дунд өөрчлөгдөж байна. Дөрвөн жилийн өмнөх Ipsos MORI-ийн санал асуулгаар 30-аас доош насны америкчуудын дийлэнх нь капитализмыг үгүйсгэж байсан. Миний “Капитализмыг өмөөрхүй” номд бичсэнчлэн:

“АНУ-д хамгийн том ялгаа нь насны бүлгүүдийн хооронд байна. Эдийн засгийн эрх чөлөөний талаарх үзэл бодол нь орлого, хүйс, боловсролоос илүү “наснаас” хамаарна. Хариулт өгсөн америкчуудын нас бага байх тусмаа засгийн газрын оролцоог дэмжих хандлагатай.”

- 30-аас доош насныхны 21% л “Капитализм төгс биш ч бусад тогтолцооноос дээр” гэж зөвшөөрсөн бол 60-аас дээш насныхны 51% зөвшөөрсөн юм.

Судалгаанд хамрагдсан улсуудад капитализмын талаарх үе хоорондын ялгаа АНУ-д байгаагүй хамгийн тод байв.

Дэлхий даяар залуучуудын дунд анти-капитализм өсөн нэмэгдэж байна. Германы сүүлийн холбооны сонгуульд социалист “Die Linke” нам залуучуудын дунд тэргүүлсэн. 

Ардчилсан Социалист Герман улс задрахаас өмнө Эрих Хонекер 

“Үхэр ч, илжиг ч социализмын замыг зогсоож чадахгүй.” Гэсэн. Харин түүний бурууг батлахын тулд Капитализмыг дэмжигчид сэрж бүхнийг хийх ёстой болжээ.

2025.11.05