Эрх баригч намын даргыг УИХ-ын дарга болгох нь Ерөнхийлөгчийн засаглалтай байхаас бараг ялгаагүй
Н.Учрал УИХ-ын дарга болоод У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёртой УИХ-ын 126 гишүүнээ төлөөлж харилцвал ТЭНЦВЭР хаана байх вэ?-
Парламентын тогтолцоог багалзуурдсан томилгоо хийх оролдлого айсуй
Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн агуулгатай хуулийн төслийг АН-ынхан санаачилсан гэнэ. Тийм байлгүй дээ, АН-ынхан минь. Хамгийн сүүлийн цайз УИХ-аа та нар хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ? Цагаан морин жилийн хувьсгалаар олж авсан үнэ цэнэтэй тогтолцоо маань айсуй цагаан морин жилд нуран унах шинжтэй болоод явчихлаа шүү дээ. Намын дарга бөгөөд УИХ-ын дарга нь хэн гэдэг хүн байхаас үл шалтгаалан, хэн ч, хэзээ ч тэр байр суурийг нэгтгэн атгаж болохгүй.
Герман, Япон, ИБУМВУ гэхчлэн парламентын орнуудад энэ эрсдэлийг хаахын тулд парламентын даргыг намын удирдлагаас бүрэн салгадаг.Монголын нөхцөлд УИХ-ын дарга нь намын дарга байж болохгүй гэдгийг улс төрийн институцийн үүднээс маш ойлгомжтой тайлбарлаж болно. Тэр тусмаа Монгол Улсад УИХ-ын дарга нь намын дарга байж болохгүй зайлшгүй шалтгаанууд бий.
МАН-д базуулсан парламент байх ёсгүй
Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын дарга бол парламентын саармаг зохицуулагч, хэлэлцүүлгийн дэг сахиулагч, олонх ба цөөнхийн маргаан дээр шүүхийн адил тэнцвэр баригч гэж заасан. Харин намын дарга бол намын улс төрийн манлайлагч, өрсөлдөгч намтай хамгийн идэвхтэй зөрчилдөгч, сонгуулийн стратеги, мобилизацийн удирдагч. Энэ хоёр үүрэг хоорондоо шууд зөрчилтэй.
Хэрвээ спикер намын дарга болвол парламентын бүх үйл явц нэг намын хяналтад орно. Прагматик үр дагавар нь хаана ямар асуудлыг хэлэлцэх, хэн хэдэн минут үг хэлэх, хууль батлах хурдац, танхимд хэн орох, хэнийг сануулах гэхчлэн бүгдийг намын дарга удирддаг болно. Улмаар парламент саармаг институц биш, нэг намын “байр” болдог. Хамгийн гол нь парламентад цөөнхийн эрх бараг байхгүй болно. УИХ-ын дарга нь намын даргын ажлыг хослон гүйцэтгэснээр цөөнхийн бүлэг үг хэлэх цагт боогдоно. Хяналт шалгалтын хороо байгуулах санал хүлээн авахгүй байх тохиолдлууд элбэгшихийг үгүйсгэхгүй. Зарим асуудлуудыг хэлэлцэхгүй хойшлуулах замаар олонх талдаа ашигтай тоглолт хийх боломжийг тухайн намын гарт бүрэн өгчихөж байгаа юм. Энэ нь парламентын засаглалын үндсэн суурь болсон олонх, цөөнхийн тэнцвэрийг эвдэх аюултай.
Жишээ нь одоо мөрдөж буй Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх гэж бүлэг байна. Энд 23 эрх дурджээ. Тухайлбал, 13.1.4-т нь “Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлж харилцана” гэсэн байна. Өнөөдрийн МАН-ын дарга УИХ-ын дарга боллоо гэж бодъё. Төсөөлж байна шүү, тэгвэл МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёртой УИХ-ын 126 гишүүнээ төлөөлж харилцах бүрэн эрхтэй байх нь. Ийм байж болох уу? Тэнцвэр хаана байна?
Ерөөсөө парламенттай орнуудын түүхэнд ч, онолын зарчмаараа ч “Хэрвээ эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга болбол Ерөнхий сайд биш УИХ-ын дарга нь намын бодлогыг баримтална”. Ингэснээр Засгийн газар УИХ-тай байнга зөрчилдөнө. Намын дотоод тэмцэл хурцдаж дээд цэгтээ хүрнэ. Гэхдээ буруу шийдвэрийн өмнө хариуцлага хүлээх эзэн ч тодорхойгүй.
УИХ-ын дарга нь намын дарга болсон "отгон" жишээг сана!
УИХ-ын дарга нар намын дарга зэрэг улс төрийн манлайлах албыг хавсарсан тохиолдолд буюу тухайлбал 2004, 2012 оныг дурдаж болно. Олон намын маргаан, парламентын гацаа үүсч байсан. Ямар гацаа үүсч байсныг мартаагүй гэж найдъя.
Ойрынхыг нь сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа, 65 суудал авсан МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болов. Тэр үед М.Энхболд “Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн баримт бичиг, албан цаас байхгүй. Намынхаа шийдвэрийг даганаа” гээд 76 гишүүний 66-ынх нь саналаар УИХ-ын даргын тамгаа гардан авч байв. Хоёр жилийн дараа 2018 онд өнөөхөөсөө салахын түүс болов. Өнөөх 76 гишүүнээс, тодруулбал намынх нь 65 гишүүнээс 43-ынх нь саналаар УИХ-ын даргаас нь огцруулж байв. Тэгэхэд М.Энхболд юу гэж хэлсэн гээч, санаанаас гардаггүй юм. “Энэ танхимд суугаа 64 хүн миний гарын үсгээр нэр дэвшиж орж ирсэн шүү” гэж билээ. Жишээ нь л ийм. Аймаар байгаа биз.
Монголын улс төрийн систем намын удирдлагыг парламентын удирдлагаас салгах замаар харьцангуй тэнцвэртэй явж байсан.Парламентын засаглалд, УИХ-ын дарга бол институцийн шүүгч. Харин намын дарга бол улс төрийн сонгуулийн манлайлагч. Энэ хоёр байр суурин дээр нэг хүнийг байлгах нь тогтолцоог эвддэг. Тийм учраас дэлхийн парламентын засаглалтай нэг ч улс ийм тогтолцоог зөвшөөрдөггүй. Энэ зарчмаараа л явъя. Нийтлэл цаашаа урсаж уртасвал илүү хурцдах шинжтэй тул дараагийн удаад үргэлжлүүлье. Дашрамд ийм хууль санаачилж буй Ардчилсан намынханд баяр хүргэж байна.

