Монгол Улсын зөвлөх инженер, Усны барилга, байгууламжийн инженер, Удирдахуйн ухааны магистр П.Бадамдоржтой ярилцлаа. Оны өмнөхөн бид Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар ярилцаж байсан бол энэ ажил эдүгээ ажил хэрэг болох төрхөө олж, харин Эгийн голын УЦС-ын тухайд бүрхэг хэвээр байна. Энэ удаа бидний ярилцлага тун хурцхан нөхцөлд өрнөсөн ч өгөөж нь төдийчинээ сайн байх болов уу гэдэгт итгэж байна.

-Өнгөрсөн оны сүүлчээр Тантай усны нөөц болон бусад асуудлаар ярилцаж байсан ба энэ удаа усан цахилгаан станцын талаар ярилцахаар урьсныг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Усан цахилгаан станц гэх Эрчим хүчний төсөл нь бусад томоохон төслүүдээс юугаараа онцлог бөгөөд давуу талтай байдаг талаар яриагаа эхлэх үү?
-Бид л хэрэглээ талаасаа хараад эрчим хүчний төсөл гээд байгаа болохоос Усан цахилгаан станцын бүрэлдэхүүн хэсгийн 70-80 хувь нь усны барилга байгууламж байдаг учраас  УЦС-ын төсөл бол усны төсөл, бүр тодорхой хэлбэл байгаль орчин экологийн төсөл юм шүү дээ. Бусад томоохон төслүүдээс ялгарах онцлог нь гэвэл УЦС-ын төсөл нь улс орны эрчим хүчний хэрэглээг хямд эрчим хүчээр хангахаас гадна усны нөөцийн хуримтлал бий болгож усны урсацыг цаг хугацаа, орон зайд зохистойгоор, ухаалгаар хуваарилж зохицуулдаг явдал юм.
Өөрөөр  хэлбэл, уул уурхайн томоохон төслүүд шиг байгаль эхийн баялгийг олборлодог бус эх дэлхийнхээ хэвлийд нь ус тогтоосноор амьд байгалийн өсөн төлжихөд ээлтэй эерэг нөлөөг хүний хүчин зүйлийн оролцоотойгоор бий болгож байгаараа давтагшгүй бөгөөд зүйрлэшгүй ач холбогдолтой юм. Тиймээс ч “Бурхан болоочид буян хийе гэвэл мод тарь. Эх дэлхийдээ буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо” гэдэг юм даа.

-Гайхалтай, үнэ цэнтэй үг сонслоо. Одоо хэрэгжихээр яригдаж буй томоохон усан цахилгаан станцын төслүүдийн талаар асуухын өмнө ер нь Монгол Улсад урьд нь хэрэгжүүлж байсан ижил төстэй төслүүдийн ашиглалт үр дүн, өгөөжийн талаар ойлголт өгнө үү?
-Манай улсад анхны усан цахилгаан станц 1956 онд байгуулагдаж байсан бол өнөөдрийг хүртэл нийтдээ 13 УЦС баригдсан байдаг. Эдгээрээс Дөргөн болон Тайширын УЦС-ууд л бүс нутгийн хэмжээнд байнгын ажиллагаатай бөгөөд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг. Бусад нь орон нутгийн хүрээнд улирлын чанартай ажиллаж байгаа бөгөөд зарим нь ашиглалтаас бүрэн хасагдсан байдалтай байна. Үр дүн, өгөөжийн хувьд Дөргөний УЦС-ын талаар илүү мэдээлэлтэй байдаг учраас түүгээрээ хариулахад ашиглалтад ороод арав гаруй жил болоход өөрийн өртгөө хэдийнээ нөхөөд жилд 39 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай боловч жил бүр хүчин чадлаа давуулан зарим жил 50 гаруй сая кВт.цаг эрчим үйлдвэрлэж байна.

Нийт цахилгааны дөрөвний нэгийг 8 дахин хямд үнээр нийлүүлээд байхад эцсийн хэрэглэгчийн төлдөг үнэ ЯАГААД буурахгүй байна?

-Өмнө нь хэрэгжсэн болон одоо хэрэгжүүлэх гэж буй УЦС-ын томоохон төслүүдийн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ нь зохион байгуулалттай гэж хардахуйцаас гадна УЦС-ыг төдийлэн сайшаадаггүй нөхцөл байдал, ойлголт мэдлэг тааруу байгаатай холбоотой байх. Энэ бүхэн таны дээр дурьдсан өгөөжийг үгүйсгэдэг болохоор энэ талаар та үгүйсгэхийн аргагүй тоон мэдээлэл хэлж өгнө үү?
