ХЗДХ-ийн сайдаар Л.Мөнхбаатарыг ажиллаж байхад Ерөнхий сайдын гэнэтийн шийдвэрээр “давхарлан” томилогдсон Б.Энхбаяр ажлаа ширүүхэн эхэлж байна. Тэрбээр энэ сарын эхээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Н.Одонгуаг албан тушаалаас нь чөлөөлсөн. Шалтгаан нь мэдээж улс төрийн буюу АН-ын хүн гэдгээс болсон биз ээ. Харин түүний оронд энэ оны гуравдугаар сарын 21-нд төрийн тусгай албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарч албан тушаалаас чөлөөлөгдсөн, тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, хурандаа Т.Нарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. 

Уг нь Б.Энхбаяр сайд өмнөх сайд Л.Мөнхбаатарыг  тэтгэвэрт гараад хэдэн жилийн нүүр үзэж буй хурандаа З.Гансүхийг цэргийн байнгын албан тушаалд томилсныг жигтэйхэн буруутгаж жигшиж байснаа өөрөө яг адилхан үйлдэл хийчих юм. Энэ тохиолдолд хоёр сайдын хэн, хэнийх нь буруу. Гэтэл тэтгэвэртээ гарснаас хойш найман сарын дараа байгууллагынхаа даргаар томилогдон ирж буй хурандаа Т.Нарантуяа нь өмнөх захирлын томилсон хүмүүсийг хууль бус томилгоо гэх нэрээр өргөдлийг нь өгүүлж дарамт шахалт үзүүлсээр байна. 

Яагаад тэтгэвэрт гарсан бэлтгэл хурандааг  Т.Нарантуяаг төрийн тусгай албанд хууль зөрчин авч ажиллуулах болсон шалтгаан нь“МИАТ”-ын дэд захирал асан Н.Ганболдын гэргий учраас, эсвэл Б.Энхбаяр сайдын нутгийн бүсгүй, Нийслэлийн газрын албанд ажиллаж байгаад 2017 онд тус эмнэлгийг Цэргийн төв эмнэлэгээс салгаж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болгоход Санхүүгийн албаны даргаар томилогдсон Д.Гантуяагийн найз учраас гэхчлэн зөвтгөх гэж оролдовч яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл болж таарч байна. 

Хачирхалтай нь тус эмнэлгийн бүтцийг өмнө нь ХЗДХЯ дээр гурван сар хянагдсан байтал шинээр томилогдсон даргын хийсэн бүтцэд Б.Энхбаяр сайд баасан гаригт хүлээж аваад бямба гаригт баталж гарын үсгээ зураад өгсөн байгаа юм. Ингэж бүтэц шинэчлэх аргаар удирдлагын түвшний 20 орчим хүнийг өргөдлөө өгөхийг шахаж эхэллээ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нийт 350 орчим ажилтантай. Хүний нөөцийн албанаас “Албан тушаалд томилох сонсгол” гэгчийг зохион байгуулж “муу мэдээ”-гээ дуулгасан байгаа юм. 


Ингээд хуулийн хошой сайд маань эмнэлгийн дүрэм батлаад тушаал гаргаад сууж байдаг боллоо. Тушаалынх нь хэрэгжилтэд ШШГЕГ-ын дэд даргаас яамандаа газрын даргаар татаж аваачсан, цагдаагийн салбартаа нэр хүндтэй хурандаад хариуцуулчихаж. Үгүй мөн холиож байна аа. 

Сайд өөрийн хүмүүсээ салбартаа томилж ажиллуулалгүй яахав. Яагаад хууль зөрчиж томилдог, ямар учраас томилсон хүмүүс нь хууль бус үйлдэл хийдэг юм бол? Энэ бүхэн тохиолдол гэж үү? Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар 2023 онд томилогдон ажиллаж байхдаа ЦЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ганзоригийг томилсон. Гэтэл тус албан тушаалд ажиллах хагас жилийн хугацаанд 30 гаруй үйлдэлтэй авлигын хэрэгт холбогдсон, хохирогчид нь голдуу цагдаагийн алба хаагчид бөгөөд албан тушаалд томилох, сэлгэн шилжүүлэх, гадаадад сургалтад явуулж өгнө гэх зэрэг янз бүрийн амлалт өгсөн, түүнийгээ биелүүлээгүй гэх асуудлаар АТГ-т шалгагдаж буй гэх мэдээлэл бий. Яасан богинохон хугацаанд ямар хурдтай амжуулаа вэ гэдэг нь гайхмаар.

ХЗДХ-ийн сайдаар урьд нь ажилллаж байхдаа зөвхөн “Хуашин констракшн” гэдэг компанийн өмчлөлийн асуудлаас болж эрх мэдлээрээ далайлган хоморголон халж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон Хил хамгаалах байгууллагын ажилтнуудыг хууль зөрчин халж байсан удаатай. Тэр ч байтугай манлай уяач Б.Нямжав гэгчийн баарнууд байшингаасаа хөөгдөхөд нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/418 тоот тушаалаараа "Төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хохирлын нөхөн төлбөр" гэдэг ангиллаар таван тэрбум төгрөгийг "Эм Жи Эл Корпораци" ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тушаалыг олон нийтэд дэлгэн харуулсан учраас сайн санаж байгаа байх. 

Харин энэ удаад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргыг томилж байгаад, тэр нь тэтгэвэртээ гарсан атал буцааж ажилд аваад, өөрийн эрх мэдлийн хүрээнд бүтэц зохиож яамаар батлуулж байгаад эмч, эмнэлгийн удирдах түвшний ажилтнуудыг өргөдлийг нь өгүүлэхээр “шахаж” эхэллээ. 

