АН бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барихаар судалж байгаа гэнэ. Компаниудыг татварын өршөөлд хамааруулах хуулийн төслийг “унагаасан” ч, баталсан ч энэ бол зөв алхам болно. Ямартай ч татварын хүнд дуулга АН-ынханд “тав тухтай” биш байгаа юм байна.

Би ч гэсэн татварын өршөөлд компаниудыг нэг удаа хамруулах хүсэлтэй байна. Ковидын цар тахлын үеэр компаниудад учирсан хохирлын төлөө төр нэг удаа ийм үйлдэл хийхгүй бол сөхөрч байна шүү дээ. Үнэндээ татварын өрөө хойшлуулж, бөөгнөрүүлэхийг зөвшөөрснөөс өөрөөр төр тэр үед компаниудад яаж тусалсан юм бэ? Бүгд өртэй, хэцүү байна. Хэцүү биш байгаа компани цөөн, тэдний ихэнх нь зөв, цэвэр компани байж болох ч тодорхой хэсэг нь бохир мөнгө угаадаг ажил хийдгийг ч олон нийт мэднэ. Тэд гялс манас татвараа төлдөгөөрөө гоё сайхан бөгөөд бид түүнд нь нүд, чихээ таглуулдаг ч байж болох юм. Татвараа шударгаар төлдөг компаниудын “ариун цэврийг” хуулийнхан шалгана биз.АН-ынхны зүгээс уг хуулийн төслийг судалж бэлтгэж буй Ажлын хэсэг нь өмнө нь баталж хэрэгжүүлж байсан татварын өршөөлийн хуулиудаас ямар сургамж авсан талаар нарийвчлан судалж буй аж. Тухайлбал, 2008 онд татвар, 2015 онд хөрөнгийн маягтай буюу оффшор, хууль бус,  бүртгэлгүй хөрөнгийг ил болгоход нь өршөөл үзүүлсэн байдаг. 

Харин энэ удаа татварын өршөөлийн асуудлыг ярихаас аргагүй болсон зарим тоо баримтыг бас бодууштай байгаа юм. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120 мянга орчим ААН байна. Үүний 75 мянга буюу олонх нь татварын өрийн асуудалтай. Өнгөрсөн жил энэ тоо 50 мянга байсан бол энэ жил 75 мянга болж өссөн. Ганц нэг аж, ахуй нэгж татварын өртэй тухай асуудал байсан бол хариуцлагагүйнх гэж хэлэхсэн. Гэтэл нэг жилийн дотор 25 мянган ААН татварын өрийн дарамтад орж байна гэдэг нь системийн, тогтолцооны асуудал байна гэсэн үг.  Тиймээс асуудлыг тогтолцооны үүднээс эргэн харах зайлшгүй шаардлага үүссэн. Мөн ЖДҮ эрхлэгчдэд ээлтэй байх бодлогод онцгой анхаарах нь нийгмийн захиалга болоод байна. Тиймээс татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамтад нь өргөн барьж, цаашид татварын хувь хэмжээ, дарамт ачааллыг багасгах, компаниудыг чөлөөтэй ажиллах боломжоор хангах зорилт тавьсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Үүнтэй зэрэгцүүүлэн өнөөдөр ийм олон ААН яагаад татварын өрөнд орчихов гэдгээ эхлээд ярих ёстой. Яагаад гэвэл дааж давшгүй өндөр хэмжээтэй бөгөөд олон төрлийн татвар төлөөд байгаа юм. 

Инээдтэй, алдаатай санагдаж болох хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ХАОАТ-ыг “устгах” тухай ярьж байна. Америк, Монголдоо биш ээ, ерөөсөө татварыг зохиосон шигээ нөхцөл байдалдаа тохируулаад шинээр бий болгож, заримыг нь устгаж ч болно. Энэ бол хадан дээр сийлсэн хууль биш. Хүний амьдралаас урган гарсан. Ер нь энэ талаар сонгуулийн үеэр л санал авах гэж гоё ярих бус, бүхэлд нь харах цаг болсон. Ерөнхий сайд Г.Занданшатар “Татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулна гэсэн. Энэ бол “алга ташуулсан” гоё мэдээ яах аргагүй мөн. Харин хэнээс, яаж гэдэг нь хамгийн их анхаарал татаж, тодорхой задаргаа хүсэж буй юм. 