-Миний дурьдсан тоо баримт нь эрчим хүчний салбарын болон улсын стастикийн байгууллагуудаар албажсан, мөн тухайн ашиглагч байгууллагуудын жил бүрийн тайлан балансад тусгагдсан, үнэхээр үгүйсгэхийн аргагүй тоо баримт юм шүү. Би хувьдаа орон нутгийн иргэдийн УЦС-ын талаарх үгүйсгэл, сэтгэл ханамжгүй байдлыг үндэстэй, бодитой  гэж үзэж байгаа.
-Яагаад тэр вэ?
- Бас л Дөргөний УЦС дээр жишээлж ярихад Дөргөний УЦС ашиглалтад орсноор тухайн гурван аймгийн иргэд бодит өгөөжийг нь хүртээгүй юм билээ. Намайг орон нутагт очих болгонд нутгийн иргэд надаас “Чиний бариулсан Дөргөний УЦС чинь ямар ашигтай  юм бэ? Энэ УЦС-ыг чинь барихаас өмнө төлдөг байсан цахилгааны үнэ буурах нь байтугай үнэ нэмэгдсэн” гэж  ам асуудаг. Би олон удаа амаа асуулгасны дараа шалтгааныг олохоор өөрийнхөө хэмжээнд эрэн сурвалжлага хийснийхээ дараа маш эмзэглэмээр хардлагад хүрсэн. Яагаад гэвэл Дөргөний УЦС-ын үр өгөөжийг нь нутгийн иргэд биш, төр засаг бүр ч биш, тодорхой тооны бүлэглэл хүртдэг юм билээ.
-Яагаад ийм хардлагад хүрэв ээ?
-Та нар бодоод үз дээ. Дөргөний УЦС-аас нэг кВт.цаг эрчим хүчийг 37 төгрөг буюу ОХУ-аас авдаг эрчим хүчний үнээс даруй 7-8 дахин хямд үнээр авдаг. Хөдөлшгүй баримтад үндэслэж хэлэхэд Дөргөний УЦС баруун бүсийн нийт хэрэглээний 25-30 хувийг нийлүүлдэг. Тэгвэл нийт цахилгааны дөрөвний нэгийг 8 дахин хямд үнээр нийлүүлээд байхад эцсийн хэрэглэгчийн төлдөг үнэ ЯАГААД буурахгүй байна. Бас дээрээс нь улсаас авдаг татаас нь хэвээрээ шүү дээ.
-Ийм зүйл байсаар байтал энэ олон жил хэн ч эсэргүүцээгүй, ямар нэг арга хэмжээ аваагүй чимээгүй явсан хэрэг үү? Буруутгаж буй мэт санагдсан бол уучлаарай. Жишээ нь та энэ талаар өмнө нь дуугарч байсан уу?
-Хардлагаа олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр цацаад байх нь зохисгүй боловч түүнээс илүүтэйгээр УЦС-ын нэр хүнд унаад байгаа учраас, нөгөө талаас хардах эрхээ эдэлж байгаад тодруулах гэсэндээ тантай ярьж сууна шүү дээ. Та үүнийг ойлгох ёстой.  Түүх сөхвөөс энэ явдал Дөргөний УЦС ашиглалтад  орох тэр үеэс эхлэлтэй байдаг. Дөргөний УЦС Ховд аймгийн Дөргөн суманд байрладаг. Гэтэл бүхий л удирдлага, санхүүжилт, захиран зарцуулалт нь Увс аймагт байдаг. Тухайн үеийн Эрчим хүчний сайд нь өөрийн өрсөлдөж нэр дэвшсэн УИХ-ын сонгуулийн тойрогт авааччихсан гэсэн үг. Улмаар дараа нь Сангийн сайд болоод дээр дурьдсан ойлгомжгүй байдал үүссэн. Та хар л даа. УИХ-ын сонгуулийн нэг тойргоос сонгогдсон хоёр эрхэм Сангийн болоод Эрчим хүчний сайдыг ээлжлээд хийгээд байгаа биз? Удаа дараа давтагдлаа. Наад зах нь энэ миний хардлагын  үндэслэл.

Та хар л даа. УИХ-ын сонгуулийн нэг тойргоос сонгогдсон хоёр эрхэм Сангийн болоод Эрчим хүчний сайдыг ээлжлээд хийгээд байгаа биз?

-Та хэлмээргүй байгаа бол би нэрий нь дурдах гэж хичээе. Эрчим хүчний сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан. Дараа нь Сангийн сайдаар ажилласан. Мөн одоо Эрчим хүчний сайдаар ажиллаж буй Б.Чойжилсүрэн өмнө нь Сангийн сайд байсан гээд хөвөрдөх болох нь ээ. Тэгвэл мөнгөтэй холбоотой “ажиллагаа” нь яаж явдаг байх вэ?
