Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын маргаан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр хүндэд халдан үргэлжилж байна. Энэ талаар “Эрх зүйт төртэй Монгол Улсын Хуульзүй, дотоод хэргийн сайд нь “Засгийн газрын 100 хоногийн дотор “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд бүрэн авна” хэмээн хугацаатай улс төрийн амлалт авч, ТЕГ-ын дарга нь үйлдвэрийн өмнөх үеийн харилцагчидтай холбоотой зарим баримтыг дэлгэж байгаад “Монголын Зэс Корпорац”-ийн зүгээс харамсч байна гэсэн мэдэгдэл хэвлэлийн хуудаснаа харагдав. Үнэхээр “ЦЕГ-ын даргыг нэг цагийн дотор солино” гээд хагас цагт багтаан сольж бяраа гайхуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын огцом үйлдэл энд ямар нэг ашиг сонирхол байгааг айхавтар илэрхийлсэн. Учир нь түүний “бяр” энэ салбарт анх удаа томилогдсон сайдад амтагдах бяраас эрс өөр байсныг олон хүн анзаарсан байх. ТЕГ-ын дарга Б.Хурц ч мөн адил салхинд туугдсан мэт давхийн мэдээлэл хийсэн нь “овоо босгосон” үйлдэл байсан. Тэр ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрээс ангид хүн биш. “Эрдэнэт” үйлдвэрт ашиг сонирхлын уяатай нэгэн хүний зараалаар нягталсан эсэх нь баталгаагүй нарийн мэдээллийг дэлгэж хэвлэл мэдээллийнхэн “хувилаад авцгаа” гээд тараагаад сууж байгаа нь тун ч зохимжгүй харагдлаа. 

Товчхондоо энэ хоёр учраа мэдсэн эрхэм өөр хоорондоо мэтгэлцсэн ч үр дүн нь хүч хавсран “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс корпораци” ХХК-д цохилт өгсөн явдал боллоо. Улсын дээд шүүх 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр “Монголын зэс корпораци”-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэсэн шийдвэр гаргасаныг хэвлэлийнхэн нүдээр харж чихээр сонссон. Одоо шат шатны шүүхээс өөр итгэх объект үгүй болсон. Гэтэл хууль цаазын ухаанд манайдаа шилдэгүүдийн нэг нь ийнхүү шүүхийн эцсийн шийдвэрээс өмнө зүй бус мэдээлэл тараах, Засгийн газрын нэрийн өмнөөс улс төрийн амлалт авснаа төрийн байгууллагын эцсийн шийд мэт бат итгэлтэйгээр олон нийтэд тунхаглах нь зохимжгүй юм.

“Сүүлчийн цамцаа урагдтал Эрдэнэт үйлдвэрийн төлөө зүтгэх” Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрт хийх шалгалтын ажлын хэсэгт багтчихлаа. ТЕГ-ын даргыг ойрын үед, бараг яаралтайгаар солих нь. Ямартай ч төр Эрдэнэт үйлдвэр дээр фокусаа тааруулж тус компанийн 49 хувийг эзэмшигчийг бяц гишгэхээр шийдсэн бололтой. Харин ийм хоёр том хүчинд хүчирхийлүүлсэн “Монголын зэс корпораци” ХХК тэсч үлдэх болов уу. 

Ингэхэд одоо Эрдэнэт үйлдвэрт юу үлдсэн гээч. Тус үйлдвэрийг Төрийн мэдэлд 100 хувь авах шийдвэр гарч, 49 хувийг тогшихдоо “Монголиан коппер корпорейшн” ХХК-аас хууль бусаар авсан 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өмнөх бугшсан “идээ бээр” нь улам гаарсан. Бүр өлсөж цангасан мэт хуу цөлмөчихлөө шүү дээ. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал 10 мянган ам.доллар сар тутамд цалин хөлс гэж авдагхэвээрээ. Түүний томилсон долоон зөвлөх тус бүр нь 2 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна. Тэндхийн 6000 ажилтнаас зөвхөн 2000 гаруй нь л үйлдвэрт ажиллаж бусад нь үйлчлэгчээс эхлээд “Сэлэнгэ” амралтын газар гэхчлэн нийгмийн салбарт ажилладаг, сард нэг саяас таван сая хүртэлх төгрөгийн цалинтай. Хуучин ажилтнуудын хүүхдүүдийг мэргэжил, туршлага хамаарахгүйгээршууд авч ажиллуулдаг журамтай, шинээр ажилд орох залуус хэчнээн өндөр боловсрол, мэргэжил мэдлэгтэй байсан ч тэдэнд Эрдэнэт үйлдвэрийн хаалга хаалттай байна.