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Татварын ачаалал  бууруулахтай холбоотой том тооны эхний 800 орчим тэрбум төгрөг нь ирэх онд орж ирнэ. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын шинэчлэлүүд нэг удаагийн төсөв дээр багтаах боломжгүй учраас ирэх онуудад буюу 2028 он хүртэл үе шаттай авах арга хэмжээ юм” гэж тайлбарлаж байсан. Та нар итгэж байна уу? Би лав итгэхгүй байна.Яагаад гэвэл түүний яриад байгаа реформын тактик үндсээрээ буруу харагдаад байгаа юм. “Бүгдийг хүчээр”! “Татварын орлогоо заавал биелүүл” гэж үүрэгдэж байна. Яаж? Үүний хариулт нь “Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлээд, зөвлөж туслаад, илж таалаад, хамтдаа хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстой” гэнэ ээ. Цаашилбал, “Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуул...ля ля ля” гэж байна. 

Үгүй ээ. Шулуухан хэлье, “Та Татварын реформ хийж чадахгүй!”. Яагаад гэвэл татварын реформ хийнэ гэдэг нь маш өндөр санхүүжилтийн өртөгтэй ажил. Өнөөдрийнх шиг ийм өндөр инфляцтай үед татварын реформ хийж болдоггүй, чаддаггүй. Бодлогын хүү 12 хувьтай байхад та нийгмийн даатгалын реформ ярих нь байтугай бодох ч хэрэггүй. Одоогоос арван жилийн өмнө Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байх үед инфляц 2 хувьтай байв. 2012 онд ажлаа хүлээж авахад нь 14 хувийн инфляцтай байхад нь бодлогын арга хэрэгслүүдээр “тоглосоор” байж 2 хувьд авчирч байсан. Тэгэхээр өнөөдрийн 9.9 хувиас 2 хувь руу авчрах уг нь амархан даа. Харамсалтай нь инфляцийн тухай огт ярихгүй байгаа юм. Энэ маш “аймшигтай”. Юугаараа аймшигтай вэ гэвэл юунаас үүссэн, яаж буулгахаа мэдэхгүй байгаа учраас реформ нь худлаа байх магадлал 200 хувь! Инфляц өндөр, түүнээс болоод зээлийн хүү өндөр. Энэ бол реформ хийх өртөг чинь. Манайхан инфляц өндөр байгаа шалтгаанаа эрэлтийн гаралтай гэж гүтгээд байгаа юм. Тэр Хятадад чинь инфляци 0 хувь болоод удаж байна. Инфляци импортоод байгаа юм алга. Харин нийлүүлэлтийн гаралтай инфляц бол байна. Энэ бол бизнес дэх төрийн зохицуулалт. Үүнийгээ багасгая гэж хэлээд л эсрэгээрээ ихэсгээд байгаа шүү дээ. 

Г.Занданшатар Та таван жил таван сар УИХ-ын даргаар ажилласан. МАН Монголбанкийг есөн жил удирдлаа. Та нар инфляц өсөхөд хангалттай үүрэг гүйцэтгэсэн байгаа биз? Яагаад инфляц яриад байна вэ гэхээр реформ хийх ганц нөхцөл чинь учраас тэр. Монголбанкны ерөнхийлөгч нар инфляц бууруулах тухай ярихаа больсон. УИХ үүнийг шаардах ёстой байсан. Монголбанкны ерөнхийлөгчийн мандатаар олгосон гол үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал, дотоод санхүүгийн тогтвортой байлгаж эдийн засгийг өсгөх хоёр чухал үүрэг. Гэтэл төгрөгийн тогтвортой байдлаа гадаад валютын ханштай холбож тайлбарлаад байх юм. Төгрөгийн тогтвортой байдал чинь төгрөгөөр худалдан авах бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байх явдал юм. Ханш биш шүү. Ингээд төгрөгийн худалдан авах чадвар чинь таны улстөр, популист арга хэмжээнүүдээс болоод улам буурсаар байна. Санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эдийн засаг өсгөх үүрэг нь биелсэнгүй. 