-УЦС гэдэг чинь чин үнэндээ мөнгөний машин шүү дээ. Дөргөний УЦС-ын жилд үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг ОХУ-аас худалдан авч байгаа үнээр бодоход 10-15 тэрбум төгрөг шүү дээ. Ашиглалтад ороод 10 гаруй жил болсон гээд бод. Гэтэл орон нутгийн иргэдэд ямар ч хөнгөлөлт байхгүй байгаа нь харамсалтай байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, тодорхой бүлэглэл Дөргөний УЦС-ыг “төрөөрөө эрхлэх аж ахуй “ болгожээ. Хувиараа эрхлэх аж ахуй бүхий л эрсдэлээ өөрөө дааж багахан ашиг олдог бол Төрөөрөө эрхлэх аж ахуй ямар ч эрсдэлгүйгээр томоохон ашиг олдог арга ганц энд ч биш байгаа бололтой дог.
-Тэгвэл дэлхийн бусад оронд УЦС-ын төслүүд яаж хэрэгждэг юм бол? УЦС мөнгө мөн л юм бол ийм ашиг сонирхол гардаг байлгүй дээ?
-Дэлхий гэж ярихаа болиод зөвхөн хоёр хөршөөрөө жишээлэхэд энэ хоёр гайхалтай атаархамаар шүү. Дэлхийн хамгийн том, үлгэрийн гэмээр УЦС урд хөршид маань байна, хамгийн эртний гэмээр олон УЦС  хойд  хөршид байдаг. Бидний яриад байгаа УЦС тэдний дэргэд хүчин чадал болоод бусад үзүүлэлтээрээ хүүхдийн тоглоом гэхэд ч өргөмжилсөн хэрэг болно.  Дэлхий гэснээс хуучин социалист лагерийн орнуудад баригдсан УЦС-ууд  л тэднийг өнөөдрийг хүртэл тэжээж байхад бусад нь бүгд дампуурсан байдаг. Саяхан “станын” орнуудаар явсан манай сурвалжлагчид энэ талаар тодорхой мэдээлж УЦС-ын ач  холбогдлыг бодит байдлаас нь мэдээлж байна билээ.

ЭГУЦС байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм бол оросууд өөрсдөө  Байгаль нуураас эх авч буй гол дээр цувуулаад дөрвөн том оврын УЦС байгуулсныгаа юу гэж тайлбарлах бол?

-Хойд хөрш маань манайд УЦС байгуулахыг эсэргүүцээд байдгийн учир юу байна? Ер нь шулуухан асуухад Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихаар л манайх эрчим хүчнээс хараат бус болчихно гэдгээс Оросууд айгаад харамсаад байдаг гэхэд итгэхгүй байна л даа. Мөн эдгээр УЦС-ыг барих нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гэдгийг няцаах олон мэргэжилтэнтэй таарч байлаа шүү дээ?
-Далд ашиг сонирхлоо улс төрийн аргаар зөөлрүүлж илэрхийлээд байна уу даа гэж боддог. Тэрхүү ашиг сонирхол нь эрчим хүч, тэр тусмаа УЦС болж байгаад харамсаад баршгүй. Тэдний яриад байгаа шиг байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм бол өөрсдөө зөвхөн Байгаль нуураас эх авч буй гол дээр цувуулаад дөрвөн том оврын УЦС байгуулсныгаа юу гэж тайлбарлах бол? Тэдний ганцхан гол дээр байгуулсан УЦС-уудаас манай Эгийн голын УЦС 100 гаруй дахин бага өчүүхэн эд байгаа юм. Биднээс шаардаад байгаа тэр бүх судалгааг тэд өөрсдөө хийгээгүй л байдаг. Хийгээд ч ач холбогдолгүй гэдгээ мэдэж байгаа.
-Одоо хоёулаа ерөнхий ярианаасаа тодорхой төслүүдийн талаархи сэдвээр яриагаа үргэлжлүүлье. Та аль алин дээр нь ажиллаж байсны хувьд надад үнэ цэнтэй мэдээлэл өгнө гэж найдаж байна?
-Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын талаар асуух гэж байна уу. Аль аль төсөл дээр нь тодорхой цаг хугацаанд оролцож байснаас гадна Монгол Улсад усны чиглэлээр хэрэгжихээр төлөвлөсөн томоохон мега төслийг Байгаль орчны Яаманд байхдаа хариуцдаг байсан. Бид чинь 2012 онд “Ус” үндэсний хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан юм шүү дээ. Тэрхүү хөтөлбөрт  одоо яригдаад байгаа УЦС-уудаас  гадна эдгээрээс дутахгүй  ач холбогдолтой ус хуримтлуурын, ус хангамжийн, усалгааттай газар тариалангийн гэх мэт олон төсөл хөтөлбөр багтсан байдаг.