Хэрэв “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төлөөлөл 49 хувийн эрхээ эдлэн ажиллаж байсан бол маш их хэмнэлт гарч, ямар гээчийн шахаа хийдэг байсныг олон нийт улам олныг харж жигших байлаа. Наанадаж Ерөнхий захирал, тэнэг өндөр цалинтай, бага ажилтай түүний долоон зөвлөхийг цөөлж цалинг тасхийтэл хаагаад эмч, багш нарынх нь цалинг нэмэх маневр хийх зэргээр Эрдэнэтийнхэнд ч атугай хэрэгтэй алхам хийж чадах байв. Үүнийг 2016 онд үйлдвэрийн хэмжээнд ганцхан удаа нээлттэй, бусад нь хаалттай тендер явуулсан бол “Монголын зэс корпораци” ХХК-ийнхан очсоноор 2017 онд нийт 491удаагийн нээлттэй тендер зарлажээ. Захирлуудын зөвлөл байгуулж нэг хүний шийддэг байсан бүх асуудлыг олуулаа, нээлттэй, ил тод шийддэг болж товчхондоо хаалттай хаалгыг нээж, гинжин холбоог тас татжээ. Харин “Шахааны бизнес”-ийн хаалгыг хааж бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс л гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Өөрөөр хэлбэл жил бүр зөвхөн Эрдэнэт үйлдвэрээс таван эмнэлэг, 14 цэцэрлэг барих мөнгө завшиж байсныг таслан зогсоожээ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ийг хайрлах хайр жилд 15 тэрбумын үнэтэй. “Шахааны бизнесийг” тасдаж хайрлавал жилд 15 тэрбумыг хэмнэнэ. Төр нь “Монголын зэс корпораци” ХХК-иас булаавал тэрхүү 15 тэрбумын төлөө гэсэн үг. 

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” рүү сарвалзаж, 49 хувь руу нь өнгөлзөж байсан хятад, казахстан, бусад орны томоохон хөрөнгө оруулагчид, ялангуяа “14 хоногийн дотор мөнгөө шилжүүлэхгүй бол зарлаа шүү” гэсэн өгөгдөл дундаас шүүрч авсан та нарын буруу гэх мэт “Монголиан коппер корпорейшн” хохирч үлдэн сар тутамд үлэмж хэмжээний ам.долларын өр төлөх болов. Гаднынхан “май” гээд өгсөн худалдан авалтаа дотоодынхондоо, тэжээж явдаг төрдөө дээрэмдүүлээд тэр шүү дээ. Төр яагаад “бага зардлаар их хэмжээний нэмүү өртөг үйлдвэрлэ, өндөр татвар төл” гээд явж байж болоогүй юм бэ. Тэд “Эрдэнэт” дүүрэн баялаг. Түүнийг бидний томилсон баг удирдаж бидэнтэй идэлцэх ёстой гэсэн уламжлалт шунал нь татаад байсан хэрэг. 

Олон Улсын Валютын сан 2016 оны долдугаар сарын 16-ны өдөр гаргасан таамаглалдаа нэг тонн зэсийн үнийг 2017 онд 4,960.3 ам.доллар, 2018 онд 4,985.5 ам.доллар, 2019 онд 5,011.4 ам.доллар, 2020 онд 5,040.0 ам.доллар гэжээ. Гэтэл энэ сарын 16-нд 7082 ам.доллар байсан зэс өнөөдрийн байдлаар 6831.5 ам.долларын ханштай байна. Манай улстөрчдөөс биш гадны нөхцөл байдлаас өгөгдсөн, хэн ч тооцоолоогүй сэхлийн боломж. Үүнд улангассан энэ эрх баригчид зэсийн ханшийн өсөлтөөс үүдэн “Гэнэтийн ашгийн” татвар гэгчийг амилуулахаас ч буцахгүйгээр хувийн хэвшлийнхнээ дээрэмдэж мэдэх дүр зураг харагдаж байна. 

“Хоньчин алагдлаа. Чоно ирлээ. Хонийг хэн хариулах вэ” гээд би нэгэнтээ бичиж байсан даа. Энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн “хоньчин” Монголиан коппер корпорейшн” шүүх дээр эцсийн шатандаа ялагдсан бол “чоно” төр башийх байв. Гэтэл чонос хоорондоо дайтах болов. Удахгүй хотоо харлуулчихсан суух вий. Учир нь “Ноён Чоно”-той хэн ч, хэзээ ч хариуцлага тооцож байгаагүй юм.