Ийм л УИХ, Монголбанкны ерөнхийлөгчтэй учраас татварууд нэмэгдсээр байна. Жишээ нь нэг компани 8 тэрбум төгрөгийн татварын өртэй гэнэ ээ. Төлөх боломжтой бол хуулиа ч биелүүлээд, амар амгалан ажиллахаа ч бодоод төлөх байсан. Төлөх боломжгүй учраас төлж чадахгүй байна. Татвараа төлж чадахгүй ч бизнес хийж байна гэж өөрийгөө хуураад, төр нь бизнесээ дэмжиж ажиллана гэж бизнесийнхнээ хуурч, ковидын үеэс хойш олон ААН ийм зовлонд уналаа. Гол буруутан нь өндөр инфляц. Өндөр инфляцийн буруутан нь хуулиар үүрэг хүлээсэн Төв банкны удирдлагууд. Инфляцийг онилж ажиллаагүйн улмаас арваад хувийн инфляциас эдийн засгийг сайжруулах, ядуурлыг бууруулах, хуримтлалтай болохыг ухуулах ямар ч боломжгүй, үр дүнгүй шүү дээ. Тэгэхээр миний хувьд яагаад Компаниудад үзүүлэх татварын өршөөлийн нэг удаагийн хуулийн төслийг өргөн бариасай гэж дэмжээд байна вэ гэхээр буруу оношилж, ажиллаж, муу нөхцөл байдалд хүргэсэн нүглээ төр наминчлах ёстой. 

Үнэндээ гоё сайхан шийдэл биш гэдгийг мэдэж байна. Компаниудад учирсан өрийн дарамт, дампуурлын илдний ирийг л түр зуур намдаах эм төдий юм. Инфляцийг бууруулбал татварын өрөө өөрсдөө хариуц, бусад нь төлж болоод л байна гэж хатуурхаж болно л доо. Гэтэл маш олон төрлийн татварыг өндөр хэмжээгээр төлүүлээд байгаагийнхаа төлөө нэг удаа өршөөхөд яагаад болохгүй гэж? Иргэд бол бүр ч хүнд дарамтад байна. Цалингаасаа татвар төлнө, үлдсэнээс нь зарцуулах бүртээ дахиад НӨАТ төлнө. Энэ тухай ярих гэхээр НӨАТ-ын буцаалтыг хоёр хувь, таван хувь гэж марган төөрөлдүүлнэ. 

Ийм нөхцөлд сөрөг хүчин юу гэх бол? Яагаад ядахдаа татварын асуудлаар дуугардаггүй юм бол? Тэдэнд ААН-үүдийн энэ дарамт аятай, тухтай байгаа болохоор тэр үү хэмээн олон нийт бухимдаж байна. Ингээд АН-ын бүлгийн дарга лав “сэрлээ”. Магадгүй энэ хуулийн төсөл батлагдахгүй байх л даа. Батлагдах магадлал миний таамгаар лав маш бага. Гэхдээ сөрөг хүчин үүргийнхээ дагуу дуугарч байгаа нь зөв санагдсан. Эргээд тэд хувийн хэвшлийнхэндээ хэлэх үгтэй. Өвөл ч бай, хавар ч бай, Засгийн газрыг огцруулах жагсаал боллоо гэхэд барих лозунгтай болж байгаа юм, яадгийм. АН бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд УИХ хэлэлцэх л учиртай.

Дашрамд, Г.Занданшатарын “реформ”-оос ганц авууштайг дурдъя.  “Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашигла” гэсэн. Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Дагах ёстой. Үүнийг ойлгохгүйгээр, үүнд бэлдэхгүйгээр гадаад ертөнцтэй эдийн засгийн харилцаа үүсгэх боломжгүй болно. Гэхдээ өнөөдрийн, маргаашийн, ойрын таван жилийнх нь тактик энэ мэдээд байгаа “юм”-ныхаа эсрэг яваад байх юм. Жишээ нь тэрбээр “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай” гэв. Ингэж үүрэгддэг. Төвлөрсөн татварт үрэлгэн ханддаг, хариуцлага тооцох тогтолцоо маш сул. Ийм л байна.  Ямартай ч буруу оношилж, ажиллаж, муу нөхцөл байдалд хүргэсэн нүглээ төр наминчлах ёстой.