Ангар мөрөн дээр байгуулсан УЦС-уудаас манай Эгийн голын УЦС 60 гаруй дахин бага өчүүхэн эд байгаа юм

-Энэ удаа УЦС-аараа дагнаад ярилцъя. Саяхан манай Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад Эгийн голын УЦС-ыг гацаанаас гаргаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих болсон тухай мэдэгдсэн. Одоо хэрхэн хэрэгжих бол?
-Эгийн голын УЦС-ыг барина гээд гарч ирсэн хоёр ч Ерөнхий сайд солигдож байсныг, хэвийн хэрэгжиж байсан Эгийн голын төслийг шинээр гарч ирсэн гурван ч Ерөнхий сайд үл мэдэгдэх шалтгаанаар зогсоож байсныг мэдэж байна. Яагаад ч юм миний дээр өгүүлсэн Усны яам хоёр удаа байгуулагдаж, гурван удаа татан буугдсан  шиг энэхүү төсөл ч хоёр удаа эхэлж, гурван удаа зогссон нь сонин санагддаг. Энэ удаа Ерөнхий сайд маань Эгийн голын УЦС-ыг эхлүүлэх талаар дотооддоо болоод гадаад орчиндоо зэрэг мэдэгдсэн нь онцогтой байна. Урьд нь дотооддоо тунхаглаад аргаа барсан, мөн гадны аргыг  дотооддоо тунхагласан  Ерөнхий сайдуудын аль аль шийдвэрүүдийг судалж  нягтлаад өөрийн гэсэн гаргалгаа гаргасан байлгүй дээ. Мань мэттэй харьцуулшгүй өргөн мэдээлэлтэй, маниас мундаг мэдлэг боловсролтой Зөвлөхүүдтэй байгаа шүү дээ. Гацаанаас бүрэн гарсан гэдэгт миний зүгээс итгэлгүй байгаа шүү. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд бол хэрэгжих шатандаа орсон боловч бодитоор хэрэгжих нь ирэх жилээс наашгүй болов уу.
-Саяхан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжээд эхэлсэн тухай мэдээ гарч байсныг санаж байна. Эхэлчихсэн гэж бодоод байгаа шүү дээ?
-Төсөл хэрэгжиж эхэлнэ ээ гэдэг чинь тухайн төслийн удирдагч нэртэй хөндлөнгийн нөхөр Ховд аймгийн төв талбай дээр очоод ярилцлага өгснөөр хэмжигдэхгүй. Төслийн талбарт багаж барьсан нэг ч инженер, хүрз барьсан нэг ч ажилчин алга. Одоо хүртэл БНХАУ-ын холбогдох байгууллагуудтайгаа гэрээгээ эцэслэн хийгээгүй байгаа юм байна лээ.
-Өнгөрсөн жил гэрээгээ хийлээ, энэ оны 4 сараас ажил эхэлнэ гээд холбогдох албаны хүмүүс мэдэгдэл хийсэнд итгэчихсэн юм л даа. Яагаад гэрээгээ хийгээгүй юм бол? Увс аймгийн  Өмнөговь сумын Засаг даргын БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад илгээсэн албан бичгээс болсон юм болов уу.  Тэр алдагдсан боломж гээд байгаа 200 тэрбум төгрөгийг захидал илгээсэн сумын Засаг дарга төлөх үү?
-БНХАУ гэдэг их гүрэн. Ер нь аль ч улс орон Монгол Улсын Засаг захиргааны анхны нэгж болох баг, сумын Засаг даргын албан бичгийг хүлээж аваад төслийг удаашруулсан гэвэл эндүүрэл. Үүнийг та ч сайн мэдсээр байж асууж байгаа гэж бодож байна. Тэрхүү бичиг нь хаягласан эзэндээ хүрэх нь бүү хэл, соёлт иргэншлийн үеийн улс хоорондын харилцааны түүхэнд орох ичгүүртэй үйлдлийн баримт болоод үлдсэн нь гарцаагүй. Төслийн хэрэгжилт удааширсны шалтгааныг, алдагдсан боломжийн өртгийг ганц тэр хүнээс нэхэмжилж хэрхэвч таарахгүй. Тэр хүнээс илүүтэй буруутан нь төрийн ордон дотор тормолзоод л сууж байгаа.
-Таны яриаг сонсоод байхад УЦС-ын төслийн буруутан нь удирдлагын дээд түвшинд буюу төр гэж үзэж тэдэн рүү чиглээд байгаа нь анзаарагдаж байна. Танд мэдэж байгаа зүйл их байна. Харин хэлэх эсэх нь таны эрх. Гэхдээ хэлэх гэж уулзаж байгаа гэж найдаж байна?