Улстөрчийн хувьд намчирхах нь байх ёстой биш боловч байж болох зүйл гэж бодоход төрийн тусгай алба, эмнэлгийн байгууллагын тасгийн эрхлэгч нарын түвшинд халаа сэлгээ хийж байсан тохиолдол түүхэндээ байгаагүй аж. Түүнчлэн уг томилгооноос үүдсэн бусад ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд, тухайн эмнэлэг дэх худалдан авалтын болон эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжтай холбоотой бусад ноцтой үйлдлүүдийн талаар дараагийн дугаарт үргэлжлүүлэн олон нийтэд хүргэх болно. 

ШШГЕГ-т  хийсэн томилгоо ба Г.Алтан агсны эзэмшлийн "Олон овоот гоулд" компанид юу тохиолдов

Дараагийн томилгоо нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Нандинболорыг намын их хурлын дараа, “өөрийн хүсэлтийн дагуу” ажлаас нь чөлөөлж, оронд нь ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа А.Намсамандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. А.Намсамандын хувьд талийгаач Г.Алтан агсанг амьд сэрүүн байхдаа хуулийн дагуу хувийн баталгаа гаргаж, гурван тэрбум төгрөг байршуулж, гадаадын улс оронд эмчлүүлэх хүсэлтээ өгсөөр байтал явуулахгүй байсаар амиа алдахад хүргэсэн хэмээн ар гэрийнхэн нь гомдол тээж явдаг юм билээ. Гэтэл мөн л тохиолдлоор ч юм уу, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Нандинболор албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөс өмнө Б.Нандинболор  нь Г.Алтан агсны эзэмшиж байсан “Олон овоот гоулд” компанийг хохироож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн алдааг залруулж, гаргасан шийдвэртээ бат зогсож байсан, ШШГА-ны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбыг өргөдлийг нь өгүүлж ажлаас чөлөөлөөд 461 дүгээр хорих ангийн даргаар томилсон байдаг. Б.Нямгомбын халагдсан шалтгаан бол шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүл гэсэн 03 тоот тогтоол гаргасны улмаас хавчигдаж шахагдсаар “зайлуулагдаж” байгаа нь энэ. “Зайлуулсан” дарга нь Ерөнхий сайдад хүсэлтээ бичиж хувийн шалтгаанаар ажлаа өгч “бултжээ”. Тэгвэл тэр 03 тогтоол ямар учиртай вэ Яагаад энэ томилгоон дундуур “Олон овоот гоулд”-ын хууль ёсны эзэн Г.Алтан агсны хүү Эдуард Сүрэнг хэдэн тэрбумын авлигын хэргээр шөнө дөлөөр барьж хорилоо. Энэ бүхэн цаанаа зохион байгуулалттай гэж хардахуйц байгаа юм. Ямартай ч Г.Алтан агсны эзэмшилд байсан "Олон овоот гоулд" компани болон Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай холбоотой энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхий сайд асан нэгэн эрхэм болон саяхан ШШГЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, хурандаа А.Намсаманд нарыг холбоотой гэх хардлага ч байсаар байна. 

Цагдаагийн байгууллагад бүтэн сар хийсэн донсолгоот томилгоо нь “реформ” мөн үү?

Үүний дараа тэрбээр Цагдаагийн байгууллага руу халаа сэлгээгээ үргэлжлүүлж эхэллээ. Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан  Э.Сэргэлэнбаатарыг халсан нь эхний дохио байж. Түүний оронд Эрүүгийн цагдаагийн албаны хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа М.Мөнхболдыг энэ сарын 3-ны өдөр томилчихжээ. Үүний маргааш Хүний нөөцийн хэлтсийн даргаар ЦЕГ-ын Төв архивын дарга, хурандаа Т.Өрнөхбаярыг, түүний оронд тус архивын дэд дарга, хурандаа Х.Чинтөгсийг томилсон байдаг.Тус албаны дэд даргаар Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Отгонжаргалыг арав гаруй хоногийн өмнө томилсон байдаг. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хэнийг томилох нь анхаарал татаж байсан. Харин энэ суудалд АТГ-аас ахлах комиссар Б.Мягмарсүрэнг томилсон байгаа юм.

Дараагийн сонирхолтой томилгоонуудыг өнгөрсөн сард хийсэн байдаг. Үүнд, Тээврийн цагдаагийн албаны даргаар Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа М.Батсайханыг, мөн энэ өдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны даргаар Экологийн цагдаагийн албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Амарбатыг томилжээ. Мөн Хар тамхитай тэмцэх албаны даргаар НЦУГ-ын дарга, хурандаа Э.Товуудоржийг, түүний оронд НЦУГ-ын даргаар Урьдчилан сэргийлэх албаны дарга, хурандаа Г.Арсланхуягийг томилжээ. 

Мөн Экологийн цагдаагийн албаны даргаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн дарга, хурандаа Ц.Амгалан-Энхийг, Төмөр замын цагдаагийн газрын даргаар Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Баярхүүг томилсон байна.

Ийнхүү энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий сайдын гэнэтийн шийдвэрээр буюу УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “давхарлан” томилогдож, улмаар МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр намаасаа хөөгдөж, дахин шинэ Хяналтын хороо томилогдоход намдаа буцаж орж будилуулж гүйцсэн Баттөмөрийн Энхбаяр төрөөр ч, намаар ч тоглож чадаж байна. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн “хошой” сайд Б.Энхбаярын бүтэн нэг сарын дотор, зарим томилгоог өчигдөр хийсэн, өнөөдөр ч үргэлжилж, маргааш ч гайхашруулж мэдэх халаа сэлгээ үргэлжилсээр, хуулийн салбарынхныг “өргөдөл өгүүлэх” шахалт дарамт, хамт олондоо ч, хийж бүтээсэндээ ч үл итгэх айдас хүйдсээр түгшээсээр байна.