-Тийм байна уу. Ер нь бусад томоохон төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг сайн мэдэхгүй ч УЦС-ын томоохон төслүүд яах аргагүй эрх мэдэл бүхий томоохон албан тушаалтны шууд удирдлага, дэмжлэг, татаас, түлхээсгүйгээр хэрэгжихгүй, хэрэгждэггүй юм байна лээ. Тэрхүү том албан тушаалтан нь улс төрийн албан тушаалтан байдаг учраас өрсөлдөгчид нь тухайн төслийн мөн чанар, ач холбогдлыг үл харгалзан сөргөлдөөний хэрэгсэл, хэрүүлийн алим болгоод байх юм. Урьд нь хэрэгжсэн УЦС-ын хоёр том төсөл болон одоо хэрэгжихээр болж буй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүд нь тухайн үеийн Ерөнхий сайдуудын шууд удирдлага дор байсан.
-Үүнийг юугаар нотолж болох вэ?
-Хамгийн сүүлчийн бодит жишээгээр өөрийнхээ яриаг баталгаажуулаад хэлчих үү. Одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талбарт өөрийн биеэр хоёр ч удаа очиж танилцаад нарийвчилсан хайгуул судалгаа хийх, ТЭЗҮ  боловсруулах үүрэг өгч цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн байдаг. Улмаар төслийн нэгжийн хамт олон  улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр дээрх үүргийг бүрэн биелүүлж Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатанд авчирсан. Гэтэл Ерөнхий сайд өөрчлөгдөнгүүт төслийн хэрэгжилтийн хурд эрс саарч, хот орон нутаг дамнасан хэрүүл, цуглаанууд гарч түүгээр ч үл барам Төслийн удирдагч болон бас бус хүмүүсийг үл мэдэгдэх шалтгаанаар чөлөөлж байх юм. Ингэхдээ тухайн ажил төрлийг гүйцэтгэх чадвартай хүнийг бус тухайлсан хүнээ ажил албатай болгох бодлого зорилгоо эрхэм болгоод төслийн хувь заяаг удаах зорилгоо болгодог жишээтэй бөгөөд жишигтэй нь явуургүй, үзэн ядмаар байна шүү. Гэвч  анхны санаачлагч хүмүүн аргагүй дээр нь байгаа учраас Төслийн хэрэгжилтийн хурд саарсан хэдий ч унтрахгүй явсаар Эрдэнбүрэнгийн УЦС хэрэгжих шатандаа орж байгаа нь тэр. Түүнээс биш Эгийн голын УЦС-ын танил түүх давтагдах эрсдэл бол байсаан.
-Жагсаал цуглаан гэснээс Эрдэнбүрэнгийн УЦС-ын  нөлөөлөлийн бүст орж буй айл өрхөд нөхөн төлбөр олгох юм уу, аль эсвэл өрхийн гишүүн бүрт нөхөн төлбөр олгох юм уу? Саяхнаас өөр, өөрөөр яриад эхэллээ шүү дээ. Далимдуулаад мушгин гуйвуулж байна гэж хардаж болохоор байгаа юм?
-Хариулахаасаа өмнө нөлөөллийн бүс гэдгийн талаар бага зэрэг оршил ярих учиртай. Монгол Улсын газрын балансаар тухайн бүс нутаг нь Усны сан бүхий газарт бүртгэлтэй бөгөөд тэнд газар өмчилсөн нэг ч иргэн байхгүй, цөөн тооны эзэмших эрхтэй, ихэнх нь ямарч бүртгэл харъяалалгүй түр байрлагсад болно.
-“Түр байрлагсад” гэж нөхөн олговор авах гэж очоод байгаа нөхдийг хэлж байна уу?
-Яагаад байрлагсад гэж нэрлэв гэхээр аливаа малчин өрх хотын оршин суугчид шиг нэг буйран дээрээ бүтэн жил болдоггүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл тухайн бүс дэх 200 гаруй өрх намрын адаг сараас өвлийн сар дуустал тэрхүү бүс нутагт байршдаг. Гэвч эзэмшилтэй, зөвшөөрөлтэй эсэхийг үл харгалзан байнгын оршин суугчийн нэгэн адилаар нөхөн олговор олгохоор үнэлгээ, судалгаа, зөвлөмж гарсныг төрийн захиргааны төв байгууллагууд албажуулсан байдаг. Төрийн захиргааны төв байгууллагын албажуулсан болон мэргэжлийн байгууллагуудын тайлан, зөвлөмжөөр айл өрхүүдэд нөхөн олговор олгохоор тусгагдсан байтал Төрийн сайд асаны аман яриагаар хүн бүрт олгох юм шиг мэдэгдэл хийсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. Энэ байдал нь хий хоосон эсэргүүцэгчдийг дэмжсэн үйлдэл мэт харагдсан бөгөөд ажил хийхээр хүрзээ ишлээд биеэ бэлдээд байсан залуусын урмыг хугалж, ам мэдэн орилж байгаад нөхөн олговор нэхэх нь ашигтай биш үү гэсэн буруу хандлага бий болгож байгаагаараа сэжгийн санагдаад байх юм.

Сайд асаны яриад байгаа 18-20 тэрбум төгрөг олгоно гэдэг нь бага оврын нэг УЦС барих хөрөнгө шүү

Усан толио нэмэгдсэнээр Баян-Өлгий болон Увс аймгийн иргэдэд харин ч таатай нөхцөл бүрдэх учиртай. Харин Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд сумын иргэдэд илүү өндөр эрсдэл бий шүү. Тэр үед дахиад л иргэн бүрт нөхөн олговор олгох уу. Сайд асаны яриад байгаа 18-20 тэрбум төгрөг олгоно гэдэг нь бага оврын нэг УЦС барих хөрөнгө шүү. Нэг ч айл өрхийг нүүлгэхгүйгээр, нөхөн төлбөрт олгохоор төлөвлөсөн хөрөнгийн хагасын хагасаар нь төслийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой боловч усан толио үүссэнээр он удаан жилийн хугацаанд бий болох байгалийн үр өгөөж нь харьцуулшгүй их байгаад асуудлын мөн чанар байгааг та ойлгож олон нийтэд дамжуулаарай. Эрчим хүчний Сайд асаны дээрх яриаг миний бие юу гэж бодсон бэ гэхээр Сайд маань нүцгэн гараараа могой атгаад дараагийнхаа сайдад дардан зам засаад өглөө гэж харсан.
-Ямар “дардан зам” засаж өгсөн гэж?
-Бод доо. Одоогийн Эрчим хүчний сайдын УИХ-д сонгогдсон тойрог нь шүү дээ. Тэгэхээр давхар дээлтэй Сайд маань өмнөх Засгийн газрын ч юм уу, экс сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр албан тушаалын нөлөөллөө ашиглах, тэр тусмаа Сангийн сайд байсныг ч хэлэх үү, улсын төсөвт нөхөн олговрын ахиухан  мөнгө тусгана.  Тэгээд сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд сонгогч олноос санал авах гаршсан аргаа хэрэглэхээр хэзээний төлөвлөсөн бололтойг хэлж байгаа санаатай.
-Улстөржих эрхгүй стратегийн салбарын нарийн мэргэжлээр олон жил ажилласан таны хувьд эрчим хүчний салбарын ирээдүйн талаар ямар төсөөлөлтэй явдаг вэ? Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ирээдүй?
-Би 40 гаруй жил ажиллахдаа 4 яам, 1 аймаг дамжиж ажилласан байдаг. Эргээд зүйрлэж байхад эрчим хүчнийхний салбараа гэсэн нэгдсэн бодлого маш бат бөх,  “олгой хагарсан ч тогоондоо” байж чаддаг чанар, чадварыг нь харсан учраас биширмээр гэж хэлнэ. Эрчим хүчнийхний цөм нь цэвэр бөгөөд тунгалаг, бат болоод нягт юм байна лээ. Дарга дагаж далдагнасан, сайд дагаж салбагнасан зарим нөхөд хаа ч байх шүү дээ. Гэхдээ би салбар хариуцаж байсан болон хариуцаж буй эрхмүүдийн талаар цухас дурьдлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС дээр  төвлөрөн ярихад ямар ч байсан олон зөрчил, бэрхшээлтэйгээр хэзээ нэгэн цагт барилга угсралтын ажил харьцангуйгаар богино хугацаанд  5-6  жилийн дараа дуусаж л таарна. Дараа нь 100 гаруй жил үргэлжлэх  ашиглалтын нэгжийг одооноос оновчтойгоор шийдвэрлэхийн чухлыг онцлоод өөрийн саналаа нэмэрлэе.
Дээр дурьдсан Дөргөний УЦС шиг аль нэг эрх мэдэлтэний “төрөөрөө эрхлэх аж ахуй”-н хэрэгсэл болгохгүй байхын тулд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох хэрэгтэй. Нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдэд нэг удаагийн нөхөн олговор олгож төсвийн хөрөнгийн үргүй зардал гаргаж байхаар тэдэнд шинээр байгуулагдах Компанийн хувьцаа олговоос хэн хэндээ илүү ашигтай. Учир нь тэдгээр хүмүүс нэг удаа нөхөн олговор авч байснаас хэдэн үеэрээ компанийн хувьцаа эзэмшсэнээр ногдол ашгаа хүртээд сууж байх нь илүү оновчтой. УЦС бол хэзээ ч өндөр ашигтай ажилладаг, “мөнгөний машин” гэдгийг дээр дурьдсан даа. Аль болох төрийн оролцоог хязгаарлаж хувийн хэвшилд өгөх нь чухал. Төрийн хөрөнгөөр зээлийн хөрөнгөөр барьчихаад хувийн хэвшилд өгнө гэхээр гайхах байх л даа. Тэгвэл тэр зээлээ үнэ хүргээд хувийн хэвшилд хувьцаа гаргаад худалдаач ээ гэж байгаа юм. Хувьцаа гаргаж худалдах, гэрээгээр өмчлүүлэх хоёр чинь тэс өөр шүү дээ.
-Орон нутгийн иргэд үүнийг хүсдэг гэж бодож байна уу?
-Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нөхдүүд багийн төв усанд автаад амьдрах аргагүй болоо гээд хий халаглаж суухаар шинээр байгуулагдах УЦС-ын ашиглалтын захиргааны суурьшлын хотхонтой хоршоод үлгэр жишээ орчин үеийн төв бий болгох өргөн боломж байсаар атал энэхүү саналыг сонсохыг ч хүсээгүйд нь гайхашраад хоцорсон доо. Уг нь бид чинь ийм л сэдвээр хэлэлцүүлэг хийхээр удаа дараа очсон боловч төслийг хэрэгжүүлэх талаар санал
зөвшөөрөл хүсэж байгаа мэт авирлаад буруу тийш нь эргүүлээд нөгөө л “Иваны дуу”-гаа дуулаад байсан. Тэднээс тухайн сум, багаас зөвшөөрөл, шийдвэр авах ямар ч шаардлагагүй бөгөөд төслийг хэрэгжүүлэх бодит шийдвэр төр, засгийн бүхий л шатандаа УИХ, Засгийн газар, аймаг орон нутаг болон төрийн захиргааны төв байгууллагуудаас гарсан юм шүү. Ингэж хэлснийхээ хариуд тэр нөхдөд миний бие барьцаалдагдаж инээдтэй хөгтэй явдал болж байлаа. Нээрээ шүү бодитой бичлэг, баримт нь байгаа.
-Гэхдээ эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүй байхад хувийн хэвшилд өгнө гэж ярих нь арай романтик уу?
-Тийм ээ. Энэ талаар хөндөхөд эртдэх эсвэл итгэмээргүй санагдаж байгаа байх л даа. Харин Эрдэнэбүрэнгийн төслийг хувьчлахдаа одоо байгаа цахилгааны үнийг суурь үнэ болгоод цаашид тодорхой хугацаанд шат дараатайгаар бууруулах нөхцөлтэйгээр хувьцаа гаргахад боломжтой юм байна лээ. Энэ тооцоог төлбөрийн чадвар бүхий үндэсний томоохон компаниудын төлөөлөл хэдийнэ боловсруулаад нэдтай санал солилцож байсан удаатай.
-Та түрүүнд “УЦС бол том бизнес” гэчихсэн. Тэгэхээр Компани боллоо ч гэсэнулстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ. Компанийг хэн удирдах вэ?
-Энэхүү шийдлээр хандвал ашиглалтын өмнөх захиргаа байгуулах, мэргэшилтэй боловсон хүчин бэлдэх гээд төрөөс, төсвөөс гарах олон төрлийн арга хэмжээний хэдэн арван тэрбумын хөрөнгө хэмнэгдэхээс гадна улстөрчдийн нөлөөллөөс ангид оршин тогтнох нь хамгаас илүүтэй. Төслийн удирдагч болон ашиглалтын захиргааны дарга нар улс төрийн албан тушаалтан  болж хувирсан. Харамсалтай нь миний санал болгосон дээрх хувилбараас тэс өөрөөр явах нөхцөл шинэ засгийн газарт бүрдээд байгаа. Түүнийг би хэдийнээ “ХЧБ гурвалжин” гэж нэрлээд байгаа. Үүнээс болгоомжил гэж анхааруулмаар байна.
-Болгоомжлохын тулд ямар учиртай гурвалжин болохыг нь тайлбарлуулах хэрэгтэй байх?
-Пирамидын гурвалжин гээд ойлгоход болно доо. Гурвалжингийн бүтэц нь Увсын 2, Ховдын 1 тэгээд гурвалжин. Энэ гурвалжингаас болгоомжил.
-Усан цахилгаан станц эрчим хүчний бусад эх үүсвэрүүдээс юугаараа давуу болох, бас Монгол Улсын усны эрчим хүчний нөөцийн талаар товчхон дурьдвал?
-Усан цахилгаан станцыг дулааны цахилгаан станцтай  харьцуулбал тэсрэлтийн хурдаар залгагдаж салгагддаг, хэрэглээний тохиргоо гүйцэтгэдэг давтагдашгүй чадвартай байдаг. Нар, салхины эх үүсвэртэй харьцуулбал найдвартай ажиллагааны түвшин 100 хувь, бүгдтэй нь харьцуулах юм бол ашигт үйлийн коеффицент асар өндөр, гайхамшигтай. Зүгээр л уснаас гал бадрааж байгаа гайхамшгийн цогц гээд ойлгочиход болно.
Манай орны усны эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийн тухайд гэвэл манай судлаачид, эрдэмтэд 1960-аад оны үед гадаадын судлаачдын тогтоосон 5-6 мянган мВт гэсэн тоог ишлэл болгосон байдаг. Уг тооцооллын аргачлалыг өнөөгийн жишгээр хөрвүүлэн, бас дээр нь судалгаанд хамрагдаагүй бусад эх үүсвэрийг нэмж тооцвол түүнээс хавьгүй илүү бөгөөд товчхон илэрхийлбэл дотоодынхоо цахилгааны хэрэглээг хэд дахин давуулан хангах боломжит нөөцтэй. Үүнд нутаг дэвсгэрийн давуу тал их.
-УЦС-ын төслүүдийн хүчин чадлын хувьд?
-Урьдчилсан хайгуулын инженерийн шийдэл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 60 мВт-ын суурилуулсан хүчин чадалтай байгаад Баян-Өлгий аймгийн Баяннуур сум бүхэлдээ усанд автахаар байсныг өөрчилж хүчин чадлыг өсгөж 90 мВт болгож зөвхөн Улиастай баг усанд өртөхөөр тооцож шинэчилсэн. Энэ тооцоог 1500
жилд нэг удаа тохиолдох үерийн урсацаар тооцсон байдаг учраас өртөхөөр гээд байгаа бөгөөд усанд автах, өртөх хоёр ялгаатай юм шүү гэдгийг анхааруулъя. Тайширын УЦС-ын хувьд говь хангай хосолсон газар 1,020 сая шоо метр усан сан байшуулагдаж нутгийн иргэд “Гэгээн” нуур гэж нэрлэсэн байдаг. Тайширын УЦС-аар эрчим хүчний хэрэглээгээ хангахаас гадна Алтай хот руу цэвэр усны шугам татаж, иргэд хатуулагтай ус уух зовлонгоос ангижирсан байдаг. Байгаль нуураас гарч байгаа Ангар мөрний дагуу ОХУ 12980 мВт суурилагдсан чадалтай каскадны дөрвөн УЦС барьж байгуулсан бөгөөд ойролцоогоор 3000 мВт-ын чадалтай гурван УЦС барихаар төлөвлөсөн байна. Дэлхийн хамгийн том үлгэрийн гэмээр 22500 мВт суурилагдсан чадалтай, Гурван хавцлын УЦС урд хөршид маань байна, хамгийн эртний гэмээр олон УЦС хойд хөршид бий.
-Та сая яриандаа Усан цахилгаан станцын төслөөс  ач холбогдлоороо  дутахгүй усны олон төсөл, хөтөлбөр байдаг тухай дурьдсан. Томоохоноос нь тоймлон хэлж болох уу. Үүнээс хэрэгжиж байгаагаас нь дурьдвал сонин байна?
-Ер нь аливаа улс орны хөгжлийн тулгуур нь эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, усан хангамжийн сүлжээгээр илэрхийлэгдэж  байдаг. Тэгвэл манайд Ус хангамжийн нэгдсэн сүлжээ бүрэлдээгүй.
Улсынхаа нутаг дэвсгэр дээр усаа хуримтлуулж нөөцөө нэмэгдүүлснээр ус дутагдалтай бүс нутагтаа орон зайн хуваарилалт хийх, усалгаатай тариаланг хөгжүүлэх, хүн ам, үйлдвэр, уурхайг хязгаарлагдмал нөөцтэй гүний усаар хангах бус гадаргууны усаар хангах зэрэг төсөл хөтөлбөрүүд байдаг. Хэрэгжиж байгаагийн хувьд чамлалттай л даа. Турк улстай хамтран судалгаа, шинжилгээ явуулж байсан Орхон-Говь төсөл ОХУ-ын эсэргүүцлээр зогссон. 10 гаруй жилийн өмнө говийн бүсийн ус хангамжийг сайжруулах Хэрлэн-Говь төсөл судалгаа шинжилгээгээ эрчимжүүлтэл УИХ-ын эрхэм гишүүний идэвхтэй эсэргүүцэлтэй тулгараад мухардсан даа.Улсын Их Хурлын эрхэм гишүүдийг муулаад байгаа юм надад огтхон ч алга. Тэдний гүтгээгүй, харин гаргасан үйлдлийг бодит жишээгээр ярих нь юугаар буруудав гэж. Харин таны санал болгосноор энэ сэдвээр хэлэх гэснээ хэлж чадсандаа тун таатай байна. Дараа дахин үргэлжлүүлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй.
-Урилгыг минь хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Бидний яриа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.